Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 877

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч шүүгч Ц.Амаргэрэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,

Иргэдийн төлөөлөгч З.Оюунцэцэг,

Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

Хохирогч Б.Уранбилэг,

Шүүгдэгч С.А , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.С , түүний өмгөөлөгч О.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлтэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.С од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 05529 2114 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2001 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.С .

 

2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 1-ний өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, эрэгтэй, 20 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,   хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1-Б тоотод түр оршин суух, гавъяа шагналгүй,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  9, С.А .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

 

Шүүгдэгч С.А , Б.С  нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандах нар” хүнсний дэлгүүрийн хойд талд байдаг дугуй засварын орчимд иргэн С.Тэмүүжингийн Самсунг Жи-7 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.С  нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч С.Цэдэн-Ишид гар утсаар чинь “чат бичээд өгье” гэж хуурч залилан авч 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Ворлд” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бат-Эрдэнэтэй маргалдан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж цээжин тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 34-20 тоотод байрлах Зуслангийн байшинд Б.Уранбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүр рүү стакан шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Цаашид ариун цагаан хөдөлмөрөөрөө ажиллаж амьдарна. Тиймээс хөнгөн ял шийтгэж өгнө үү. Төрсөн ах маань С.Энхбат гэдэг хүний гарт амиа алдсан бөгөөд шүүх хуралдаан нь өнгөрсөн лхагва гарагт болсон. Тэрнээс болж ээжийн сэтгэл санаа хүнд байгаа. С.Энхбат нь надад Батболд гэдэг өмгөөлөгч авч өгсөн бөгөөд тухайн өмгөөлөгч ээжийн маань эмнэлгийн бичиг баримтыг алга болгосон талаар хэлсэн. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул хөнгөн ял шийтгэж оногдуулж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А  мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ээж маань 3 дугаар эмнэлэгт зүрхний том хагалгаанд орох гэж байгаа бөгөөд миний шүүх хуралдаанаас болж хойшлогдож байна. Хөнгөн ял шийтгэж өгнө үү.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уранбилэг мэдүүлэхдээ: “...Б.С  миний хөмсгийг сэтэлсэн бөгөөд 350.000-500.000 төгрөгөөр косметик оёдол хийлгэнэ гэж хэлсэн. Тиймээс шүүгдэгч Б.С оос 500.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаар иргэн Т.Бат-Эрдэнээс гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-2/, хохирогч Т.Бат-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /1хх-20-21, 22-23/, гэрч Ц.Мөнх-Одын өгсөн мэдүүлэг /1хх-24-25/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 132 дугаартай дүгнэлт /1хх-36/, иргэн С.Тэмүүжингийн өгсөн мэдүүлэг /1хх-67-68, 69/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /1хх-78/, иргэн С.Цэдэн-Ишээс гаргасан гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх-168/, хохирогч С.Цэдэн-Ишийн өгсөн мэдүүлэг /1хх-182-183/, мөрдөгчийн хэрэгт хавсаргуулахаар гаргаж өгсөн “...Б.Содбилэг гэх хүнийг гэрэл зургаар эрэн сурвалжлах ажиллагаа явуулан шалгахад уг этгээд нь Б.Содбилэг биш Б.Соронзолд гэх хүн болохыг тогтоож ажилласан болохыг тэмдэглэл болгов.” гэх тэмдэглэл /1хх-163/, эд зүйлийн үнэлгээ /1хх-176/, иргэн Б.Уранбилэгээс гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /2хх-67/, хохирогч Б.Уранбилэгийн өгсөн мэдүүлэг /2хх-83/, гэрч Б.Хатанболдын өгсөн мэдүүлэг /2хх-87/, Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 6355 дугаартай дүгнэлт /2хх-93/, Б.С ын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-73, 184/, хохирол барагдуулсан тухай тэмдэглэл /1хх-228, 229/, Б.С ын нас тоолсон тухай тэмдэглэл /1хх-188/, шүүгдэгч Б.С ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-192/, шүүгдэгч С.А ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-144/, шинээр Н.Саруултуяагийн өвчний картын хуулбар 2 хуудас, хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэний тодорхойлолт 1 хуудас, 4 хуудас баримт зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

1. Шүүгдэгч С.А , Б.С  нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандах нар” хүнсний дэлгүүрийн хойд талд байдаг дугуй засварын орчимд иргэн С.Тэмүүжингийн Самсунг Жи-7 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Тэмүүжингийн өгсөн: “...2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр 18 цагийн үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мандах нар” хүнсний дэлгүүрийн хойд талын дугуй засварын газарт өөрийн эзэмшлийн 04-61 УБВ улсын дугаартай Аксент маркын машиныхаа дугуйн хийг нэмүүлж байсан юм. Тэр үед зүс таних Б.С , С.А  гэдэг 2 хүүхэд хүрч ирээд шууд машинд суусанаа “урагшаа дөхүүлээд өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “амжихгүй ээ би хот руу яараад байна” гэж хэлсэн чинь эхлээд С.А  гэдэг хүүхэд буусан. Араас нь Б.С  буухдаа машины голын тавиур дээр байсан миний гар утсыг аваад буухаар нь би “хөөе утас” гэсэн чинь хойшоо зам гараад зугтаагаад гүйхээр нь би араас нь 2 гудамж гүйсэн боловч барьж авч чадаагүй.” /1хх-67-68/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Сарантуяагийн өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын өдрийг нь санахгүй байна. “Сайн” ломбарднаас Самсунг Ж7 маркийн гар утсыг 599.000 төгрөгийн лизенгээр худалдан авсан. Аваад сар ч болоогүй байхад буюу 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүрэг 11 хороонд машиныхаа дугуйг хийлүүлээд байхад нь хүүгийн танил Б.С , С.А  нар нь хүргээд өгчих гэж суусан гэсэн. Тэгээд утсыг нь аваад буусан байсан. Тэгээд зугтаагаад явсан гэсэн.” /1хх-74/ гэх мэдүүлэг, 

 

2019 оны 7 дугаар 26-ны өдрийн “Тод үнэлгээ” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний тайлан /1хх-78/ зэргээр тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Б.С  нь 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч С.Цэдэн-Ишид гар утсаар чинь “чат бичээд өгье” гэж хуурч залилан авч, 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Ворлд” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бат-Эрдэнэтэй маргалдан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,

2019 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 34-20 тоотод байрлах Зуслангийн байшинд Б.Уранбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүр рүү стакан шидэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь дараахи нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдсон болно. Үүнд:

        

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бат-Эрдэнийн өгсөн: “... 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 06 цагийн үед Баянзүрх дүүргийн 13 хорооны нутаг дэвсгэрт байрлах гэрээсээ найз Б.С  намайг дуудсан юм. Ингээд би гэрээсээ Хөдөө аж ахуйн “Шөлөндөө”-гийн ард талд очиж уулзахад Б.С , Од, Одын найз Эрка гэх хүүхэд байсан юм. Би тэд нартай уулзаад Эркагийн гар утсыг гинжтэй нь ломбарданд тавиулаад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Хөдөө аж ахуйн хойно байх нэрийг нь санахгүй байна. Буудалд бид 4 ороод 0,75 граммтай архи, 1 ширхэг хар том пиво хувааж уусан юм. 22 цагийн үед байхаа сайн мэдэхгүй байна. Б.С ын найз охин нь ирсэн. Б.С  найз охиноо тосож авах гээд Б.С  бид хоёр буудлаас гарахад Б.С  “чи яагаад найзуудын хажууд доошоо хийгээд байгаа юм бэ” гэсэн зүйл ярьж явж байгаад хаанаас ч юм мэдэхгүй гэнэт нэг юм гаргаж ирээд миний зүүн суганы доод хэсэгт хатгах шиг болсон. Удахгүй шингэн зүйл урсаж байгаа юм шиг санагдаад байхаар нь гараараа тэмтэрч үзэхэд цус байсан. Би айгаад Б.С оос зугтаагаад замын нөгөө талд гарч ирээд Б.С оо “чи дахиад надтай таарна” гэж хэлсэн. Б.С  юу ч болоогүй юм шиг яваад өгсөн. Би ганцаараа үлдээд гэр рүүгээ явах гэж байснаа болиод ээжийнхээ санааг зовооно гэж бодоод буцаад буудалд орсон. Буудалд ороход Б.С  байгаагүй. Од гэх найз минь минь намайг дагуулаад эмнэлэг явсан...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сокогийн ээж нь над руу ярьж уулзаад миний хохиролд 300.000 төгрөг өгсөн. Миний хувьд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” /1хх-20-21, 22-23 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Мөнх-Одын өгсөн: “...Тэгээд дэлгүүр оронгуутаа Соко /Соронзонболд/ жижигхэн хутга авсан. Дэлгүүрийн эзэн мөнгөө нэхсэн чинь Соко “өөрийнхөө картыг уншуулна” гээд уншуулсан чинь үлдэгдэл хүрэлцээгүй. Тэгээд “мөнгөө задлуулаад ирье” гэж хэлээд хутгаа аваад гараад явчихсан. Би хутганых нь мөнгийг өгөөгүй араас нь гараад явсан. Уг нь тэр хутга 1300 төгрөгийн үнэтэй жижигхэн хутга байсан. Соко бид 2 буудал руугаа буцаж явж байх замд “намайг хутга авсан” гэж нөгөө хэддээ хэлээд үзээрэй хэлвэл “яахаа мэдэж байгаа биз дээ” гэж намайг бас сүрдүүлсэн. Тэгээд удалгүй би буудлын өрөөндөө орсон чинь Эрка ганцаараа унтаж байсан. Би тэгээд 1 ундаа уугаад хэвтэж байсан чинь гаднаас Баагий бөгтийчихсөн орж ирсэн. Тэгээд би “яасан” гэж хэлсэн чинь манийг чинь Соко хутгалчихсан гэж хэлсэн. Миний харснаас Баагийн зүүн талын хавиргандаа хутгалуулсан, цус гарсан байсан. Тэгээд би Баагийтай хамт гараад Дүүргийн эмнэлэгт очсон чинь бид хоёрын Цэргийн төв эмнэлэг рүү явуулсан.” /1хх-24-25/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 132 дугаартай дүгнэлт:

1. Т.Бат-Эрдэнийн биед цээжний хөндийд нэвтэрч хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж учрах үедээ амь насанд аюултай.

3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид дээрхи гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /1хх-36/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Цэдэн-Ишийн өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн шөнийн захын с-12 дугаар лангуун дээр ажлаа хийгээд байж байхад зүс таних Б.Содбилэг нь ирсэн. Тэгээд миний гар утсыг гуйгаад “чат бичээд өгье” гэж хэлсэн. Миний гар утсыг аваад гарсан. Би ажилтай байж байгаад араас нь гарч чадаагүй. 30 минутын дараа өөрийн 96012194 дугаар руу залгахад миний утас холбогдох боломжгүй болсон байсан. Тэгээд эргэн тойронд хайхад байхгүй гэсэн.” /1хх-182-183/ гэх мэдүүлэг,

 

Эд зүйлийн үнэлгээ /хх-185/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уранбилэгийн өгсөн: “...2019 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 34-20 тоотод байрлах зуслангийн байшинд найз Удвал түүний найзууд Соко, Хабу, Хишгээ, Ганзо нарын хамтаар очсон юм. Тэгээд бид хэд бөөндөө архи, пиво уугаад хоорондоо юм яриад байж байсан. Удалгүй Удвал, Хабу, Хишигээ, Соко нар нь байшингийн дээд давхар руу гарсан. Харин би Ганзо гэдэг хүнтэй цуг үлдээд хоорондоо юм яриад сууж байтал хоёр давхраас Соко гэгч нь бууж ирснээ намайг шууд “гэрээс зайл” гэж хэлэхээр нь “харанхуй шөнө зайл гэж хэлдэг хэн юм бэ, чамайг би мэдэхгүй юм байна” гэж хэлэхэд Соко гэгч нь “чи намайг хэл амаар доромжилсон” гэж хэлснээ ширээн дээр байсан шилэн стаканыг над руу шидсэн. Тэгэхээр нь нүүрээ гараараа хаатал шилэн стакан нь миний зүүн хөмсөг зүүн гарын чигчий хурууг онож гэмтээсэн чинь нүдний хөмсөгнөөс цус гараад миний өмсөж байсан куртик цус болчихсон байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэсэн боловч миний гар утасны цэнэг дууссан болохоор дуудаж чадаагүй. Тэр үед Соко гэгч нь надаас уучлалт гуйгаад байснаа ах гэх хүн рүүгээ гар утсаар залгаж яриад маргааш гэхэд хохирлыг нь төлнө гэж хэлээд байсан.” /2хх-83/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хатанболдын өгсөн: “...Би хоёр давхраас доошоо буугаад ирсэн чинь Соко болон Удвалын найз охин тэр хоёр бие биенийхээ өөдөөс харсан. Чинзо ах гол хэсэгт нь суучихсан байсан. Удвалын найз охин “цагдаа дуудна” гэж хэлээд хөмсөг нь сэтэрсэн, хуурай салфеткаар дарчихсан зогсож байсан. Соко нь Удвалын найз охин руу ундааны стакан шидсэн гэсэн. Тэр тэгээд оночихсон гэж яриад байсан. Удалгүй бөөндөө унтсан.” /2хх-87/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О.Удвалын өгсөн: “...Би Б.Уранбилэгийн хөмсгийг гэмтээж байхыг хараагүй. Тэр үед нь унтсан байсан. Маргааш өглөө нь Б.Уранбилэгийн хөмсөг нь сэтэрсэн шархтай болсон байсныг харсан юм. /2хх-89/ гэх мэдүүлэг,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 6355 дугаартай дүгнэлтэд:

          1. Б.Уранбилэгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн гарын чигчий хурууны 2,3 дугаар үений зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрхи гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлэээр үүсгэгдэнэ.

          3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар болон гоо сайханд нөлөөлөхгүй.

          4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /2хх-93/ гэх мэдүүлэг,

 

Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх /1хх-7-15/,

Хохирол төлсөн баримтууд /1хх-225, 228, 229, 2хх-32, 33, 34/,

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-75-76/,

Хохирлын баримт /2хх-77/,  

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /1хх-192, 2хх-144/ болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.С ын өмгөөлөгч О.Анхбаярын зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлана уу, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял шийтгэж өгнө үү, Б.С  нь гэмт хэрэг үйлдэх үедээ 16, 17 настай байсан буюу тухайн үед насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэгт холбогдсон байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн түүнд оногдуулах ялыг 2 дахин багасгаж өгнө үү.” гэх тайлбар, шүүгдэгч С.А ын өмгөөлөгч Энх-Эрдэнийн зүгээс: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2 жил ял хойшлуулсан бөгөөд ял эдэлж дуусахаас 5 сар 1 хоногийн өмнө гэмт хэрэг үйлдсэн. С.А  2002 оны Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 2 жилийн ял хойшилсон бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс шинэ Эрүүгийн хууль үйлчилж энэ үед тэгшитгэл явагдсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-т заасан гэмт хэргийг гэмт хэрэгт тооцохоо больсон бөгөөд гэмт хэргийн шинжээ алдсан. Тэгэхээр энэ нь ял хойшилсон хугацааг ял эдэлсэнд тооцуулах үндэслэлтэй байна. Хуучин Эрүүгийн хуулинд тэгшитгэлийг нэмж нэгтгэх асуудал яригддаг байсан. Өмгөөлөгчийн зүгээс 5 сар 1 хоногийн хугацаанд дээр одоо шүүхээс оногдуулах 6 сарын ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хугацааг тогтоож өгнө үү.” гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шудрага ёсны зарчимд нийцэх ёстой тул өмгөөлөгч нарын тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

Шүүгдэгч Б.С , С.А  нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Бат-Эрдэнэ, С.Тэмүүжин,С.Цэдэн-Иш, Б.Уранбилэг, гэрч Ц.Мөнх-Од, Б.Хатанболд, О.Удвал, С.Сарантуяа нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 132, 6355,  дугаартай дүгнэлтүүд, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн өвчний түүх, хохирол төлсөн баримтууд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримт зэргээр нотлогдон тогтоосон байх тул мөрдөгч дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхээс тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, шүүгдэгч нараас яллагдагчаар болон бусад гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Шүүгдэгч С.А , Б.С  нар нь бүлэглэн 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мандах нар” хүнсний дэлгүүрийн хойд талд байдаг дугуй засварын орчимд иргэн С.Тэмүүжингийн Самсунг Жи-7 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.С ын 2018 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтжин бөмбөгөр” худалдааны төв дотор хохирогч С.Цэдэн-Ишид гар утсаар чинь “чат бичээд өгье” гэж хуурч залилан авч 650.000 төгрөгийн хохирол учруулахдаа эргүүлэн төлөх санхүүгийн боломжгүйгээ мэдсээр байж бусдын эд хөрөнгийг хуурч захиран зарцуулж байгаа нь бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх зорилгогүйгээр тэдгээрийн эд хөрөнгийг авч байгаа буюу бусдыг залилсан үйл ажиллагаа гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Б.С ын бусдын хөрөнгийг хуурч, төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж авсан нь бусдын эд хөрөнгийг авах гэмт хэргийн шинжийг бүрэн тодорхойлж байгаа болно.

 

 

Мөн шүүгдэгч Б.С ын 2019 оны 9 дүгээр сарын 14-ний орой Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нью Ворлд” зочид буудлын гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Бат-Эрдэнэтэй маргалдан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалтай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.

 

Шүүгдэгч Б.С ын 2019 оны 5 дугаар сарын 19-ний орой 23 цагийн үед Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Санзай 34-20 тоотод байрлах Зуслангийн байшинд Б.Уранбилэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний нүүр рүү стакан шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.С , С.А  нарын гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж шүүхээс дүгнэж, тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.С од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзлээ.

 

Хохирогч Б.Уранбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт гэм хорын хохирол, нөхөн төлбөртэй холбоотой нийт 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг нотлох баримтын шаардлага хангаагүй үндэслэлээр энэ шийтгэх тогтоолын хүрээнд хангах боломжгүй бөгөөд холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Б.С , С.А  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.С , С.А  нар хохирогч нарт учирсан баримттай хохирлыг нөхөн төлсөн ба үүнийг шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.С од ял шийтгэл оногдуулахдаа эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ял шийтгэлийг биелүүлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Мөн шүүгдэгч Б.С од хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.С од оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулах 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлэн тооцож 30 хоног буюу 1 сарын  хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Б.С од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг нэмж нэгтгэж түүний биечлэн эдлэх ялыг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч С.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Урьд шүүгдэгч С.А  нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Б.С той бүлэглэн иргэн С.Тэмүүжингийн Самсунг Жи-7 маркын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д заасан “ тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж хуульчилсан байх тул түүнд урьд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэлийг нэмж нэгтгэн нийт түүний ял эдлэх хугацааг тогтоохоор шийдвэрлэв. 

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Мөн шүүгдэгч Б.С  нь 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн энэ хэрэгтээ нийт 234 хоног цагдан хоригдсон. Шүүгдэгч С.А  нь өмнөх хэрэгтээ 31 хоног тус тус цагдан хоригдсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллааганы зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

        1. Шүүгдэгч Б.С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн” гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч С.А ыг Эрүүгийн хуулийн

ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д заасан “бүлэглэн, бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан буюу дээрэмдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Б.С од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

С.А т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар Б.С од оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор дүйцүүлэн, 30 хоног буюу 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Б.С од оногдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг дүйцүүлэн оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт түүний биечлэн эдлэх ялын хугацааг 6 жил, 1 сарын хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар С.А т оногдуулсан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д тус тус зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг нийт 2 жил, 6 сарын хугацаагаар тогтоосугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.С ын цагдан хоригдсон 234 хоног, С.А ын цагдан хоригдсон 31 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

           7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Б.С од оногдуулсан 6 жил, 1 сарын хугацаагаар хорих ял, С.А т оногдуулсан 2 жил, 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

           8. Хохирогч Б.Уранбилэг нь цаашид гарах эмчилгээ болон гэм хорын зардалтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.С од урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

          11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.С , С.А  нар авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                Э.ЧИНГИС

 

                                        ШҮҮГЧИД                                Н.БААСАНБАТ

 

                                                                                     Ц.АМАРГЭРЭЛ