Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 27

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Оюунбилэг  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар 
 Хүсэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил багийн Ган-Өргөө хороолол 29-2 тоотод оршин суух Жалиар овгийн Норовсамбуугийн Дэжидмаагийн /РД: ДЮ62012564/ хүсэлттэй ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 12 сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Дэжидмаа, гэрч П.Баасанжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Дэжидмаа нар оролцов.
                                              ТОДОРХОЙЛОХ нь:
 Хүсэлт гаргагч Н.Дэжидмаа нь шүүхэд ирүүлсэн хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1962 оны 01 сарын 25-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн. 1980 оны 09 сарын 01-нд Завхан аймгийн Худалдааны ТМС-д элсэн орж, 1981 оны 06 сарын 29-нд төгссөн. 1981 оны 07 сарын 01-нээс Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газар бичээчээр ажиллаж байгаад мэргэжлийн ажилд шилжих болсон тул 1982 оны 09 сарын 01-нд бичээчийн ажлаас чөлөөлөгдөж, 1982 оны 09 сарын 03-ны өдрөөс эхлэн Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн хүүхдийн барааны дэлгүүрт анх худалдагчаар орж, 1992 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Худалдаа бэлтгэлийн трестийн дэлгүүрүүдэд худалдагчаар тасралтгүй ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэр засвартай байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон юм. 1992 оны ажлаас чөлөөлөх тушаал дээр миний овгийг Намхай гэж буруу бичсэн тул миний эцгийн нэрийг Норовсамбуу болгон залруулж өгнө үү. Иймд миний бүрдүүлж өгсөн баримтыг үндэслэн 1980 оны 09 сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 сарын 15-ны өдрийг дуустал ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.
                                                   ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Дэжидмаагийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Учир нь Н.Дэжидмаа нь 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газар бичээчээр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестэд касс, худалдагчаар ажиллаж байсан болох нь 1980 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Норовсамбуугийн Дэжидмаа нэрээр нээгдсэн Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газарт бичээчээр ажилд орсон болон гарсан тушаалын бичилт, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 514 дугаартай лавлагаа, Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаал, уг тушаалын 1 дүгээр хавсралт, 
Гэрч П.Баасанжавын “...Н.Дэжидмаа хүүхдийн бараанд дадлага хийж байгад хүнсний бараанд худалдагч хийж байсан. Анх над дээр шавь болж ирж байсан. 1992 онд худалдааны трестэд Дэжидмаа нэртэй ганц л хүн ажиллаж байсан. Овгийг нь Норовсамбуу гэдэг. Намхайн Дэжидмаа гэж байгаагүй...” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. 
Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестийн даргын 1992 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 166 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дүгээр хавсралтанд Дэжидмаагийн овгийг Намхай гэж бичсэн байх боловч гэрч П.Баасанжав нь “...1992 онд худалдааны трестэд Дэжидмаа нэртэй ганц л хүн ажиллаж байсан. Овгийг нь Норовсамбуу гэдэг. Намхайн Дэжидмаа гэж байгаагүй...” гэж мэдүүлж байгаа, мөн 1980 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Норовсамбуугийн Дэжидмаа нэрээр нээгдсэн Хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн төрсөн он, зураг, ажлаас чөлөөлсөн тушаалын огноо, дугаар таарч байгаа зэргийг хэрэг хянан шийдвэрлэхдээ харгалзан үзсэн болно. Баримтаар гаргасан хөдөлмөрийн дэвтэрийн 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацааны бичилт нь ямар нэг зөрчилтэй зэргээр нотлох баримтаар үнэлэхгүй байх үндэслэлгүй байна.
Иймд Н.Дэжидмааг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газар бичээчээр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестэд касс, худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоох нь зүйтэй байна. 
Харин 1982 оны 09 сарын 03-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны трестэд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлт нь нотлох баримтаар тогтоогдохгүй, хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд орсон тухай 1982 оны бичилт нь он сар өдрийг засварласан байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Жалиар овгийн Норовсамбуугийн Дэжидмааг 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Эрүүлийг хамгаалах газар бичээчээр, 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай хотын худалдааны трестэд касс, худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас 1982 оны 09 сарын 03-ны өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай хотын Худалдааны трестэд худалдагчаар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Н.Дэжидмаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Н.ОЮУНБИЛЭГ