Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 95

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч М.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт  *******гийн *******д холбогдох эрүүгийн 2036000720105 дугаартай, 178/2020/0101/Э/ индекстэй хэргийг 2020 оны 05 сарын 15-ны өдөр хүлээн авч, 2020 оны 05 сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

                              Шүүгдэгч нарын  биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, ард халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал  малладаг,  ам бүл 8, эцэг, эх дүү нарын хамт, Ховд аймгийн Дуут сумын Цагаан бургас багт оршин суух хаягтай, одоо Жаргалант сумын Тахилт багийн 8-21 тоотод оршин сууж байгаа,  аминдаа 1000 толгой мал, УАЗ-469 маркын авто машин, Приус-10 маркын  машин, мотоцикль-2, гэр нэгийн дундын хөрөнгөтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* ургийн овогт *******гийн *******.

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/ 

Шүүгдэгч *******гийн  ******* нь Ховд аймгийн Дуут сумын “Цагаан бургас” багийн нутаг дэвсгэр “Сэрүүн” гэх газраас 2020 оны 1 дүгээр сарын 22-ны орой хохирогч Ц.*******ийн 2 тооны сарлагийн  үхрийг авч,  1000000 /нэг сая/ төгрөгний, хохирогч Ж.*******ы 2 тооны сарлагийн үхрийг авч  1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгний хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэгт холбогджээ

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 1967 оны 08 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, яс үндэс урианхай, бүрэн бус дунд боловсролтой, ПЙ67082599 тоот регистрийн дугаартай Хасаг овогт Цогтоогийн *******ийн өгсөн...2020 оны 01 сарын сүүлчээр Ж.******* надруу утсаар залгаад” үхрээ бүртгэсэн үү  Б. /Мэндээ/ гэдэг ченж үхэр аваад явлаа” гэж хэлэхээр нь би очиж үхрээ бүртгэхэд 2 тооны сарлагийн үхэр дутсан. Тэгээд Ж.*******тай яриад 2 үхэр алга болсон байна гэж хэлэхэд манай залуу Б. /Мэндээ/ гэдэг залуугаар заалгуулаад хогийн хар дээрээс 4 толгой олоод гэсгээсэн чинь манай үхэр мөн болж таарсан гэж хэлсэн. Тэгээд хэн хулгайлсаныг судлахад М.******* гэдэг залуу авсан байсан. Тэгээд Амараа гэдэг залуу аав ээжтэйгээ хамт ирээд гуйгаад байхаар нь хохирлыг төл гэж хэлсэн. Тэгээд надад 2 үхрийн үнэ болох 1600000 төгрөгийг  төлж өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / 1964 оны 05 сарын 08-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, яс үндэс урианхай, бүрэн бус дунд боловсролтой, ******* тоот регистрийн дугаартай ******* овогт *******ын *******ы өгсөн...  2019 оны 12 сарын 28-ны өдөр манай баз нас бараад үхэр малаа харалгүй 10-аад хоносон. Тэгээд үхрээ эргээд бүртгэж байхад 1 бух, нэг сувай эм үнээ алга байсан. 2020 оны 01 сарын 24-ний өдөр үхэр дээрээ ирэхэд дахиад 2 тооны үхэр алга болсон байсан. Хүү Т. рүү залгаад” үхэрнүүд алга болоод байна хулгай аваад байх шиг байна “ гэж хэлсэн. Гэтэл манай хүүхэд хүмүүстэй уулзаж явж байгаад Б. /Мэндээ/ гэдэг ченжтэй уулзаад очиж арьсыг нь үзэхэд манай үхэрнүүд мөн байсан. Тэр ченж Б. /Мэндээ/ гэдэг хүнээс “та хаанаас авсан бэ” гэхэд Жинстийн доод талд М.*******гийн өвөлжөөн дээрээс очиж авсан гэж хэлсэн. Тэгээд үхрийнхээ хохиролд 1800000 төгрөгийг бэлнээр авсан...гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 дугаар хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч М.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 01 сарын 21-ний шөнө их шуурга болоод өглөө нь босоод хонио хариулаад явж байтал манай үхэрт 4 тооны үхэр ирж нийлсэн байсан. Тэр үхэрнүүд 3-4 хоносон. Тэгээд би ченж ах болох Б. /Мэндээ/ рүү залгаад та “үхэр авах уу” гэхэд авна гэж хэлсэн. Тэгэхээр нь би өнөө орой гараад ир гэхэд за гэж хэлсэн. Орой 20 цагийн үед гэртээ байж байхад Б. /Мэндээ/ ах нэг залуугийн хамт ирсэн. Тэгээд би үхэр дотроосоо 4 үхрийг зүсэлж барьж өгсөн. Би 1900000 төгрөг бэлнээр авсан. Ж.*******ы 2019 оны 12 сард алга болсон 2 тооны үхрийг авсан гэдгээ хүлээхгүй бол цагдаад мэдэгдэнэ гэхээр нь 2 тооны үхрийн үнийг нь нэмж төлсөн. Надад хулгай хийх бодол байгаагүй, манай үхэрт ирээд нийлчихсэн байсан болохоор нь зарчихсан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 дугаар хуудас /

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.ын /Мэндээ/ гэрчээр өгсөн...“2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Ховд аймгийн Дуут сумын харьяат *******гийн Амраа гэдэг залуу Жи мобайлын утсаар над руу залгаад “4-5 тооны сарлаг үхэр зармаар байна. Хэдийг бол хэдийг л зармаар байна хүрээд ирээч” гээд байхаар нь өөрийн Портер маркийн ХОА дугаартай тээврийн хэрэгслээр Дуут сумын “Сэрүүн” гэдэг газарт Амараагийн өвөлжөөн дээр очсон. 10 гаруй тооны үхэрнүүд байсан.  18-19 цагийн үед очоод 4 үхэр авахаар болоод тэр айлд хонох гэсэн боловч шөнө үхэр бэлчээд явдаг гэхээр нь машиндаа 4 үхрээ ачаад Амраагийн хамт Ховд аймгийн төвд өөрийн хашаандаа ирж буулгасан. 1 дүгээр сарын 22-ны өглөө 4 үхрээ нядлаад үхрийн ширийг  гэдэг ченжид өгсөн. 1 дүгээр сарын 23-ны өглөө Ж.*******ы Т. гэдэг залуутай тааралдаад “  та үхэр мал авч байна уу, хөдөө гадаа явж байна уу “гэж асуухаар нь саяхан 4 үхэр Дуут сумын “Сэрүүн” гэдэг газраас аваад нядалсан гэж хэлсэн чинь манай аав хоёр үхэр алдаад хайгаад олохгүй байна гэсэн. Чи очоод харчих, арьс нь  Э. гэдэг арьс ширний ченж дээр байгаа гэж хэлсэн. Тэгээд очоод хараад үхрийн толгойг нь хаясан газрыг заалгаад манай найз П., манай эхнэр Б., Т. гурав 4 үхрийн толгойг авч ирээд машинд ачаад явсан. Маргааш нь тэр 4 үхрийн толгой нь Ж.******* гэдэг хүний үхрийн толгой мөн болж таарсан. 2 үхэр нь Ц.******* гэдэг хүний үхэр болж таарсан. М.Амараагийн аав *******, ээж 2 нь хохирлыг барагдуулж өгье, манай хүүхэд хулгай хийсэн байна. Малын хулгай ямар аюултай байгаа билээ хохирлыг нь бүрэн барагдуулж өгнө, нэг нутаг усны улсууд гээд ярилцаад явсан...Мухар хар зүсмийн эм үхэр, хар цоохор зүсмийн эм шүдлэн үхэр, хар зүсмийн эр 4 настай үхэр, цагаан гуятай хар зүсмийн 5 настай эр үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.ын “...2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Дуут сумын Амараа гэдэг хүнээс үхэр худалдаж авахаар боллоо гээд манай найз Б. бид хоёр Дуут сумын “Сэрүүн” гэдэг газар очоод Амраа гэдэг залуугийн өвөлжөөнд 100 гаруй үхэр дотроос 4 үхэр бариулж наймаагаа тохироод үхэрнүүдээ Б.ын машинд ачаад, Амараа гэдэг залуу бид гурав Ховд аймгийн төвд хамт ирээд Б.ын хашаанд үхрээ буулгаад мөнгө төгрөгний тооцоогоо хийгээд М.Амараа гэр рүүгээ явсан. Бид хоёр 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө үхрийг Б.ын хашаанд нядлаад махыг нь Улаанбаатар хотоос мах авч байсан хүмүүс дуудаж өгөөд ширийг нь Цагаан морь зах дээр ченж хийдэг Э. гэдэг хүнд аваачиж өгсөн.  Амараа нь Миний өөрийн үхэр гэж хэлсэн. Би 4 үхрийн толгойг  “Хогийн хар” дээр  нь аваачиж хаясан. Б.тай үхрээ алдсан гээд Т. гэдэг залуу уулзсан байсан.  Толгой хаясан газрыг  очоод  заагаад өг гэхээр нь зааж өгсөн. Тэр залуу 4 үхрийн толгойг аваад машиндаа ачаад явсан. Манай үхрийн толгой мөн байна гэж хэлж байсан...Б. нь 4 тооны үхрийг 2200000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 21-22 дугаар хуудас/

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.ийн өгсөн.  “...2020 оны 1 дүгээр сарын 20-ны үед манай аав Ж.******* утсаар яриад “үхэр алга болсон юм шиг байна үхэр мал зарагдсан байна уу ченжүүдээс асуу” гэхээр нь ченж Б.тай уулзсан. Түүнээс  үхэр мал та авсан уу гэхэд 4 үхэр Дуут сумын “Сэрүүн гэдэг газраас *******гийн залуугаас аваад нядалсан үхрүүдийн арьс нь Э. гэдэг ченжид өгсөн байгаа, толгойг нь Хогийн хар дээр хаясан байгаа гэхээр нь  арьснуудыг үзээд Хогийн хар дээрээс 4 үхрийн толгойг нь Б.ын хамт явсан П. гэдэг ченжийн хамт очиж авсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.ын “...Би Дуут сумын Цагаанбургас багийн “Хороот” гэдэг газарт хадам ээж Цэцэгмаагийн хонь хариулж яваад эхнэрийн ах *******гийн гэрт очиход залуу нь болох М.******* “4 тооны үхэр ачилцаад өг, зарж байгаа үхрүүд юмаа” гэж хэлэхээр нь машинд ачилцаж өгсөн. Тэгээд ачиж дуусаад хадмынхаа гэр рүү явсан. 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 1 дүгээр сарын 25-ны өдрийн хооронд байсан өдрийг сайн санахгүй байна. 4 тооны үхэр зарсан. Хэдэн төгрөгөөр зарсан гэдгийг мэдэхгүй.  М.******* надад хэлэхдээ өөрийнх нь үхэр гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.ийн өгсөн“...Шөнө 23 цаг өнгөрч байхад цагаа сайн санахгүй байна. Манай нөхөр Б., найз П., ******* ахын хүүхэд болох М.******* нар  4 тооны сарлаг авч ирлээ гэж надад хэлсэн. ******* ахын хүүхэд болох М.******* надаас бэлнээр 1700000 төгрөг  сүүлд надад данс өгөөд 500000 төгрөг шилжүүлж авсан. ...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр дөрвөн тооны сарлаг үхэр нядалж гаргасан. Тухайн 4 тооны үхрийн махыг хотоос мах авч байсан ченжид зарж борлуулсан. Дөрвөн тооны үхрийн арьсыг арьс худалдан авдаг Э. гэх хүнд зарж борлуулсан. Дөрвөн толгой шийрийг нь “Хогийн хар” дээр аваачиж хаясан...Ганаа надтай уулзаад үхрийн толгойг нь үзмээр байна гэхээр нь би дагуулж яваад “Хогийн хар” дээр хаясан байсан үхрийн  толгойг нь гаргаж өгөхөд манай үхрийн толгой мөн байна, ямар хүн өгсөн талаар асуухаар нь ******* ахын хүүхэд болох М.******* гэдэг хүнээс авсан гэж хэлээд явуулсан. Тэр үед би хулгайн үхэр байна гэдгийг мэдээд Х.*******, ээж нь болох Ж.Галбаяр нарт утсаар ярьж уулзаад болсон хэргийн талаар бүгдийг хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.ын “...2020 оны 1 дүгээр сарын 22-ны өглөө Б. нь 4 ширхэг сарлаг үхрийн шир авч ирж надад худалдсан. Тухайн үхрийн шир нь хар, хар алаг,  4 ширхэг сарлагийн үхрийн шир байсан. Өнгө зүсийг нь одоо сайн санахгүй байна...Б. нь 4 үхрийн ширийг 8000 төгрөгөөр худалдаалсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Р.ын “...Ж.******* миний дугаар руу залгаад танай хоёр үхэр алагдсан юм шиг байна. Та хаана байна гэж асуухаар нь би Ховд аймагт эмнэлэгт хэвтэж байна гэсэн, 72 айлын байрны хажууд байна гэхээр нь очиж харахад манай үхрийн толгой мөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг болно.

Мал үнэлсэн тухай тайлангаар... 2 тооны сарлаг эм үхэр -4 настай – 800000 төгрөг, 1 тооны сарлаг эм үхэр-6 настай-900000 төгрөг, 1 тооны сарлаг эм үхэр-7 настай-1300000 төгрөг...гэх баримт  / хэргийн 39 дүгээр хуудас/  зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч М.******* нь Ховд аймгийн Дуут сумын “Цагаан бургас” багийн нутаг дэвсгэр “Сэрүүн” гэх нэртэй газраас 2020 оны 1 дүгээр сарын 21-ний орой хохирогч Ц.Аптангэрэлийн 2 тооны сарлагийн үхэр,  хохирогч Ж.*******ы 2 тооны сарлагийн үхэр нийт 4 тооны үхрийг өөрийн өвөлжөөнөөс Ховд аймгаас мал, махны ченж хийдэг Б.ыг / Мэндээг/ дуудаж  манай өөрийн үхэр гэж ачуулан Ховд аймгийн Жаргалант суманд  Б.ын хашаанд  буулган өгч 2200000 төгрөгийг авсан ба хохирогч Ж.******* нь үхэр алга болоод байгааг  хүү Т.эд хэлж Т. нь мал махны ченж Б., түүний эхнэр Б.  болон хамт явсан П. нартай уулзаж  үхрийн толгой булсан гэх  газрыг заалгаж толгойг олж авснаар өөрийн үхрийн толгой болохыг таньж, шүүгдэгч М.******* нь бусдын 4 тооны үхрийг хохирогч нарт  мэдэгдэхгүйгээр шөнийн цагаар авч, мал махны ченжид зарсанаа хүлээн зөвшөөрч  хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч М.******* болон түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно... гэж заасан ба хууль зүйн ойлголтоор  “Хулгайлах гэмт хэрэг” гэдгийг...бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ...гэж тодорхойлсон ба шүүгдэгч М.******* нь бусдын бэлчээрт байсан 4 тооны сарлагийн үхрийг  өмчлөгчид нь мэдэхгүйгээр нууцаар, шөнө, оройн цагаар, далдуур бусдад 320000 төгрөгөөр зарсан нь   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлд заасан “хулгайлах“ гэмт хэргийн...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан... гэх шинжтэй нийцэж байгаа ба бусдын малыг хулгайлсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан... бусдыг малыг хулгайлсан “ гэх гэмт хэргийн шинжийг бий болгожээ гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч М.*******гийн  бусдын 4 тооны үхрийг хулгайлсан үйлдэлд нь  Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ. 

Иймд шүүгдэгч М.*******г бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

          Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.*******, Ц.******* нар нь хохирлоо  авсан, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн байх тул шүүгдэгч М.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ  

                    Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  хэргийн 66 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” ,мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Саруулзаяагийн өгсөн...М.******* бид хоёр 2019 оны 10 сараас хойш үерхэж байна. М.******* нь аав Х.*******, ээж Ж.Галбаяр, дүү нарын хамт амьдардаг, өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй... гэх мэдүүлэг, гэрч Ж.Адъяабазарын өгсөн...М.******* нь эцэг, эх болон дүү нарын хамт амьдардаг, шулуун шударга зантай, төлөв томоотой, хүнд тусархуу, эцэг, эх нартаа халамж анхаарал тавьдаг. Урьд нь гэмт хэрэг зөрчилд  холбогдож байгаагүй...гэх мэдүүлэгээр тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч М.*******г бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцуулж, хохирогч Ж.Төмөрчөдөр, Ц.******* нарт учирсан хохирол бүрэн төлөгдсөн, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэгтгэсэн, тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж шүүгдэгч М.*******г  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  1 жил 6 сарын хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 2200000 төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж,  мөн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар  “зан үйлээ засах” , хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулах  нь зүйтэй гэв.

 Шүүх хуралдаанд шүүгдэгч М.*******гийн өмгөөлөгчийн дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нарт учирсан хохирлоо бүрэн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”  хугацааг 3 сараар тогтоож өгнө үү. Хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрнө гэв.

Шүүгдэгч М.******* нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч М.*******г бусдын дөрвөн тооны сарлагийн үхэр буюу бусдын мал хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн  өмгөөлөгчийн дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан  гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-т заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй  болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.*******д тайлбарлан өгөв. 

Гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдэгт...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2-т тайлбарласнаар...Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан  гэмт хэрэг үйлдэж, шууд болон шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэлийг ойлгоно... гэж заасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлнэ...гэснийг үндэслэн шүүгдэгч М.*******гийн хохирогч Ж.Төмөрчөдөр, Ц.******* нарын 4 тооны үхрийг өөрийн үхэрт ирж нийлсэн байсаныг ашиг олох зорилгоор бусдад 2200000 төгрөгөөр худалдан борлуулсан орлого болох  2200000 төгрөгийг  шүүгдэгч М.*******гаас гаргуулан улсын төсөвт шилжүүлэв.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар  шүүгдэгч М.*******г 3 сарын хугацаагаар... зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулах албадлагын арга хэмжээг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ. 

Эрүүгийн 2036000720105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгч М.*******д хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 , 36.1 дүгээр зүйл,36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан,  бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил  6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй , бтиүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч М.*******гаас 2200000 төгрөгийг гаргуулан  улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2-т зааснаар...зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд 3 сарын хугацаагаар хамруулах албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4.5-д заасан... тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн,санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй  болгож, ял оногдуулахыг шүүгдэгч М.*******д тайлбарлан өгч, түүний засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч М.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  Т.ЦЭЦЭГМАА