Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 18

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Бигэр сумын Хүрэмт багт оршин суух Олхонууд овгийн Хасаановын Ерөөлтийн хүсэлттэй 
Г.Мөнх-Оргилыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга О.Дэжидмаа оролцов.
                                                    ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Х.Ерөөлт шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие нь Гэндэн овогтой Мөнх-Оргилтой өөрийн эзэмшлийн автомашиныг тохиролцон зарсан боловч худалдан авсан Мөнх-Оргил одоо тооцоо хийгээгүй, аймагт байхгүй, олдохгүй байна. Гэндэн овогтой Мөнх-Оргил нь аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Аймагт байдаг гэрийн хаяг нь Баянхайрхан багийн 8-42 тоот, хөдөө гэрийн хаяг нь аймгийн төвөөс 12 километрт ТМС-ийн худаг гэдэг газарт байдаг. Ээж Болортой 86393998, Г.Мөнх-Оргилтой 98943998 гэсэн дугаараар холбогдож байсан. Уг иргэнийг аав, ээжээс нь сураглахад Ховд аймгийн Алтай сумд байгаа гэж байгаа тул иргэн Г.Мөнх-Оргилыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
                                                    ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
 Учир нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Мөнх-Оргил нь оршин суугаа газар нь мэдэгдэхгүй, хаяг нь тодорхойгүй байгаа нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. 
  Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Гэндэнгийн Мөнх-Оргилыг Цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжлуулах үндэслэлтэй байна.  

/Г.Мөнх-Оргилтой холбоо барьж байсан утас – 98943998, Г.Мөнх-Оргилын ээж Болорын утас 86393998 болно./

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар Гэндэнгийн Мөнх-Оргилыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дахь хэсэгт зааснаар Гэндэнгийн Мөнх-Оргилыг эрэн сурвалжлахыг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Х.Ерөөлтийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ