Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 128/ШШ2018/0053

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Н.О ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох 

Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, Денверийн гудамж, Иргэдэд үйлчлэх төв байр,

Нэхэмжлэлийн шаардлага: “...Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар захирамжийн Н.О т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О , гуравдагч этгээд А.М , гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Н.О  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаар захирамжийн дагуу газар эзэмших эрх нээгдэн 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №0149947 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Энэхүү гэрчилгээний дагуу Сүхбаатар дүүргийн  дугаар хороо, Бэлхийн  дугаар тоотод байрлах 700 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаатай эзэмшихээр болсон. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 522 тоот захирамж гарган миний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Уг шийдвэрийг 2017 оны 3 дугаар сарын 31-ний өдөр газрын төлбөр төлөх асуудлаар дүүрэг дээр очоод мэдсэн. Миний бие хууль ёсны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг авсан бөгөөд газар эзэмшиж эхэлсэн өдрөөс хашаа барин дээрх газрыг эзэмшиж эрх хүчингүй болгох талаар мэдэгдэл өгөөгүй хэрнээ миний эзэмшиж, ашиглаж байгаа газрыг А овогтой М д эзэмшүүлсэн байна. Сүхбаатар дүүргийн Засаг даргын дээрх шийдвэрийг мэдсэн даруй Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргаас 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 07/1522 дугаар албан бичгээр Сүхбаатар  дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг хууль бус гэж үзэх учиргүй байна. Учир нь 2003 онд А.М д дээрх газрыг олгочоод таньд давхардуулан олгосон байна. Бусдын эзэмшил бүхий газар давхардуулан газар олгосон уг шийдвэрээ хүчингүй болгосон нь Газрын тухай хуульд нийцжээ гэжээ. Гэвч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №522 тоот захирамжийн эрх зүйн үндэслэлд ийм зохицуулалт байхгүй. А.М ын зүгээс  дээрх газартай холбоотой гаргасан зүйл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй тул уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна...” гэжээ.  

Хариуцагч Сүхбаатар дүүргийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Маргаан бүхий газрыг дүүргийн Засаг даргын 2008 оны 70 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.О т 700 м.кв газрыг эзэмшүүлж, 2013 оны 522 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.О т холбогдох хэсгийг хүчингүй болгожээ. Нэхэмжлэгч Н.О т дүүргийн Засаг даргын 2008 оны 70 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газар нь иргэн А.М д 2003 оны 131 дүгээр захирамжаар эзэмшүүлсэн газартай давхардуулан эзэмшүүлсэн байсан тул дүүргийн Засаг дарга Газрын тухай хуульд нийцүүлэн 2013 оны 522 дугаар захирамжаар нэхэмжлэгч Н.О  холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Иймд маргаан бүхий газар нь нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчиж байгаа нь тодорхойгүй, дүүргийн Засаг даргын 2013 оны 522 дугаар захирамж нь өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан хууль ёсны шийдвэр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд А.М  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие нь өрх толгойлсон ганц бие эмэгтэй ба 2003 онд Сүхбаатар дүүргийн Газрын албанд хүсэлт гарган тус дүүргийн Бэлхийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 186.... тоот нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газрыг Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 тоот шийдвэрээр иргэн надад эзэмшүүлж, 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 0004... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээ байгуулсаны дараа газраа тойруулсан тавын банзаар хашаа барьсан. Гэтэл 2008 онд газар эзэмших эрхийнхээ хугацааг сунгуулахаар газрын албаны мэргэжилтэнтэй уулзахад таны газартай давхцуулан иргэн Н.О  гэж хүнд газар олгосон байна гэж хэлсэн би энэ тухай мэдээд холбогдох газар нь өргөдөл, гомдлоо гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн засаг дарга өөрийн буруу шийдвэрээ зөвтгөн 2013 оны 522 дугаар захирамжийг гаргасан байдаг. Үүний дараа миний бие өөрийн төрсөн аав, ээжийгээ асрах зайлшгүй шаардлага гарсан ба өдөр бүр асарч, халамжилах, шаардлагатай хүнд эмчилгээ хийлгэж байхдаа удаа дараа газраа чөлөөлүүлэхээр холбогдох хүмүүст нь хандаж, албан шаардлага хүргүүлж, өөрийн биеэр хамт нааж байсан боловч нэхэмжлэгч Н.О  гэдэг хүн нь газрыг хязгааралсаар ирсэн атлаа өнөөдөр шүүхэд нэхэмжлэл гарган анх иргэн надад олгосон газрыг булаах гэж байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Иргэн намайг анх газар эзэмших үед хорооноос хаяг өгдөггүй байхад яаж ямар байдлаар хаяг авч яг миний эзэмшил газар дээр давхцуулан авсан нь өөрөө хуулийн дагуу явагдсан гэхэд маш эргэлзээтэй, тухайн 2008 оны үед уг асуудлыг хариуцаж байсан газрын албаны мэргэжилтэн нь Авлигатай тэмцэх газарт шалгагдан албан тушаалаа өгсөн үйл явдал байдаг ба үүнтэй ч холбоотой байхыг үгүйсгэхгүй юм. 2013 онд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосныг мэдээгүй гэж худлаа зүйл бичиж байгаа нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэнээ булзайруулах гэсэн үйлдэл гэж үзэж байгаа ба энэ нь газрын төлбөрөө өмнө нь төлж байгаагүй, 2017 онд төлсөн гэж байгаагаас үзэхэд тодорхой нотлогдоно гэж үзэж байна.

Хариуцагч байгууллагаас иргэн миний газар эзэмших эрхийн баталгааг хууль ёсны дагуу гаргаж өгөөгүй өдийг хүрсэн нь зөвхөн нэхэмжлэгч Н.О ын газар давхцуулан эзэмшсэн гэх шалтгаанаас болж гэрчилгээг шинэчилж өгөөгүй, гэрээгээ шинэчлээгүй, бодитоор газраа эзэмших боломжийг гаргаж өгөөгүй ба уг буруу үйлдлээ засаж гаргасан захирамжийг нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь ямар ч үндэслэлгүй тул  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Н.О  нь тус шүүхэд хандан, “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар захирамжийн Н.О т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.   

Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэгт үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.О ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

  Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,  

Баянгол дүүргийн 10 хороонд оршин суух иргэн А.М аас 2003 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан тус дүүргийн нутаг дэвсгэр, Цолмонгийн аманд газар эзэмших хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2003 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор батлагдсан “Дүүргийн Газар зохион байгуулалтын 2003 оны төлөвлөгөө”-ний “Шинээр газар олгох талаар” хэмээх гуравдугаар зүйлд “15-16-р хорооны нутаг дэвсгэрт зуслангийн зориулалтаар 40 га ...олгох” хэмээн төлөвлөсөний дагуу тус дүүргийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар иргэн А.М д 400 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар тус дүүргийн 16 дугаар хороо /хуучнаар/ Бэлхэд зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, 2004 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 0004... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2004 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500 м.кв газрыг зуслангийн зориулалтаар ашиглах гэрээ байгуулсаны дагуу иргэн А.М  нь эзэмшил газраа тойруулан хашаа барьсан болох нь Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2003 оны 02 дугаар тогтоол, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131, гуравдагч этгээд А.М аас Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан гаргасан 2003 оны өргөдөл, холбогдох материал болон Ц.У, Ж.А нарын мэдүүлэг, гэрч П.Ц-ын  маргаан бүхий газарт “...хашааны нэг булан л байсан, Бид тэр буланг нь ашиглаад хашаагаа татсан. ... Хашаа нь байнга унаад байдаг байсан болохоор би шонгуудыг нь төмөр болгосон” гэх мэдүүлэгээр, 

Сүхбаатар дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны “Шинээр байгуулагдсан хороодын хамрах нутаг дэвсгэр, байршил, хүн амын тоог тогтоох тухай” 08 дугаар тогтоолоор дүүргийн 15, 16 дугаар хороодыг хуваан шинээр 17, 18 дугаар хороог байгуулсантай холбоотойгоор А.М ын эзэмших эрх бүхий, нэгж талбарын 186.... дугаар бүхий 400 м.кв газар нь 18 хороонд хамрагдах болсон нь хэргийн оролцогчдын тайлбар, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны  Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 92 дугаар албан бичиг болон гэрч Ж.А-ын мэдүүлгээр,

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд оршин суух иргэн Н.О аас 2008 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан тус дүүргийн 18 дугаар хорооны 53 дугаар гудамжны 465 тоот газрыг эзэмших хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаар захирамжаар Н.О т тус дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт Бэлхийн  дугаар хаяг бүхий байршилд 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэн, 2008 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 0149947 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон, улмаар гуравдагч этгээд А.М аас газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар хүсэлт гаргах явцад өөрийн эзэмшлийнх нь газрыг иргэн Н.О т давхацуулан эзэмшүүлсэн асуудлаар 2013 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын  2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан үндэслэлээр Дүүргийн Засаг даргын 2008 оны 70 дугаар захирамжийн иргэн Н.О т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болох нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 70, 2013 оны 522 дугаар захирамж, нэхэмжлэгч Н.О аас Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандан гаргасан 2008 оны өргөдөл, холбогдох материал, Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 1/1707, 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3/2225 дугаар албан бичиг, маргаан бүхий газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтуудаар тус тус тогтоогдож байна. 

Хэдийгээр нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасан хугацаанд гуравдагч этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлтээ гаргаагүй гэж маргаж байх боловч Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана”, 39 дүгээр зүйлийн 39.1.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй” хэмээн тус тус зааснаас үзэхэд гуравдагч этгээдийн газар эзэмших эрхийн 5 жилийн хугацааг гэрчилгээ олгосон 2004 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс хуульд заасан журмын дагуу тоолоход 2009 оны 05 дугаар сарын 21-ний өдөр дуусгавар болохоор байх бөгөөд гуравдагч этгээд нь эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтээ 2009 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн дотор эрх бүхий байгууллагад гаргах эрхтэй байжээ. 

Гэвч гуравдагч этгээдийн зүгээс хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлэхээр Сүхбаатар дүүргийн Газрын албанд хандах үед Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 70 дугаар захирамжаар уг газрыг нэхэмжлэгч Н.О т  Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчин эзэмшүүлсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гэрч нарын шүүхэд гаргаж өгсөн мэдүүлэг, тайлбараар тогтоогдож байна.

Иймд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2013 оны 522 дугаар захирамжаар “...2008 оны 70 дугаар захирамжийн Намсрайн О т холбогдох хэсэг”-ийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3. “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” гэж заасантай тус тус нийцсэн гэж шүүх үзлээ.

Учир нь гуравдагч этгээд А.М д газар эзэмшүүлсэн Дүүргийн Засаг даргын захирамж хүчин төгөлдөр байхад уг газрыг нэхэмжлэгч Н.О т давхардуулан олгосон болох хариуцагчийн шийдвэр нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг зөрчсөн байх бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хариуцагч дээрх газар давхардуулан олгосон хууль бус үйлдлээ зөвтгөн, Дүүргийн Засаг даргын 2013 оны 522 дугаар захирамжийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Мөн түүнчлэн, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга Газрын тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх хүрээнд, газар давхардуулан олгосон хууль бус шийдвэрээ зөвтгөн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар захирамжийн Намсрай овогтой О т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д нийцсэн шийдвэр байх бөгөөд, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс гуравдагч этгээдийн газар эзэмших эрх болон эзэмшиж буй газрын хэмжээтэй холбоотой ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, шүүхээс шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөлөгчид хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4, 91.5-д заасныг үндэслэн шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна

 

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 35 дугаар зүйлийн 35.3.5, 37 дугаар зүйлийн 37.1, 39 дүгээр зүйлийн 39.1.1 болон 61 дүгээр зүйлийн 61.1 заасныг тус тус үндэслэн  нэхэмжлэгч Н.О аас Сүхбаатарын дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 522 дугаар захирамжийн Н.О т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА