Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2021/0088/З |
Дугаар | 221/МА2021/0469 |
Огноо | 2021-09-02 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2021/0469
Ц.Т-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Д.Б, Д.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Э нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Ц.Т-ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Д.Б, Д.Д нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 368 дугаар шийдвэрээр: Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 10 дугаар зүйлийн 10.1.1, Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан нэхэмжлэл гаргагч Ц.Т-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай 25200500112 дугаар актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нар давж заалдах гомдолдоо: Татвар төлөгч 2016 оны дугаар сарын 03 дугаар сарын 28-ны өдрийн г/63 дугаартай автомашины гарааш захиалагчтай хийх хөрөнгө оруулалтын гэрээг “Ө” ХХК-тай байгуулж Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “О” байрны 18 мкв талбайтай дулаан гаражийн хөрөнгө оруулсан 30,000,000 төгрөгийн орлогын эх үүсвэрийг хяналт шалгалтын явцад нотолж чадаагүй тул 2016 онд хэрэгжиж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нөхөн татвар торгууль ногдуулсан.
Маргаан таслах зөвлөлөөс иргэний 2010-2015 оны цалин хөдөлмөрийн хөлсний орлогыг 113,227,847 төгрөг, үүнээс Нийгмийн даатгалын шимтгэл 11,322,784 төгрөг, Хувь хүний орлогын албан татвар 9,688,150 төгрөг, амьжиргааны зардал байхаар байна гэж тооцоолол нь иргэн Ц.Т-ын хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “2015 оны 04 дүгээр сарын 13-нд Ү-2206027298 үл хөдлөхийн гэрчилгээтэй 129,000,000 төгрөгийн Канад амины орон сууц, СХД, 1 дүгээр хороо, Баянголын аманд 250,000,000 төгрөгийн зуслангийн дүнзэн барилга үл хөдлөх гэрчилгээ аваагүй, өөрөө барьсан гэж мэдүүлсэн нь цалингийн татвар төлсөний дараахь орлогын хаана ч хүрэхгүй байгаа юм. Хяналт шалгалтад 2016-2019 онуудад хамрагдах хугацааг шалгах томилолт олгогдсон учраас 2010-2015 онуудыг шалгах боломжгүй, мөн татвар ногдуулалтын төлөлтийг дээрх амины орон сууц болон барилгуудыг барихад хуримтлалаас зарцуулсан гэж үзээд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр худалдан авсан хөрөнгийн эх үүсвэр нотлогдохгүй байгаа юм. Анхан шатны шүүх үүнийг харгалзан үзэлгүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоохгүйгээр өнгөц дүгнэлт хийж шийдвэрлэсэн.
Ц.Т нь 2016 онд 51,657,410.70 төгрөгийн орлогод 5,165,741.07 төгрөгийн татварыг, 2017 онд 37,693,242.30 төгрөгийн орлогод 3,769,324.23 төгрөгийн татварыг ногдуулан татварын албанд төлжээ. 2016-2017 онд нийт тайлагнасан 89,350,653 төгрөгийн орлогоос амьжиргааны зардал 50%-ийг хасч тооцоход 44,675,326.50 төгрөгийн орлогыг 2017 онд худалдан авсан байрны үнийн зөрүү 40,000,000 төгрөгийн эх үүсвэрт нь оруулан хасч тооцсон.
Дээрх тооцолол болон 30,000,000 төгрөгийн орлогын эх үүсвэр баримтаар нотлогдоогүй тул 2016 онд хэрэгжиж байсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэж үзэж нөхөн ногдуулалтын актаар төлбөр ногдуулсаныг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байна.
Авлигатай тэмцэх газрын 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “хяналт шалгалт хийлгэх тухай” 01/4101 тоот албан бичигт тус газраас 2019 онд Татварын ерөнхий газарт мэдээлэл хүргүүлж, нийслэл, дүүргийн татварын хэлтсүүдтэй хамтран ХАСХОМ гаргасан нийт 9 албан тушаалтаны өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувь эзэмшиж байгаа хуулийн этгээдийн татварын ногдуулалт төлөлтийн байдал, татвараас зайлсхийсэн үйлдэл байгаа эсэхийг хянан шалгуулснаар тухайн үед эрсдэлтэй гэж үзэн тус иргэнийг шалгуулахаар ирүүлсэн.
Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газраас өгсөн чиглэлийн дагуу шалгахад иргэн Ц.Т-ын 2017 оны ХАСХОМ-ын орлого хэсэгт 2017 онд эхнэр Б.Т-ын “хөрөнгө борлуулсаны орлого” 170,000,000 төгрөг гэж мэдүүлсэн байсан.
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны замын 13/1-21 тоотын 170,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогод 2 хувийн татвар ногдуулж төлөөгүй нь баримтаар нотлогдоогүй бөгөөд шалгалтын явцад хөрөнгө борлуулсаны 2 хувийг төлсөн төлөлт нь 2016 онд taxpament ITAX татварын системд төлөлт тусгагдаагүй иргэн Ц.Т 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 3,400,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгийн татварт нөхөн төлсөн нь шалгалтын явцад татварын тайлан засах, нөхөж төлөхийг ТЕГ-ын Татварын хяналт шалгалт, Арга зүйн газраас гаргасан журамд заасан байдаг.
Ц.Т 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн орлого хэсэгт 2016 оны 08 дугаар сарын 17-нд Ү-2203019815 дугаартай 170,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсаны орлогоо мэдүүлээгүй байсан.
Тус хөрөнгөтэй холбоотой худалдах, худалдан авах гэрээ, холбогдох үл хөдлөх хөрөнгийн татвар төлсөн зэрэг баримтуудыг шаардахад Ц.Т “худалдсан гэрээ олдохгүй байна, тухайн үед татвар төлсөн эсэхээ санахгүй байна” гэж өөрийн гарын үсэгтэй материалыг анхан шатны шүүхэд хавсаргасан.
Уг үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсаны албан татвар 3,400 мянган төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 06-нд Ц.Т өөрийн нэр дээр нөхөн төлсөн нь уг үл хөдлөх эд хөрөнгийг борлуулсан орлогоос тухайн үед татвар ногдуулж төлөөгүй байсныг өөрөө нотолж байгаа юм.
Татварын ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1-д заасныг үндэслэн харилцан хамааралтай гэж үзэж байна.
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны Нарны замын 13/1-21 тоот 170,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсаны 3,400,000 төгрөгийг тогтоосон хугацаандаа төсөвт төлөөгүй тул 2017, 2018, 2019 онуудад торгууль алдангийг ногдуулахдаа татварын улсын байцаагчийн актын тэмдэглэх хэсэгт он тус бүр зөрчлийн дүнг оруулж бичсэн нь найруулгын алдаатай харагдаж байгаа боловч тооцооллын алдаа гараагүй, торгууль, алданги бодох татварын тооцооллыг Татварын ерөнхий хууль, Засгийн газрын тогтоолын дагуу 3,400,000 төгрөгөөс бодож тооцсон болно.
2017, 2018, 2019 онуудад үл хөдлөх хөрөнгийн борлуулсаны 3,400,000 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 73.2.1, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын алданги тооцох тухай тогтоолын дагуу алданги тооцсон.
Иймд маргааныг шийдвэрлэхдээ хэргийг бүрэн гүйцэд хянаж үзээгүй, ач холбогдол бүхий нотлох баримтыг үнэлээгүй нь хэргийг үнэн зөв шийдвэрлэхэд нөлөөлсөн тул шийдвэрийг хүчингүй болгож, нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ц.Т-с Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 25200500112 дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
Маргаан бүхий 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 25200500112 дугаар актаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.19.1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.1 дэх заалтыг үндэслэн хяналт шалгалтаар илэрсэн нийт 210,200,000 төгрөгийн зөрчилд 6,400,000 төгрөгийн нөхөн татвар, 5,048,000 төгрөгийн торгууль, 1,542,240 төгрөгийн алданги нийт 12,990,240 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Т-ыг 2016 онд Хан-Уул дүүргийн 11-р хороо Оргил Стар таун байрны 18 м.кв-тай дулаан гараашны төлбөрт хөрөнгө оруулсан 30,000,000.00 төгрөгийн орлогыг нотлоогүй, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй гэж, 2017 онд Сүхбаатар дүүргийн 3-р хороо Нарны замын 13/1-21 тоотын 170,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод татвар ногдуулж, суутгаагүй гэж, 2017 онд 3,400,000.00 төгрөг, 2018 онд 3,400,000.00 төгрөг, 2019 онд 3,400,000.00 төгрөг нийт 10,200,000.00 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй гэж хариуцагч нараас гурван зөрчлийг гаргасан гэж үзжээ.
Нэг дэх зөрчлийн тухайд:
Нэхэмжлэгч Ц.Т-ын 2016 онд гарааш худалдан авсан 30,000,000 төгрөгийн орлого нь татвар төлөгдсөний дараах орлого болох нь татвар төлөгчийн нийгмийн даатгалын дэвтрийн бичилт болон Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 68 дугаар тогтоолоор тогтоогдож байгаа тул хариуцагчийн Маргаан таслах зөвлөлийн тогтоолд дурдсан үндэслэлийг үгүйсгэсэн тайлбарыг хүлээн авах боломжгүй байна. Татварын улсын байцаагчаас 2014, 2015, 2016 оны дараах татварын орлого нь 30,000,000 төгрөгийн автомашины гарааш худалдан авах боломжтой эсэхийг татварын улсын байцаагч нараас тодорхойлоогүй, харин өөрийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогоор автомашины гараж худалдан авч байгаа нь хувь хүний орлогын албан татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчил болох үндэслэлгүй тул хариуцагчийн “...татвар төлсний дараах орлогын хаана ч хүрэхгүй байгаа...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй тул нэхэмжлэгчээс 2006 оны Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-д “албан татвар төлөгч өөрөө буюу түүний өмнөөс хөрөнгө оруулсан, хуримтлуулсан бол уг хөрөнгийг албан татвар ногдох орлогод оруулан тооцсоныг албан татвар төлөгч нотлох үүрэгтэй бөгөөд хэрэв нотолж чадахгүй бол оруулсан хөрөнгө, хуримтлалын дүнг албан татвар төлөгчийн тухайн жилийн татвар ногдуулах орлогын дүнд оруулан тооцно” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Хоёр дахь зөрчлийн тухайд:
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Нарны замын 13/1-21 тоотын 170,000,000 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгө нь Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000097011 дугаартай гэрчилгээгээр иргэн Б.Т-ын өмч байсан нь тогтоогдож байна. Өмнө нь 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр Б.Т-аас иргэн Х.Л-нд орон сууцаа 170,000,000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд Б.Т-т нь 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 3,400,000.00 төгрөгийг төлж, хувь хүний орлогын албан татварын суутган төлөгчийн үүргээ биелүүлжээ. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Ц.Т-ын нэр дээр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо Нарны замын 13/1-21 тоот хаягт бүртгэлтэй Ү-220301815 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлгүй, 170,000,000.00 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгө борлуулсны орлогод татвар ногдуулж суутгаагүй гэх зөрчлийг гаргасан гэж үзэхгүй.
Учир нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 10 дугаар зүйлд хөрөнгө оруулсан, шилжүүлсний орлогыг тодорхойлсоноос үзвэл, үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны орлогыг нийт дүнгээр тодорхойлж, орлогын дүнд 2 хувиар албан татвар ногдуулж, холбогдох төсөвт шилжүүлэхээр зохицуулсан. Өөрөөр хэлбэл, 170,000,000 төгрөгийн үнэ бүхий татварт 3,400,000 төгрөгийн хувь хүний орлогын албан татвар төлснөөр Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Нэгэнт Ц.Т-ын гэр бүлийн хамаарал бүхий этгээд өөрийн 170,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг худалдан борлуулж, түүнтэй холбоотойгоор 3,400,000.00 төгрөгийн татварыг төлсөн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй байна.
Гурав дахь зөрчлийн тухайд:
Хариуцагч нараас 2017 онд 3,400,000 төгрөг, 2018 онд 3,400,000 төгрөг, 2019 онд 3,400,000 төгрөг, нийт 10,200,000 төгрөгийн албан татварыг хуулийн хугацаанд төсөвт төлөөгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж зааснаар 3,128,000 төгрөгийн торгууль, 1,542,240 төгрөгийн алданги ногдуулсан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл 1 болон 2 дахь зөрчил үндэслэлгүй болох нь дээрх байдлаар тогтоогдсон байх тул үүнээс үүсэх торгууль, алдангийг нэхэмжлэгчид ногдуулж байгаа нь татварын дутуу төлөлтийн дүнд үүссэн зөрчилд хамаарахгүй учир энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүнэлт хийж, хуулийг зөв тайлбарлан хэрэг маргааныг шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон өөрчлөх үндэслэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 368 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН