Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 903

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Улсын яллагч Б.Ганзориг,

Шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Г холбогдох эрүүгийн 2006 01943 1063 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн   тоотод оршин бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Т.Г .

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд   Баянзүрх  дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт  хохирогч Х.Отгонтуяатай маргалдаж, улмаар гадаа болон тээврийн хэрэгсэл дотор түүний дагз, нүүр, зүүн гар хэсэгт 4-5 удаа цохиж, эрүүл мэндэд нь дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, дээд уруул, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Х.Отгонтуяагын өгсөн мэдүүлэг /хх-6-9/, гэрч Ө.Бүрэнтөгсийн өгсөн мэдүүлэг /хх-12-13/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4826 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-15-16/, Т.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-29/, шүүгдэгч Т.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-42/, хохирлын баримт /хх-47/, хохирогч Х.Отгонтуяагийн гомдолгүй, саналгүй нэхэмжлэх зүйлгүй болсон гэх баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Т.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд   Баянзүрх  дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт  хохирогч Х.Отгонтуяатай маргалдаж, улмаар гадаа болон тээврийн хэрэгсэл дотор түүний дагз, нүүр, зүүн гар хэсэгт 4-5 удаа цохиж, эрүүл мэндэд нь дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, дээд уруул, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Отгонтуяагын өгсөн: "2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Гансүх ямар нэг шалтгаангүй нүүр хэсэгт гараараа цохисон. Гэрт хүргэж өгөх замдаа намайг тээврийн хэрэгсэл дотор зодсон. Миний нүүр хэсэгт 1 удаа алгадсан, гэдэс хэсэгт 4-5 удаа цохисон. Зүүн гарт мөн цохисон. Миний уруул хавдсан, зүүн гарын булчин хэсэг хөхөрч, гарын сарвуу хэсэг хавдсан." /хх-6-9/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ө.Бүрэнтөгсийн өгсөн: “Би Гансүхтэй анх 2006 оноос хойш Да хүрээ зах дээр бид 2 хамт 1 хашаа түрээсэлж номертой автомашин зардаг байсан. Гансүх нь 3 хүүтэй, Сүхбаатар дүүрэгт 100 айл дахь паспортын төвөөс хойшоо гэр хороололд 21-22 орчим насны эрэгтэй хүүхэд 9 юмуу 10-р ангид сурдаг бас 1 залуутайгаа амьдардаг. Баяр ёслол найзын төрсөн өдрөөр хаяа уудаг. Архи уухаараа агсам согтуу тавьж байгаагүй, мэдэхгүй. Харж байгаагүй. Ааш зангийн хувьд дару төлөв 16 дугаар сургууль төгссөн гэж ярьдаг ч би хэддүгээр анги төгссөнийг нь сайн мэдэхгүй. Гансүхтэй сүүлийн 13, 14 жил хамт ажиллаж байгаа. Энэ хугацаанд бид 2 муудалцаж байгаагүй.”/хх-12-13/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 4826 дугаар шинжээчийн дүгнэлт

 

1. Х.Отгонтуяагийн биед дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, дээд уруул, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт гэтмэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-15-16/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд Т.Г яллагдагчаар өгсөн: “2020 оны 4 дүгээр сарын 17-ны Х.Отгонтуяа нь над руу залгаад “би орой ажлынхантайгаа жаахан ууж суух гэсэн юм. Дуудахаар ирээд аваарай” гэж хэлж байсан. 22 цагийн үед над руу залгаад ирээд ав гэхээр нь би Жуков худалдааны төвийн урд автомашинаа байрлуулчихаад Парк зочид буудлын хажууд хүлээгээд зогсож байтал манай найз бүсгүй Х.Отгонтуяа нь Парк зочид буудлаас 2 залуутай согтуу гарч ирэхээр нь Х.Отгонтуяаг аваад машиндаа суулгаад түүний гэр болох Баянзүрх дүүргийн Дарь-Эхийн ганц худгийн баруун талд хүргэж өгсөн бөгөөд очих замдаа бид 2 автомашинд маргалдаад Х.Отгонтуяаг хаашаа цохисныг мэдэхгүй цохисон. Тэгээд гац хүдгийн автобусны буудал дээр Х.Отгонтуяаг буулгахад түүний баруун доод уруул дээр завьж нь жаахан хавдсан харагдаж байсан.” /хх-29/ гэх мэдүүлэг,

 

Т.Г урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-37/,

Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-42/,

Хохирлын баримт /хх-47/,

Хохирогч Х.Отгонтуяагийн гомдолгүй, саналгүй нэхэмжлэх зүйлгүй болсон гэх баримт зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Т.Г нь 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Х.Отгонтуяатай маргалдаж, улмаар гадаа болон тээврийн хэрэгсэл дотор түүний дагз, нүүр, зүүн гар хэсэгт 4-5 удаа цохиж, эрүүл мэндэд нь дагзанд зөөлөн эдийн няцрал, баруун дээд зовхи, дээд уруул, зүүн бугалга, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

          Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Дээрхи байдлаар шүүгдэгч Т.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Мөн хохирогч Х.Отгонтуяа нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд үүнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт

эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Т.Г хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Т.Г нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Т.Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, Т.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                             ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС