Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2021/0473

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Ц” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч А.Сарангэрэл, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.У, Г.У, хариуцагч Г.Э, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 370 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалтын улсын байцаагч Г.Э, Т.Э нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 370 дугаар шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 43 дугаар зүйлийн 43.5, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, 16 дугаар зүйлийн 16.1, 16.2, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, Хувь хүн орлогын албан татварын тухай хуулийн /2006 оны/ 28 дугаар зүйлийн 28.1, Үл хөдлөх хөрөнгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 5 дугаар зүйлийн 5.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасныг тус тус баримтлан “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татвар, хяналт шалгалтын улсын байцаагч Г.Э, Т.Э нарт холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн 0297378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Н давж заалдах гомдолдоо: Улсын байцаагч нар маргаан бүхий актаар нийт 1,402,695,652 төгрөгийн төлбөр ногдуулахаар заасан атлаа, тухайн актыг танилцуулсан болон гардуулсан тухай тэмдэглэл дээр төлбөрийг 1,547,183,348.30 төгрөг гэж мөнгөн дүнг зөрүүтэй бичсэн тул аль дүнгээр төлбөр төлөх нь тодорхойгүй байна.

Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Ц” ХХК-ийн гомдлын тухай 86 дугаар тогтоолын үндэслэх хэсгийн сүүлийн хэсэгт улсын байцаагчийн шийтгэлийн хуудасны дугаар, ногдуулсан үнийн дүнг зөрүүтэй бичсэн. Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297378 дугаартай шийтгэлийн хуудсаар 1,072,183,845.90 төгрөгийн нөхөн татвар, 189,092,785.50 төгрөгийн торгууль, 141,100,677.90 төгрөгийн алданги, 318,342.70 төгрөгийн хүү, нийт 1,402,695,652.00 төгрөгийн төлбөр төлүүлэхээр ногдуулсан юм.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг хэлтрүүлнэ” 10.1-д “...2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 04:00 цагаас өмнө захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн хүн хамаарна”, 10.2-д “энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагаар захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөх эрх үүссэн.

2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “Ц” ХХК-ийн дансанд борлуулалтын орлого 500,000 гаруй сая төгрөг орсон байхад тус хуулийн дагуу татвараас чөлөөлөөгүй нь татварын улсын байцаагч хяналт шалгалт хийхдээ татвар төлөгчийн хуулиар олгосон эрхийг эдлүүлээгүй гэж үзэж байна.

Мөн тус Өршөөлийн тухай хуультай холбогдуулан Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 03/807 дугаартай “хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах ажлын чиглэл хүргүүлэх тухай” шалгалтын газар, аймаг, нийслэл дүүргийн татварын газар хэлтсийн дарга нарт хүргүүлсэн албан бичигт 2015 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс хууль мөрдөгдөж эхэлсэнтэй холбоотойгоор 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө хүчин төгөлдөрт тооцож тогтоосон торгууль, алдангийг 2015 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн үлдэгдлээр Өршөөлийн хуулиар хүчингүй болгож тооцох” чиглэлийг өгсөн байхад хасч тооцоогүй нь мөн л хуулийг зөрчиж хууль дээдлэх зарчмыг алдагдуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчжээ.

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Албан татвар төлөгч энэ хуулийн 21.3-т зааснаар хүргүүлсэн хуваарийн дагуу сар бүрийн 25-ны дотор албан татварыг урьдчилан төлж, татвар төлөлтийн улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны дотор, жилийн эцсийн тайланг дараа оны 02 дугаар сарын 10-ны дотор харьяалах татварын албанд тушааж, албан татварын жилийн эцсийн тооцоо хийнэ” гэж зааснаар улирал бүр тайлангаа 2015 оны 07 дугаар сарын 20-ны дотор 2015 оны хагас жилийн тайланг 2015 оны 06 дугаар сарын 30-наар тасалбар болгон тайлагнахдаа 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны орлого болон зарлыг дутуу тайлагнасан болох нь хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудаар нотлогдсон.

Тиймээс улсын байцаагч нар нь тухайн санхүүгийн дэлгэрэнгүй баримтуудыг шинжлэн судалж шалган баталгаажуулахдаа хэдэн сарын хэдний өдөр орсон ирсэн орлого болохыг нарийвчлан шалгалгүйгээр тухайн орлогуудыг 2015 оны жилийн эцэст орж ирсэн гэдэг байдлаар өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамруулалгүй орхигдуулсан.

Мөн НӨАТ-ын тухай хуулийн дагуу ногдуулсан алданги торгуулийн хувьд ч гэсэн адил байдлаар нарийвчлан шалган тогтоогоогүй байна. НӨАТ-ын тухай хуулийн 13.1-т “Татвар төлөгч нь тухайн сард борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд ногдуулсан нэмэгдсэн өртгийн албан татварыг дараа сарын 10-ны дотор төсөвт төлж, батлагдсан маягтын дагуу тайлангаа гарган татварын албанд тушаана. Гэсэн заалтын дагуу энэ төрлийн татварын тайланг сар бүр тайлагнадаг. Тиймээс 2015 оны 1-6 саруудын НӨАТ-ын тайланг тайлагнахдаа орхигдуулсан орлого нь мөн хэргийн материалд хавсаргасан санхүүгийн баримтад тодохой харагдаж байхад 2015 оны 12 дугаар сард энэ орлогыг олсон байдлаар торгууль ногдуулж байгаа нь өршөөл үзүүлэх хуулийн үйлчлэлд хамруулах боломжийг хаан, өөрсдийн хяналт шалгалтын ажлыг хөнгөвчлөх, хуулиар эдлэх эрхийг хязгаарлан эрх ашгийг дордуулсан хэмжээн үзэж байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл татварын хяналт шалгалтын улсын байцаагчийн тавьж буй татвар ногдуулалтын тооцоолол, хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ёстой. Гэтэл зөрчил шалган шийдвэрлэх тухай хууь тогтоомжид заасан нөхцөл, шаардлага хангагдаагүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь төрийн байгууллагын үйл ажиллагаа тэр дундаа эрх бүхий албан тушаалтаны шийдвэр хуульд нийцээгүйгээс алдаа гарсан гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр татварын хяналт шалгалт явуулсан улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ удирдлага болгосон 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А/03 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “татварын албаны татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журам” нь захиргааны хэм хэмжээний актын шаардлага хангаагүй, захиргааны ерөнхий хуулийн дагуу Хууль зүйн яаманд бүртгэгдээгүй хүчин төгөлдөр бус хэм хэмжээний акт байдаг. Захиргааны ерөнхий хуульд “хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн захиргааны хэм хэмжээний актын эмхтгэл”-д бүрэн эхээр нь нийтлүүлнэ. Ийнхүү нийтлүүлснээр хүчин төгөлдөр болно. Дээрх шаардлагыг хангаагүй тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг шүүх хангасангүй. Өөрөөр хэлбэл хэрэгт хангалттай нотлох баримт, хяналт шалгалт явуулах журам, анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсантай холбоотой өршөөлийн тухай хуулийн зохицуулалт, нэхэмжлэгч компанийн санхүүгийн тайлангийн задаргаа гэх зэрэг баримтууд хангалттай баримтуудыг шүүх үнэлээгүй шийдвэр гаргасан.

Тиймээс шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасныг зөрчиж хууль тогтоомж буруу хэлэглэн шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

“Ц” ХХК-д 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 0297378 дугаартай шийтгэлийн хуудсаар 1,072,183,845.90 төгрөгийн нөхөн татвар, 189,092,785.50 төгрөгийн торгууль, 141,100,677.90 төгрөгийн алданги, 318,342.70 төгрөгийн хүү нийт 1,402,695, 652.00 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

Баянгол дүүргийн Татварын хяналт шалгалтын тасгийн Татварын улсын байцаагч нар Татварын ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 07/3328 тоот албан бичиг, Татварын хяналт шалгалтын тасгийн даргын олгосон 26181000686 томилолтын дагуу “Ц” ХХК-ийн 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусах хүртэлх хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн иж бүрэн татварын шалгалтаар 12,156,990,455.88 төгрөгийн зөрчил нь нотлох баримтаар нотлогдсон гэж үзээд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Баянгол дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын үйлдсэн 0297378 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн тайлбар болон холбогдох нотлох баримтад үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр “...хариуцагчаас хуульд заасан журмыг зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж ерөнхий байдлаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “шийтгэлийн хуудсаар ямар хэмжээний төлбөр төлөх нь тодорхойгүй, “Ц” ХХК нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдах боломжтой, мөн тооцооллын алдаатай шийтгэлийн хуудас гаргасан” гэж маргасан байна.

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захиргааны актаар тогтоосон татварын зөрчлийг үгүйсгэж хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байгаа эсэх, уг актын улмаас “Ц” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхийг бүхэлд нь дүгнэх шаардлагатай бөгөөд нэхэмжлэгчээс “шийтгэлийн хуудас”-ны зөрчил тус бүрийг үгүйсгэж, үнийн дүн дээр маргасан байхад анхан шатны шүүх зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд маргаан байхгүй, хэргийн оролцогчдын маргасан хэсэгт буюу “актын үнийн дүн дээр маргаагүй гэж үзлээ” гэж дүгнэн маргасан зөрчлүүдэд хууль зүйн дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхээргүй байна.

Тухайн тохиолдолд, маргааны үйл баримт буюу шийтгэлийн хуудасны үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийж, талуудын хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг хангаж, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасан ажиллагааг явуулж, маргалдагч талуудын гаргасан тооцооллын алдааг зөвтгөж тогтоох нь энэ хэрэгт ач холбогдолтой байна.

Өөрөөр хэлбэл, маргааныг тодруулж болох бүхий л эрх зүйн болон бусад эх сурвалжуудыг ашиглах боломжтой бөгөөд нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн 2013-2017 онд гаргасан зөрчлүүдийг хариуцагч ямар баримтаар тогтоосон болохыг тодруулж, тооцооллын алдааг зөвтгөж шийдвэр гаргах боломжтой.

Иймд маргааны үйл баримт буюу шийтгэлийн хуудасны үндэслэл тус бүрд эрх зүйн дүгнэлт хийгээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 370 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН