Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 98

 

     

         2020     05   06                                      2020/ШЦТ/98

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0126/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шүүгч Д.Ганзориг даргалж  шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                         Ж.Мөнхчимэг,

Улсын яллагч                                           Г.Мөнхболд,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                   Б.Н  нарыг оролцуулан

      Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н –д холбогдох 203900........ дугаартай эрүүгийн хэрийг 2020 оны 04 дүгээр сарын 21-ний  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.Н  урьд

Хэнтий аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял оногдуулсан таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,

мөн шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 01 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ялаар,

Хэнтий аймаг дахь Сум дундын 1-р шүүхийн 2000 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хорих ялаар,

мөн шүүхийн 2002 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,

мөн шүүхийн 2003 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4-т зааснаар 10 жил 2 сар 10 хоногийн хорих ялаар,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 273 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1-р шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 714 дугаартай шийтгэх тогтоолооор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

мөн шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдэж байсан Б.Н

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Хэнтий  аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг “Ар ганга” гэх газарт байх иргэн Б.Н-ын  гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн эд зүйл хулгайлж бусдад 4.783.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий  аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг “Ар ганга” гэх газарт байх иргэн Б.Н-ын  гэрт хууль бусаар нэвтрэн эд зүйлийг нь хулгайлж 4.783.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч  Б.Н-ын   мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багийн нутаг “Ар ганга” гэх газарт нутаглаж байна. 2019 оны 09 дүгээр сард Цэнхэрийн гуанзан дээр явж байгаад “Наран” хүнсний дэлгүүрийн хажууд урьд нь харж байгаагүй нэг залуу байхаар нь уулзаж ярилцаж байгаад хөлсөөр малаа харуулахаар болсон. Уг залууг Н гэдэг залуу байсан. Урьд нь манай сумын Нацаг гэж айлд мал харж байсан гэж ярьж байсан. Ингээд Нээр малаа харуулахаар болоод гэртээ авч ирсэн. Манайд ирж мал маллаад 6 сар орчим болоод байж байгаад манай гэрээс хулгай хийсэн. 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр байсан. Би саахалт айлд хэвийн боов хийх гээд явсан байсан. Гэрт манай туслах малчин Н үлдсэн. Тэгэхдээ Н тусдаа гэрт амьдардаг байсан. Би явахдаа гэрийнхээ хаалганы цоожийг нь зүүгээд орхисон байсан. Ингээд би айлд боов хийж дуусаад гэртээ 17 цагийн үед ирэхэд гэрийн хаалга онгорхой, гэрийн дотор байсан 3 авдар доторх эд зүйлсийг бүгдийг нь гаргаад сандаасан байсан. Дотроос нь эрэгтэй, эмэгтэй хүний 2 ширхэг мөнгөн бүс, 3 ширхэг мөнгөн аяга, эрэгтэй хүний алтан бөгж, эмэгтэй хүний монетон ээмэг... эд зүйлс байсан. Ингээд би юу болов гээд туслах малчин Нийг хайгаад явахад манай гэрээс урагшаа 3 орчим км газар байдаг намаржаан дээр нилээн согтуу 2.5 литрийн савлагаатай пивоны саван дотор нэрмэл архи хийчихсэн байсан. Тэгээд би барьж явсан цүнхийг нь онгойлгож үзэхэд манай гэрээс алдагдсан эд зүйлүүд бүгдээрээ байсан... Н нь манай хөрөнгөнөөс захиран зарцуулах эрх байхгүй. Би анх туслах малчнаар ажиллуулж эхлэхдээ тусад нь гэр барьж амьдруулсан ба тэр гэртээ унтаж амьдардаг байсан. Хоолыг нь гэртээ хийж өгдөг байсан...  Н нь урьд өмнө нь намайг эзгүй байхад манай гэрээр ордоггүй байсан. Ер нь намайг эзгүйд манай гэрээр орох эрх байхгүй... Надад одоо гомдол санал байхгүй. Хулгайд алдсан эд зүйлсээ бүгдийг нь олж авсан.... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/

2. Гэрч Ж.Бямбатогоогийн мөрдөн шалгах ажиллаагааны явцад өгсөн: “... Би нөхөр Б-ын хамтаар Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын “Согоот” багт мал маллаж амьдардаг юм. Манайх 2019 оны 09 дүгээр сард сумын төв дээрээс урьд нь уулзаж байгаагүй танихгүй хүнийг туслах малчнаар авсан юм. Уг хүнийг Н гэдэг байсан. Ингээд мал маллаж байгаад 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай гэрээс эд зүйл хулгайлсан... Н нь манай гэрээр орж гарах эрх байхгүй. Тусдаа малчны гэртээ амьдардаг. Тэр гэрт  нь өөрт нь хэрэгтэй бүх юм нь байдаг байсан. Мөн манай эд зүйлийг дур мэдэн захиран зарцуулах эрхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

3. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №93 дугаартай: “... хулгайд алдсан эд зүйлсийн зах зээлийн үнэлгээг 4.783.000 /дөрвөн сая долоон зуун наян гурван мянга/ төгрөг байх боломжтой гэж тодорхойлж байна... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 27-28 тал/

4. Шүүгдэгч Б.Н ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот 3 дугаар багт хөдөө хэсэгт Н.Б гэх хүний малыг туслах малчингаар анх маллаж эхэлсэн юм. Ингээд 2020 оны 02 дугаар сарын дундуур шиг санаж байна. Хөдөө гэртээ байж байхад Б гэх хүн манай гэрт архитай орж ирээд бид 2  уг архинаас нь уусан. Ингээд би авчирсан архийг нь ууж байгаад гэртээ тасраад унтсан байсан. Ингээд маргааш өглөө Н.Б гэх хүн манай гэр лүү орж ирээд айл руу хэвийн боов хийхээ явлаа аажуу босоод үхрийнхээ баасыг арилгаад малдаа гараарай гэж хэлсэн. Ингээд би аажуу, уужуу босоод үхрийнхээ баасыг арилгаад зогсож байхад миний дотор нэг л биш шартаад болохгүй болохоор нь Н.Б ахын гэрийн хажуугаар явсан чинь гэрийнх нь хаалганд цоож зүүсэн байхаар нь гэр лүү нь орж гэрийнх нь зүүн талын орны толгой талд байсан ундааны савтай нэрмэл архинаас 2 аягыг уугаад эргэж үхрийнхээ баасыг цэвэрлэсэн. Ингээд дахиж Н.Б ахын гэр лүү орж үлдсэн ундааны савтай нэрмэл архийг бүгдийг нь уугаад гэрт нь байсан эмэгтэй, эрэгтэй дээлний мөнгөн бүс 1 ширхэг, эмэгтэй дээлний мөнгөн бүс 1 ширхэг, 14 ширхэг 20.000 төгрөг буюу нийт 280.000 төгрөг, 3 ширхэг дунд гарын мөнгөн аяга, алтан бөгж, монетин ээмэг 1 ширхэг, эмээлийн хормойн боолт 1 ширхэг, хөөрөг, зулын цөгц зэргийг хар өнгийн цүнхэнд бүгдийг нь хийгээд гэрээс авч гараад тухайн байсан өвөлжөөнөөсөө урагшаа голын урд талд Н.Б ахын намаржааны саравчны хашааны гадаа явж байгаад тасраад унасан байсан. Ингээд тэр өдрөө Н.Б ах машинтайгаа ирээд намайг сэрээгээд гэрийн хамаг эд зүйлс байхгүй байна мөн гэрийг маань чи буулгасан байна гэж хэлээд барьж явсан хар өнгийн цүнхэнд байгаа эд зүйлсийг маань хараад уурласан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-36 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан  гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Бод 4.783.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь хулгайд алдсан эд зүйлээ буцааж авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 10 тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... одоо гомдол санал гэх зүйл байхгүй, хулгайд алдсан эд зүйлүүдээ бүрэн бүтнээр нь бүгдийг нь олж авсан... ” /хх-ийн 18, 78 тал / гэсэн мэдүүлэг болон тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогч Н.Бод төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлын хувьд шүүгдэгч Б.Н  нь хулгайн хэрэгт 9 удаа шийтгэгдэж байсан байдал, гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараах үеийн ажил амьдралын зан төлөв, дадал зуршил, биеэ авч яваа байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Нийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар  шүүгдэгч Б.Н ийг 3 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан 3 жилийн хорих ялыг хаалттай  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н ийн цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй ба  түүний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.ГАНЗОРИГ