Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 007

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, хүсэлт гаргагч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Б.*******ын хүсэлттэй үрчлэлт хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******ын ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2005 оны 06-р сарын 26-ны өдөр төрсөн хүү *******ыг 2008 оны 07-р сарын 25-ны өдөр Завхан аймгийн ******* сумын ЗДТГ-ын ******* тоот захирамжаар өөрийн танил Т.*******аас үрчилж авсан юм. *******ыг үрчилж авснаас хойш гэрчилгээ авч хуулийн дагуу өөрийн асрамжинд авсан юм. Т.*******ын манай хоёрын гэр хоорондоо ойрхон байдаг байсан. Ах, эгч хоёр нь манайд ирээд *******той хамт тоглоод, авч яваад байдаг байсан. Гэтэл 1 өдөр ах эгчтэйгээ гэртээ хамт амьдарна гэсэн. Тэгээд гэртээ амьдраад 5-6 жил болж байна.

Иймд Т.******* хүү *******ыгоо буцаан авсан тул хүүхдийг миний нэрнээс буцааж, хүүхдийн үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэв. Хүүхэд сургуульд ороод бичиг баримт нь зөрчилтэй болсон учраас үрчлэлтийг хүчингүй болгуулах шаардлагатай болсон юм гэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* үрчлэлт хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Б.******* нь 2005 оны 6-р сарын 26-нд төрсөн хүү *******ыг 2008 оны 7-р сарын 25-ны өдөр ******* сумын Засаг даргын ******* тоот захирамжаар үрчилж авсан гэх бөгөөд энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Харин нэхэмжлэгч Б.******* нь хүү *******ыг үрчилж авсан болох нь 2016 оны 09-р сарын 27-ны өдрий дугаартай Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн хэлтсийн үрчилсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Хүсэлт гаргагчийг үрчлэлт хүчингүй болгуулах шаардлага нь хуульд заасан ноцтой зөрчил үүсээгүй байх бөгөөд өөр ямар нэгэн байдлаар үрчлэлт хүчингүй болгуулах талаарх үйл баримтууд тогтоогдохгүй байна.

Хэдийгээр Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...*******ыг үрчилж авснаас хойш гэрчилгээ авч хуулийн дагуу өөрийн асрамжинд авсан юм. Т.*******ын манай хоёрын гэр хоорондоо ойрхон байдаг байсан. Ах, эгч хоёр нь манайд ирээд *******той хамт тоглоод, заримдаа гэр лүүгээ авч яваад байдаг байсан. Гэтэл нэг өдөр ******* ах эгчтэйгээ гэртээ хамт амьдарна гээд түүнээс хойш одоог хүртэл ирээгүй. Гэртээ ээж, ах эгч нартайгаа хамт амьдраад 5-6 жил болж байна... гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх нотлох баримт ирүүлээгүй ба уг үйл баримт нотлогдохгүй байна.

Ийм Б.*******ын хүсэлтийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115 ДУГААР ЗҮЙЛИЙН 115.2.3, 116, 118 ДАХЬ ХЭСГҮҮДЭД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН

ТОГТООХ нь :

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар Б.*******ын үрчлэлт хүчингүй болгуулах тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногт Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Т.БАЛЖИННЯМ