Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа,  шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн 1936003500099 дугаартай, 178/2020/0090/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, 05 сарын 14-ний өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 03 сарын 07-ны өдөр Ховд аймгийн Жаргалант  суманд төрсөн, 32 настай эрэгтэй, ард халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, ээж, эгч нарын хамт амьдрах, Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн 03-28 тоотод  оршин сууж байсан. Одоо Малчны хорооллын 1-1 тоотод оршин суух , аминдаа хашаа-1 хувийн 1 өрөө байшинтай, суудлын авто машин-1, 100 толгой малтай,  сарын өрхийн орлого 640000 төгрөг, ял шийтгэлгүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 04 сарын сүүлээр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг Баруун бүсийн төв захаас таксины зогсоолын хооронд иргэн ******* гээгдүүлсэн ******* маркын ******* төгрөгийн үнэтэй  гар утсыг олж авч “Тахилт булаг” барьцаалан зээлдүүлэх газарт 200000 төгрөгний  барьцаанд тавьж гээгдэл эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан  гэмт хэрэг   үйлдсэнд   холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч  /Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Ариун өргөө 24 айлын 4 тоотод  оршин суух, 1993 оны 08 сарын 21-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ПЗ93082100 дугаарын регистртэй /Бааж овогт Батболдын Занданхүүгийн өгсөн... 2019 оны 06-р сарын эхээр өөрийн гар утсаа эвдээд танил Ш.Цогтбаяр гэх засварчинтай уулзаад гар утсаа үзүүлэхэд засварлах боломжгүй гээд  лангуун дээрээ үзүүлэнд тавчихсан байсан ******* маркын гар утасыг гаргаж үзүүлсэн. 280000 төгрөгөөр худалдана  гэхээр нь үзээд хэд хоногийн дараа худалдаж авсан. 2019 оны 08-р сарын эхээр надтай хүн яриад очиж уулзахад миний худалдаж авсан гар утас өөр хүний 2019 оны 04 сард гээгдүүлсэн гар утас байна гээд эзэн нь авсан. Би буцаад гар утас худалдаж авсан хүнээсээ хаанаас хэн гэдэг хүнээс авсан гар утас байсаныг нь асуухад Дэлгэр овогтой ******* гэх хүн 2019 оны 04-р сарын 29-ний өдөр барьцаалан зээлдүүдэх газар барьцаалсан гар утас байсан. Монгол ардын намын байрны 0 давхарт байрлах “Барьцаалан зээлдүүлэх газар, гар утас засвар” гэх хаягтай газраас Цогтбаяр гэх хүнээс худалдаж авсан. Би 280000 төгрөгөөр худалдаж авсан ба 200000 төгрөгийг өөрийн 5026820790 дансаар шилжүүлээд үлдсэн мөнгийг нь бэлнээр өгсөн. ******* маркийн гар утас мөнгөлөг саарал өнгөтэй, дэлгэц хэсэг нь цагаан өнгийн хүрээтэй байсан.Өөрийн хохирол болох 280000 төгрөгийг гаргуулж авмаар байна. 2019 оны 08-р сард Б.Мөнхтулга гэдэг хүнд утсыг нь  өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 10 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Сэлэнгийн гэрчээр өгсөн...2019 оны 04 сарын 29-ний  өдөр зүс таних эрэгтэй  хүн орж ирээд ******* маркын 2018 оны гар утсыг барьцаалмаар байна8 250000 төгрөгөөр барьцаалъя гэхээр нь би 250000 төгрөгөнд авахгүй 200000 төгрөгөөр авна гэхэд тэр эрэгтэй  хүн гарч яваад  30-40 минутын дараа буцаж орж ирээд 200000 төгрөгийн барьцаанд 14 хоногийн хугацаатай тавиад гаргаад явсан. Тогтоосон 14 хоног өнгөрөөд,  дахин 14 хоног өнгөрсөний дараа би зарахаар болоод үзүүлэнд тавьчихсан байсан ба манай нөхөр Ш.Цогтбаяр нь Б.Занданхүү гэх хүний нөхөрт зарж борлуулсан байсан. 2019 оны 08 сарын эхээр иргэн Б.Занданхүү манай нөхөртэй холбоо бариад “таны зарсан гар утас бусдын эд зүйл байсан байна, хохиролоо барагдуулж авмаар байна “ гэж ярьсан байсан. Цагаан өнгийн гар утас, цэвэрхэн эдэлсэн, ямар нэгэн сэв зураас байхгүй шинэвтэр гар утас байсан. Манайх барьцаалсан эд зүйлийг барьцааны хугацаа дуусаад хүлээлгийн 14 хоног хадгалдаг. Тухайн хугацаанд барьцаалсан эзэнд нь 2-3 удаа зурвас илгээж,  барьцаалсан эд зүйлийн барцааны хугацаа дуусаж байгаа талаар мэдэгддэг ба сүүлд нь барьцааны хүлээлгийн хугацаа дууссан ломбардны өмч болсон талаар мэдэгддэг.  Мэдэгдсэний дараа үзүүлэнд гаргаж тавьдаг. Манайд ирсэн залууг Дэлгэр овогтой ******* гэдэг байсан ба бичиг баримтыг нь шалгаад тухайн эд зүйлийг барьцаанд авсан. Барцааны хуудас нь байгаа.  Би тэр залууг зүс танина. Хоч нэрийг нь Цоохондоо гээд байдаг. Цоохор нүүртэй туранхай, бөгтөр нуруутай, шардуу царайтай эрэгтэй хүн байсан. Ганцаараа орж ирээд тухайн эд зүйлийг барьцаалж, зээл аваад гарсан. Манайх дотроо хяналтын камертай боловч 7 хоноод бичлэг нь устаад байдаг. 250000  төгрөгөөр худалдаж борлуулсан байх. Манай нөхөр худалдан борлуулсан ... гэх мэдүүлэг /хх-йин 13-14-рт/

 Мөнгөлөг саарал өнгийн, цагаан хүрээ бүхий дэлгэцтэй, дэлгэцний доод хэсэгт HUAWE гэсэн бичиглэлтэй, дэлгэцний зүүн  дээд өнгцөгт хагарсан, хэрэглээний сэвтэй гар утсыг 2019 оны 11  сарын 05- ны өдөр Баянмөнхийн Мөнхтулгаас хураан авч үзлэг хийж, буцаан өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 15-20-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 7 дугаар гудамж, 40 дүгээр байр 4 тоотод оршин суух, 1992 оны 02 сарын 27- ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй,  дээд боловсролтой, инженерийн мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ПЮ 92022710 дугаарын регистртэй / Мэргэн овогт Баянмөнхийн Мөнхтулгын өгсөн... 2019 оны 04-р сарын  эхээр Жаргалант сумын төв талбайн сандал дээр сууж байгаад гар утсаа сандал дээр тавиад мартаад явсан гэж бодож байгаа. Тухайн утсыг 2019 оны 03 дугаар сард Мобикомоос 400000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би гар утсаа зах дээр гээгдүүлэх боломж байхгүй. 2019 оны 08 сард өөр хүн ашиглаж байгааг нь мэдээд өөрийн гар утсаа тэр хүнээс авсан юм. Б.Занданхүү гэдэг хүнд байсан ба хаанаас хэзээ олсоныг асуухад барьцаалан зээлдүүлэх газраас худалдаж авсан гэсэн.  Би гар утсаа буцааж авсан болохоор одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...  гэх мэдүүлэг/хх-ийн 21, 44-45-рт//

Гар утас үнэлсэн тухай... ******* маркийн гар утас 1 ширхэг ******* төгрөг...гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 23-рт/

******* *******ын Депозит дансны дэлгэрэнгүй хуулга/хх-ийн 33-33-37-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Д.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн ... Би тухайн өдрийг санахгүй байна. 2019 оны 04 сарын сүүлээр Ховд аймгийн Жаргалант сумын Баруун бүс захаас гэрлүүгээ явж байхдаа талбайн хажуу талын таксиний зогсоолоос цагаан саарал өнгийн  гар утас олж авсан.  Гэртээ очоод цэнэглэж  асааж үзэхэд ямар ч кодгүй асаж байсан тул өөрийн семийг хийгээд нэг, хоёр өдөр барьж байгаад Монгол Ардын Намын байрны 0 давхарын ломбарданд 200000 төгрөгний барьцаанд  тавьсан. Өөрийн бичиг баримтаар тавьсан. Би гээгдэл эд зүйлийг ашиглаж болохгүй гэдгийг мэдэхгүй байсан. Гэм буруугаа ойлгож байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө...  үү гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд: 

Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 04 сарын сүүлээр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг Баруун бүсийн төв захаас таксины зогсоолын хооронд иргэн ******* гээгдүүлсэн ******* маркын ******* төгрөгийн үнэтэй гээгдэл эд хөрөнгө  буюу гар утсыг олж авч “Тахилт булаг” барьцаалан зээлдүүлэх газарт 200000 төгрөгний барьцаанд тавьсан ба иргэний нэхэмжлэгч Б.Занданхүү нь тухайн гар утсыг барьцаалан зээлдүүлэх газраас худалдан авсныг хохирогч Б.Мөнхтулга нь мэдэж өөрийн гар утсыг буцаан авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь  гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Д.******* нь хохирогч ******* ******* төгрөгний үнэ бүхий гар утсыг олж авч барьцаалан  зээлдүүлэх газарт 200000 төгрөгний барьцаанд тавьж, тухайн мөнгийг өөртөө ашигласан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан ... гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан... гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд  шүүгдэгч Д.*******ын бусдын гээгдэл ******* төгрөгний үнэ бүхий гар утсыг бусдын өмчлөл , эзэмшилд байгааг мэдсээр байж, өөрөөр хэлбэл тухайн гар утсыг өөрийнх биш гэдгийг мэдэж байсан хэдий ч  барьцаалан зээлдүүлэх газарт 200000 төгрөгний барьцаанд тавьж  тухайн мөнгийг  өөртөө завшиж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т ... бага хэмжээний хохирол “ гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг ... хэлнэ заасан бага хэмжээний хохирол болох  гурван зуун мянган төгрөгнөөс дээш, ******* төгрөгний хохирлыг  хохирогчид  учруулсан гэмт үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хэргийн  зүйлчлэл тохирсон  гэж үзнэ. 

Шүүгдэгч Д.*******ыг, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

               Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг :

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч *******  өгсөн...Би гар утсаа  буцааж авсан  тул гомдол санал нэхэмжлэхгүй зүйлгүй...талаараа мэдүүлсэн, иргэний нэхэмжлэгч Б.Занданхүү нь...хэргийн 81 дүгээр хуудаст хохирлоо барагдуулж авсан талаархи хүсэлтийг Цагдаагийн газарт гаргасан байх тул шүүгдэгч Б.*******ыг  иргэний нэхэмжлэгч хохирогч нарт  төлөх төлбөргүй, хохирлыг бодит байдлаар төлсөн  гэж үзнэ. 

                            Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.*******  нь анх удаа гэмт  хэрэг үйлдсэн нь хэргийн 66 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-  болон мөрдөн шалгах ажиллагаанд Э.Төмөрчөдөрийн гэрчээр өгсөн...Би Д.*******ын найз нь байгаа юм. Д.******* нь Ховд аймагт 1988 онд Дэлгэр гэдэг хүний хүүхэд болж төрсөн 2 эгч 1 дүүтэй, цэргийн алба хаагаагүй одоо Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн малчны хороололд ээж, дүүгийнхээ хамт амьдардаг урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй залуу байгаа юм. Д.*******ад өөрийн гэсэн хашаа байшин машин байдаг. Д.******* даруу төлөв зантай хүн байгаа юм. Д.*******ын нуруу нь өвддөг...гэх мэдүүлэг/хх-ийн 48-19-рт/,  Д.Түмэн-Өлзийгийн гэрчээр өгсөн...Би Д.*******ын ээжийнх нь  талын хамаатан байгаа юм. Д.******* нь Ховд аймгийн Жаргалант суманд 1988 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дэлгэр гэдэг хүний 3 дахь хүүхэд болж төрсөн дээрээ 2 эгчтэй доороо 1 дүүтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр 10 жилд 1 дүгээр ангид сурч байгаад гарсан, бага боловсролтой, цэргийн алба хаагаагүй, одоо Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн малчны хороололд ээж дүүгийнхээ хамт амьдардаг, бага насаа Ховд аймгийн Жаргалант суманд өнгөрүүлсэн урьд өмнө гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй залуу байгаа юм. Д.*******ад өөрийн гэсэн хашаа байшин байдаг. Д.******* даруу төлөв зантай хүний үгээр байдаг залуу байгаа юм. Д.*******ын нуруу нь мурийлттай...гэх мэдүүлэг/хх-ийн 54-рт/ зэргээр тогтоогдож байна.

Шүүх  хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлт, тайлбартаа: Шүүгдэгч Д.******* нь 2019 оны 04 сарын сүүлээр Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг Баруун бүсийн төв захаас таксины зогсоолын хооронд иргэн ******* гээгдүүлсэн ******* маркын ******* төгрөгийн үнэтэй гээгдэл эд хөрөнгө  буюу гар утсыг олж авч “Тахилт булаг” барьцаалан зээлдүүлэх газарт 200000 төгрөгөөр барьцаанд тавьж гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгаад мэдсээр байж  завшиж, бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.*******т 800000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон 200000 төгрөгийг шүүгдэгч Д.*******аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, бүтүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна гэв.

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн  өмгөөлөгч гаргасан дүгнэлт тайлбартаа: Шүүгдэгч Д.*******ын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн  зүйлчлэлийн талаар маргахгүй  байгаа. Хохирогч, иргэний  нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлсөн.  Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа ойлгон гэмшиж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан торгох ялын доод хэмжээ болох 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг зөвшөөрч байна гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Д.******* нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй  байна.

Шүүхээс шүүгдэгч Д.*******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш  хохирол учруулсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгчийн  дүгнэлт, тайлбар, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, эрхэлсэн ажилгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 5.3 дугаар зүйлийн 3--д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч Д.*******т  дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр  торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар 450000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар  солих учиртайг шүүгдэгч Д.*******ад тайлбарлан өгөв.

Шүүгдэгч Д.******* нь  бусдын гээгдүүлсэн гар утсыг олж авч, барьцаалан зээлдүүлэх газарт 200000 төгрөгний  барьцаанд тавьж тухайн мөнгөө өөртөө ашигласныг гэмт хэрэг үйлдэж, 200000 төгрөгний орлого олсон тул  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч Д.*******аас  гэмт хэрэг үйлдэж олсон орлого 200000 төгрөгийг  гаргуулан улсын төсөвт шилжүүлэв.

Эрүүгийн 1936003500099 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, бүтүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй ,хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.*******ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд  байгааг мэдсээр байж  завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан   гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар   шүүгдэгч  ******* овогт ******* *******ыг  дөрвөн зуун тавин  нэгжтэй тэнцэх хэмжээний  дөрвөн зуун тавин  мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.*******т оногдуулсан 450000 төгрөгний торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

         4.Эрүүгийн 1936003500099 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,   хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол бодит байдлаар төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.3-д зааснаар шүүгдэгч Д.*******аас гэмт хэрэг үйлдэж олсон  орлого 200000 төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс  тогтоосон хугацаанд биелүүлээгүй  бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  шүүгдэгч Д.*******т  тайлбарлаж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Д.*******т  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол   хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА