| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 819 |
| Огноо | 2020-05-05 |
| Зүйл хэсэг | 17.2.3.2., |
| Улсын яллагч | П.Даваасүрэн |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 05 өдөр
Дугаар 819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч Ц.Амаргэрэл, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал,
Улсын яллагч П.Даваасүрэн,
Иргэдийн төлөөлөгч В.Энхтуяа,
Шүүгдэгч Ц.Ж , түүний өмгөөлөгч Ц.Мандал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Ж д холбогдох эрүүгийн 2006 00977 0596 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1961 оны 8 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Ц.Ж .
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Ж нь 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Алтанчимэгийн ажиллуулдаг “Шар” нэртэй дэлгүүрээс архи, тамхи зэргийг зэвсэг хэрэглэн, хууль бусаар, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэн авч бусдад 7500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Ж мэдүүлэхдээ: “...Би оёдлын машины засварчин хийдэг. 32, 33 жил уг ажлыг хийж байна. Хөгшин хүн болохоор ажилд авдаггүй учраас хувиараа машин засдаг. Тухайн өдөр отверкаа гутлын түрүүнд хийгээд манай хүүхэд “хутга ирлээд өг” гэхээр нь халаасандаа хийгээд явж байсан. “Шар” хүнсний дэлгүүрээс архи зээл авах гээд орсон. Тэгээд архийг нь буцааж тавьсан. Тамхины мөнгийг төлж барагдуулсан. Мөн маргааш нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би Д.Алтанчимэгийг сайн мэднэ гэв. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хувийн байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Алтанчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-14-18/, гэрч М.Гэрэлцацралын өгсөн мэдүүлэг /хх-19-20/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-7/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаа Э.Наранжаргалын бичсэн илтгэх хуудас /хх-8/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-12-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-27-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-33/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-35/, шүүгдэгч Ц.Ж ы урьд ял шийтгэгдэж байсан эсэхийн лавлагаа /хх-40/ зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ц.Ж нь 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Алтанчимэгийн ажиллуулдаг “Шар” нэртэй дэлгүүрээс архи, тамхи зэргийг зэвсэг хэрэглэн, хууль бусаар, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэн авч бусдад 7500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Алтанчимэгийн өгсөн: “...Гаднаас согтуу шууд хараагаад л ороод ирсэн. Тэгэнгүүтээ шууд намайг “чи бол муухай ааштай, муу хүүхэд, би танай ээж аавыг чинь мэднэ, эгчийг чинь мэднэ, чи бол муухай ааштай, гэрийнхэн чинь бол гайгүй” гэж хэлээд хутгаа гаргаж ирээд “хэн ч намайг дийлэхгүй, чамайг ална шүү гичий минь” гээд хутгаа далайгаад “халхын хавтгайд хар Жагаа гэж бүгд мэднэ” гээд хэлж байгаад шууд очиж архи шүүрч аваад би “энийг чинь авлаа” гэж хэлээд аваад гараад явсан. Тэр архи нь Монгол Стандартын 0.33 литрийн архи байсан. Тэгээд би гараад явангуут нь цагдаа дуудсан. Тэгээд 10 орчим минутын дараа эргэж орж ирээд “алив чи нэг тамхи өгөөдөх” гэж хэлэхээр нь би нэг ширхэг бүтэн хайрцагтай Улаан шонхор тамхи өгөхөд аваад шууд гараад явахад нь үүдэнд нь цагдаа нар ирж таарсан. Би Жагаа гуайг дайрж давшаад хэл амаар доромжлоод байхад нь өөдөөс нь ямар нэгэн байдлаар уурлаж элдэвээр хэлж хэрэлдсэн зүйл байхгүй. Тухайн үед би ханиадтай, бие өвчихсөн байсан учраас чимээгүй л байгаад байсан.” /хх-14-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Гэрэлцацралын өгсөн: “...Өнөөдөр буюу 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 12 цагийн орчим Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, “Шар” дэлгүүрт Д.Алтанчимэг бид 2 ажиллаж байх үед зүс таних 50 орчим насны Жагаа гуай орж ирээд Д.Алтанчимэгийг кассан дээр сууж байхад “чи муу ааш муутай, лалар, танайхныг бүгдийг нь би мэднэ” зэргээр харааж байгаад гутлын баруун талын түрүүнээс урт төмөр гаргаж ирээд Чимгээ рүү далайж байснаа буцааж түрүү рүүгээ нөгөө төмрөө хийж байгаа харагдсан. Тэгээд зүүн түрүүнээс нөгөө төмрөө гаргаж ирээд Чимгээ рүү далайж “Би чамайг ална, би Улиастайн атмаан” зэргээр хэлж байснаа архины эгнээ рүү очиж Монгол стандарт архи аваад гараад явсан. Тэгээд 20 минутын дараа буцаж орж ирээд “тамхи өг” гэж хэлээд Чимгээгээс тамхи аваад явсан. Эргүүлийн офицер ирж Жагаа гуайг барьж аваад явсан. Хутга болон урт төмөр гаргаж ирээд Д.Алтанчимэг рүү далайж байсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4/,
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаа Э.Наранжаргалын бичсэн илтгэх хуудас /хх-8/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12-13/,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-28/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-33/,
“Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-35/ зэрэг гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтуудаар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Мандалын зүгээс: “...Миний үйлчлүүлэгч Ц.Ж нь тухайн үедээ дээрэмдэх санаа агуулаагүй. Олон жил ойрхон амьдарсан учраас аав ээжийг нь таньдаг. Архи зээлэх гэж ороод ийм зүйл болсон байна. Дээрэм хийх санаа агуулсан бол ядаж бэлэн мөнгө, үнэтэй архи авах байсан. Гэтэл тамхины үнийг хасахаар Монгол стандарт 0.33 граммийн архи 5.500 төгрөг орчим байна. Таньдаг хүнээ дээрэмдэхгүй шүү дээ. Дээрэм гэмт хэргийг хэлбэрийн төдий агуулсан гэх тайлбарыг гарган мэтгэлцэх боловч мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Алтанчимэгийн өгсөн: “...хутгаа гаргаж ирээд “хэн ч намайг дийлэхгүй, чамайг ална шүү гичий минь” гээд хутгаа далайгаад “халхын хавтгайд хар Жагаа гэж бүгд мэднэ” гээд хэлж байгаад шууд очиж архи шүүрч аваад би “энийг чинь авлаа” гэж хэлээд аваад гараад явсан.” /хх-14-18/ гэх мэдүүлэг, гэрч М.Гэрэлцацралын өгсөн: “...зэргээр харааж байгаад гутлын баруун талын түрүүнээс урт төмөр гаргаж ирээд Чимгээ рүү далайж байснаа буцааж түрүү рүүгээ нөгөө төмрөө хийж байгаа харагдсан. Тэгээд зүүн түрүүнээс нөгөө төмрөө гаргаж ирээд Чимгээ рүү далайж “Би чамайг ална, би Улиастайн атмаан” зэргээр хэлж байснаа архины эгнээ рүү очиж Монгол стандарт архи аваад гараад явсан.” /хх-19-20/ гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн цагдаа Э.Наранжаргалын бичсэн илтгэх хуудас /хх-8/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-12-13/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-29-33/, “Тод үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-35/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул мэтгэлцсэнийг хүлээн авах боломжгүй.
Дээрхи нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.Ж ы 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Д.Алтанчимэгийн ажиллуулдаг “Шар” нэртэй дэлгүүрээс архи, тамхи зэргийг зэвсэг хэрэглэн, хууль бусаар, хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдэн авч бусдад 7500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан “бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдсэн гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.
Дээрэмдэх гэмт хэрэг нь гэж бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж үйлдсэн гэж гэмт этгээд хохирогчийн бие махбодид халдаж, түүний эсэргүүцлийг няцаан эд хөрөнгийг авсан байхыг ойлгоно.
Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэрэг нь иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгө, эд юмс, түүнийг эзэмшиж, хамгаалж байгаа иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөнд нь нэгэн зэрэг халдаж заналхийлж довтолдгоороо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн дотор нийгэмд аюултай хамгийн хүнд гэмт хэрэгт тооцогдоно. Зэвсэг гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, хэрэгслийг хэлэх ба галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь байж болно.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Ж д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч Ц.Ж ы хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан хорих ял шийтгэл оногдуулахаар шийдвэрлэв.
Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ж д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Ц.Ж д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Энэ хэрэгтээ шүүгдэгч Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах, 35,5 см урттай цагаан өнгийн бариултай отверк 1 ширхэг, 23,5 см урттай бор
өнгийн модон бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д заасан “бусдын эд хөрөнгийг зэвсэг хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж довтолж дээрэмдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ц.Ж д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т тус тус зааснаар Ц.Ж д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах, 35.5 см урттай цагаан өнгийн бариултай отверк 1 ширхэг, 23.5 см урттай бор өнгийн модон бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Ж д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Ж д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ,
Ц.АМАРГЭРЭЛ