Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 19

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн  шүүх  хуралдаанаар 
 Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-8 тоотод оршин суух Сэрхийн Сэргэлэн овгийн Соорогийн Бурниагийн /РД: ДЮ60081469/ нэхэмжлэлтэй,
 Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн 10 дугаар байр 3-1 тоотод оршин суух Харзат овгийн Дэлгэрхүүгийн Лавьжинд /РД: ДЮ69011808/ холбогдох
10.025.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, 7.877.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг  2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Бурниа, хариуцагч Д.Лавьжин, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, гэрч Б.Цэрэнлувсан, В.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.                                            
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь 10.025.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч нь 7.877.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Бурниа нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 2014 оны 09 сарын 22-ны өдөр иргэн Дэлгэрхүү овогтой Лавьжингаас Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн нутагт байрлах үйлчилгээний зориулалттай байрыг 25 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон. Би тухайн үед дэлгүүрт гурилан бүтээгдэхүүнээ тараагаад явж байсан. Тэгэхэд Д.Лавьжин надтай тааралдаад манайх цайныхаа газрыг зарах гэж байна. Үйлдвэр үйлчилгээ явуулахад тохиромжтой том байр байгаа гэж хэлсэн. Манай түрээсэлдэг байр жижигхэн байсан учраас нөхөртэйгээ ярьж байгаад үзье гээд очиж үзсэн. Д.Лавьжингийн байр нь бие засах өрөөгүй байхаар нь бие засах өрөө дотор талд нь хийсэн. Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг газарт бие засах газартай байх шаардлага тавьдаг. Би тэр үед одоо мөнгө өгч чадахгүй, хүүхдээ гэр бүл болгож хурим найр хийсэн. Танайд өгөх мөнгийг манай зээл дууссаны дараа буюу 2015 оны 03 сарын 10-ны өдөр банкнаас зээл авч өгөөд ордероо өөрийнхөө нэр дээр шилжүүлж авъя гэж харилцан тохиролцож авсан. Зээл авахдаа болон байрыг худалдан авахаар тохиролцохдоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шаардахад гэрчилгээ солиулаад хэрэггүй, олон юм шаарддаг, хялбархнаар нь зээлийн гэрээ хийчихье гэж бид нарыг хуурч мэхлэн, намайг мөнгө зээлсэн мэтээр нотариатад ойлгуулж, зээлийн гэрээ хийсэн. 10 дугаар сард манай хүүхэд Завханд шүүх хуралтай байна. Төлбөрийг нь төл гэж байна гээд манайхаас мөнгө гуйхаар нь байхгүй гэх талаараа үнэн байдлаа хэлсэн. Гэхдээ болохгүй бол манай банкны 8.000.000 төгрөгийн зээлийг шахаад хийчих юм бол мөнгө гаргаад өгч болно гэж хэлсэн. Тэгээд Д.Лавьжин манай 8.000.000 төгрөгийн зээлийг дараад манайх эргээд банкнаас зээл авч Д.Лавьжинд 13.000.000 төгрөг өгсөн. Гэтэл Д.Лавьжин 14.000.000 төгрөг болгоод өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, мөн дараа нь 12 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 1 дүгээр сарын 9-ний өдөр 400.000 төгрөг нийт 14.000.000 төгрөг өгсөн. 3 дугаар сард манай зээл дуусаад ордероо авах гэтэл Д.Лавьжин манай байр банкны барьцаанд байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь танайх ордероо чөлөөлөөд өгөх юм бол манайх үлдэгдэл мөнгөө өгье гэж хэлсэн. Түүнээс хойш 6 дугаар сар хүртэл хүлээсэн. Манай хүүхэд том оврын автомашинаар тээвэрт явдаг. Машин авна гэхээр нь Д.Лавьжинд хүүхэд машин авна гээд байна байрны ордероо өгчих банкнаас зээл аваад танай байрны үлдэгдэл мөнгийг өгье гэхэд ордероо өгөөгүй. Манайх 23.000.000 төгрөг банкнаас зээлээр авч хүүхэддээ машин авч өгсөн. 10 дугаар сард Д.Лавьжин байрны мөнгөө нэхэмжилж ийм маргаан үүссэн. Анхнаасаа банкны барьцаанд байраа тавьсан гэдгээ хэлсэн бол би авахгүй байх байсан. Д.Лавьжинд байрны мөнгө 14.000.000 төгрөг өгсөн. 13.000.000 төгрөгийг нь зээлээ шахаж хийгээд нэмж зээл аваад бэлэн өгсөн. Үлдэгдэл 1.000.000 төгрөгийг 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг бэлэн, мөн дараа нь 12 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг бэлэн, 1 дүгээр сарын 9-ний өдөр 400.000 төгрөг шилжүүлж өгсөн. Байрнаасаа гарахаар болоод Д.Лавьжин эхлээд 9.000.000 төгрөгийг өгье, үлдсэн 5.000.000 төгрөгийг дараа нь өгнө гэхээр нь гарсан. Тухайн үед Б.Цэрэнлувсан тухайн манай байрлаж байсан байрыг худалдаж авахаар харилцан тохиролцсон байсан учраас Б.Цэрэнлувсангаас мөнгөө аваад манайд өгчих байх гэж бодож байсан. Д.Лавьжин ордероо өгөөд манайх зээл авчихсан байсан бол өмнө нь өндөр хүүтэй мөнгө зээлж авч хүүний төлбөрт орохгүй байсан. Үлдэгдэл 5.000.000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сараас 2016 оны 11 дүгээр сар хүртэл хүүний мөнгө төлж хохирч байна. Иймд хариуцагч Лавьжингаас байрны үнийн үлдэгдэл 5 сая төгрөг, засвар хийхэд худалдаж авсан материалын үнэ болон хөлс 1.200.000 төгрөг, 2015 оны 10 сараас 2016 оны 11 сар хүртэл 14 сая төгрөгийн 13 сарын 2.5 хувийн хүү болох 4.550.000 төгрөг, 5 сая төгрөгийн 11 сарын 2.5 хувийн хүү 1.375.000 төгрөг бүгд нийлээд 12.125.000 төгрөг. Үүнээс уг байрыг сард 150.000 төгрөгөөр түрээслэсэн гэж үзээд 14 сар ашигласны түрээс 2.100.000 төгрөгийг хасаад 10.025.000 төгрөгийг иргэн Д.Лавьжингаас гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Лавьжин шүүхэд ирүүлсэн сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл 5.000.000 төгрөгийг засвар хийсэн мөнгөндөө авсан. Анх шинээр баригдсан бүрэн засвар хийсэн шинэ байраа үзүүлээд өөрсдөө болох юм байна гээд авсан. 1 жил 4 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулж ашиглачихаад ямар байдалтай болгосныг гэрэл зургаар хавсаргаж ирүүлсэн. Өвлийн хүйтэнд хаалгыг нь авч хаячихаад өөрсдийнхөө дотор байрлуулсан тавилгаа зөөсөн. Өмнө нь засвар хийчихсэн байхад Б.Цэрэнлувсан гуай 25.000.000 төгрөгөөр авахаар болоод байж байтал С.Бурниа ирж үзээд манайх авахаар боллоо гээд авсан. Тэгээд С.Бурниа гарахаар болохоор нь би Б.Цэрэнлувсан гуайтай уулзаж та манай байрыг аваач гэж хэлсэн. Б.Цэрэнлувсан гуай ирж үзчихээд танайх анх засвар хийгээд гоё байсан чинь одоо муудсан байна. 25.000.000 төгрөгөөр авч чадахгүй 5.000.000 төгрөгийг нь засварын хөлсөнд авч үлдэнэ гээд манай байрыг 20.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Нэхэмжлэлийн шаардлагад бие засах газар барьсан 1.200.000 төгрөгийг нэхэмжилсэн байна. Байшингийн үүдэнд ороод таамбартай хундаам цутгасан байсан. Танайх энэ дээр бие засах газраа барьчих хэн хэндээ хэрэгтэй гэж хэлэхэд заавал дотор нь хийнэ гээд 15 ханаар хоёр хана өрсөн. Суултуур угаалтуураа байрлуулсан. Байрнаас гаргахдаа бие засах газарт байсан уугаалтуур, суултуураа авч гарчихаад эргээд надаас 1.200.000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэвийн үйл ажиллагаагаа явуулж ашиг орлогоо олж байсан. Би байрны түрээсийн мөнгө гэж нэхэмжлээгүй. Байрныхаа үлдэгдэл мөнгөө хэзээ өгөхийг нь хүлээж суусан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 14.000.000 төгрөгийн хүүний мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зээлийн гэрээг байгуулахад би эхлээд худалдах, худалдан авах гэрээ хийе гэхэд манайх урьдчилгаа 30 хувь байршуулах мөнгө байхгүй. Манайх банкинд хоёр зээлтэй, чи нэг зээлийг нь дараад өгчих юм бол танай мөнгийг хурдан гаргаж өгч болж байна гэхээр нь би хэн хэнийхээ тусын тулд гэж бодоод С.Бурниатай хамт машинаар нь явж байгаад найзаасаа 6.000.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг нь дүүгээсээ авч С.Бурниагийн зээлийг дарж өгсөн. Зээлээ авсны дараа гарч ирчихээд манай зээл бага гарчихлаа танайд 13.000.000 төгрөг өгье үлдэгдэл мөнгийг нь хавар болтол зээлийн гэрээ хийгээд өгч дуусгана. Тэгээд байшингаа өгч авъя гээд хавар гуравдугаар сар болсон. Тэр хооронд эхлээд өгч байгаад ашиг орлого муудлаа гээд өгөхөө больсон. Гуравдугаар сард би орж уулзаад гэрээний хугацаа дууслаа яах вэ гэхэд зургаадугаар сар болтол түр хүлээж байгаач гэж хэлсэн. Тэр үед нэг зээлээ хаачихаад дахиж зээл авч өгөхийг бодъё гэж хэлсэн. Зургаадугаар сараас хойш миний бие өвдөөд хагалгаанд ороод есдүгээр сард гарч ирээд С.Бурниатай уулзаж зээлийн гэрээний асуудлаа нэг тийш нь шийдье гэхэд манайх үйлдвэр үйлчилгээний зориулалттай ашиглах газар авсан. Тийм учраас танай мөнгийг өгч чадахгүй, чи манай өгсөн мөнгийг буцаагаад өгчих, тэгвэл байрыг чинь буцааж өгнө гэсэн. Тэгэхээр нь би танайх хүний байрыг удаан хугацаагаар ашиглачихаад мөнгө өгөхгүй байж болохгүй гэж хэлсэн. Тэгтэл манайх хавар авсан газар дээр байр барина, харин чи үлдсэн мөнгөн дээрээ банз, янз бүрийн барилгын материал өгч болно гэж хэлсэн. Ийм үйл явдал болсон. Иймд 14 сар түрээслэж байсан бол сарын 500.000 төгрөгөөр нийт 7.000.000 төгрөг болно. Тухайн байрны засварын хөлс 5.000.000 төгрөг, үйл ажиллагааны 2015 оны татвар 222.000 төгрөг, 150.000 төгрөг куртканы үнэ, 8.000.0000 төгрөгийн хүү 500.000 төгрөг тус тус нэхэмжилснээс өөрт нь өгөх ёстой байсан 5.000.000 төгрөг хасаад 7.877.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч С.Бурниа нь Д.Лавьжинд холбогдуулан байрны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөг, засвар хийхэд худалдаж авсан материалын үнэ болон хөлс 1.200.000 төгрөг, 2015 оны 10 сараас 2016 оны 11 сар хүртэл 14 сая төгрөгийн 13 сарын 2.5 хувийн хүү болох 4.550.000 төгрөг, 5 сая төгрөгийн хүү 11 сарын 2.5 хувийн хүү 1.375.000 төгрөг бүгд 12.125.000 төгрөг. Үүнээс уг байрыг сард 150.000 төгрөгөөр түрээслэсэн гэж үзээд 14 сар ажилласны түрээс 2.100.000 төгрөгийг хасаад 10.025.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Лавьжин нь 14 сард сарын 500.000 төгрөгөөр түрээслэхэд олох орлого нийт 7.000.000 төгрөг, тухайн байранд засвар хийсэн хөлс 5.000.000 төгрөг, үйл ажиллагааны 2015 оны татвар 222.000 төгрөг, куртканы үнэ 150.000 төгрөг, 8.000.000 төгрөгийн хүү 500.000 төгрөг, үүнээс байрны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хасаад 7.877.000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан байна. 
Нэхэмжлэгч С.Бурниа болон хариуцагч Д.Лавьжин нар нь 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд байрлах үйлчилгээний зориулалттай 60 м.кв байрыг 25 сая төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон талаар маргадаггүй болно.
Нэхэмжлэгч С.Бурниа нь байрны үнийг 2015  оны 03 дугаар сарын 10-ны өдөр төлж, байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар тохиролцож байранд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн гэж тайлбарлаж байх ба хариуцагч нь шүүх хуралдаанд “...С.Бурниа зээлээ авсны дараа гарч ирчихээд манай зээл бага гарчихлаа танайд 13.000.000 төгрөг өгье үлдэгдэл мөнгийг нь хавар болтол зээлийн гэрээ хийгээд өгч дуусгана. Тэгээд байшингаа өгч авъя гээд хавар гуравдугаар сар болсон...” гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд талууд байрны үнийг 2015 оны 03 дугаар сард төлөхөөр харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. 
Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэж болохоор байна. 
 Нэхэмжлэгч С.Бурниа нь хариуцагч Д.Лавьжингийн хүсэлтээр нийт 14.000.000 төгрөгийг банкнаас зээл авсан өдрөө 13.000.000 төгрөг, 11 дүгээр сарын 14-ний өдөр 500.000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 100.000 төгрөг, 1 дүгээр сарын 9-ний өдөр 400.000 төгрөг нийт 14.000.000 төгрөгийг тохиролцсон хугацаанаас өмнө Д.Лавьжинд хүлээлгэн өгсөн талаар талууд маргадаггүй болно. 
Улмаар гэрээний үлдэгдэл төлбөр төлөх хугацаа болоход тухайн байр банкны барьцаанд байсан болох нь мэдэгдсэнээр нэхэмжлэгч С.Бурниа нь байрны өмчлөлийг шилжүүлвэл үлдэгдэл төлбөрийг шилжүүлнэ, хариуцагч Д.Лавьжин нь үлдсэн мөнгөө шилжүүлвэл байрыг банкны барьцаанаас чөлөөлж, С.Бурниагийн өмчлөлд шилжүүлнэ гэснээр талуудын хооронд маргаан үүсэж, гэрээнээс татгалзан нэхэмжлэгч С.Бурниа байрыг чөлөөлж, Д.Лавьжинд буцаан өгсөн байна. 
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь хэсэгт өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна гэж заасан байх бөгөөд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийг тухайн хэлцлийг хийх хүсэл зориг эрмэлзэлгүйгээр, уг хэлцлийн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгыг агуулсан халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хэлцэл хийгдсэнээр бий болдог гэж ойлгож болно. 
Нэхэмжлэгч, хариуцагч нар нь байрны үнэ 25.000.000 төгрөгийг 2015 оны 03 дугара сарын 10-ны өдөр төлж дуусгахаар зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан хэмээн тайлбарлаж байх боловч талуудын хооронд зээлийн гэрээ байгуулах санаа зорилго байгаагүй, харин үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг нуун далдлах зорилготой байх тул 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. 
Иймээс халхавчлагдсан хэлцэл буюу үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэхийг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт “...Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлнэ...”, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “...Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно...” гэж тус тус заажээ.
Хэдийгээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байх боловч үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах нь гэрээ нь хуульд зааснаар заавал бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагатай байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь хэсэгт “...Хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус байна...” гэж зааснаар талуудын хооронд амаар байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байна. 
Иймд талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө зээлээр худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч Д.Лавьжинд гэрээнээс татгалзах болон гэрээнээс татгалзсантай холбоотойгоор хохирол шаардах эрх үүсэхгүй байна. 
Хэрэгт цугларсан нотлох баримтаар талуудын хооронд хийгдсэн хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус байх бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “...Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй... гэж заасан байх тул нэхэмжлэгч нь хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн байрны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөгөө буцаан гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Дээрх үндэслэлээр Д.Лавьжингаас 5.000.000 төгрөгийг гаргуулж С.Бурниад олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ. 
Харин сөрөг нэхэмжлэлийн 7.877.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас 5.025.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ засвар хийхэд худалдаж авсан материалын үнэ болон хөлс 1.200.000 төгрөг, 2015 оны 10 сараас 2016 оны 11 сар хүртэл 14 сая төгрөгийн 13 сарын 2.5 хувийн хүү болох 4.550.000 төгрөг, 5 сая төгрөгийн хүү 11 сарын 2.5 хувийн хүү 1.375.000 үүнээс уг байрыг сард 150.000 төгрөгөөр түрээслэсэн гэж үзээд 14 сар ажилласны түрээс 2.100.000 төгрөгийг хасаад нийт 5.025.000 төгрөгийг гаргуулна хэмээн тайлбарлаж байна.
Харин хариуцагч нь 14 сард сарын 500.000 төгрөгөөр түрээслэхэд олох орлого нийт 7.000.000 төгрөг, тухайн байранд засвар хийсэн хөлс 5.000.000 төгрөг, үйл ажиллагааны 2015 оны татвар 222.000 төгрөг, куртканы үнэ 150.000 төгрөг, 8.000.000 төгрөгийн хүү 500.000 төгрөг, үүнээс байрны үнийн үлдэгдэл 5.000.000 төгрөгийг хасаад 7.877.000 төгрөг гаргуулна хэмээн тайлбарлаж байна. 
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт “...Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ...” гэж заажээ. Талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдаагүй, мөн түрээсийн гэрээ байгуулах хүсэл зориг байхгүй байсан тул түрээсийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх боломжгүй. 
Иймд хариуцагч нь 14 сард сарын 500.000 төгрөгөөр түрээслэхэд олох орлого нийт 7.000.000 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй, нэхэмжлэгч байрыг сард 150.000 төгрөгөөр түрээслэсэн гэж үзээд 14 сар ажилласны түрээс 2.100.000 төгрөгийг хасч тооцох мөн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн засвар хийхэд худалдаж авсан материалын үнэ болон хөлс 1.200.000 төгрөг, хариуцагчийн байранд засвар хийсэн хөлс 5.000.000 төгрөг гаргуулна гэх шаардлагын хувьд 
Байранд засвар хийх шаардлагатай байсан эсэх дээр гэрч Б.Цэрэнлувсан “...2016 онд зарна гэхээр нь 20.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Анх 25.000.000 төгрөг гэж байсан. Үүнээс нь анх хийсэн засвар нь муудсан, байранд засвар хийх шаардлагатай байсан тул засварын мөнгө гэж 5.000.000 төгрөг хасаж авсан…” гэж, гэрч В.Мөнхзул “...Тухайн байрнаас гарахад зуухны ард тал шарласан. Таазнаас нь 2, 3 лампир унасан байсан...” гэж зөрүүтэй мэдүүлж байна. 
Хэдийгээр гэрч Б.Цэрэнлувсан нь тухайн байрыг 5.000.000 төгрөгөөр хямдруулж авсан бодит байдал тогтоогдож байгаа боловч тухайн байрыг анх худалдан авах үеийн байдалд сэргээхэд 5.000.000 төгрөг шаардлагатай болох нь баримтаар тогтоогдохгүй байна гэж үзсэн болно. 
Мөн нэхэмжлэгч С.Бурниа нь “...Д.Лавьжингийн байр нь бие засах өрөөгүй байхаар нь бие засах өрөө дотор талд нь хийсэн. Мэргэжлийн хяналтын газраас үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг газарт бие засах газартай байх шаардлага тавьдаг...” гэж тайлбарлаж байгаа, хэрэгт хавсарган ирүүлсэн байрны ханыг нурааж, засвар хийж байгаа зургийг гэрч Б.Цэрэнлувсан нь “...Манай үйлчилгээний зориулалтад нийцэхгүй байсан тул бид нар өөрсдөө нурааж засвар хийсэн. Зааландаа бие засах газар, шүршүүр хийсэн байхаар нь хэрэгцээ хангахгүй байна гэж үзээд би гадагш зөөсөн. Тэгээд гадаа шинээр бие засах газар барьсан...” тайлбарлаж байгаа зэргээс үзэхэд тухайн байрыг худалдан авч байсан хүмүүс өөрсдийн үйл ажиллагааны чиглэлд нийцүүлэн байрыг засварласан байх тул засварын үнийг харилцан шаардах эрхгүй гэж дүгнэсэн болно. 
Нэхэмжлэгч С.Бурниа нь байрны өмчлөлийг өөрт шилжүүлээгүйгээс банкнаас өндөр хүүтэй мөнгө зээлсэн хэмээн тайлбарлаж 2015 оны 10 сараас 2016 оны 11 сар хүртэл 14 сая төгрөгийн 13 сарын 2.5 хувийн хүү болох 4.550.000 төгрөг, 5 сая төгрөгийн 11 сарын 2.5 хувийн хүү 1.375.000 гаргуулахаар шаардаж байх боловч нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд “...Д.Лавьжин 10 дугаар сард манай хүүхэд Завханд шүүх хуралтай байна. Төлбөрийг нь төл гэж байна гээд манайхаас мөнгө гуйхаар нь байхгүй гэх талаараа үнэн байдлаа хэлсэн. Гэхдээ болохгүй бол манай банкны 8.000.000 төгрөгийн зээлийг шахаад хийчих юм бол мөнгө гаргаад өгч болно гэж хэлсэн. Тэгээд Д.Лавьжин манай 8.000.000 төгрөгийн зээлийг дараад манайх эргээд банкнаас зээл авч Д.Лавьжинд нийт 14.000.000 төгрөгийг өгсөн...” хэмээн тайлбарлаж байгаагаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч харилцан зөвшилцөж, нэхэмжлэгч өөрийн хүсэл зоригийн дагуу байрны мөнгө төлөхөөр тохиролцсон хугацаанаас өмнө банкнаас зээл авч 14.000.000 төгрөг өгсөн байх тул банкны зээлийн хүүг Д.Лавьжингаас шаардах эрхгүй байна.
Хариуцагч нь үйл ажиллагааны 2015 оны татвар 222.000 төгрөг гаргуулна хэмээн шаардаж Хаан банкны 2016 оны 05 сарын 13-ны өдрийн огноотой, хүлээн авагч Говь-Алтай татварын хэлтэс, гүйлгээний утга гэх хэсэгт ДЭОЛС ХХК-с УХХ татвар, шилжүүлэгч ДОЭЛС ХХК, гарын үсэг Д.Лавьжин гэх баримтыг ирүүлжээ. 
Гүйлгээний утга гэх хэсгээс үзэхэд дээрх татварыг үйл ажиллагааны татвар гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч С.Бурниа нь үйл ажиллагааны татварыг компани өөрөө төлдөг, энэ бол үл хөдлөх эд хөрөнгийн татвар хэмээн тайлбарлаж байгаа, мөн маргаан бүхий байр нь нийтдээ 2 давхар 320 м.кв хэмжээтэй бөгөөд С.Бурниа нь уг үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаагүй, дээрх байрны өмчлөгч нь З.Бүрэнжаргал, Д.Лавьжин, Б.Цэрэнлувсан нар болох нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000392693, 000392696, 000392701 дугаартай гэрчилгээнүүдээр тогтоогдож байна.
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4.1.1, 4.1.4 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа өмчийн бүх төрөлд хамаарагдах компани, хоршоо, нөхөрлөл, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, байгууллага, тэдгээрийн төлөөлөгчийн газар; Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөгч байх тул 2015 оны татвар гэх 222.000 төгрөгийг С.Бурниагаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч Д.Лавьжин нь куртканы үнэ 150.000 төгрөг, 8.000.000 төгрөгний хүү 500.000 төгрөг гаргуулахаар шаардаж байх боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 8.000.000 төгрөгний хүү 500.000 төгрөг, куртканы үнэ 150.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас байрны үнэнд урьдчилан төлсөн 5.000.000 төгрөгийг хариуцагч Д.Лавьжингаас гаргуулж, С.Бурниад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.025.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн 7.877.000 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бурниагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөг, хариуцагч Д.Лавьжингийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.928 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лавьжингаас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 5.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бурниад олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь  дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Бурниагийн хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр шилжүүлсэн 5.000.000 төгрөгийг Д.Лавьжингаас гаргуулж С.Бурниад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.025.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 4.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Лавьжингийн 7.877.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч С.Бурниагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 175.350 төгрөг, хариуцагч Д.Лавьжингийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.928 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лавьжингаас нэхэмжлэлийн хангагдсан дүн болох 5.000.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 94.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Бурниад олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор  Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

     


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ