Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 468

 

 

 

 

 

 

 

 

2020         05          18                                   2020/ШЦТ/468       

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Нарийн бичгийн дарга: Ц. Чулуунчимэг,

Шүүгдэгч: М.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Ганзориг нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Мягмарын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2009008690453 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 39 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Цагаан давааны хогийн цэг дээр хог түүдэг, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Станцын хажууд байрлах задгай тоотод оршин суудаг хаягтай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 426 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хугацаа дуусаж суллагдсан, хэрэг хариуцах чадвартай Боржигон овгийн Мягмарын Б/РД:ФД82071813/,

Холбогдсон хэргийн талаар /2019 оны 04 дүгээр сарын 22 ны өдрийн 380 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч М.Бнь 2020 оны 03 дугаар сарын 01-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 429 тоотод оршин суугч хохирогч Б.Батсүрэнгийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалж нэвтэрч плитка, тень, эмэгтэй хүний шилэн триконууд, Дэлхийн хаан хүүхдийн төлөө багш медаль 1 ширхэг, хөдөлмөрийн алдар медаль 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 216.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад         

 ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Үүнд: Шүүгдэгч Л.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын ойролцоох 9 дүгээр дэлгүүрийн харалдаа байдаг найзынхаа гэрт архи ууж байгаад оройхон буюу 22:00 цагаас 23:00 цагийн хооронд харихаар ганцаараа гарч хойшоогоо далан дагуу алхаж явж байгаад 17-ийн автобусны буудал болон Дарь эхийн шинэ эцэс хоёрын хоорондох далан дагуу ойролцоох газар иртэл гадуураа цэнхэр өнгийн хаалгатай хашаа байсан бөгөөд хашааных нь хаалга нь онгорхой байсан тэгэхээр нь яваад ортол улаан өнгийн 1 давхар тоосгон байшин байсан бөгөөд байшингийн хаалга нь цоожтой мөн вакум цонхнууд нь гэрэлгүй харанхуй эзэнгүй байсан. Тэгэхээр нь тус тоосгон байшингийн хойд талын вакум цонхыг нь баруун гарынхаа тохойгоор цохиж цонхны шилийг нь бараг нилэнхүйд нь хагалаад тус хагалсан цонхоороо байшин дотогш ороод халаасанд байсан асаагуурныхаа гэрлийг тусгаад хулгайлчихаар эд зүйл хайж яваад урд талын буюу галтогооных нь өрөөний тавиур дээр байсан индукцин плиткыг тэр хавьд нь байсан нэг тор олоод хийх гэсэн бөгөөд тус торон дотор шаргал өнгийн 2 ширхэг одон медал байсан ба би ямар одон медаль байсныг сайн санахгүй мэдэхгүй байна, тэгэхээр нь тэр торонд индукцин плиткийг хийгээд мөн хойд талын өрөөнийх нь цонхыг нь хагалж орж ирсэн өрөөний цонхны урд байсан хар өнгийн тенийг хулгайлаад мөн орон дээр нь хэд хэдэн ширхэг эмэгтэй хүний задлаагүй шинэ триконуудыг хулгайлж халаасандаа хийгээд плитка болон тенийг орж ирсэн вакум цонхоороо доош газар буулгаж тавьчихаад дараа нь өөрөө бууж индукцин плиткийг тортой нь нэг гарандаа бариад харин хар өнгийн тенийг нь нөгөө гартаа бариад хашааны хаалгаар нь гараад явж байтал араас нэг хүн дуудахаар нь эргээд хартал 50 орчим насны эрэгтэй хүн байсан , тэр хүн намайг юун хүн бэ айлийн юмаар яах гэж байгаа юм бэ, чи сая энэ хашаанаас гарч ирсэнүү гэхээр нь би тэр хүнд тиймээ би сая уг хашаанаас гарч ирсэн гэж хэлтэл тэр хүн намайг наад авч яваа эд зүйлсээрээ яах гэж байгаа юм гэхээр нь би тэр хүнд хандаж, би эзэнд нь өгөх гэж байна гэж хэлтэл тэр хүн надаас эзнийх нь нэрийг асуухаар нь Баярсайхан намайг аваад ир гэсэн юм гэсэн чинь чи худлаа яриад байна чамайг цагдаа дуудаж өгнө гэж хэлээд намайг барьж зогсоод өөрийнхөө гар утсаар цагдаад дуудлага өгөөд удалгүй 2 цагдаагийн алба хаагч ирээд намайг эрүүлжүүлэх байр луу авч явсан ба би тухайн үед архи
согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн согтуу байсан. Хулгайлсан эд зүйл
болох тень, эмэгтэй хүний шилэн тирко болон индукцин плитка зэрэг эд зүйлсийг намайг цагдаад барьж өгсөн хүн аваад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58 дугаар хуудас/,  

Хохирогч Б.Батсүрэнгийн "... 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 11 цагийн үед гэрээсээ гарч явсан орой 22 цагийн үед манай хөрш айлын залуу Сэр- Од залгаад танай гэрт хулгай орчихлоо, хүрээд ир гэсэн, манай гэрийн вакум цонхыг хагалаад хулгай орсон байсан. Сэр-Од надад плитка, тень, эмэгтэй хүний шилэн триконууд хүлээлгэж өгсөн, алдсан бүх зүйлээ хүлээж авсан, энэ хаяган дээр 2006 оноос хойш 14 жил амьдарч байна. би Мягмарын Бгэж хүн танихгүй, алдсан эд зүйлээ буцаагаад асан байгаа, гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-28 дугаар хуудас/,

          Гэрч Б.Сэр-Одын "...2020 оны 03 дугаар сарын 01-ний оройн 22 цагийн үед эхнэр Булгамаа нохой хуцаад байхаар нь гараад буцаж орж ирэхдээ урд айлын цонхыг хүн хагалчих шиг боллоо, чи гараад хараач гэхээр нь орноосоо босоод гараад харсан чинь танихгүй нэг хүн юм барьчихсан явж байхаар нь барьж аваад цагдаа дуудсан. Уг хүн хар тень, тортой юм барьж явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Гэрч М.Соёлмаагийн "... ах 1982 онд Эрдэнэт хотод төрөөд эцэг эхийн гар дээр өсөж, 1990 онд Эрдэнэт хотын Говил тосгоны бага сургуульд орж суралцаж байгаад 1993 оноос эхэлж сургуулиас завсардсан, хэдэн жил алга болчихсон чинь архинд ороод Цагаан давааны хогийн цэг дээр байсан юм. Тэгээд би Сүхбаатар дүүргийн 16-р хороо Станцын тэнд газар аваад гэр барьж өгөөд ээжтэй цуг амьдарч байгаад одоо тэр гэртээ ганцаараа байгаа, архийг одоогоос 2 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн, архи уучихаараа үглээд уйлаад л байдаг, 1 сарын өмнө бил үү надад өөрөө “ах нь хэрэгт орооцолдчихлоо гэхээр нь яасан юм гэж асуусан чинь архи ууж байгаад хулгай хийсэн байна лээ, ах нь одоо бараг явах юм шиг байна, ээжид битгий хэлээрэй” гэж хэлсэн тэрнээс өмнө бол мэдээгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/,

Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-аас гаргасан “ Хөрөнгийн үнэлгээний тайлан” /хх-ийн 49 дүгээр хуудас/

Хэргийн газрын үзлэгийн зүүн тийш харсан вакум цонхны жижиг салхивчны шил хагарч газар унасан байсныг тэмдэглэлд тусган, гэрэл зургаар бэхжүүлэв, уг унасан салхивчны бариулаас доош 25 см орчим зайд гарын алганы мөр илэрснийг наалдамхай туузаар бэхжүүлэн шинжилгээнд хүргүүлэв...” гэсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-11, 12-15 дугаар хуудас/,

 

Эд зүйл хураан авсан талаарх мөрдөгчийн: “...Дэлхийн хаан хүүхдийн төлөө багш медаль 1 ширхэг, хөдөлмөрийн алдар медаль 1 ширхэгийг хураан авч Б.Батсүрэнд хүлээлгэн өгсөн, мөн хохиролд 25.000 төгрөг хүлээлгэн өгсөн...” талаарх тэмдэглэл /хх-ийн 16-17, 18 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Бнь 2020 оны 03 дугаар сарын 01-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 7 дугаар гудамжны 429 тоотод оршин суугч хохирогч Б.Батсүрэнгийн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалж нэвтэрч плитка, тень, эмэгтэй хүний шилэн триконууд, Дэлхийн хаан хүүхдийн төлөө багш медаль 1 ширхэг, хөдөлмөрийн алдар медаль 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр хохирогчид мэдэгдэхгүй нууцаар, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар авч бусдад 216.300 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Батсүрэнгийн мэдүүлэг, гэрч Б.Сэр-Од, М.Соёлмаа нарын мэдүүлэг, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл  зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүх шүүгдэгч М.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Батсүрэнгээс “...гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 16-18 дүгээр хуудас/ зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

М.Бнь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн байдал тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар учирсан хохирол, түүнийг арилгасан байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч М.Бат-Эрдэнийн сэжигтэнээр баривчлагдсан  2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдлаа.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилготой, зөв амьдрах, зан төлөвшил хэвшээгүй, нөгөөтэйгүүр хохирогчоос эд хөрөнгөө хамгаалах хараа хяналт сул зэрэг нөхцөл байдлууд шалтгаалсан гэж үзэхээр байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4,  36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. М.Бат-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч М.Бнь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бат-Эрдэнийн сэжигтэнээр баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

9 . Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

          11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бат-Эрдэнэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН