Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 105

 

  2020        05           22                                          2020/ШЦТ/105

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0146/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй  хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Д.Ганхуяг,

Шүүгдэгч                                                          Н.А  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Н.А –д холбогдох 193900........дугаартай эрүүгийн хэргийг  2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.А 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн О.О, Б.О, О.У нарыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж О.О, Б.О нарт тугалтай үнээ зарна гэж О.Оээс 1.700.000 төгрөгийг, Б.Огаас 1.700.000 төгрөгийг, О.Угоос 104 төгрөгний үнэ бүхий самсунг эс 2 маркийн гар утас зэргийг тус тус хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэгт холбогджээ.   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн О.О, Б.О, О.У нарыг залилж бусдад нийт 3.504.000 төгрөгийн хохирол   учруулсан болох нь:

 

1. Хохирогч  О.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би дэлгүүр дээрээ 11 цагийн үед сууж байсан чинь А манай дэлгүүрт орж ирээд намайг утсаа өгөөч би хүнтэй ярих гэсэн юм  гэсэн. Тэгээд Нанзадын Насанжаргал руу яриад мал өгье дүү нь банкны зээл төлөх гэсэн юм гэж утсаар ярьсан. Тэгээд тугалтай бяруутай үнээ дээр нь шүдлэн байхаа ямар ч байсан нилээн хэдэн тооны юм хэлсэн. Тэгэхээр нь би 1.700.000 төгрөгөнд яасан их юм өгдөг юм бэ? гэсэн чинь өнөөдөр зээл төлөлттэй. Орой 00 цаг өнгөрөөгөөд татдаг юм гэж надад хэлсэн. Тэгсэн чинь та тэгвэл надад мөнгө өгчих надад 1.700.000 төгрөг өгчих гэсэн. Тэгэхээр нь би үнэн биз маргааш яг хэдэн цагт буцааж өгөх юм бэ? гэсэн чинь маргааш 12 цаг гэхэд би танд буцаагаад өгчихнө гэсэн. Тэгээд би чамд дэлгүүрийнхээ барааны мөнгийг өгчихлөө шүү гэсэн. Тэгээд 1.700.000 төгрөг өөрийнх нь данс руу шууд гар утаснаасаа шилжүүлсэн. Тэгээд надаас мөнгө авсан юм чинь малаа Нанзадын Насанжаргалд өгч яах гээ вэ? гэсэн чинь дансаа би Насанжаргал руу явуулахгүй байхад л болоо шүү дээ, танаас харин мөнгө бүтчихлээ гээд А манай дэлгүүрээс гараад явсан. Тэгээд удалгүй байсан чинь уурын зуухны дарга Энххуяг манай дэлгүүрт орж ирээд А харагдав уу? ажил дээрээ байхгүй алга болчихлоо. Сураг сонссон чинь Улаанбаатар хот явсан сурагтай гэхээр нь мэдсэн юм... Би Аээс 1.700.000 төгрөгөө нэхэмжилж байна.... Намайг залилж 1.700.000 төгрөг авсанд Аэд гомдолтой байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/

2. Хохирогч  Б.Огийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үдээс хойш 12 цагийн үед А манай нөхрийн утас руу залгаад тугалтай үнээ, бяруутай үнээ,  мөн нэг бяруу зармаар байна. Надад мөнгөний хэрэг гараад байна. Та авчихаач. Банкны зээл төлөх хугацаа болоод байна гээд байхаар нь би тэр хэлсэн үхрүүдийг нь авахаар болоод мөнгөө шилжүүлэхгүй байсан чинь байн байн манай нөхрийн утас руу залгаад 14 цагаас банк мөнгөө татах гээд байна гээд байхаар нь би өөрийнхөө мобайлаар Аийн 5990238905 дугаарын дансруу 1.700.000 төгрөг шилжүүлсэн юм. Тэр үед миний утас болохгүй байна гээд О эгчийн утаснаас байн байн залгаад байсан юм. Мөнгө шилжүүлсний дараа Аийн өөрийнх нь 89366696 дугаарын утас нь холбогдож байсан. Над руу өөрийнхөө дугаараас залгаад мөнгө миний дансанд орсон байна гэж хэлсэн. Түүнээс хойш яриагүй. Орой нь 18 цагийн үед Онон ах над руу залгаад манай хүргэн А чамаас мөнгө авсан юм уу? гэж утсаар асуухаар нь тийм надаас 1.700.000 төгрөгөөр нэг бяруутай үнээ, нэг тугалтай үнээ өгнө гээд надаас мөнгө авсан гэж хэлсэн. Тэгсэн утсаа салгасан юм. Дараа нь нилээн сүүлд Онон ах над руу залгаад манай хүргэн та нарыг залилаад Улаанбаатар хот руу явчихсан байна гэсэн. Тэгээд л Аэд залилуулчихлаа гэдгээ мэдээд Аийн өөрийнх нь утас руу залгаад байхаар утас нь ерөөсөө холбогдохгүй байгаа юм... Би Аээс 1.700.000 төгрөг нэхэмжилж байна... Намайг залилж 1.700.000 төгрөг авсанд гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авмаар байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

3. Хохирогч О.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр дэлгүүр дэрээ сууж байтал 10 цаг өнгөрч байхад Н.А дэлгүүр рүү орж ирээд гар утсаа усанд унагаачихлаа. Танай энэ утсыг чинь авъяа маргааш банк онгойхоор мөнгийг нь өгье гэхээр нь өгөөд явуулсан чинь залилуулсан байсан... 150.000 төгрөг нэхэмжилж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 тал/

4. Гэрч О.Мөнхцоожийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... А бид хоёр гэр бүлийн баталгаа байхгүй хамтран амьдрагч байсан юм. 2016 оноос хойш А бид хоёр хамтран амьдарч байгаад 2019 оны 04 дүгээр сарын 12-ны үед бид хоёр хоорондоо маргалдсан чинь манай эндээс 3 хүнээс мөнгө болон гар утас залилаад аваад явчихсан байсан. Түүнээс хойш бид хоёр холбоо тасарсан, хамтран амьдрахаа болиод байгаа юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 тал/

 

5. Шүүгдэгч Н.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Тэгээд 2019 оны 04 дүгээр сард гэр бүлийн маргаанаас болж эхнэр бид хоёр салах дээр тулаад би явахаар болсон... Тухайн үед би мөнгөгүй байсан болохоор хадам ээжийн танил О.О гэх хүнтэй уулзаад тугалтай үнээ өгнө гэж хэлээд 1.700.000 төгрөг өөрийн 5990238905 гэх дансаар авсан. Мөн Б.О гэх хүнээс тугалтай үнээ өгнө гэж хэлээд 1.700.000 төгрөг өөрийн дансаар авсан... Тэр өдрөө О.У гэх хүнээс миний утас эвдэрсэн байна. Найздаа хямдхан зарах утас байвал өгөөч гэж хэлээд би О.Угоос 150.000 төгрөгөөр бодож самсунг эс 2 маркийн гар аваад тэр өдрөө Улаанбаатар хот руу таксигаар явсан... Миний өөрийн нэр дээр А данс болон мал гэхээр юм байхгүй ээ... Би хохирлоо нөхөн төлнө...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-45 тал/

 

6. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн ШД-218 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгсэн бөгөөд тооцооллын үр дүнд Samsung S2 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг нийт 104.000 /нэг зуун дөрвөн мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 51-55 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдыг хуурч эд хөрөнгийг нь  залилан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч О.От 1.700.000 төгрөгийн, Б.Од 1.700.000 төгрөгийн, О.Уд 104.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь уг хохирлуудыг төлж барагдуулсан болох нь мөнгөн шилжүүлгийн баримтууд /хх-ийн 99-101 тал/-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөх төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж,  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан, прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,  36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аийг бусдыг залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Аийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.А-д  оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц сард 200.000 төгрөг төлөхөөр буюу 3 сарын дотор төлж дуусгахыг даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.А-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                    Д.ГАНЗОРИГ