Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 04

 

“Зеускрафт” ХХК-ний нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч  Н.Насанжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний  өдрийн 139/ШШ2016/00381 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Зеускрафт” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч  Дарцагт говь ХХК-нд  хариуцагдах

23349001 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, “Зеускрафт” ХХК-иас эд хөрөнгийн үнэ 27500000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа, хариуцагчийн төлөөлөгч З.Сосорбарам, хариуцагчийн өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг, нарийн бичгийн дарга И.Түвшинжаргал оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’Дарцагт говь’’ ХХК-тай манай компани  2012 оны 8 сарын 8-ны өдөр ‘’Харуул хамгаалалтын гэрээ’’ байгуулсан ба өөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж, харуул хамгаалалтын үйлчилгээг 2013 оны зун хүртэл үзүүлсэн. Үйлчилгээний хөлсийг тухай бүр танилцуулж төлбөрөө төлөхийг шаардаж байсан боловч тус компаний гүйцэтгэх захирал Вандандоржийн  Төмөрбаатар гэгч нь дараа төлье гэж хойшлуулсаар ирсэн. Түүнээс хойш хамгийн сүүлд 2013 оны 6 сард нэгдсэн нэхэмжлэл танилцуулж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус компани нь 6 сард нэхэмжилсэн 15566001 төгрөгийн төлбөрөө төлөөгүй бөгөөд ‘’Зеускрафт’’ ХХК нь алба хаагч, ажиллагсдын цалин хөлсөнд хуулийн дагуу төлөх ёстой шимтгэлүүд нийгмийн даатгал төлөгдөлгүй өр болон үүсч байгууллагын зүгээс хохирсоор байна.

Иймд ‘’Зеускрафт’’ ХХК-д үүсгэсэн төлбөр 15566001 төгрөг, алданги 7783000 төгрөг, нийт 23349001 төгрөгийг ‘’Дарцагт говь’’ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Нямдорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний аав Вандандоржийн Төмөрбаатар нь ‘’Дарцагт говь’’ ХХК-ийг анх байгуулаад,  2013 он хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаад, эрүүл мэндийн шалтгаанаар үйл ажиллагаагаа зогсоож байгаад 2013  оны 10 сард  нас барсан. Ингээд жилийн дараа буюу 2014 онд өв нээгдэж, ‘’Дарцагт говь’’ ХХК нь өв залгамжлагч Т.Нямдорж миний нэр дээр өвлөн ирсэн. Тухайн үед манай ах дүү нар “Дарцагт говь” ХХК-ний үйл ажиллагааг явуулж байсан газар буюу нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан газарт очиход манай компаний эд хөрөнгө болох хашаа болон дотор нь байсан тоног төхөөрөмж гэж юу ч байхгүй байсан. Тэгэхэд нь нутгийн иргэдээс асуухад ‘’Харуул хамгаалалтын “Зеускрафт ХХК” нь хашааг буулгаад дотор байсан зүйлийг бүгдийг нь аваад явсан гэж хэлсэн. Манай аав амьд сэрүүн байхдаа тус компанитай ямар гэрээ, хэлцэл хийснийг нь миний бие мэдэхгүй. Хэрэв “Зеускрафт ХХК”-тай ямар нэгэн гэрээ, хэлцэл хийсэн нь нотлох баримтаар нотлогдвол тухайн  үед тус компаний харуул хамгаалалтад хариуцуулсан хөрөө рам 2 ширхэг /нэг нь 9 сая төгрөг, нийт 18 сая төгрөг/, савхан хөрөө 2 ширхэг /нэг ширхэгийн үнэ 18500000 төгрөг, нийт 37000000 төгрөг/ зэрэг 55 сая төгрөгийн тоног төхөөрөмжөө сөрөг нэхэмжлэлээр нэхэмжлэх болно. Түүн дээр банзан хашаагаа /мод бэлтгэсэн үнэ, хашаа бариулсан хөлс болон бусад холбогдох зардал/ жич үнэлүүлж нэмж нэхэмжлэх болно. Хэрэв харуул хамгаалалтын гэрээ хийсэн бол мэдээж ийм үнэ цэнэтэй тоног төхөөрөмжийг хариуцуулсан байсан учир нэхэмжлэгч компанитай маш өндөр үнээр хамгаалуулахаар тохиролцсон нь ойлгомжтой юм.

 Шүүхэд нотлох баримтаар гаргасан ‘’Харуул хамгаалалтын гэрээг’’-г нотариатаар батлуулсан байгаа нь эргэлзээ төрж байна. Учир нь нотариатаар батлуулах үед аав маань нас барчихсан байсан. Нэг тал нь байхгүй байхад таньдаг мэддэг нотариатаар батлуулсан нь сэжиг бүхий юм гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Нямдоржийн гаргасан тайлбарыг дэмжиж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сосорбарам шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’Дарцагт говь’’ ХХК-д холбогдуулан гаргасан ’’Зеускрафт’’ ХХК-ний шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байна. В.Төмөрбаатар нь амьд сэрүүн байхдаа тус компанитай 2012 оны 8 сарын 8-ны өдөр Харуул хамгаалалтын гэрээ  хийж, ''Зеускрафт'‘ ХХК-д нийт 82582000 /наян хоёр сая таван зуун наян хоёр мянга/ төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хамгаалуулахаар хүлээлгэн өгсөн байдаг. Ингээд 2013 оны 10 сарын 3-нд В.Төмөрбаатар нь өвчний улмаас нас барсан бөгөөд түүний хүү Т.Нямдорж нь 2013 оны 12 сарын 20-ны өдөр өв нээлгэсэн гэрчилгээ авсан байдаг. Тэгээд 2016 оны 5 сард ‘’Зеускрафт’’ ХХК нь ‘’Дарцагт говь’’ ХХК-тай холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан. Тус нэхэмжлэлтэй танилцаад харуул хамгаалалтын гэрээ хийж, компаний эд хөрөнгө ‘’Зеускрафт’’ ХХК-ний эзэмшилд  байсан гэдгийг мэдсэн. ‘’Зеускрафт’’ ХХК-ний зүгээс өвлөгч Т.Нямдорж руу нэг ч удаа холбогдож байгаагүй гэдгийг Т.Нямдорж хэлдэг.

Иймд ‘’Дарцагт говь’’ ХХК нь ‘’Зеускрафт’’ ХХК-д хариуцуулан, хамгаалуулахаар өгсөн дараах тоног, төхөөрөмжийн үнийг нэхэмжилж байна. Үүнд: Савхан хөрөө 1 ширхэг 18500000 төгрөг, дугуй хөрөө 1 ширхэг 9000000 төгрөг, нийт 27500000 төгрөгийг ‘’Зеускрафт’’ ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болормаа сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ‘’Дарцагт говь’’ ХХК-ний 2016 оны 10 сарын 21-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан савхан хөрөө 1 ширхэг 18500000 төгрөг, дугуй хөрөө 1 ширхэг 9000000 төгрөг, нийт 27500000 төгрөгний эд хөрөнгийг  манай компани нь ’’Дарцагт говь’’ ХХК-иас хүлээн аваагүй. Уг сөрөг нэхэмжлэл дээрх эд хөрөнгийг хэзээ, хэнд, ямар байдалтай хүлээлгэн өгсөн тухай ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй байна. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан хөрөнгө нь үл хөдлөх хөрөнгө биш хөдлөх хөрөнгө байгаа болно.

Мөн ’’Дарцагт говь’’ ХХК-ний захирал Т.Нямдорж нь 2016 оны 9 сарын 12-ны өдрийн хариу тайлбартаа нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн ’’Харуул хамгаалалтын гэрээ’’-г түүний эцгийг нас барснаас хойш батлуулсан нь эргэлзээ төрүүлж байна гэжээ. ИХШХШТХ-д зааснаар нотлох баримтыг эх хувиар, эсвэл нотариатаар батлуулсан хуулбарыг шүүхэд гаргаж өгөх ёстой тул ийнхүү хуулбарыг нотариатаар батлуулсан болно. Нэгэнт сөрөг нэхэмжлэлд дурдсан эд хөрөнгийг манай компани хүлээж аваагүй, мөн ’’Дарцагт говь’’ ХХК-ний зүгээс хүлээлгэж өгсөн талаар ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй тул сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Анхан шатны шүүх:

Иргэний хуулийн 358 дугаар зүйлийн 358.1, 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар 23.349.001 /хорин гурван сая гурван зуун дөчин есөн мянга нэг/ төгрөгийг хариуцагч ‘’Дарцагт говь’’ ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч ‘’Зеускрафт’’ ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар ‘’Зеускрафт’’ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274695 /хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерэн тав/ төгрөг, ‘’Дарцагт говь’’ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295450 /хоёр зуун ерэн таван мянга дөрвөн зуун тавь/ төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, ‘’Дарцагт говь’’ ХХК-иас 274695 /хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж ‘’Зеускрафт’’ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гүнтэвчимэг давж заалдах гомдолдоо: Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар  сарын 19-ний өдрийн 139/ШШ2016/00381 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

... Анхан шатны шүүх хэргийг бодит байдал талаас нь үнэлэлгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасанд гомдолтой.

Нэхэмжлэгч “Зеускрафт” ХХК нь Дарцагт говь ХХК-тай Харуул хамгаалалтын гэрээг 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаатай хийсэн байдаг. Тэгээд “Зеускрафт” ХХК нь 2013 оны 03-р сар хүртэл хамгаалалтын ажиллагаа явуулаад 2013 оны 03-р сард харуул хамгаалалтад хариуцуулан өгсөн эд хөрөнгө буюу  хөрөө рам, савхан хөрөө, 4-н тал хашаа болон бусад эд хогшлыг ачиж яваад Ник компаний хашаанд хураасан гэдэг нь гэрчүүд болон нэхэмжлэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл тус гэрээ нь 2013 оны 04-р сар хүртэл үйлчилсэн. “Зеускрафт” ХХК нь гэрээний үйлчлэл дуусаагүй байхад  дур мэдэн хариуцуулан өгсөн эд хөрөнгийг ачиж явсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээс харагддаг.

Хэрэв“Зеускрафт” ХХК-д их хэмжээний хохирол учирсан бол яагаад өв залгамжлагч  Т.Нямдоржтой холбогдож, тус гэрээний талаар дурдаагүй вэ гэдэг нь мөн л эргэлзээтэй асуулт байдаг. Мөн Харуул хамгаалалтын гэрээнд талууд төлбөр тооцоогоо хийх талаарх заалт байдаг ч “Зеускрафт” ХХК-ний албан ёсны дансны дугаар байхгүй. Энэ нь талийгаач В.Төмөрбаатар тус гэрээнд заасан төлбөр тооцоог  бэлнээр өгсөн байхыг ч үгүйсгэхгүй. Улмаар “Зеускрафт” ХХК-ний нэхэмжлэх хуудаст 2580000 төгрөгийн баримт 2 ширхэг байдаг. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ харуул хамгаалалтын гэрээнийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт тус объектод 3 постоор ажиллах бол үйлчилгээний төлбөр 1 сарын 7.740.000, ажлын ачааллаас шалтгаалан постыг цөөлсөн тохиолдолд 1 пост 2.580.000 төгрөг байхаар тооцон төлбөрийг хийнэ гэсэн заалтын 3 постоор ажилласан гэдэг заалтыг ямар үндэслэлийг баримталж шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Энэ бүгд маш том эргэлзээг дагуулж байна. Учир нь гэрээний нэг тал нас барсан. Бодит байдал дээл хэрэгт хавсаргасан нотлох баримт болох  Дарцагтговь ХХК-ний эд хөрөнгийн жагсаалтад дурдсан эд хөрөнгийг “Зеускрафт” ХХК-нд хариуцуулан хамгаалуулахаар өндөр үнэ өртөгтэй харуул хамгаалалтыг хөлслөн авсан байдаг. Гэтэл гэрчүүдийн мэдүүлгээс эд хөрөнгө хариуцуулан өгсөн гэж мэдүүлсээр байтал шүүх түүнийг үнэлэлгүй сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн байдлыг тал бүрээс нь шинжлэн судална гэсэн заалтыг зөрчиж байна.

Нөгөө талаар энэхүү гэрээний нэг тал болох захирал В.Төмөрбаатар  нь нас барж, өв залгамжлалаар  “Дарцагт говь” ХХК нь Т.Нямдоржид өвлөгдөж ирсэн. Гэтэл анхан шатны шүүх өв залгамжлалын асуудлыг анхааралгүй орхигдуулсан.  Өнөөдрийн байдлаар  өвлөгч Т.Нямдоржид компаний тамга, улсын бүртгэлийн гэрчилгээ хоёроос өөр компанийн гэх нэг ч эд хөрөнгөгүй байна. Жагсаалтад бичигдсэн компанийн эд хөрөнгө болох тоног төхөөрөмжүүдийг нэхэмжлэгч“Зеускрафт” ХХК-д хариуцуулан өгсөн.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.    

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч “Зеускрафт” ХХК нь хариуцагч “Дарцагт говь” ХХК-д холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Гэрээт харуул хамгаалалтын гэрээ”-ний дагуу төлбөл зохих ажил үйлчилгээний хөлс 15.566.001 төгрөг,  алдангид 7.783.000,50 төгрөг, нийт 23.349.001,50 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагчийн төлөөлөгч  Дарцагт говь ХХК-ийг үүсгэн байгуулагч нь  2013 онд нас барсан. 1 жилийн дараа  өв нээгдэж тус компани нь өв залгамжлагч надад өвлөгдөн ирсэн. Тухайн үед болсон асуудлыг огт мэдэхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

 

“Зеускрафт” ХХК, “Дарцагт говь” ХХК-ний хооронд 2012 оны 8 дугаар сарын 8-ны өдөр №2012/г/04 тоот харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаж, харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэгч тал нь үйлчлүүлэгчийн Говьсүмбэр аймаг дахь модны зах, тус гэрээний 1-р хавсралтад заасан барилга байгууламж, түүнд хамаарах газар нутаг, /хамгаалалтын бүс/-г болон түүнд байгаа хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг өдөр, шөнийн 24 цагийн турш хамгаалах, үйлчлүүлэгч тал 3 постоор ажиллах тохиолдолд үйлчилгээний төлбөрт 1 сарын 7.740.000, ажлын ачааллаас шалтгаалан постыг цөөлсөн тохиолдолд 1 пост 2.580.000 төгрөг байхаар тооцон төлбөр төлөхөөр тус тус тохиролцжээ.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж дүгнэн хэргийг шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байна гэжээ. Үүнээс үзвэл гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын биежсэн буюу материалжсан хэлбэртэй үр дүн байдаг бөгөөд аливаа эд зүйлийг шинээр үйлдвэрлэн нийлүүлэх, эсхүл эд зүйлийг өөрчлөн өөр шинж чанар бүхий эд зүйлийг бий болгоход чиглэгдсэн, тодорхой ажил үйлчилгээ явуулсны эцэст бий болох үр дүн байхаар ойлгогдоно.

 

“Зеускрафт” ХХК, “Дарцагт говь” ХХК-ний хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь харуул хамгаалалтын үйлчилгээ байх тул тэдний  хооронд байгуулагдсан гэрээ, зохигчдын тайлбарт дурдсан үйл баримт нь  Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний агуулгад нийцэж байна.

 

Иргэний  хуулийн 359 дүгээр зүйлийн 359.2-т зааснаар хөлсөөр ажиллах гэрээний хувьд гэрээний зүйл нь тодорхой ажил, үйлчилгээ буюу үйл ажиллагаа, өөрөөр хэлбэл тодорхой үр дүн биш ажиллах процесс байдгаар ялгаатай байна.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил бөгөөд “Зеускрафт” ХХК, “Дарцагт говь”                 ХХК-ний хооронд 2012 оны 08 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан гэрээний хугацаа 2013 оны 8 дугаар сарын 8-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч 2016 оны 05 сарын 25-ны өдөр буюу хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд ханджээ.

 

 “Зеускрафт” ХХК, “Дарцагт говь” ХХК-ний хооронд харуул хамгаалалтын гэрээ байгуулагдаж гэрээний талуудын гэрээгээр хүлээх үүргийг харилцан тодорхойлсон  хэдий ч ямар төрөл зүйлийн эд хөрөнгө хамгаалуулахаар тохиролцсон нь тодорхойгүй, өөрөөр хэлбэл гэрээний Дөрөвдүгээр зүйлийн 4.2-т “...энэ гэрээний 1-р хавсралтад заасан барилга байгууламж, түүнд хамаарах газар нутаг, /хамгаалалтын бүс/-г болон түүнд байгаа хүлээлгэн өгсөн эд хөрөнгийг өдөр шөнийн 24 цагийн турш хамгаална. ...гэжээ. Гэтэл гэрээний 1-р хавсралт нь хэрэгт авагдаагүй, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь гэрээгээр тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байна.

 

Нэхэмжлэгч 2012 оны 09 сарын 30-ны өдрөөс 2013 оны 03 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажлын хөлсийг 1 постоор 2.580.000 төгрөгөөр тооцож нэхэмжилжээ.

 

“Зеускрафт” ХХК нь ажлын хөлсөө нэхэмжлэх эрхтэй хэдий ч гэрээгээр хүлээсэн харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлсэн гэдгээ хангалттай нотлож чадаагүй, хариуцагчийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж тодорхой нэр төрлийн эд зүйлс алга болсон гэж үнийг төлүүлэх шаардлага гаргасан бөгөөд тухайн эд зүйлс байсан эсэх нь тодорхойгүй байна.

 

           Дарцагт говь ХХК-ий захирал асан В.Төмөрбаатарын өв залгамжлагч Т.Нямдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбартаа өв залгамжлагч Т.Нямдорж нь талийгаачийн ганц хүү нь байгаа юм. 8 настайгаасаа хойш гэр бүл салаад аав нь өөр гэр бүл зохиогоод явчихсан, хамт амьдарч байгаагүй болохоор энэ компани болон төрсөн аавынхаа талаар ямар ч ойлголтгүй, энэ компанийг ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй гэжээ.

 

2012 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байгуулагдсан №2012/г/04 тоот гэрээний нэг тал болох Дарцагт говь ХХК-ий захирал асан В.Төмөрбаатар гэгч нь 2013 оны 10 сард нас барсан талаарх тодорхойлолт хэрэгт авагджээ. Нэхэмжлэгч нь энэ хүний амьд байх үеийн буюу 2012 оны 09 сарын 30-ны өдрөөс 2013 оны 03 сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны ажлын хөлсийг нэхэмжилсэн байх бөгөөд хариуцагчаас гэрээний үүргийн биелэлтийг шаардсан, харилцан тооцоо нийлж, үлдэгдлээ баталгаажуулсан баримтгүй байна.

 

Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнд дурдсан ёсоор Дарцагт говь ХХК-ний Говьсүмбэр аймаг дахь модны зах, тус гэрээний 1-р хавсралтад заасан барилга байгууламж, түүнд хамаарах газар нутаг, /хамгаалалтын бүс/-г харж хамгаалах үүргийг хэрэгжүүлсэн эсэх нь тухайн компаний анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтаар нотлогдох ёстой.

 

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т “Аж ахуйн нэгж байгууллага нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтөлнө.” Уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нягтлан бодох бүртгэлийн аккруэл суурь гэж мөнгө хүлээн авсан эсвэл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх аргыг:” ойлгоно гэж хуульчилжээ.

 

Хуулийн энэ шаардлагаас үзвэл аливаа аж ахуй нэгж хуулийн этгээд нь заавал нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс хуулийн дээрх заалтад нийцүүлэн хөтөлсөн орлого, зарлагын бүртгэл, харуул хамгаалалтын гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлснийг нотлох хөлс төлбөрөө шаардсан албан бичиг, цалингийн тооцоо, ажиллагчийн хөлс төлсөн баримт, жил жилийн санхүүгийн тайланд авлагаа тусгасан, авлагын тодруулга, тайлан зэрэг ажиллагч байгууллага ажил үйлчилгээ явуулснаа нотлох зэрэг ямар ч  бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох боломжтой юм.

 

Шүүх тохиролцсон ажил үйлчилгээг ажиллагч зохих ёсоор гүйцэтгэсэн эсэх нь тодорхойгүй, гэрээнээс өөр нотлох баримтгүй байхад юуг үндэслэж хөлс төлүүлэхээр шийдвэрлэсэн нь ойлгомжгүй,  шаардлагын үндэслэл, маргааны үйл баримт тодорхойгүй нэхэмжлэлийг хүлээн авч үндсэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны            12 дугаар сарын 19-ний  өдрийн  139/ШШ2016/00381 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг бүхэлд нь “ Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэгт зааснаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, шийдвэрийн 2 дахь заалтад Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтыг нэмж, “Дарцагт говь” ХХК-иас 274695 төгрөгийг гаргуулж “Зеускрафт” ХХК-нд олгосугай гэснийг хасч, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийг 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 274695 / хоёр зуун далан дөрвөн мянга зургаан зуун ерэн таван/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ                            Т.БЯМБАЖАВ

                   ШҮҮГЧИД                             Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                        Ц.ОТГОНЦЭЦЭГ