| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0044/и |
| Дугаар | 57 |
| Огноо | 2017-01-26 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 57
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН ШИЙДВЭР
2017 оны 1 дүгээр
сарын 26-ны өдөр Дугаар 57 Баруун-Урт
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Наран сумын 1 дүгээр багт оршин суух /РД:ЛЮ58122811, утасны дугаар 98380656/ Чой овогт Монхооройн Ганбаатарын
“Төрсөн он, сар, өдөр зөвтгүүлэх” хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч М.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Х.Бат-Эрдэнэ оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.Ганбаатар нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Миний бие нь Сүхбаатар аймгийн Хонгор суманд 1957 оны 1 дүгээр сарын 08-нд төрсөн. Би гурван эгч, гурван дүүтэй, хамгийн том эгч болон миний дараах дүүгийн дараа нэг нэг хүүхэд үрэгдсэн гэж аав ээж маань ярьж байсан. Том эгчийн маань дараа нэг хүү гараад үрэгдснээс хойш хүү гарахгүй байж байгаад би төрсөн учир аав, ээж маань энхрийлж Цагаанхүүхэн гэж нэр өгсөн юм билээ. Сургуульд ортлоо Цагаанаа гэж нэрлэгдэж байгаад 1967 онд сургуульд суулгахаар Сүхбаатар аймгийн төв рүү ээжийн ах Дамдинжав гэдэг өвгөний рүү явуулсан. Би эмэгтэй хүүхдийн нэртэй хүүхэд шоолно гэж уйлснаас болж тэр ах Ганбаатар гэдэг нэр өгч бүртгүүлснээр Ганбаатар нэртэй болсон. Төрсөн оноо бол яагаад 1958.12.28 болсныг мэдэхгүй. 2012 оны онд иргэний үнэмлэх солилтоор хүн бүрийг лавлагаа авчир гэхэд өөрийгөө 1957.01.08-нд төрснийг мэдсэн. Тухайн үед ээжийг маань олон хүүхэдтэй эхийн дэвтэр хамгийн бага дүүгийнд байсныг олоод тэр дагуу лавлагаа авсан. Тэр үед хөөцөлдсөн боловч нэр, төрсөн он, сар зөрүүтэй учир шүүхээр шийдвэр гаргуул гэсэн . Иймд намайг 1957 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрснийг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Чой овогт Монхооройн Ганбаатар нь “Төрсөн он, сар, өдөр зөвтгүүлэх” тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
1957 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Хонгор суманд төрсөн Монхоорой овогтой Цагаанхүүхэн нь хүсэлт гаргагч Чой овогт Монхооройн Ганбаатар мөн болох, түүний иргэний үнэмлэх дээрх төрсөн он, сар, өдөр, регистрын дугаар 1958.12.28 гэж ташаа бичигдсэн болох, хүсэлт гаргагч нь 1957 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн төрсний бүртгэлийн лавлагаа №00/000586, олон хүүхэдтэй эхийн тэтгэврийн дэвтэр №033520, олон хүүхэдтэй эхийн хувийн дэвтэр №1517,
-гэрч Намж овогт Галсан-Ёндонгийн Должин /РД:ЛЖ45042001/-ийн “М.Ганбаатар нь 1957 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрж байсан. М.Ганбаатар нь Хонгор суманд төрж байсан. Тэгээд Наран сум руу шилжиж ирсэн. М.Ганбаатар нь эхээс 7-уулаа.М.Ганбаатар нь дээрээ гурван эгч, дороо гурван дүүтэй. Ганбаатарын төрсөн он, сар, өдөр зөрүүтэй байгааг нь сайн мэдэхгүй байна. Бүртгүүлэхдээ буруу бүртгүүлсэн байх. Ямар ч байсан 1957 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр төрснийг сайн мэдэж байна. Ганбаатарын ээж аавыг сайн танина. Аавыг нь Монхоорой, ээжийг нь Пагма гэдэг хүмүүс байсан. Ээж аав хоёр одоо өөд болсон” гэх мэдүүлэг,
-гэрч Чойжил овогт Ёндонгийн Цэндхорлоо /РД:ЛГ48030501/-ийн “М.Ганбаатарын төрсөн он, сарыг нь сайн мэдэхгүй байна. Манай дүүтэй нэг жил төрж байсан манай дүү тахиа жилтэй хүн байдаг. Манай дүүг Бумбагдай гэдэг. М.Ганбаатарыг багад нь Цагаанхүүхэн гэж нэрлэж байсан. Монхооройн хүүхдүүд бүгд хүүхэн нэртэй, хамгийн том охиныг Шархүүхэн, Борхүүхэн, Улаанхүүхэн тэгээд дараа нь Цагаанхүүхэн буюу Ганбаатар төрж байсан. Ганбаатарын нэрийг сургуульд ороход нь сольсон байх. Цагаанхүүхэн гэдэг нэрийг энхрийлж өгч байсан байх. М.Ганбаатарын ээж аавыг нь сайн танина. Хүүхдүүдийг нь жаахан байхад манайхтай айл саахалт амьдарч байсан. Манайхан Баяндэлгэр сумын хуучин Хонгор бригад буюу Хонгор сум гэж байхад тэнд Их өргөө, Бага өргөө, Хад гэдэг газраар нутагладаг байсан. Тэгээд Хонгор сум тараад Монхооройнх Онгон руу шилжиж байсан” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан Чой овогт Монхооройн Ганбаатар нь 1957 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн Хонгор суманд төрсөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч М.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ