Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 95

 

 

2020        05       01                             2020/ШЦТ/95

 

          

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0129/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    М.Долгоржав,

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн,

Шүүгдэгч                                                          П.Т   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Т-д холбогдох 2039......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 24-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, П.Т   

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Т нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Өлзийт хорооны 10 дугаар гудамжны 1001 тоотод иргэн С.Атай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний үснээс нь зулгааж, модоор цохих зэргээр зодож тархи доргилт, баруун гар, мөр нуруу, баруун хөлөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч П.Т  нь 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Өлзийт хорооны 10 дугаар гудамжны 1001 тоотод иргэн С.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

1. Хохирогч  С.Аын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар баг Өлзийт хорооны 10-1001 тоотод байх гэртээ 3 хүүхдийнхээ хамт байж байхад ойролцоогоор 20 цагийн үед манай нөхрийн төрсөн дүү болох Т нь манай гэрт ганцаараа хүрээд ирсэн. Тэгээд Т нь надад хандан хоол байна уу гэж хэлэхээр нь би Тд хандан байгаа гэж хэлсэн. Тэгээд Т нь ширээн дээр маань сугаад хоол идсэн бөгөөд Тг хоолоо идээд байж байхад нь миний дагавар хүүхэд болох Сургаал нь Тд хандан та дандаа яагаад гадуур хов ярьж явдаг юм бэ гэж хэлсэн. Тэгэхэд Т нь маш их уурлаад Сургаалд хандан чи ямар овоо юм бэ чамаас цаадах нь надад ингэж хэлж байгаагүй юм гээд Сургаалыг шууд заамдаад авсан. Тэгэхээр нь би Тд хандан боль гэж хэлэхэд Т нь надад хандан чамд хамаагүй гээд шууд над руу дайраад эхэлсэн. Тэгээд миний үснээс маань гараараа зулгаагаад намайг чирээд үүдний амбаар луу маань... оруулаад хагалаад тавьчихсан байсан моднуудаас 1 ширхэг мод авангуутаа миний толгой, гар, хөл, нуруу руу маань цохиж зодсон. Би яг хичнээн удаа цохиулсан болохоо тодорхой сайн санахгүй байна. Гэхдээ ойролцоогоор 10 гаран удаа лав цохиулсан. Тэгээд Т нь намайг цохиж зодож дууссаныхаа дараа надад хандан “та нар аятайхан байгаарай, бүгдийг чинь ална шүү” гэж хэлчихээд л гэрээс маань гараад яваад өгсөн... Миний баруун гар, баруун мөр, нуруу маань хөхөрч няцарсан, баруун хөлийн өвдөг хөхөрч  няцарсан, үс маань тугаараа мултарч унасан зэрэг гэмтэл шарх учирсан... Миний биед учирсан гэмтэл шархыг Т нь учруулсан... Тухайн үед Т нь миний дагавар хүү болох Сургаалтай маргалдаж муудалцсан юм. Тэгэхээр нь би Тд хандан боль гэж хэлсэн. Тэгэхэд Т нь чамд хамаагүй гээд шууд над руу дайрсан, тэгээд намайг үсдэж аваад чирээд үүдний амбаар  луу маань оруулаад модоор зодож цохисон юм... Тухайн үед Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, эрүүл байсан... Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... Би гомдолтой байна, одоогоор бол нэхэмжлэх зүйл алга... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/

2. Гэрч П.Ононбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 ны 01 сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо сум руу лаг, шүү ачиж ирэхээр явсан юм. Тэгээд намайг гэртээ байхгүй байх үеэр буюу 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой миний төрсөн дүү болох Т нь манай гэрт ирээд миний хамгийн том хүү болох Сургаалтай маргалдаж муудалцсан байсан. Тэгэхээр нь манай энэр А нь Тд хандан боль гэж хэлэхэд нь Т уурлаад манай эхнэрийг зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулсан байна. Би энэ талаар 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орой Биндэр суманд  гэртээ ирээд л мэдлээ... Манай эхнэр Аын баруун гар, баруун мөр, баруун хөлийн өвдөг, нуруу зэрэг нь хөхөрч няцарсан байсан, мөн үс нь тугаараа мултарч унасан байсан... Т нь учруулсан байсан...  Тухайн үед Т нь миний том хүү Сургаалтай маргалдаж муудалцсан юм шиг байгаа юм, тэгэхэд манай эхнэр А нь Тд хандан боль гээд хэлчихсэн байгаа юм, тэгэхэд л Т нь уурлаад манай эхнэр Аыг зодож цохиж биед нь гэмтэл шарх учруулсан байна... Тухайн үед Т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан юм шиг байна лээ... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 тал/

3. Насанд хүрээгүй гэрч О.Сургаалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Биндэр сумын төвд байх гэртээ байж байхад  ойролцоогоор 20 цагийн үед манай аавын төрсөн дүү нь болох Т эгч манай гэрт орж ирсэн. Тэгэхээр нь би Т эгчид хандан та яагаад энд, тэнд очоод худлаа яриад яваад байна аа гэж хэлсэн. Тэгэхэд Т эгч надад хандан чи юу хуцаад байгаа пиздаа вэ гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т эгчид хандан битгий давраад байгаарай гэж хэлэхэд Т эгч сууж байснаа босож ирээд шууд намайг гараараа боосон, тэгэхэд манай хойд ээж болох А нь Т эгчид хандан боль гэж хэлэхэд Т эгч манай хойд ээж болох Аад хандан чамд хамаагүй гээд шууд манай хойд ээж А руу дайрч эхэлсэн, би яг энэ үед нь гадагшаа гарч агаар амьсгалмаар санагдаад байсан учир гадагшаа гарч агаар амьсгалчихаад буцаад гэр лүүгээ орох гээд үүднийхээ амбаар луу ороход Т эгч манай хойд ээж болох Аыг үсдчихсэн нэг юмаар цохиод л байсан, тэгэхээр нь би Т эгчийг болиулах гэхэд Т эгч больж өгөхгүй манай хойд ээж Аын үснээс нь тавихгүй байгаад л байсан, тэгээд би арай гэж Т эгчийг болиулсан бөгөөд Т эгч больсныхоо дараа нээх удалгүй л гэрээс маань гараад яваад өгсөн... Манай хойд ээж Аын биед баруун гар, баруун мөр, баруун хөлийн өвдөг, нуруу зэрэг нь хөхөрч няцарсан байсан, мөн үс нь тугаараа мултарч унасан байсан... Тухайн үед Т эгч намайг заамдаад боосон юм. Тэгэхэд манай хойд ээж А нь Т эгчид хандан боль гэж хэлэхэд л Т эгч манай хойд ээж А-д хандан чамд хамаагүй гээд манай хойд ээж А руу шууд дайрч эхэлсэн. Ингээд манай хойд ээжийг маань зодчихсон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн №58 дугаартай: “...

1. С.Аын биед тархи доргилт, баруун гар, мөр, нуруу, баруун хөлөнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 26 тал/

5. Шүүгдэгч П.Тгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...би 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ойролцоогоор 20 цагийн үед өөрийн төрсөн ах болох Ононбаярын гэрт нь очсон юм. Тухайн үед Ононбаяр ах маань гэртээ байгаагүй бөгөөд гэрт нь түүний эхнэр А нь хүүхдүүдийнхээ хамт байж байсан. Тэгээд би ахынхаа гэр лүү нь ороод бууз идээд байж байхад Ононбаяр ахын хүүхэд болох Сургаал нь надад хандан чи одоо энд, тэнд очоод худал, үнэн юм яриад яваад байх юм гичий, пизда чинь гэж хэлсэн. Тэгэхэд А нь Сургаалд юу ч хэлэхгүй дуугүй л байгаад байсан. Тэгэхээр нь би Сургаалд хандан чи юу яриад байна аа гээд хэдэн үг хэлсэн. Тэгэхэд Сургаал миний үгийг огт хүлээж аваагүй. Тэгэхээр нь би уурлаад Сургаалыг заамдаж боогоод нэг удаа алгадсан, тэгэхэд А Сургаалыг өмөөрөөд надтай маргалдаж муудалцсан, тэгээд А нь надтай маргалдаж муудалцаж байгаад намайг үсдээд авахаар нь би зөрүүлээд Аыг үсдсэн. Тэгээд бид хоёр бие, биенийгээ үсдээд үүдний амбаар луу нь орсон. Тэгээд би үүдний амбаар луу нь орсныхоо дараа үүдний амбаар дотор нь байсан жижиг хагалсан түлээний модыг аваад Аыг цохичихсон юм... Аыг түлээний хагалсан жижиг модоор  2-3 удаа цохисон... Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл байсан... Хэрвээ тухайн үед Сургаал гэх хүүхэд намайг хэл амаар доромжлоогүй бол ийм асуудал гарахгүй байсан. Би тухайн үед өөрийн төрсөн ах Ононбаярын хүү болох Сургаалыг л хүмүүжүүлсэн асуудал байгаа, хуулиндаа ах дүү нар нь дүүгээ хүмүүжүүлж болно гэж заасан байдаг...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.  

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Аын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан боловч оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа тул уг хуулийг буцаан хэрэглэх шаардлагагүй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Тг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тд оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Биндэр сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

ДАРГАЛАГЧ                                       Д.ГАНЗОРИГ