Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 008

 

 Хариуцагч хүлээн зөвшөөрсөн                        

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би Ш.*******гийн нэхэмжлэлтэй Ш.*******т холбогдох 3.100.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хороололын 8-р гудамж 12-р байрны А тоотод оршин суух ******* овогт *******ын ******* нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь 2016 оны 05 сарын 30-ны өдөр ХХК-ны төлөөлөгч Ш.******* гэх хүнтэй утсаар холбоо барин барилгын материал захиалгын аман гэрээ хийн 5000ш өнгөлгөөний тоосго захиалж нэг тоосгыг 1ш 450 төгрөгөөр, тээврийн хөлсийг 1ш тоосго бүр дээр 170 төгрөг нэмж нийт нэг ширхэг тоосгыг 620 төгрөгөөр тооцож ******* аймгийн төвд хүргүүлэхээр тохирсон. Ингээд 2016 оны 05 сарын 31-ний өдөр тоосгыг чинь ачлаа. Бензины мөнгө байхгүй тоосгоныхоо мөнгийг өгөөч гэсний дагуу ХААН банкны ******* тоот дансанд 3.100.000 төгрөг шилжүүлсэн. Тоосго ачигдаж ирэхэд чанарын шаардлага хангахгүй бие байдлын доголдолтой байсан учир хүлээж авах боломжгүй гэдгээ хэлж буцаасан. Ингээд олон удаа ярьж мөнгөө авна гэж нэхсэн боловч өгнө гэсээр өдий хүрлээ. Иймд захиалгын төлбөрт шилжүүлсэн 3.100.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Завхан аймгийн Улиастай суманд оршин суух иргэн Ш.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* аймгийн иргэн ******* гэгч хүн манай байгууллагатай холбогдсон хүсэлтийн дагуу тоосго нийлүүлэх аман гэрээ хийсэн нь үнэн. Аман гэрээгээр 30-40 мянган тоосго 25 хоногийн дотор яаралтай үйлдвэрлэж нийлүүлэх эхний хийсэн бүтээгдэхүүнээс зураг авч явуулах, нэг ширхэг тоосгыг 450 төгрөгөөр тооцох зэрэг тохиролцоо хийсэн. Тогтоосон хугацаанд 6000ш тоосго ХОВО машинаар ачиж явуулсан боловч өнгө болохгүй байна мөн ачилтанд замд эмтэрэлт үүссэн тул авах боломжгүй гэж буцаасан. Дараа нь өөрийн биеэр иржтоосгыг харж манай эхнэртэй ярилцаж өнгөө өөрчилж шар өнгийн тоосго авахаар тохирсон боловч өөр тоосго үйлдвэрлэгчтэй давхар ярьж тохирсон байснаас тэр компаний тоосгыг худалдан авсан байсан. Бид 20000 орчим тоосго энэ хүний захиалагын дагуу хийсэн одоо хашаанд байгаа бөгөөд мөнгийг нь өгнө гэсэн бодолтой байна.Энэ онд барилгын салбар манай аймагт илүү хүнд нөхцөлд байлаа. Бид тоосгоо борлуулж чадахгүй бол боломж гарсан үед 3.100.000 төгрөгийг өгөх болно гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* нь иргэн Ш.*******т холбогдуулан 3.100.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл ирүүлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 3.100.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна. Тэрээр ...Бид 20000 орчим тоосго энэ хүний захиалагын дагуу хийсэн одоо хашаанд байгаа бөгөөд мөнгийг нь өгнө гэсэн бодолтой байна. Энэ онд барилгын салбар манай аймагт илүү хүнд нөхцөлд байлаа. Бид тоосгоо борлуулж чадахгүй бол боломж гарсан үед 3.100.000 төгрөгийг өгөх болно гэж тайлбарлажээ.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 64550 төгрөгний тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзээд

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН

ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. Ш.*******гийн нэхэмжлэлтэй Ш.*******т холбогдох 3.100.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 3.100.000 төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч Ш.*******ийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 64550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32275 төгрөгийг, улсын орлогын 090000941 данснаас 32275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ