Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 83

 

   2020        04          17                                             2020/ШЦТ/83

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0103/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Гэрч                                                                   С.Энхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 П.Амаржаргал,

Шүүгдэгч                                                           Б.Т    нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-т холбогдох 1939........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн Б.Т

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Т нь Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Бурхант” гэх газарт иргэн М.А-н эзэмшлийн малыг хөлсөөр маллахаар тохиролцон 2018 оны 09 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны хооронд итгэмжлэн хариуцуулсан малаас 7 тооны ямаа, 11 тооны хонь, 2 тооны гүү, 1 тооны бярууг завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Т нь Хэнтий аймгийн Батноров сумын 4 дүгээр баг “Бурхант” гэх газарт иргэн М.А-н эзэмшлийн малыг хөлсөөр маллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сараас 2018 оны 11 дүгээр сарын 28-ны хооронд 3 ямаа, 4 хонь, 1 гүүг завшсан болох нь:

1. Хохирогч М.А-н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Батноров сумын Отгоо гэх хүн надад нэг малчин олж өгсөн ба Норовлин гаралтай Т гэх хүнийг би хөдөө авч ирсэн. Тэгээд би тухайн үед хонь-668, ямаа 317 нийт 984 толгой бог хүлээлгэж өгсөн. Бод малаас адуу-109, үхэр 47 тооны бод мал хүлээлгэж өгсөн... Аймаг яваад 10 гаруй хоноод байж байтал Тийн эхнэр Энхцэцэг утсаар 50 гаруй хонь дутсан гэж хэлсэн. Тэгээд бид 2 цагдаад хэлье гэж хэлж байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр аймгаас ирээд мал тоолоход 13 тооны хонь дутсан байсан... 2018 оны 10 дугаар сарын 08-09-ний өдрийн хооронд Т манай малаас урдаасаа ухам имтэй хонь ямаа Батноров сумын Март бааранд өгсөн байсан... Тэгээд бид 2 өөр малчин авахаар болоод 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр аймгаас Дашгомбо гэх хүнд хүлээлгэж өгсөн. Т манай малыг хүлээж авснаас хойш 3 юм уу 2-оор нь дутаагаад байсан. Дашгомбод хонь-625, ямаа-308 хүлээлгэж өгөөд Тээр адуу үхэр харуулахаар тохирсон. 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирэхэд манай үхрээс 1 тооны бяруу зүүн тийшээ гараад алга болсон гэж хэлсэн. Манай бод малаас 2 тооны байдас 1 тооны бяруу алдсан... Манай алга болсон малыг Т л алга болгосон. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр бид хоёр малаа тоолж үзэхэд 18 тооны хонь дутсан. Энэ талаар асуухад Т алга болчихсон гэж хэлсэн. Та хоёр яаж төлөх юм бэ гэж асуухад Т нь хавар төлийн үеэр төлийг чинь авалцаад мөн дээрээс нь ямааг чинь самнаж өгөөд өрөө дарна гэж хэлсэн... 2018 оны 11 дүгээр сарын 15-ны үед Т нь манай хул зүсмийн гүүг манай сумын малчин Батжаргалын адуунд байхад тууж ирээд нядлаад хүнд зарсан байсан. Тэгээд бас адуугаа тоолж үзэхэд 2 тооны адуу дутсан байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 20 тал/

2. Гэрч Н.Төгсбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Т гэх залуутай 2010 онд Хэнтий аймгийн төвд найз нөхдийн хүрээнд танилцаж байсан... 2018 оны 09 дүгээр сарын дундуур манайд халамцуу улаан хүрэн өнгийн мотоцикльтой ганцаараа ирсэн. Тэгээд надад дүү нь жолооны Баяраа гэх айлын малыг харж байгаа гэж хэлсэн. Тэгээд бид хоёр манайхаас гараад Мөнхжаргал гэх ахынд очсон. Тэгсэн Мөнхжаргал ахын найз гээд Эрдэнэбаяр гэх хүн машинтай байсан. Тэгээд тэр хүнтэй Т уулзаад 20.000 төгрөг өгье ойрхон хонь ямаанд явчихаад ирье гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбаяр зөвшөөрөөд бид 4 клонкоос бензин аваад Батноров сумын 4 дүгээр баг Бурхант гэх газар луу явсан. Бид нарыг очиход нэг айл байсан. Тэр нь Тийн гэр байсан. Гэрт хүн байхгүй байсан. Т хашаатай байсан хониноос 1 тооны хонь, 1 тооны ямаа барьж аваад машинд хийгээд Батноров суманд ирээд зоогийн газрын эзэн Март гэх хүнд 2 хонь ямаагаа өгсөн. Март тэр хонь ямааг зургийг нь дарж хүлээж авч байсан. Хонийг 60.000 төгрөгөө, ямааг нь 50.000 төгрөгөөр зарсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 тал/

3. Гэрч П.Мөнхжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Төгсбаяр танихгүй залуутай архи уугаад сууж байсан... Тэгээд Төгсбаяр энэ манай дүү Т гэж бид хоёрт танилцуулсан. Тэгээд Төгсбаяр манай дүүгийнх урд “Бурхант” гэх газар байдаг, яваад хонь ямаа аваад ирье гэж хэлсэн. Тэгээд манай найз зөвшөөрөөд бид дөрвүүлээ манай найзын машинтай яваад Бурхант гэх газар очиход нэг цоожтой гэр байсан. Гэрийн хажуу талд хашаатай хонь ямаа байж байсан. Хоёр тооны хонь ямаа аваад машинд тавиад Батноров сум руу ирээд сумын баар ажиллуулдаг Мартад өгсөн. Хэдэн төгрөгөөр зарсныг мэдэхгүй. Марттай тооцоо төлбөр хийгээд байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27 тал/

4. Гэрч Н.Мартын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сарын сүүлээр манай бааранд манай сумын Төгсбаяр ах манай баар руу орж ирээд хонь ямаа авдаг уу танайх гэж асуусан тэгсэн авна гэж хэлээд баарны гадаа жижиг саарал приус маркийн машин байсан. Машинд манай сумын Мөнхжаргал, Т машины жолооч танихгүй нэг хүн байсан. Тэгээд би очоод хэний хонь ямаа вэ гэж асуухад Т гэх залуу миний хонь ямаа жолооны Баяраа гэх айлаас авч ирсэн гэж хэлсэн. Тэгээд ямар учиртай мал вэ гэхэд би тэр айлд хэд хоносон юм аа. Тэгээд цалингийнхаа өлтөгөнд авч байгаа гэж хэлсэн... Тэгээд би зургийг нь утсаараа дарж ямааг 70.000, хонийг 80.000 төгрөгөөр худалдаж авсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 тал/

5. Гэрч О.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр эхнэр А-н хамт мал дээрээ очиж тоолж үзэхэд 7 ямаа 6 хонь дутсан. Та хоёр яагаад мал дутаагаад байгаа юм бэ гэж хэлэхэд Т нь манай хонь гэрээс  урагш Бурхантын баруун урд талын хошуун дээр Эрдэнэхуяг гэх  хүний малтай нийлсэн гэж хэлсэн... Удаа дараа хонь ямаа дутаад байсан учраас 2018 оны 11 дүгээр сар гараад өвөлжөөндөө буусны дараа би Дашгомбо гэх хүнийг малаа харуулах гээд Хэнтий аймгийн төвөөс аваад очсон... 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хөдөө гэр лүүгээ очиж Тийн харж байсан адуу үхэрээ тоолж үзэхэд 3 адуу 1 үхэр дутаж байсан. Тэгээд би хонь харж байсан Дашгомбоос адуу үхэр яагаад дутсан талаар асуухад адууг чинь гэрийн гадаа Т нь нядлаад аваад явсан гэж хэлсэн. Дашгомбо Тийг яг хэдэн тооны адуу нядалсныг хэлээгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 тал/

6. Гэрч Э.Нямдаваагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2018 оны 09 дүгээр сард өдрийг нь бол яг сайн санахгүй байна. Өглөө 07 цагийн үед хонио гаргах гэтэл манай хонинд манай гэрээс зүүн урд зүгт 5-6 км зайтай нутагладаг А  гэх хүний хонь ямаа нийлсэн байсан. Тэгэхээр нь би тэр өдөртөө 09 цагийн үед А  гэх айлд очиход малчин Т нь байж байсан. Би малчинд нь танай хонь ямаа манай хонинд нийлсэн  байна. Урд шөнө ирсэн юм шиг байна гэж хэлсэн. Т тийм үү очиж ялгаж авъя гээд эхнэртэйгээ манайд ирэхэээр нь би тугалын хашаанд хашиж байгаад 46 тооны бог ялгаад дараа нь дахиж манай хонинд ирж шалгаж үзээд “за болсон юм байна” гэж хэлээд ялгасан хонио туугаад явсан. Манайд ирсэн малнууд нь урд талаасаа ухам имтэй гэмээр имтэй байсан. Мөн манайхаас гадна дахиад Батнасан гэх айлаас 7-8 тооны хонь ямаа ялгаж авсан гэж хэлж байсан. Сүүлд 8-9 хоногийн дараа адуундаа явж байгаад Ттэй тааралдаад та хонио гүйцээж олсон уу гэж асуусан чинь олсон олсон бараг бүгдийг нь олсон 1-2 тооны мал байхгүй байна гэж хэлсэн. А  гэх хүний жижгэвтэр биетэй бухан бяруу манай үхэрт нийлсэн байсан. Тэгэхээр нь малчин Тт нь хэлээд Т өөртэй нь хамт үхэр дээрээ ирээд бухан бярууг нь салгаж өгсөн. Т бухан бяруугаа туугаад явсан би өөрийнхөө үхэрнүүдийг туугаад явсан. Тэгсэн тэрнээс хойш тэр бухан бяруугаа алдчихлаа гээд малын эзэн А  хайгаад явж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 тал/

7. Гэрч Ш.Тулгын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2018 онд хувиараа талхны цех ажиллуулдаг байсан юм. Тэр үеэр сумын төв дээр нэг залуутай хальт танилцаж байсан. Тэрнээс хойш зүс таньдаг болсон юм. Тэрнээс нэр усыг нь бол мэдэхгүй. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын үеэр над руу утасдаад надад хүнсний юм дөхүүлээд өгчих мөнгөнд нь хонь оролцуулаад өгчихье гээд байхаар нь би тэр үеэр хүнсний юм аваад аваачиж өгсөн. Тэгээд миний аваачиж өгсөн хүнсний юмны оронд 1 хонийг 50.000 төгрөгөнд бодоод 2 хонь өгч байсан. Тэгээд үүнээс хойш буюу 2018 оны 10 дугаар сарын үеэр нөгөө залуу мөн надад 2 ямааг нэгийг нь 40.000 төгрөгөөр гээд надад авч ирж өгч байсан. Тэрнээс өөр мал хунар аваагүй. Сүүлд би тэр залууг жолооны Баярсайхан ахын малыг нь хардаг юм байна гэдгийг нь мэдсэн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 46 тал/

8.  Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №ХЦ19-62 дугаартай: “... хохирогчийн дутсан малын үнэлгээг 4.630.000 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт... ” /хх-ийн 50 тал/

9. Шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2016 оноос 2018 оны хооронд Хэнтий аймгийн Баянмөнх сумын малчин Эрдэнэтөгс гэх хүний адуу, үхрийг малладаг байсан юм. Тэгсэн 2018 оны 08 дугаар сарын 20-доор Батноров сумаас манай найз Отгонжаргал над руу утсаар яриад манай энд мал харуулах айл байна чи ирж мал харах уу гэхээр нь ямар айл юм утас нь хэд юм гэсэн чинь А  гэх хүний утасны дугаарыг надад өгсөн, тэгээд би А тай утсаар ярихад хонь, ямаа харуулна сарын цалин нь 300 мянган төгрөг өгнө мөн сардаа нэг хонь өгнө мөн өвөлдөө нэг тооны үхэр, адуу идшинд өгнө гэж хэлээд бид хоёр үнээ тохирсон. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 20-доор Баянмөнхөөс гэрээ нүүлгээд Батноров суманд А-н малыг харахаар очиж буусан. Тэгээд А гаас хонь, ямаа, үхэр, адуу хүлээж аваад маллаж эхэлсэн. Тэгсэн манай эхнэр 2018 оны 09 сарын эхээр морьтой хонинд явж байгаад мориноосоо ойчоод зүүн гарынхаа шууг хугалаад 2 хоног гэртээ хэвтэж байх үед нь би эхнэрт хонио үлдээчихээд өглөө нь адуу, үхэртээ яваад орой ирэхэд манай эхнэр хониндоо явж чадахгүй гэрийнхээ гаднаас хонио харахад гэрийн хойд уулан дээр золбин нохойнууд хонь тасдаад хөөчихсөн гэж хэлэхээр нь би хонинуудаа бөөгнүүлж хашиж байгаад тоолоход 50-иад тооны хонь дутахаар нь би тэр хавийн айлуудаараа сураглаж явахад маргааш нь Батнасан манайд ирээд танай хонь, ямаанаас хэдэн юм тасраад ирчихсэн байна гэж хэлэхээр нь би Батнасангийнд авахаар очиход 2 хурга, 2 ишигтэй ямаа Батнасан ялгаад хашчихсан байсан. Тэгээд тэрийгээ явчирч хонь ямаандаа нийлүүлээд хонь, ямаагаа тоолж үзэхэд 50-иад тооны хонь ямаа дутсан. Тэгээд тэр хавийн айлуудаар 2 хоног хайгаад явж байхад эхнэр утасдаад Батноров сумаас урагш нутагладаг нэг залуу манайд ирээд танай хонинууд манай хонинд ирж нийлсэн байна гэж сая хэллээ гэхээр нь эхнэр бид хоёр тэр айлд нь очиж айлынх нь хүмүүстэй хонин дотроос нь өөрийнхөө хонийг үзэж байгаад хонь, ямаа нийлсэн 39 тооны хонь, ямаа тэр айлын хониноос салгаж аваад өөрийнхөө хонинд авчирч бүх хонио тоолж үзэхэд хонь, ямаа нийлсэн 11-с 12 тооны хонь, ямаа дутсан, тэр хонь, ямааны сураг нь гараагүй, тэгээд манай хүн малын эзэд А , Баярсайхан нар луу утасдаж хонь нохойнд тасдуулаад 10 гаран тооны хонь, ямаа дутчихлаа гэж хэлсэн. Тэгсэн Ариунсана, Баярсайхан нар Дашгомбо гэх хүнтэй ирээд хонь, ямаагаа бид хоёроос аваад Дашгомбо гэх хүнд харуулахаар хүлээлгэж өгсөн. Би ч тэгээд хонь, ямааг нь хүлээлгэж өгөөд үхэр, адуугаа харахаар болсон, тэр үеэр манай эхнэр гараа хугалчихсан байсан болохоор эхнэр эмнэлэгт хэвтэж байсан юм, тэгээд эмчилгээний зардал хэрэгтэй байна гээд 2018 оны 11 сарын 10-даар А , Баярсайхан хоёр луу залгаад эхнэр эмнэлэгт хэвтэж байгаа эмчилгээний мөнгө төгрөг хэрэг болоод та хоёрт боломж байвал 800 мянган төгрөг өгөөч, цалин дээрээсээ суутгачих гэж хэлсэн чинь А  бид хоёр хот ажилтай явж байна, өгөх мөнгө байхгүй та нар өөрсдөө зохицуул гэж хэлсэн, тэгээд би А-н адуунаас 1 байдсан гүүг нь гэрийнхээ гадаа ажиллаад махыг нь байлгаж байхад Норовлинд хадлан хадаж яваа гээд том машинтай хүмүүс зам асуугаад ирэхээр нь би тэр хүмүүст идишний шүдлэн байдасны мах байна авах уу гэсэн чинь тэр хүмүүс махыг нь үзчихээд авъя гэхээр нь 380 төгрөгөөр зарсан. Тэгээд би аймагт хэвтэж байсан эхнэр дээрээ ирж уулзаад адуу зарсан мөнгөө эмчилгээнд зарцуулаад эхнэрийг эмнэлгээс гартал нь аймагт 10 гаран хоносон. Намайг аймагт байх хугацаанд А , Дашгомбо нар мал дээрээ байсан, тэгээд би эхнэрийг эмнэлгээс гарахаар нь аваад гэртээ очиж А , Баярсайхан нартай уулзаад би 1 байдсан гүүг чинь ажилласан болохоор идшиндээ авах үхэр, адуугаа авахгүй гэж хэлсэн. Тэгсэн малын эзэд чи дураараа адуу мал ажиллаа гээд ууралцгаагаад байхаар нь би очиж нэг хоночихоод эхнэр хүүхэдтэйгээ маргааш нь аймагт ирсэн... би мөнгөний хэрэг байна гээд хэдэн хонь, 1 гүү зарсан нь үнэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-62 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн  бусдын итгэмжлэн хариуцуулсан 3 ямаа, 4 хонь, 1 гүүг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Харин Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас шүүгдэгч Б.Тийг М.А-н 7 тооны хонь, 4 ямаа, 1 гүү, 1 бярууг завшсан гэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь уг малыг завшсан гэх үйлдэл тогтоогдохгүй байгаа тул М.А-н 7 тооны хонь, 4 ямаа, 1 гүү, 1 бярууг завшсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.А д 1.820.000 төгрөгийн хохирол учирсан тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож, үлдэх 2.810.000 төгрөгийн үнэлгээ бүхий малыг шүүгдэгч завшсан гэх үйлдэл тогтоогдоогүй тул холбогдох хохирлын асуудлыг хэлэлцэхгүй орхисон бөгөөд хохирогч нь дутагдсан бусад малаа иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдал болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Б-с шүүгдэгч Б.Тийг М.А-н 7 тооны хонь, 4 ямаа, 1 гүү, 1 бярууг завшсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Шүүгдэгч Тийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

   3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

   4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тт оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

   6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тээс 1.820.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.А д олгож,  2.810.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

 7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Тт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ