| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0473/э |
| Дугаар | 469 |
| Огноо | 2020-05-18 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.ОЮУНЖАРГАЛ |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 469
2020 05 18 2020/ШЦТ/469
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: С.Оюунжаргал,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг
Шүүгдэгч: Ц.Д /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Хоньч Очир овгийн Цэрэнжавын Дд холбогдох эрүүгийн 2003000000171 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1973 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Хайлаастын 20-6186 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай. Хоньч Очир овгийн Цэрэнжавын Д, /РД: ЙВ73061310/,
Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 211 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн хөгжлийн төвийн урд замд “Тоёота приус” маркийн 58-06 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаахасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 64 настай Ц.Эрдэнэдалайг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2003000000171 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “…би 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед эхнэр Оюунсүрэн, найз Цогбадрах нарын хамт өөрийн эзэмшлийн Тоёота приус 20 маркийн 58-06 УБП улсын дугаартай автомашинаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр арслантай гүүрнээс ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш төв замаар явж гүүр өнгөрөөд баруун гар тийш өнгөрөх үед 50 орчим насны эрэгтэй зам хөндлөн гарч өнгөрөх үед нь зам тавьж өгөөд гарсаны дараа хөдлөх үед миний машины баруун талын толийг биеэрээ мөргөж цааш боржуур руу өвдөглөж унасан. Тэгээд би машинаасаа гарч очиж биеийн байдлыг нь асууж эмнэлэгт үзүүлээд өгье гэж хэлэхэд цагдаа дууд гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр түргэн тусламж, цагдаад дуудлага өгсөн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 56-57-р хуудас/
Хохирогч Ц.Эрдэнэдалай мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би 2020 оны 04 дүгрэр сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Арслантай гүүрний ертөнцийн зүгээр баруун хойд талын туслах замын явган хүний гарцаар баруунаас зүүн тийш гарсан. Тухайн үед Тоёота Приус маркийн автомашин баруун тийш эргэж байгаа харагдсан Би тухайн үед бодохдоо энэ автомашин явган хүнд зам тавьж өгөх байх гэж бодоод уг автомашины урдуур зам хөндлөн гарсан. Гэтэл намайг зам гарч дуусаагүй байхад миний баруун хонго, ташааны хэсэгт хүчтэй мөргөх, цохигдох үед урагшаа унахдаа баруун өвдөгний нүд хэсгээр хашлага мөргөөд унахад барьж явсан гар цүнх шидэгдсэн. Би эргээд босох гэхэд хөл тэгшрэхгүй зовиуртай байсан. Тэгээд түргэн болон цагдаа дуудаж шалгуулаад тэндээсээ хүүхдээ дуудаж гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд зураг авахуул гэсэн бичиг хийж өгөхөөр нь тэр өдрөө шүүх эмнэлэгт үзүүлчихээд маргааш нь гэмтлийн эмнэлгийн хажуу талын хувийн эмнэлэгт үзүүлж зураг авахуулахад өвдөгний зөөлөн эд цууралттай байна мэргэжлийн мэс заслын эмнэлэгт үзүүл гэж хэлэхээр нь Гэмтлийн мэс заслын эмчид үзүүлэхэд эхлээд эмчилгээ хийж байгаад зураг авч харахад эдгээгүй байвал мэс засал хийж магадгүй гэсэн. Одоо би хөдөлгөөн хорьж гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа. Одоогийн байдлаар 340.000 төгрөг орчим эмчилгээний зардал гарсаныг баримтаар хэрэгт хавсаргаж өгч байна. Би 7-10 хоногийн дараа дахин зураг авахуулахад 290.000 төгрөг болно. Энэ бүх зардлыг гаргаад өгчихвөл ямар нэгэн гомдол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч П.Оюунсүрэнгийн: “Багш хөгжлийн төвийн зүүн талын уулзвараар баруун гар тийш эргэх үед баруун талаас зам гараад машины урдуур 50 гаруй насны эрэгтэй явган хүний гарцаар гарч өнгөрөх үед манай нөхөр машинаа хөдөлгөхөд машины баруун талын хаалганд байрлах толь хугараад унасан. Тэгээд нөхөртэйгээ машинаас буухад тэр ах замын хажууд хашлага дээр өвдгөө бариад ёолоод зогсож байхаар нь “зүгээр үү” гэж асуухад “миний өвдөг л жаахан өвдөж байна” гэхээр нь түргэн дуудахад түргэний эмч тэр ахтай утсаар яриад мэдээлэл аваад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,
Гэрч Ц.Өлзийтогтохын: “Би 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр найз Д болон түүний эхнэрийн хамт Арслантай гүүрийн зүүнээс баруун тийш чиглэлд өнгөрч баруун тийш туслах зам руу эргэх үед гэнэт тас хийх чимээ гараад баруун талын толь хугарсан хажууд нь нэг ах баруун талын өвдөгөөрөө өвдөглөөд унаж байгаа харагдсан ба Дгийн автомашины баруун талын толь хугарч цахилгааны утсан дээр тогтож үлдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн №4707 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Ц.Эрдэнэдалайгийн биед баруун өвдөгний жийргэвч мөгөөрсний урагдал, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг, баруун гарын алганд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэжээ /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,
Зам тээврийн осол хэргийн газарт үзлэг хийсэн: “Зам тээврийн осол хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Багшийн хөгжлийн төв” гэсэн бичвэр бүхий байшингийн ертөнцийн зүгээр хойш чиглэлийн замд осол гарсан байв. ...зохицуулдаггүй явган хүний гарцтай” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч /хх-ийн 9-16 дугаар хуудас/,
Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 45-51 дүгээр хуудас/,
Хохирол төлсөн талаарх хохирлын баримт /хх-ийн 20-27 дугаар хуудас/,
Жолоочийн лавлагаа мэдээлэл /хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Д нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Багшийн хөгжлийн төвийн урд замд “Тоёота приус” маркийн 58-06 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаахасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч 64 настай Ц.Эрдэнэдалайг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Эрдэнэдалайгийн мэдүүлэг, гэрч П.Оюунсүрэн, Ц.Өлзийтогтох, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4707 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийн дүгнэлт, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Дд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ц.Дг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Мөн шүүгдэгч Ц.Дд ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх Ц.Дд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Ц.Д нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.Эрдэнэдалай нь эмчилгээний зардалд 617.550 төгрөг нэхэмжилж баримтаа гаргасан ба шүүгдэгч Ц.Д нь эмчилгээний зардалд нийт 920.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хоньч Очир овгийн Цэрэнжавын Дд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд 600 /зургаан зуу/ нэгжээр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Дд оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.Эрдэнэдалайд 920.000 /есөн зуун хорин мянган/ төгрөг төлсөн ба хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН