Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 504

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга  О.Бямбасүрэн хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Боржигон овогт Т-ийн Гт холбогдох эрүүгийн 2005012880605 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Т.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 16-202 тоотод согтууруулах ундааны зүйл хэргэлсэн үедээ хохирогч Б.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн мөрөнд нь хутгалж бие махбодид нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Т.Г шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн. Би айлгах гээд хутгаар хатгасан. Хохирогчид 350.000 төгрөг өгсөн. Цаашид эмчилгээний зардал гарвал би хариуцна. Шүүхэд нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Ийм үйлдэл хийсэндээ харамсаж байна гэв.

 

Хавтаст хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/

Хохирогч Б.Ч мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 16 цагийн үед найз Ноно, Ганболд нарын хамт Нарны хороололд Ганболдын гэрт 1 шил, 0,75 литрийн архи, 0,5 литрийн 10-аад лаазтай   пиво авч хувааж уусан. Тэгээд би нэлээн муудаад орой 23 цагийн үед унтаад өгсөн. Тэгээд унтаж байхад шөнө 02 цагийн үед намайг хүн сэрээхээр нь хартал зүс таних Г намайг татаж байсан. Тэгэхэд Ганболд, Г бас 1 танихгүй эмэгтэй нар 1 шил архи уугаад сууж байсан. Тэгээд Г намайг архи уу гэхээр  нь би уухгүй чи энд юу хийж яваа юм гээд бага зэрэг маргаан болсон. Тэгэхэд Ганболд та нар гарч учраа ол гээд Г бид хоёр орцонд гарчихаад буцаад орсон. Тэгээд би буцаад буйдан дээр унтаж байхад тэр 2 юм ярина гээд 00 явсан. Тэгэхэд цаана тэр хоёр хэрэлдээд байсан. Тэгээд би хэсэг зүйрмэглээд унтаж байхад Г намайг хөөш гээд цочоож сэрээхэд баруун гартаа том хутга барьсан зогсож байсан. Тэгээд шууд миний зүүн мөр рүү 1 удаа уг хутгаар хутгалаад, миний мөрнөөс цус гараад Г арагшаа 1 алхаад хутгаа газар шидээд гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/

Хохирлын баримт /хх-ийн 38-39/

 

Гэрч С.Ганболд мөрдөн байцаалтанд: “Би 2020 оны 4 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн үед найз Ч, Мөнх-Эрдэнэ нарын хамт манай гэрт уулзаж архи хувааж уусан...тухайн үед Г шөнө 02 цагийн үед гаднаас нэг танихгүй эмэгтэйгийн хамт тортой лаазтай пиво бариад орж ирсэн. Тэгээд бид нар пиво ууж сууж байгаад Ч, Г нар урьд нь хоорондоо муудаж байсан асуудлаа яриад хэрэлдэж эхэлсэн. Тэгээд тэр хоёр учраа олъё гээд орц руу гараад удалгүй зүгээр ороод ирсэн. Тэгээд би тэр хоёрт хэдэн үг хэлэхэд Г надтай маргалдаад 00 өрөөнд орсон. Тухайн үед Ч буйдан дээр суугаагаараа унтаж байсан ба Г гарч ирээд гал тогооноос хутга аваад Чийн мөр рүү хутгалчихаад гараад явсан гэсэн. Би жижиг өрөөнд ороод гараад ирэхэд ийм асуудал болсон хамт явж байсан эмэгтэй нь алчуур авчирч өгөөд цусыг нь дарж байгаад Гийн араас гараад явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4368 дугаартай “Б.Чийн биед зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 33/

 

Яллагдагчаар Т.Г мөрдөн байцаалтанд: Би 2020 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө 01 цагийн үед өөрийн танил эмэгтэй Болормаагийн хамт гадуур явж байгаад манай хамаатны залуу Ганболд  залгаад гэртээ ууж байна хүрээд ир гэхээр нь би гаднаас пиво аваад гэрт нь очсон. Тэгэхэд Ганболд, Ч нар байсан ба Ч нөгөө өрөөнд унтаж байсан. Тэгээд Чийг сэргээгээд бид нар том өрөөнд 1 шил 1 литрийн архи хувааж уусан. Тэгээд ууж сууж байгаад Чтой манай найз Энхжин урьд нь мөнгөний асуудалтай байсан болохоор энэ талаар яриад бид хоёр маргаан хийсэн. Тэгээд бид хоёр барьцалдаж авахад Ганболд хажуунаас татаж салгасан. Тэгээд Ганболд бид хоёр 00 өрөө орж тамхи татаад зогсож байхад Ганболд надад чи тийм эр хүн юм бол наадахаа амыг нь дуугүй болгоод зодчихооч чи чадахгүй л дээ пизда гээд миний шарыг хөдөлгөөд байсан. Тэгээд бид хоёр 00 өрөөнөөс гарахад Болормаа зөрөөд орсон. Бид хоёр гал тогооны өрөөнд ороход Ганболд ширээн дээр хутга байгаа гэж зааж өгөхөөр нь би хутгыг нь аваад Ч дээр очоод чи юу гээд байгаа пизда вэ гэхэд Ч юу гэсэн ч яадаг юм гээд босоод ирэхээр нь би гартаа байсан хутгаар айлгая гэж бодоод наагуур нь хутгаар савахад Чийн зүүн мөрөнд зүссэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 67/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                    

                                                                                                 

Шүүгдэгчийн гэм буруу болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Т.Г  2020 оны 4 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хорооллын 16-202 тоотод согтуугаар хохирогч Б.Чтой хувийн таарамжгүй харьцааны улмаас зүүн мөрөнд нь хутгалж бие махбодид нь шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Т.Гийн“...Ч дээр очоод чи юу гээд байгаа пизда вэ гэхэд Ч юу гэсэн ч яадаг юм гээд босоод ирэхээр нь би гартаа байсан хутгаар айлгая гэж бодоод наагуур нь хутгаар савахад Чийн зүүн мөрөнд зүссэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/, хохирогч Б.Чийн“...шууд миний зүүн мөр рүү 1 удаа уг хутгаар хутгалаад, миний мөрнөөс цус гараад Г арагшаа 1 алхаад хутгаа газар шидээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч С.Ганболдын“...Ч буйдан дээр суугаагаараа унтаж байсан ба Г гарч ирээд гал тогооноос хутга аваад Чийн мөр рүү хутгалчихаад гараад явсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22/, шинжээчийн 4368 дугаартай дүгнэлт /хх-ийн 33/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/, хохирлын баримт /хх-ийн 38-39/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Т.Г, Б.Чийн  бие махбодид халдаж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно. 

 

Иймд хяналтын прокуророос Т.Гт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Т.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Т.Гийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэрэгт хохиролтой холбогдох нийт 86.500 төгрөгийн баримт хавсаргагдсан байх ба хохирогч Б.Ч хэргийн материалтай  танилцсан тухай тэмдэглэлд “ 350.000 төгрөг шүүгдэгч Т.Гээс авсан, цаашид гарах зардлаа нэхэмжилнэ” гэсэн байна. /хх-ийн 90/

Иймд  хохирогч холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг  нээлттэй үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.  

Шүүгдэгч Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл тогтооогдоогүй,  анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна. 

Т.Гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу согтуугаар хүний эрх, эрх чөлөөнд халдаж бие махбодид нь хутгаар хөнгөн гэмтэл учруулсан, үйлдсэн хэргээ шударгаар мэдүүлж, чин санаанаас гэмшиж байгаа хувийн байдлыг нь харгалзаж түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэлээ. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хутга нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахыг шүүгчийн туслахад даалгав.