| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашнамжилийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2020/0471/э |
| Дугаар | 497 |
| Огноо | 2020-05-25 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Б.Бямбадагва |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 497
2020 05 25 2020/ШЦТ/497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн “В” танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Улсын яллагч: Б.Бямбадагва,
Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг,
Шүүгдэгч: П.Э ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтанцэцэг нарыг оролцуулан Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хөх хамарт овогт Пүрэвсүрэнгийн Эд холбогдох эрүүгийн 2002001790126 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 45 дугаар гудамжны 145 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 187 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн гэх Боржигон овогт Нансалын Э /РД:СТ 85101512/,
Холбогдсон хэргийн талаар /2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 127 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:
Шүүгдэгч П.Э нь 2019 оны 08 дугаар сарын дундуур Төв аймгийн нутаг Сөгнөгөр амралтын газрын орчмоос “өвс” гэх нэршилтэй 500 грамм орчим хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар олж авсан, хатааж нунтаглаж бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 08 дугаар сарын дунд үеэс 2020 оны 03 дугаар сарын 17- ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-680 тоотод орших гэрийнхээ амбаарт байсан эвдэрхий хөргөгчинд 225 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.Элбэгсайхан нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…
Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-680 тоот П.Эрдэнэтулгын гэрт 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хийсэн хэргийн газрын үзлэгээр:
“...П.Эд хууль бус эд зүйл байгаа бол гаргаж өгөхийг тайлбарлахад үүдний амбаарын хуучин хөргөгчний доод хэсэгт өвс гэх нэршилтэй мансууруулах бодис байгаа гэж байгаа газрыг зааж гаргаж ирэхэд ногоон өнгийн ууттай өвс мэт нунтаг ургамал байх бөгөөд уг ургамлыг цахилгаан жин дээр шалгахад 238,7 грамм байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-11 дүгээр хуудас/,
Хэрэг бүртгэлтийн 200200179 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт буцаан ирүүлсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 дугаар хуудас/
П.Эрдэнэтулгыг хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон шүүх сэтгэц эмгэг судлалын 373 дугаартай дүгнэлт, /хх-ийн 36-37 хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн №1785 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:
1. Шинжилгээнд ирүүлсэн “П.Э 2020.03.17” хаягласан шээс, “П.Эд холбогдох хэргийн эд мөрийн баримт өвс мэт нунтаг зүйл“ гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл тус бүр нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “П.Эд холбогдох хэргийн эд мөрийн баримт өвс мэт нунтаг зүйл“ гэж хаягласан ногоон өнгийн ургамал мэт зүйл бүрээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд ирүүлсэн “П.Э 2020.03.17” хаягласан шээснээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх тухай” конвенци, 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн” конвенциудад багтсан бодис илрэхгүй байна.
3.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн жагсаалтанд багтдаг болно.
4. Шинжилгээнд ирүүлсэн “П.Эд холбогдох хэргийн эд мөрийн баримт өвс мэт нунтаг зүйл“ гэж хаягласан ногоон өнгийн гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлийн ууттай жин нь 238 грамм, цэвэр жин нь 225 грамм байна...” гэжээ /хх-ийн 30-32 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Пүрэвсүрэнгийн Э нь 2019 оны 08 дугаар сарын дундуур Төв аймгийн нутаг Сөгнөгөр амралтын газрын орчмоос “өвс” гэх нэршилтэй 500 грамм орчим хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж хууль бусаар олж авсан, хатааж нунтаглаж бэлтгэсэн,
Улмаар 2019 оны 08 дугаар сарын дунд үеэс 2020 оны 03 дугаар сарын 17- ны өдрийг хүртэл Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 27-680 тоотод орших гэрийнхээ амбаарт байсан эвдэрхий хөргөгчинд 225 грамм цэвэр жинтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь шүүгдэгч П.Эрдэнэтулгын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хэрэг бүртгэлтийн 200200179 дугаартай хэрэгт шинжээчийн дүгнэлтийн хамт буцаан ирүүлсэн эд зүйлийг эд мөрийн баримтаар тооцох зорилгоор үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 21-22 дугаар хуудас/, шүүх сэтгэц эмгэг судлалын 373 дугаартай дүгнэлт, /хх-ийн 36-37 хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 03 сарын 26-ны өдрийн №1785 дугаартай Шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн шээснээс илэрсэн болон хэргийн газраас нь хураагдсан бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис мөн болохыг Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын шинжээч тогтоосон, шүүгдэгч дээрх хориглосон бодисыг худалдаалах зорилгогүйгээр түүж бэлтгэн, хэрэглэж, биедээ хадгалж байсныг дээрх нотлох баримтуудаар нотолжээ.
Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгчээс зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, өөрөө хэрэглэх зорилгоор, байгалаас түүж, улмаар өөртөө байлгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Эрдэнэтулгын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “ өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Н.Эрдэнэтулгыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Э, түүний өмгөөлөгч Д.Алтанцэцэг нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн нийгэмд үзүүлэх хор аюул, түүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч П.Эрдэнэтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан төрөл, хэмжээний дотор болох 1 жил хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...П.Эрдэнэтулгыг анх удаа гэмт хэрэгт үйлдсэн, үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү ...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн аваагүй болно.
Учир нь шүүгдэгч П.Э нь урьд 2012 болон 2016 онуудад шүүхээр ял шийтгүүлж байсныг хүндрүүлэх нөхцөл байдалд хамааруулж үзэхгүй ч, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болох хориглосон сэтгэцэд нөлөөт бодис болох ургамлыг 225 грамм буюу их хэмжээгээр зориуд түүж бэлтгэн улмаар тус хэрэг цагдаагийн байгууллагаас таслан зогсоогдоогүй тохиолдолд учирч болох хор аюулыг харгалзан шүүх түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Гэсэн хэдий ч шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтуудын хувьд П.Эрдэнэтулгын биед үзлэг хийх, биологийн дээж авах ажиллагааны үеийн дүрс бичлэг бүхий 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж үлдээх, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгчийн гэрт болон биед нь үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан 225 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн нунтаг өвс мэт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1. 5. 6. 8, 36.2 дугаар зүйлийн 1.2.3.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хөх хамарт овогт Пүрэвсүрэнгийн Эгыг хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эрдэнэтулгыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гар утасны камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа шүүгдэгчийн гэрт болон биед нь үзлэг хийж эд мөрийн баримтаар хураан авсан 225 грамм цэвэр жинтэй ногоон өнгийн нунтаг өвс мэт бодисыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч П. Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДАРЬСҮРЭН