Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 506

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч С.Цэрэндорж

шүүгдэгч М.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

 

Ш овогт М-ийн Шт холбогдох эрүүгийн 2005007190511 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

М.Ш нь 2020 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цоглог хотхоны 101 дүгээр байрны 6 давхарт Б.Тгийн нүүрэн хэсэгт шанагаар цохиж баруун нүдний доод зовхи, зүүн хөмсөгт шарх, баруун хацарт, цохонд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч М.Ш шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Намайг эр эм нь мэдэгдэхгүй, ингэж явахаар үхсэн чинь дээр гэх мэтээр хүйсийн чиг баримжаагаар доромжлоод байсан хүнийг би цохих гэж байгаад андуураад өөр хүнийг цохиод гэмтээсэн гэв.

 

       Хавтаст хэргээс:

       Хохирогч Б.Т мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23 цагийн үед найз Тамирын гэрт Болдцэрэн, Ш, Т, Лхагваа бид нар архи уугаад сууж байтал Лхагваа, Тамираа хоёр хоорондоо бага зэрэг маргалдсан бид нар тэр хоёрыг маргалдахаа боль гээд хэлээд тэр хоёр тайвшруулчихаад байж байтал Ш гэх залуу миний хажуунаас хуванцар хоолны шанагаар нүүрэн хэсэгт 2 удаа цохисон. Миний баруун нүдний арьс хэсэг хууларч  цус гараад байхаар нь оёдол тавиулсан...надаас уучлалт гуйсан эмчилгээний зардал гаргаж өгөөгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 12, 15/

    

         Гэрч П.Мөнх-Очир мөрдөн байцаалтанд: “Тухайн өдөр манай гэрт хуурай дүү нар болох Ш, Сүхээ, Т болон зүс  мэдэх хэдэн дүү нар бид хэд архи ууж байсан юм. Архи ууж байтал Т хоёр  найзыгаа дуудсан байсан. Тэр хоёр найз нь удалгүй манайд ирсэн. Тэгээд бид хэд хамт ууцгааж байтал Тгийн хоёр найз нь ирсэний дараа Ш тэд нартай бага зэрэг маргалдаж ам мурийсан. Тэгээд бид нар тамхи татахаар орц руу гарсан. Гэрт Ш, Т, Тгийн нэг найз үлдсэн тэгээд бид нар тамхиа татчихаад ороод иртэл Т цохиулсан бололтой нүдний орчим нь цус болчихсон Ш намайг хоолны шанагаар цохисон гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 42/

        

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2497 дугаартай “Б.Тгийн биед баруун нүдний доод зовхи, зүүн хөмсөгт шарх, баруун хацарт, цохонд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 18/

        

          Яллагдагчаар М.Ш мөрдөн байцаалтанд: “2020 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зүс таних Тамир ахын гэр буюу Цоглог хотхоны 101 дүгээр байрны 86 тоотод очсон. Намайг очиход Тамир ах ганцаараа байсан. Намайг очсоны дараа Болдцэрэн, Чойсүрэн /Заяа/ нар ирсэн. Бид хэд архи ууцгаасан архи ууж байтал Т орой 22 цагийн үед ганцаараа ирсэн. Т ирээд бид нартай хамт архи уусан. Архи ууж унтацгаагаад маргааш өдөр бас дахиад архи уугаад би унтсан. Намайг сэртэл Тгийн хоёр найз нь ирсэн байсан. Тэр хоёр найзтай нь бас хамт уусан. Тэгтэл нэг найз нь  бид нарыг доромжлоод байхаар нь би хоолны шанага аваад шидсэн чинь Тг оносон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор ял шалгах хуудас /хх-ийн 33/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 38/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

   

                                                                                            

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч М.Ш нь 2020 оны 02 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Цоглог хотхоны 101 дүгээр байрны 6 давхарт Б.Тгийн нүүрэн хэсэгт шанагаар цохиж баруун нүдний доод  зовхи, зүүн хөмсөгт шарх, баруун хацарт, цохонд зулгаралт, хоёр нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн М.Шын“...Намайг сэртэл Тгийн 2 найз нь ирсэн байсан. Тэр хоёр найзтай бас хамт уусан тэгтэл нэг найз нь  бид нарыг доромжлоод байхаар нь би хоолны шанага аваад шидсэн чинь Тг оносон...” /хх-ийн 30/ гэсэн мэдүүлэг, хохирогч Б.Тгийн “...Ш гэх залуу миний хажуунаас хуванцар хоолны шанагаар нүүрэн хэсэгт 2 удаа цохисон. Миний баруун нүдний арьс хэсэг хууларч  цус гараад байхаар нь оёдол тавиулсан...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 12, 15/, гэрч П.Мөнх-Очирын “...Т цохиулсан бололтой нүдний орчим нь цус болчихсон. Ш намайг хоолны шанагаар цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42/ болон  шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18/  зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч М.Ш, Б.Тгийн бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэртэй  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос М.Шт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч М.Шыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

Улсын яллагчаас М.Шыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Т “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн М.Шыг Б.Тд төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч М.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх үндэслэлтэй.  

 

Шүүгдэгч М.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй.  

М.Шын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг нь харгалзан түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.