Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2020/ШЦТ/27

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Б.Азжаргал,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч Д.У,

шүүгдэгч Б.Э, Б.Э, Э.М, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б-н Э, Бн овогт Э-н М, Б  овогт Б-н Э нарт холбогдох эрүүгийн 2017000040009 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1987 оны 12 дугаар сарын 16-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, Баяннексус ХХК-д хэв цутгагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сумын 2 дугаар баг, М-н тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх М овогт Б-н Э /РД:ЗФ/,

 

Монгол Улсын иргэн, 1981 оны 09 дүгээр сарын 22-нд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Баяннексус ХХК-д хэв цутгагч ажилтай, ам бүл 8, эхнэр 6 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн С сумын 3-р баг, Б-н .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э-н М /РД:ЗВ/,

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 21-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, Баяннексус ХХК-д хэв цутгагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Г аймгийн С сумын 2-р баг, А-н ..тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б-н Э /РД:УС/,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.М нь Б.Э, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Б ХХК-ийн үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтэрч 750 кг төмөр хайлуулах хүчин чадалтай зэс тогоог хулгайлж 1 384 500 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Э нь Б.Э, Э.М нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Б ХХК-ийн үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтэрч 750 кг төмөр хайлуулах хүчин чадалтай зэс тогоог хулгайлж 1 384 500 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Э нь Б.Э, Э.М нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтэрч 750 кг төмөр хайлуулах хүчин чадалтай зэс тогоог хулгайлж 1 384 500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч  Б.Э нь Б.Э, Э.М нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтэрч 750 кг төмөр хайлуулах хүчин чадалтай зэс тогоог хулгайлж 1 384 500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Э.М нь Б.Э, Б.Э нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтэрч 750 кг төмөр хайлуулах хүчин чадалтай зэс тогоог хулгайлж 1 384 500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Э нь Б.Э, Э.М нартай бүлэглэн 2020 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн байранд хууль бусаар нэвтэрч 750 кг төмөр хайлуулах хүчин чадалтай зэс тогоог хулгайлж 1 384 500 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.2. Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.3. Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

 

1.4. Хохирогч Д.У  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө ажилдаа ирэхэд харуулын дарга өнгөрсөн шөнө манай ажил дээр хулгай орсон гэж хэлсэн. Тэгээд инженерт хэлээд бид камерын бичлэг шүүсэн. Тэгсэн камерын бичлэгээр Э, Э, М нар байсан гэдэг нь тодорхой болсон. Манай компани хятадын хөрөнгө оруулалттай компани  байгаа. Энэ талаараа удирдлагуудтай ярилцаад шүүхэд хүсэлт ирүүлсэн байгаа. Хүсэлтийн тухайд эдгээр хүмүүс хохирол төлбөрөө бүрэн төлсөн байгаа учраас манай компани гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. Мөн шүүгдэгч нарын хувьд амьдралын байдал тааруу, бүгд олон нялх хүүхдүүдтэй.  Ар гэрт нь энэ 3-аас өөр ажил хийдэг хүн байхгүй амьдралаа авч явдаг. Тиймээс шүүгдэгч нарыг цагаатгах юм бол дахин энэ байгууллагад ажиллах нөхцөл байдлаар бүрэн хангаж ажиллана. Эдгээр залуучууд ажлаа сайн хийдэг. Би М-тэй 11 жил, Э-тай 1 жил хагас, Э-той 3 жил хамт ажиллаж байгаа гэв.

 

1.5. Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр намайг М дуудаад эхнэр хүүхэд хоёрыг эмнэлгээс гаргаад өгөөч гэж гуйсан. Тэгээд би М-н хамт эхнэр хүүхдийг нь эмнэлгээс гаргаж өгөөд М бид хоёр 0.5 литрийн нэг шил архийг хувааж уусан. Тэгээд М бид хоёр Э-н гэрт очиж 0.75 литрийн 2 шил архи, Сэрүүн нэртэй 2.5 литрийн савлагаатай пивоноос 5 ширхгийг Э-н гадаа хувааж ууцгаасан. Сүүлийн пиво дуусаж байхад М гэртээ харьж хүүхдийнхээ даавууг угаана гээд түрүүлээд явсан. Тэгээд Э бид хоёр М дээр очиж хүний дугаар авахаар гэрт нь очсон. Тухайн үед М-с С гэж хүний дугаарыг асуусан. Тэгээд М-н гадаа гараад Э, М бид гурав ярьж байгаад үйлдвэрт төмөр хайлуулдаг зэс тогоо байгаа, тэрийг гурвуулаа авъя гэж яриад Баяннексус ХХК-ийн байр руу алхаад Баяннексус ХХК-ийн хойд талын хашааг давж ороод үйлдвэрийн хойд талын хаалгыг татсан чинь онгойсон. Тэгээд уг хаалгаар дотогш орж төмөр хайлуулах зэс тогоог М, Э бид гурав өргөөд гадагш гаргаж хойд талын хашааны хажууд тавьсан. Тэгтэл харуул гарч ирж байгаа бололтой гэрэл тусгачихсан явж байхаар нь бид гурав хашаа даваад зугтсан. Тэгээд хойшоо явж байгаад О-н гэрт очиж О-н машиныг гуйгаад 50000 төгрөг өгье үйлдвэрээс юм авах гэж байгаа юм гэж хэлээд О авч явсан. О 64-18 ГСА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслээ үйлдвэрийн хашааны хойд талд тулгаж зогссон. Харин Э, М бид гурав төмөр хайлуулах тогоог өргөж машины тэвшин дээр тавьсан. Тэгээд бид нар манай хашаанд аваачиж буулгаад гэр гэртээ харьцгаасан. Харин өглөө 10 цагийн орчимд Э, М нар манайд ирээд бид гурав төмөр хайлуулах тогоог эвдсэн. Тэгээд тэр өдрөө цагдаад баригдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 107-108 дугаар хуудас/,

 

1.6. Шүүгдэгч Э.М мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 16 цагийн орчимд Б.Э-г дуудаж аймгийн Нэгдсэн эмнэлгээс эхнэр хүүхдээ гаргасан юм. Тэгээд Э бид хоёр манай гадаа 0.5 литрийн Ерөөл нэртэй 1 шил архийг хувааж уусан. Тэгээд Э бид хоёр Сүмбэр сумын 2 дугаар баг Агропаркын 111 тоотод байх Э-н гэрт очсон. Тухайн үед Э болон эхнэр болох У нар байсан. Э, Э бид гурав Э-д 2 шил архи, 2.5 литрийн том пиво 2-3 ширхэгийг хувааж ууцгаасан. Тэгээд би гэртээ харьсан. Гэртээ очоод хоол унд идээд байж байтал Эр, Э нар манайд ирээд намайг гараад ир гэхээр нь би цуг гарсан. Тэгээд бид гурав манай гэрээс гарч хашааны гадаа гараад юм ярьж байгаад Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн байрнаас төмөр хайлуулах тогоо авахаар болсон. Бид гурав үйлдвэрийн хойд талын хашаагаар даваад үйлдвэрийн хойд талын хаалгыг татсан чинь онгойчихсон. Тэгээд үйлдвэрийн байр руу орж төмөр хайлуулах зэс тогоог гурвуулаа дамжлаад хойд талын хашааны хажууд тавьсан. Тэгтэл харуул гараад ирэхээр нь бид гурав хашаа даваад зугтсан. Тэгээд Б.Э, Э бид гурав дэнж рүү явж нэг айлд очсон. Тэгээд Э айл руу орж нэг хүнтэй уулзаад тэгээд бид хэд цэнхэр өнгийн портер машинтай Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн гадаа очиж машинаа ухрааж хашаанд тулгаж зогсоогоод тэгээд Э, Э бид гурав төмөр хайлуулах тогоог өргөж хашаан дээгүүр давуулаад портер машины тэвшин дээр ачсан. Тэгээд Э-н хашаанд төмөр хайлуулах тогоогоо үлдээгээд гэр гэр лүүгээ харьцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 дугаар хуудас/,

 

1.7 Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хазаар чөдөр хийгээд байж байтал М, Э нар манай гэрт хугас шил архи, тал ундаатай орж ирсэн. Тэгсэн чинь эхнэр гэрт архи уухгүй шүү гээд бид гурав манай гадаа таамбарт уусан. Тэгээд бид гурав дахиад 2 шил архи, 2.5 литрийн хэмжээтэй 5 ширхэг пиво авч хувааж ууцгаасан. М гэр лүүгээ явсан. Тэгээд Э бид хоёр М-с хүний утасны дугаар асуухаар очсон. Тэгээд М, Э бид гурав гадаа гарсан. Тухайн үед Э бид хоёр М-г яах гээд байгаа юм гэртээ орж унт гэж хэлсэн. Тэгээд М-н гадаа бид гурав ярилцаж байгаад Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн байрнаас төмөр хайлуулах тогоог хулгайлахаар явсан. Тэгээд үйлдвэрийн хойд талын хашаан дээгүүр давж ороод үйлдвэрийн хойд хаалгаар орж зэс хайлуулах тогоог аваад гадна хашааны хажууд тавьчихаад амраад сууж байтал харуул гараад ирсэн. Тэгэхээр нь бид гурав хашаа даваад зугтаасан. Нэг эргээд хартал М-л байхгүй байсан. Э бид хоёр М яачихваа гээд манай гэрийн хашааны гадаа сууж байтал М ирсэн. Би харуулд баригдсан юм чинь одоо авч яах юм бэ гэхэд М нэгэнт авчихсан юм чинь авчихая гээд байсан. М бид хоёр одоо тэгээд яаж авч явах уу гэхэд Э таньдаг машин байгаа гэж хэлсэн. Тэгээд бид гурав дэнж рүү алхаад О гэх хүний гэрт очсон. Гэрийнх нь гадаа очоод дуудахад О гарч ирэхгүй байсан. Тэгээд Э гэр лүү нь орсон. Удалгүй О, Э нар гарч ирсэн. Тэгээд О-н цэнхэр өнгийн портертой Э, М бид гурав Баяннексус ХХК-ийн үйлдвэрийн байр луу явж хойд талын хашааны хажууд зогссон. Тэгээд М, Э бид гурав тогоогоо өргөж О-н машин дээр тавьсан. Уг төмөр хайлуулах тогоог Э-н гадаа буулгаад Э гэртээ үлдээд О машинтайгаа М бид хоёрыг гэр гэрт нь хүргэж өгсөн. Маргааш өглөө нь 9 цаг өнгөрч байхад Э-н гэрт М бид хоёр очиж төмөр хайлуулах тогоог эвдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 125-127 дугаар хуудас/,

 

1.8. Хохирогч Д.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 01 дүгээр сарын 07-ны 08 цаг 30 минутанд Сүмбэр сумын 2 дугаар багт байх /Баяннексус/ ажил дээрээ ирсэн юм. Тэгсэн манай харуулын дарга З нь үйлдвэрт шөнө хулгай орсон байж магадгүй юм шиг байна та камераа нэг шүүгээд үзээч гэж хэлсэн.

Тэгэхээр нь би юу болсон талаар харуулын даргаас асуухад тухайн өдрийн ээлжинд гарсан харуул нь өглөө даргадаа 3 хүн хашаа даваад зугтсан гэж хэлсэн гэж байсан. Тэгээд би үйлдвэрийн гадна талын камерыг шүүж үзэхэд 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шөнийн 00 цаг 30 минутын орчимд 1 хүн үйлдвэр лүү орж байгаа, 1 хүн нь цаана үлдээд наашаа цаашаа хараад байгаа нь бичигдсэн байсан. Гэхдээ харанхуй байсан болохоор царай нь харагдахгүй байсан.

Цаанаа хүн хараад зогсоод ийш тийш хүн хараад байгаа хүнийг манайд ажилладаг М байна гэж таньсан. Учир нь биеийн өндөр, галбир, хувцсаар нь /цагаан захтай хар куртиктэй/ таньсан. Тухайн үед үйлдвэрийн 1 давхарт байсан хайлуулах цахилгаан тогоо алдагдсан байна гэж үйлдвэрийн дарга хэлсэн. Тэгээд цагдаад мэдээлэл өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,  

 

1.9. Гэрч Ц.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай ажил өглөө  8 цаг 30 минутад цуглараад 11 цагийн үед манай ажлын харуулын дарга орж ирээд өнгөрдөг шөнө хулгай гарсан байж болзошгүй юм байна, цагдаа дуудаад шалгуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд манай хяналтын камерын бичлэг дээр харанхуйд хэн нь мэдэгдэхгүй 3 хүний дүрс үйлдвэрийн хашаа руу орж байсан. Тэгээд манайхан цагдаагийн байгууллагад хандсан.

...Төмөр хайлуулахад ашигладаг тогоо, 750 кг төмөр хайлуулах хүчин чадалтай зэс ороомогон тогоо байсан. Би хэдэн оноос хойш ашигласан болохыг сайн мэдэхгүй. Манай үйлдвэрийн дарга мэдэх байх.

...Би хүмүүсээс асуухад 10 000 ионаар худалдаж авсан гэсэн. Монгол мөнгөөр одоогийн ханшаар 3 900 000 төгрөгийн үнэ ханштай гэсэн. Санхүүгийнхэн сайн мэдэх байх... гэх мэдүүлэг / хх-ийн 42 дугаар хуудас/

Би алдагдсан цахилгаан төмөр хайлуулах тогоог хэзээ хаанаас авсаныг нь мэдэхгүй байна. Төмөр хайлуулах тогоо алдагдсан өдөр орчуулагч байхгүй үйлдвэрийн дарга Li Guangly-с тогоо зоос хэд вэ гээд дохиж загнаж асуухад гаргаа гаргаад 10000 гаруй юань гарнаа гэж хэлж байсан. Манай үйлдвэрийн дарга Бүгд Найрамдах Хятад ард улсын иргэн байдаг ба одоо цагаан сар нь болж байгаа гээд Хятад улс руу явчихсан. 2 сарын сүүлчээр ирэх байх, сайн мэдэхгүй байна. Алдагдсан гэх тогоог албан хэрэгцээнд ашиглаж байгаад 2019 онд шинэ тогоо авч сольсон. Төмөр хайлуулах тогоог хааяа нэг түр ашиглалтанд оруулах бол боломжтой байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

1.10. Гэрч Д.Ц мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2010 оны 12 дугаар сарын 07-нд Баяннексус ХХК-д ажиллаж байгаад 2019 оны 08 дугаар сард ажиллаасаа гарсан. Би төмөр хайлуулдаг тогоон дээр ажилладаг байсан.  

...Бөөрөнхий хэлбэртэй зэс материалтай 2 ширхэг тогоогоор төмөр хайлуулж байж байгаад 2019 оны хавар нэг тогоо нь цоороод сольсон. Би сольж тавьсан.

...2011 оноос хойш ашиглаж байгаад 2019 оны хавар солиод би үйлдвэр дотор гагнуурын аппаратын хажууд гаргаж тавьсан. Тэрнээс хойш яасан талаар сайн мэдэхгүй байна. Намайг ажиллаж байхад сольсон тогооных нь нөгөө нь мөн, нэг шинэ тогоо ашиглагдаад үлдсэн. Өөр ямар хөдөлгөөн хийсэн талаар мэдэхгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

1.11. Гэрч О.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2020 оны 01 дүгээр сарын 06-ны орой гэртээ байж байхад төмрийн үйлдвэрт ажилладаг Э гэх залуу үл таних 2 залуутай хамт ирээд намайг урдаас юм зөөгөөд өгчихөөч гэхээр нь машинаа асаагаад Э гэх залууг нөгөө 2 залуутай хамт суулгаад юм ачих газрыг нь заалгахад төмрийн үйлдвэрийн хашааны хойд талд ирээд хашаа руу ухраад зогсчих гэхээр нь хашаанд тулаад ухарч зогсоход тэр 3 хашаа давуулаад бөөрөнхий хэлбэртэй сараалжин зүйл гаргаж ирээд ачсан. Тэгээд засмал замын зүүн талд Э-н хашаанд аваачиж буулгасан.

...Би хулгай хийж байгааг мэдээгүй. Надад 50 000 төгрөг өгье асуудал байхгүй ээ гээд байхаар нь Э хандаж хулгай хийж байгаа бол явахгүй гэж хэлэхэд асуудал байхгүй ээ. Миний юм байгаа гэж хэлэхээр нь машинаараа ачиж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,

 

1.12. Гэрч М.З мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-н харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг. Хос арслан ХХК-ийн харуулын даргаар ажилладаг юм. Манайхаас 3 ажилтан 24 цагаар харуулын үүрэг гүйцэтгэн ажилладаг юм. 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өглөө манай харуулын ажилтан Х над руу залгаад шөнө 12 цагийн орчим объект буюу үйлдвэрийн байрыг эргээд явж байтал 2 хүн арын хашааг даваад зугтчихлаа хяналтын камер шүүмээр байна, эд зүйл алдагдсан байх вий гэж хэлсэн. Тэгээд би ажил дээр ирж Баяннексус ХХК-н менежер Д.У харуулын хэлснийг дамжуулж хэлээд хяналтын камерыг шүүлгэсэн. Тэгсэн чинь 1 хүн нь хашааны цаана үлдээд 2 хүн нь хашаа даваад орж ирж байгаа болон гарч байгаа бичлэг байсан. Харин царай нь бол харагдахгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 55 дугаар хуудас/,

 

1.13. Гэрч Д.П мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Би харуулаар ээлжийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэгсэн шөнийн 00-01 цагийн хооронд харуул Хатанбаатар надад 2 хүн хашаа даваад зугтчихлаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр гараад үйлдвэрийн байрны ойр орчмыг үзэхэд үйлдвэрийн байрны хойд талын хашааны төмөр сараалжийг салгаад хашааны гадна талд тавьчихсан байсан. Тэгээд ул мөр байгаа эсэхийг үзэх гээд байж байтал хойд хашааны гаднаас М согтуу юм хэлээд байсан, би сайн ойлгоогүй харьж амар гэж хэлээд явуулсан. М-г согтуу явж байна гэж бодсоноос биш хулгай хийгээд явж байна гэж мэдээгүй. Юу хийж явж байгаа талаар ч асуугаагүй, харь гээд л явуулсан. Тэгээд Х-т гэрэлтүүлэг байхгүй юм чинь өглөө эрт ямар нэгэн ул мөр байгаа эсэхийг үзье гэж хэлсэн. Өглөө дарга нарыг ирэхээр нь шөнө болсон асуудлын талаар хэлээд үйлдвэрийн хяналтын камерыг шүүлгэхэд манай үйлдвэрт хулгай орсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Би үйлдвэрийн хойд талын хаалгыг нээж үзээгүй. Хашаанаас гадагш гараагүй. Ойр орчмыг нь харсан. Мөр байсан эсэхийг харанхуй байсан болохоор сайн хараагүй. Өглөө харъя гэж бодоод өнгөрсөн. Маргааш нь цагдаа ирээд үзлэг хийх үед харахад хашааны гадна машины мөр байсан. Харанхуй байсан болохоор Х бид хоёр сайн үзээгүй. Төмөр хайлуулах тогоо хашааны хажууд байсан эсэхийг мэдэхгүй. Хашаан дотор гэрэлтүүлэг огт байхгүй. Х бид хоёр жижиг гар чийдэн тусгаж хашаан дотор явж байгаад өглөө гэрэлтээд үзье, тэгээд дарга нарыг ирэхээр камер шүүж үзье гэж бодоод орцгоосон... гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

1.14. Гэрч Д.Х мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би Баяннексус ХХК-н харуул хамгаалалтыг хариуцан ажилладаг Хос арслан ХХК-н харуулаар ажилладаг. 2020 оны 01 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө  24 цагийн харуулын үүрэгтэй ажилласан юм. Тэгээд 2020 оны 01 дүгээр  сарын 06-07-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад үйлдвэрийн ар талын хоёр давхар байрны баруун талаас зүүн тийш гэрэлтүүлэг хийхэд 2 үл таних хүн хашаа даваад зугтаасан. П гэх харуул руу залгаж үл таних 2 хүн хашаа даваад зугтлаа та гараад ир гэж хэлсэн. Тэгээд П ах гарч ирээд бид хоёр гутлын мөр байгаа эсэхийг шалгахад Цахилгаан түгээх станцын байрны урд талын засмалаас нэг согтуу нөхөр наана чинь юу болоод байгаа юм  бэ гэж хэлээд ирсэн. Би өөдөөс нь гэрэл тусгахад П ах таньдаг бололтой юу хийж яваа юм гэртээ харь гэж хэлээд явуулсан. Тухайн үед харуулын даргад хэлэх гээд залгасан утас нь болохгүй байсан. Тэгээд маргааш өглөө нь камер шүүж байгаад цагдаад дуудлага өгье гэж бодоод залгаагүй. Маргааш өглөө нь харуулын дарга З хоёр хүн хашаа даваад зугтсан талаар мэдэгдэж камер шүүлгэсэн. П бид хоёртой таарсан залуугийн нэрийг М гэдэг юм байна лээ. Маргааш нь камер шүүхэд М нь бид хоёртой таарсан хувцастай явж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/,

 

1.15. Гэрч Ш.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Над руу цагдаагаас ярихад нь үйлдвэрээс төмөр хайлуулах тогоо алдагдсан болохыг мэдсэн. Би Баяннексус ХХК-д нягтлан бодогчоор ажилд ороод 2 жил болох гэж байна. Ажилчдаас хэзээ ирсэн талаар асуухад 2011 онд ирсэн байх гэж байсан. Байгууллагын санхүүгийн баримтыг шүүж үзэхэд тоног төхөөрөмж гэсэн нэгдсэн дүнтэй тоног төхөөрөмжүүд байна лээ. Тэрнээс төмөр хайлуулах тогооны нэг бүрийн үнийг тусгаагүй байна лээ.

...Тоног төхөөрөмж гэсэн нэгдсэн нэршлээр байгууллагад хөрөнгөд бүртгэгдсэн байна лээ. Тэрнээс дангаараа төмөр хайлуулах тогоо гэж бичигдсэн зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

1.16. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

2020 оны 01 дүгээр сарын 02-нд би төрж хүүтэй болсон. Тэгээд манай нөхөр 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгээс гарсан юм. Тухайн өдөр манай нөхөр М, Э-н машинтай ирж намайг эмнэлгээс гаргасан. Тэгээд Э, М хоёр намайг гэрт хүргэж өгчихөөд гараад явсан. Тэгээд манай нөхөр М 21 цагийн үед гэртээ ганцаараа ирсэн. Гэртээ ирээд хоолоо идээд байж байтал 22-23 цагийн үед шиг санагдаж байна Э, Э хоёр манайд орж ирээд М-г дагуулаад гараад явсан. М-г хэдэн цагт ирснийг мэдэхгүй байна. Өглөө гэртээ байж байтал цагдаа орж ирсэн. Тэгээд орой Э, Э нартай ажлаасаа хулгай хийсэн талаар мэдсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

1.17. Гэрч С.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би нөхөр Э-г хулгайн хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдсэн. 2020 оны 01 дүгээр сарын 06-нд орой 21 цагийн орчимд М, Э нар манайд ирсэн. Тухайн үед орж ирэхдээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай 1 ундаа, тал шил архи барьчихсан орж ирээд уусан. Тэгээд дахиж архи нэмж ууна гэхээр нь би гэрт архи уухгүй шүү гарч ууцгаа гэж хэлсэн. Тэгээд М, Э, Э гурав гадаа манай зууханд /котел/-д архи ууцгаасан. 23 цаг өнгөрчихсөн байхад Э, Э хоёр гарчихаад ирье гэж хэлсэн. Тэгэхээр нь хаачих гэж байгаа юм гэхэд холдохгүй ээ гарчихаад ирье гэж хэлсэн. Тухайн үед М байхгүй байсан, түрүүлээд явчихсан байсан. Би шөнө 2 цаг өнгөрч байхад хүүхдээ хөхүүлэх гээд сэртэл манай нөхөр Э ирээгүй байсан. Тэгэхээр нь М-н эхнэр лүү залгаж манай нөхөр очсон уу гэхэд түрүүхэн манайхаар орж ирээд гарсан гэж хэлж байсан. Хаашаа явсан талаар асуухад мэдэхгүй, Д дагаад гараад явчихсан гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр Э 01 дүгээр сарын 07-ны шөнө 04 цаг болох гэж байхад гэртээ ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

 

1.18. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 77 дугаар хуудас/,

 

1.19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 009/002 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- Хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан 2 ширхэг гутлын мөр харьцуулах шинжилгээнд тэнцэнэ.

- Зураг №9 гутлын мөр-1 гэсэн тайлбартай, цаасан дээр үүсгэгдсэн арзгар ултай баруун хөлийн гутлын мөр нь Б.Э-с хурааж авсан гэх гутлын мөртэй, зураг №10 гутлын мөр-2 гэсэн тайлбартай цаасан дээр үүсгэгдсэн өлмий, өсгийн зах ирмэгүүд хэсгээр арзгар ултай мөр нь Б.Э-с хурааж авсан гэх гутлын мөртэй тохирч байна.

- Онцлог шинж тэмдгүүд гэрэл зургаас үз.

Дүгнэлт гаргасан: Шинжээч, цагдаагийн дэслэгч Э.Билгүүн гэжээ. /хх-ийн 84-89 дүгээр хуудас/,

 

1.20. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн үнэлгээний комиссын дүгнэлт /хх-ийн 95 дугаар хуудас/,

 

1.21. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-14 дүгээр хуудас/,

 

1.22. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

1.23. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

1.24. 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр эд мөрийн баримт хураан авсан үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

 

1.25. 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр эд мөрийн баримтаар хураан авсан, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 25 дугаар хуудас/,

 

1.26. 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр эд мөрийн баримт хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-30 дугаар хуудас/,

 

1.27. “Баяннексус ХХК”-ийн ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаартай Б.Э-г ажилд авах тухай тушаал /хх-ийн 157 дугаар хуудас/,

 

1.28. “Баяннексус ХХК”-ийн ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 63 дугаартай Э.М-г ажилд авах тухай тушаал /хх-ийн 158 дугаар хуудас/,

 

1.29. “Баяннексус ХХК”-ийн ерөнхий захирлын 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаартай Б.Э-г ажилд авах тухай тушаал /хх-ийн 159 дүгээр хуудас/,

 

1.30. “Баяннексус ХХК”-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 160-161 дүгээр хуудас/

 “Баяннексус ХХК”-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 162-163 дугаар хуудас/,

 

1.31. “Баяннексус ХХК”-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б.Эрдэнэцогтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 164-165 дугаар хуудас/

“Баяннексус ХХК”-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б.Э-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 166-167 дугаар хуудас/,

 

1.32. “Баяннексус ХХК”-ийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Э.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 168-169 дүгээр хуудас/

“Баяннексус ХХК”-ийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Э.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 170-171 дүгээр хуудас/,

 

1.33. Хюндай Портер маркийн 64-16 ГСА улсын дугаартай авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 181 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Прокуророос шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нарын үйлдсэн гэмт хэргийг зөв зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.

Шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э, тэдгээрийн өмгөөлөгч Б.Батчимэг нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.          

 

Иймд шүүгдэгч Б.Э-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.М-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Б.Э-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Гэрч П.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Э нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1987 оны 12 дугаар сарын 16-нд малчин айлын хүү болон төрсөн. Айлын 3 дахь хүүхэд, 2 ах 2 дүүтэй. Дундговь аймгийн Сайнцагаан сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж байсан. 3 дугаар анги төгссөн. Барилгын чиглэлээр ажилладаг байсан. Баяннексус ХХК-д 2019 оны 05 дугаар сарын сүүлчээр ажилд орсон. Одоо Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 2 дугаар баг, Малхын 3 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр гэр бүл болоод 15-16 жил болж байна. Манай том хүү Э.У нь Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 7-р анги, хүү Э.Э 5 настай, охин Э.М 3 настай 6-р цэцэрлэгт явдаг. Би өөрөө Андууд худалдааны төвд нярав ажилтай. Б.Э нь зан байдлын хувьд нийтэч зантай, хамт олонтойгоо эвсэг харилцаатай, сэргэлэн цовоо, хүнд их тусархуу зантай. Өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

 

2.2. Гэрч Э.М мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Э.М ах 1981 онд Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн. Айлын том хүү 7 дүүтэй. 1988 онд Дундговь аймгийн Говь-Угтаал сумын ерөнхий боловсролын сургуульд суралцаж 6 дугаар анги төгссөн. Үүнээс хойш хөдөө мал маллаж байгаад Говьсүмбэр аймагт шилжин ирсэн. Говьсүмбэр аймагт үйл ажиллагаа явуулах Баяннексус ХХК-д ажиллаад 7-8 жил болж байна. Үйлдвэр нь амарсан үед жоншин дээр ажилладаг. Одоо Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 2-4 тоотод эхнэр 6 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь саяхан төрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй байгаа. 2 том охин нь одоо 12 дугаар анги, О 8-р анги, З 5-р анги, М 3 настай, М одоо 2 сар хүрч байна. Манай ах М л ганц ажил хийж ар гэрээ авч явдаг хүн байгаа юм. Амьжиргааны түвшин доогуур, талоноор хүнс бараа авдаг. М ах зан байдлын хувьд хүнд тусар хуу, ажилд сайн, ар гэртээ анхаарал халамж их сайн, даруу төлөв зантай. Хүнд үгүй гэж хэлдэггүй, аль болох нь хүнд тусалж байдаг... гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

2.3. Гэрч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манай нөхөр М нь 1981 оны 09 дүгээр сарын 22-нд Дундговь аймагт төрсөн. Айлын том хүү, 7 дүүтэй. Дундговь аймгийн ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаад 6 дугаар ангиасаа гарч хөдөө мал дээр өссөн. Баяннексус ХХК-д ажиллаад 8,9 жил болж байна. Бид хоёр 2015 оноос хойш хамт амьдарч байна. Одоо Сүмбэр сумын 3 дугаар баг, Баянхошууны 2-4 тоотод 6 хүүхдийн хамт амьдардаг. Охин Б.З, Б.А Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 12-р анги, Б.О нь 8 дугаар анги, Б.Зх 5-р анги, М.М 3 настай цэцэрлэгт, М.М 1 сартай. Э.М зан байдлын хувьд хүнд тусар хуу хүний үгээр хөнгөн зантай, гэрийн ажил сайн хийдэг, ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг. Ар гэрээ ганц авч явдаг тэжээдэг хүн байгаа юм. Би 2020 оны 01 дүгээр сард төрөхийн хүндрэлээр нурууны суулттай болчихсон. Одоо ажил хийх боломжгүй байгаа. Ар гэрээ авч явдаг ганц хүн маань ийм хэрэгт холбогдчлоо. Манай нөхөр төлөв томоотой өмнө нь хэрэгт холбогдож байгаагүй. Их сайн хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар хуудас/,

 

2.4. Гэрч П.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Э нь Дундговь аймагт төрсөн. 5 хүүхэдтэй айлын дунд хүү. 2 ах, 2 дүүтэй. Манай дүү Б-тай гэр бүл болоод 10 гаруй жил болж байгаа. Одоо Говьсүмбэр аймагт эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Том хүү Э.У нь Сүмбэр сумын ерөнхий боловсролын 5 дугаар сургуульд суралцдаг. Хүү Э 5 настай. Охин М 3 настай. Сүмбэр сумын 6 дугаар цэцэрлэгт суралцдаг. Эхнэр Б нь Андууд дэлгүүрт нярав ажилтай. Б.Э нь Баяннексус ХХК-д 2019 онд ажилд орж байсан. Өмнө нь барилгын чиглэлээр ажиллаж байсан. Зан байдлын хувьд нийтэч, ажилд шургуу сайн, хүнд тусархуу зантай. Ажилд хүмүүсийг удирдаж манлайлах чадвартай... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/,

 

2.5. Гэрч С.У мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Э нь 1985.05.21-нд Дундговь аймгийн Баянжаргалан суманд төрсөн. Айлын дунд хүү. Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд суралцаж байсан. 5 дугаар анги төгсөөд хөдөө эмээтэйгээ мал дээр байсан. Хувиараа жоншин дээр ажиллаж байсан. Мөн Чойр кашмерт харуулаар, Баяннексус ХХК-д ажиллаж байсан. Одоо Сүмбэр сумын 2 дугаар баг Агропаркын 111 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Бид хоёр гэр бүл болоод 6 жил болж байна. Том охин А 11 настай, Сүмбэр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 5-р ангид хүү А 4 настай. Сүмбэр сумын 2 дугаар цэцэрлэгт суралцдаг. Охин А 1 настай. Миний хувьд бага охиноо болон хөгжлийн бэрхшээлтэй 2 хүн асардаг. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байдаг. Манай нөхөр Э нь ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ авч явдаг. Зан байдлын хувьд төлөв даруу, үг дуу цөөтэй, хүнтэй хэрэлдэж маргалдаад байдагүй. Хүнд тусархуу, цайлган сэтгэлтэй, ар гэртээ анхаарал халамж сайн тавьдаг. Манай том охин дагавар хүүхэд байгаа юм. Э-н хувьд сайн аав, сайн хань чаддаг, их мундаг хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/,

 

2.6. Гэрч Б.С мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Б.Э нь 1985.05.21-нд Дундговь аймагт төрсөн. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 5 дугаар ангийг төгссөн. Дараа нь албан бус-д суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Улаанбаатар хотын Төмөр замын сургуульд машинистын ангид 1 жилийн хугацаанд суралцаж төгссөн. Замын баруун талд жоншин дээр ажиллаж байсан. Баяннексус ХХК-д ажиллаж байгаад гараад 2019 оны хавар буцаж ажилд орсон. Одоо Баяннексус ХХК-д ажиллаж байна. Манай дүү Б.Э нь Сүмбэр сумын 2 дугаар баг, Агропаркын 111 тоотод эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Мөн 2 хөгжлийн бэрхшээлтэй настай хүнийг асардаг. Э-н эхнэр болох У нь одоогоор хүүхдүүдээ болон 2 хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асарч гэртээ байдаг. Ганц ажил хийж амьдралаа авч явдаг хүн нь Э байгаа юм. Том охин А нь 4 дүгээр анги шиг санагдаж байна. Хүү Анандбаатар 4 настай. Цэцэрлэгт охин Анхилуун нэг настай. Зан байдлын хувьд төлөв даруу, элдэв муухай аашгүй, ажилд сайн, хүний үгээр, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байдаггүй, нийтэч зантай. Хулгайн гэмт хэрэгт холбогдсон гэдэгт одоо болтол итгэхгүй л байна... гэх мэдүүлэг /хх-ийн 74-75 дугаар хуудас/,

 

2.7. Шүүгдэгч Б.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 150 дугаар хуудас/,

 

2.8. Шүүгдэгч Б.Э-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 151 дүгээр хуудас/,

 

2.9. Шүүгдэгч Э.М-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 152 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал, мөн тэдний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг хэрэглэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Э.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1. 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э Э.М Б.Э нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурьдлаа.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нарын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолохыг дурьдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2  дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М овгийн Б-н Э-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б-н овгийн Э-н М-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б овгийн Б-н Э-г бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М овгийн Б-н Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Э-н М-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Б-н Э-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нарт тус бүр оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний баримт бичиг ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хадгалсугай.

 

6. Шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нарын хорих ял эдлэх хугацааг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э, Э.М, Б.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ЭНХМАНДАХ