| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намхайдоржийн Оюунбилэг |
| Хэргийн индекс | 133/2016/00438/И/ |
| Дугаар | 24 |
| Огноо | 2017-01-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 24
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн, шүүгч Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Бугат сумын Баянгол багт оршин суух хаягийн бүртгэлтэй, Ховд аймгийн Жаргалант сум Тахилтын 14-3 тоотод оршин суух Ончуул овгийн Түвдэндоржийн Лхамдулам /РД: ДГ86043007/-д холбогдох
гэм хорын хохиролд 6.302.824 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын дарга Л.Энхжаргал, иргэдийн төлөөлөгч Ч.Буянхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн Бугат сумын байцаагчаар 2012 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүртэл ажиллаж байсан Түвдэндорж овогтой Лхамдулам нь ажиллаж байх хугацаандаа тэтгэмжийн даатгалын сангаас 624.871 төгрөг, тэтгэврийн даатгалын сангаас 8.807.008 төгрөг, ажилгүйдлийн даатгалын сангаас 1.230.178 төгрөг, шимтгэлийн орлогын нэгдсэн сангаас 2.721.024 төгрөгийг тус тус авч нийт 13.383.081 төгрөгийн хохирол учруулсан болохыг Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолоор тогтоогдсон юм. Т.Лхамдулам нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн даатгалын санд 810.178 төгрөг, тэтгэмжийн даатгалын санд 65.085 төгрөг, тэтгэврийн даатгалын санд 4.175.170 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэгдсэн санд 2.029.824 төгрөг, нийт санд 7.080.257 төгрөгийн төлбөрийг барагдуулсан байна. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаар тогтоолоор тогтоогдсон 13.383.081 төгрөгөөс тэтгэвэр, тэтгэмж авагч иргэдэд олгогдох 12.327.990 төгрөгийг аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 240000028082 тоот дансанд шилжүүлж, тэтгэврийн санд 431.210 төгрөг, тэтгэмжийн санд үлдэх 624.871 төгрөг нь дотоод санхүүжилтээр хуваарилагдсан болно. Иймд шүүхийн тогтоолд заасны дагуу манай хэлтэс нь иргэдэд болон нийгмийн даатгалын сангуудад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан тул иргэн Т.Лхамдуламаас тэтгэврийн даатгалын санд 4.631.838 төгрөг, тэтгэмжийн даатгалын санд 559.786 төгрөг, ажилгүйдлийн даатгалын санд 420.000 төгрөг, шимтгэлийн орлогын нэгдсэн санд 691.200 төгрөг, нийт 6.302.824 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын дарга Л.Энхжаргал шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бугат сумын нийгмийн даатгалын байцаагчаар ажиллаж байсан Т.Лхамдуламд холбогдуулан шийтгэх тогтоол гарсан. Уг тогтоолын тогтоох хэсэг дээр нийгмийн даатгалын хэлтсээс 13 сая төгрөг гаргаж хохиролгүй болгох, иргэний хуулийн заалтын дагуу ниймгийн даатгалын газар хуулийн дагуу хохирлоо шаардах эрхтэй гэж заасны дагуу манай хэлтэс нэр бүхий иргэдэд хохирлыг нь барагдуулсан. 2015 онд 7.802.570 төгрөгийн төлбөр барагдуулсан. Иймд нийгмийн даатгалын санг хохиролгүй болгох үүднээс нэхэмжлэл гаргасан гэв.
Хариуцагч Т.Лхамдулам шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын хэлтсээс гаргасан нэхэмжлэлийн тодорхой хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь эдийн засгийн шинжээчийн дүгнэлт, үндэслэлийг тогтоосон хохирол мөнгөн дүн 5.800.000 төгрөг байсан. Мөн тэтгэмжийн санд хохирол гэж тогтоосон актны 6.244.717 төгрөгийн эзэн холбогдогч байхгүй, энэ нь нийгмийн даатгалын сан болон иргэнд хэн хэнд нь хохирол дутагдал гараагүй байхад нэхэмжилж байгааг, мөн тэтгэврийн даатгалын санд тавьсан актуудыг иргэн тус бүр дээр мөнгөн дүн тавьж хохирол гэсэн мөртлөө 474.000 төгрөгийг нь өөрийнхөө санд хуваарилсан гэх зэрэг албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан дуртай дүнгээ нэхэмжилж байгаад гомдолтой байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж дээр тавигдсан актаас иргэн Түмэн-Өлзий ярьж дарамтлан 5 сард өөрийн хувийн дансандаа 330.000 төгрөг хийлгэж авсныг эдийн засгийн шинжээч тогтоосон байгаа. Миний бие 5 сартай жирэмсэн ажлаас халагдаж сэтгэл санааны гүн дарамтанд байж байгаад төрсөн. Гэвч төрсөн охин нь хүмүүнлэгийн байгууллагуудын тусламжтайгаар 2 удаа зүрх судасны хагалгаанд орсон. Энэ тухай баримтууд эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт байгаа болно. Эргүүлэн ажилд томилсон боловч хамт олон байгууллага гэдэг үүднээс надад ямар нэгэн сэтгэлийн тус дэм хүргээгүй. Нийгмийн даатгалын хэлтсийн магадлагч эмчийн дүгнэлт гаргуулах жирэмсэн эмэгтэй сэтгэл санааны дарамтанд байж байгаад төрөхөд урагт яаж нөлөөлөх, мөн миний бие нь элэгний В вирустай элэгний хатуурал гэсэн оноштойгоор хоног өдрийг өнгөрүүлж амьдарч байна. Энэ бүх эрүүл мэндийн дүгнэлтийг эрүүл мэндийн хуулийн дагуу магадлагч эмчээс гаргуулж өгөхийг хүсч байна. Мөн нэхэмжлэлийн шаардлагаас 4.870.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 08 сарын 01-ний эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрт нийгмийн даатгалын хэлтэс нь өөрөө хариуцагчаар оролцож хохирол барагдуулснаас хойш 14 хоногийн дотор иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан байдаг. Нийгмийн даатгал нь 10 сарын 24-нд хохирол барагдуулаад 11 сарын 18-нд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж буй шүүхийн шийдвэрт заасан хугацааг үндэслэл болгон нэхэмжлэлийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэс нь Т.Лхамдуламд холбогдуулан байгууллагад учруулсан гэм хорын хохиролд 6.302.824 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч байгууллагын дарга Л.Энхжаргал шүүх хуралдаанд “...Т.Лхамдулам нь тэтгэмжийн даатгалын сангаас удаа дараа хүний нэрээр мөнгө гаргаж авсан байсан. Хүн болгон дээр нэр нэрээр нь гараагүй, хүний нэр зааж гаргаагүй, бөөнөөр нь гаргасан тохиолдлууд байсан. Цэвэр дүнгээр шийтгэх тогтоолын дүнтэй таарахгүй байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол дээр зарим хүмүүсийн нэр давхардаж байгаа. Т.Лхамдуламын тайлбар дээр Түмэн-Өлзий 300 гаруй мянган төгрөг авсан гэж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол дээр тухайн хүнд өгөхөөр заасан. Ийм тохиолдлууд байгаа тул нийт 6.302.824 төгрөгийн төлбөрийг барагдуулахаар нэхэмжлэл гаргасан...” гэж тайлбарлаж байна.
Хариуцагч Т.Лхамдулам нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...4.870.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэж заажээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдэж, хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолоор тогтоогдсон гэм бурууг шүүх дахин нотлохгүй болно.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ончуул овогтой Түвдэндоржийн Лхамдуламыг байгууллага, иргэдийн өмчийг итгэмжлэн хариуцсан этгээд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг завшиж бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 498 дугаар зүйлийн 498.1, 498.2 дахь хэсгүүдэд зааснаар иргэний хариуцагч буюу Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 13.271.581 төгрөгийг гаргуулж хохирогч нарыг хохиролгүй болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь хэсэгт зааснаар иргэний хариуцагч буюу Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргаж шаардах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ /хх-12-24/.
Нэхэмжлэгч байгууллага нь сайн дурын даатгалын 22 иргэнд холбогдох 2.721.024 төгрөг, Ажилгүйдлийн даатгалын 4 иргэнд холбогдох 1.230.178 төгрөг, тэтгэврийн 65 иргэнд холбогдох 8.375.888 төгрөг, тэтгэмж, тэтгэврийн даатгалын сангаас зориулалт бусаар гаргасан, даатгуулагчдад хуваарилагдахгүй тэтгэвэр тэтгэмж буюу тэтгэмжийн зөрүү 624.871 төгрөг, ажилласан жил, шимтгэл нөхөн тооцох шимтгэлийн 431.120 төгрөг нийт 13.383.081 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан хэмээн тайлбарлаж, холбогдох иргэдийн жагсаалтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн байна /хх-ийн 7-9/.
Үүнээс нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 3 удаагийн төлбөрийн даалгавраар нийт 12.327.090 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 01722 дугаартай 8.375.888 төгрөгийн үнийн дүн бүхий төлбөрийн даалгавар, 01721 дугаартай 2.721.024 төгрөгийн үнийн дүн бүхий төлбөрийн даалгавар, 01722 дугаартай 1.230.178 төгрөгийн үнийн дүн бүхий төлбөрийн даалгавруудаар тус тус тогтоогдож байна /хх-ийн 3-5/.
Харин тэтгэмж, тэтгэврийн даатгалын сангаас зориулалт бусаар гаргасан, даатгуулагчдад хуваарилагдахгүй тэтгэвэр тэтгэмж буюу тэтгэмжийн зөрүү 624.871 төгрөг, ажилласан жил, шимтгэл нөхөн тооцох шимтгэлийн 431.120 төгрөг нь дотоод санхүүжилтээр холбогдох сангуудад хуваарилагдсан гэж тайлбарлаж байна.
Түүнчлэн нэхэмжлэгч нь хариуцагч Т.Лхамдуламыг 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн ажилгүйдлийн даатгалын санд 810.178 төгрөг, тэтгэмжийн даатгалын санд 65.085 төгрөг, тэтгэврийн даатгалын санд 4.175.170 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдөр нэгдсэн санд 2.029.824 төгрөг, нийт санд 7.080.257 төгрөгийн төлбөрийг барагдуулсан гэж тайлбарлаж гүйлгээний жагсаалтыг нотлох баримтаар ирүүлсэн байна /хх-ийн 11/.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “...бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т “...хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана...” гэж, 498.5-д “...энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй...” гэж тус тус заажээ.
Хуульд гэм хорыг төр хариуцахыг тусгайлан заасан нөхцөлд л төр хариуцлага хүлээх үүрэг бүхий этгээд болно. Иргэний хуулийн 498.5-д гэм хор учруулсан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардах эрхтэй гэж нарийвчлан зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь Т.Лхамдуламын бусдад учруулсан хохирол 13.383.081 төгрөгийг төлж барагдуулсан байх ба хариуцагч нь 7.080.257 төгрөгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлсэн байх тул үлдэгдэл 6.302.824 төгрөгийг хариуцагч Т.Лхамдуламаас нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас 4.870.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдсэнийг нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч үүнтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч Т.Лхамдулам нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж, тайлбар татгалзлаа нотлоогүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч Т.Лхамдуламаас 6.302.824 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст олгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж заасан бөгөөд Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 585 дугаартай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гэх албан бичигт нэхэмжлэгч байгууллага хуулбар үнэн дарсан буюу нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно /хх-6/.
Хариуцагчийн “...2016 оны 08 сарын 01-ний эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гарсан шийдвэрт нийгмийн даатгалын хэлтэс нь өөрөө хариуцагчаар оролцож хохирол барагдуулснаас хойш 14 хоногийн дотор иргэний хэрэгт нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Нийгмийн даатгал нь 10 сарын 24-нд хохирол барагдуулаад 11 сарын 18-нд нэхэмжлэл гаргасан байна. Иймд Монгол улсын нэрийн өмнөөс гаргаж буй шүүхийн шийдвэрт заасан хугацааг үндэслэл болгон нэхэмжлэлийг хүчингүйд тооцуулж өгнө үү...” гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолыг гардан авсан хойш 14 хоногийн дотор тухайн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байвал давж заалдах гомдол гаргах эрхтэй этгээдүүдийг нэрлэн заасан байна /хх-ийн 24/.
Хариуцагч өөрийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно /хх-ийн 50-51/
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн буюу 6.302.824 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 115.795 төгрөгийг хариуцагч Т.Лхамдуламаас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч Ончуул овогт Түвдэндоржийн Лхамдулам /ДГ86043007/-аас гэм хорын хохиролд 6.302.824 /зургаан сая гурван зуун хоёр мянга найман зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэлийн хангагдсан дүн буюу 6.302.824 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 115.795 /нэг зуун арван таван мянга долоон зуун ерөн таван/ төгрөгийг хариуцагч Т.Лхамдуламаас гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид нь шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН
ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ