Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 511

 

 

 

 

 

 

 

 

2020         05           27                                   2020/ШЦТ/511      

 

 

                                 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дарьсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

           Улсын яллагч: П.Бямбасүрэн,

Нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг   

Шүүгдэгч: Э.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Элгэн овгийн Эрдэнэтөгсийн Лид холбогдох эрүүгийн 1909043420582 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

            Монгол Улсын иргэн, 1999 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Товийн Цахиур” ХХК-нд өрмийн туслах ажилтнаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 5 дугаар гудамж 38 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Элгэн овгийн Эрдэнэтөгсийн Л регистрийн дугаар /РД:У399032330/,

Холбогдсон хэргийн талаар / 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 474 дугаартай Яллах дүгнэлтэд дурьдсанаар/:

Шүүгдэгч Э.Л нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамж 39 тоотод амьдрах Б.Гэрэлмааг бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөнгүй гэх шалтгааны улмаас эрүүл мэндэд нь халдаж хамрын нуруу, дээд уруулд няцарсан шарх, духанд зулгаралт, дээд уруул, хоёр бугалга, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:  

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1909043420582 дугаартай хэргээс:

           Шүүгдэгч Э.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрөөгүй ба  мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “…2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр багын найз Энхманлай болон Манлайбаяр, Азжаргал нартай уулзах гэж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 100 айлын далангаас хойш яваад хаягийг сайн мэдэхгүй газар найз Хатанбүүвэйгийн хамт очсон юм. Намайг очиход Азжаргал Энхманлай, Манлайбаяр нар Гэрэлмаа , Мөнгөнчимэг гэх хоёр охинтой байж байсан бөгөөд би очоод дэлгүүр орж 2,5 литрийн 3 савтай пиво 0,5 литрийн Соёрхол гэх нэртэй архи авсан бөгөөд энэ архийг бид нар хувааж уусан юм. Тухайн үед ууж эхпэхээс өмнө надтай хамт ирсэн манай найз Хатанбүүвэй явсан юм. Ингээд уугаад сууж байхад Манлайбаярын гар утас дугарч ээжтэйгээ утсаар ярьсан ба удалгүй үргэлжлүүлээд Азжаргал тухайн гар утсаар үргэлжпүүлээд ээжтэйгээ ярьсан юм. Азжаргалыг гар утсаар ярьж байхад Манлайбаяр бид хоёр жоохон чанга яриад инээлдсэн бөгөөд энэ үед Гэрэлмаа гэх охин босож ирээд бид хоёрт хандаж хүн утсаар ярьж байхад жоохон чимээгүй байгаа ч гээд Манлайбаяр бид хоёрыг нэг нэг удаа гараараа хацар орчим алгадсан юм. Би тухайн үед Гэрэлмаагаас уучлалт гуйсан юм. Энэ үед Манлайбаяр ахдаа хандаж танай найз охин намайг алгадчихлаа гэхэд Азжаргал Гэрэлмаа руу дайрч чи яахаараа миний дүүг цохидог юм гээд тэр хоёр маргалдаж хэрэлдсэн юм. Тэгээд Азжаргал Гэрэлмаа Манлайбаяр нар хэрэлдээд орж гараад байсан ба би тухайн үед Мөнгөнчимэгтэй юм яриад сууж байсан юм. Тэгээд юм яриад сууж байхад Гэрэлмаагийн хамараас цус гарчихсан гаднаас ороод ирсэн бөгөөд тухайн үед орж ирээд намайг цохьсон гээд дайраад байсан юм би хариуд нь би гэрт байсан гадаа гараагүй яахаараа гадаа байсан чамайг би цохьдог юм гэхэд хажуунаас Мөнгөнчимэг босож ирээд Гэрэлмаа руу хандаж чи гэмгүй надтай юм яриад сууж байгаа хүнийг яагаад ингээд байгаа юм чи худлаа яриад байна гэхэд Гэрэлмаа Мөнгөнчимэгийг чи дуугүй бай гээд буйдан дээр түлхэж унагаасан юм. Энэ үед гаднаас Азжаргал Энхманлай Манлайбаяр нар орж ирээд цагдаа ирж байна явъя гэхэд хажуунаас Б.Гэрэлмаа явуулахгүй гэсэн. Цагдаа нар ирээд намайг авч явна гэхэд Мөнгөнцэцэг гэмгүй хүн авч явах гэлээ гэхэд Гэрэлмаа чи дуугүй бай гээд Мөнгөнцэцэгийг аваад гэр рүүгээ орсон. Цагдаа нар Манлайбаяр, бид хоёрыг аваад эрүүлжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

 

           Хохирогч Б.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цаг өнгөрч байхад Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамж 39 тоотод байхад Азжаргал, Манлайбаяр хоёр хамт амьдардаг гээд түрээсийн байрнаасаа хөөгдсөн гээд манайд ирсэн, тухайн үед Мөнгөнцэцэг манайд байсан бид хэд хамт хоносон. Маргааш нь буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр манайд бөөнөөрөө байж байхад Хатнаа гэх найз нь Лийг дагуулж ирсэн, тухайн үед нэлээд хэдэн том пиво уусан, тэгээд унтсан, би Лтой хамт уугаад үлдсэн ууж байгаад унтахаар хэвтэж байтал Л намайг оролдохоор нь үгүй гээд хэлсэн, тэгсэн чинь намайг чирч босгоод толгойноос барьж байгаад газар руу 1 удаа хүчтэй мөргүүлсэн тэр үед миний хамраас цус гараад би уйлаад намайг зүүн талын хавирга хэсэг рүү 1-2 удаа өшиглөсөн, тухайн үед би хэсэг манарсан байсан бөгөөд тэр үед Мөнгөнцэцэг, Энхманлай хоёр нойлоос гарч ирээд намайг Лоос салгасан. Лийг би тэр өдөр анх удаа харсан. Надад толгойны зураг авхуулсан баримт байгаа өөрөөр эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй, хамар одоо болтол өвдөж байна, эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

 

                 Гэрч Б.Манлайбаярын ”... Гэрэлмаа, Мөнгөнцэцэг, Азжаргал, Энхманлай бид нар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 4-39 тоотод Лийг хүлээж байсан, ирээд бид нар 2 том пиво ууж дуусгаад дахин авч уусан, би тасарсан байсан, нэг мэдсэн чинь хүмүүс орилолдоод тэгээд сэрээд гарсан чинь Гэрэлмаа эгчийн хамар цус болсон байдалтай байсан, тэгээд цагдаа ирж байна гэхээр нь гараад явж байгаад далан дотор мөсөн дээр халтирсан, далан руу мацаж байх үед Гэрэлмаа эгч Мөнгөнцэцэгтэй цагдаагийн машин дотор сууж, тэр үед машины суудал дээр Л сууж байсан, цагдаа надаас танай найз мөн үү гэхээр нь мөн гэсэн намайг бас машиндаа суулгаад аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

 

                 Гэрч Ц.Мөнгөнцэцэгийн ”... 2019 оны 11 дүгээр сард байх сар өдрийг сайн санахгүй байна ямар ч байсан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт амьдардаг найз Гэрэлмаагийн 5 ханатай Монгол гэрт орой 21 цагийн үед байж байтал Гэрэлмаагийн харьцдаг залуу гэх Азжаргал нэртэй хүн нь хоёр дүү гэх эрэгтэй хүмүүсийн хамтаар Гэрэлмаагийн гэрт ирсэн, Азжаргал нь 2,5 литрийн пивыг хоёрыг авчихсан байсан, пивоноос нь бөөндөө хувааж уугаад хоносон, маргааш өглөө нь дахиад Азжаргалын эрэгтэй дүү нар гэх хоёр залуу архи, пиво авчирсан, бид хэд архи, пивыг хувааж уугаад байж байхдаа би гэрээс гараад модон нойл орох гээд гарсан, нойл орчхоод буцаад гэр руу ороод иртэл Гэрэлмаа нь Азжаргалын дүү гэх Ука гэж дуудаж байсан залуутай маргалдаж хэрэлдэж байснаа / чи намайг цохисон биз дээ гэж хэлээд дайраад байсан/ Гэрэлмаагийн хамар хэсэг нь шалбарсан шархтай, шалбарсан шарх хэсгээс цус гарч байсан, /миний ойлгосон байдлаас Гэрэлмааг Ука гэх залуу нь унтаж хэвтэх гээд оролдсон, Гэрэлмааг зөвшөөрөхгүй байхаар нь Ука гэдэг залуу нь Гэрэлмааг чи надтай унтсангүй гээд зодсон байх гэж ойлгосон юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгзэр сарын 25-ны өдрийн №14072 дугаартай Шинжээчийн дүгнэлтийн “...Дүгнэлт:     

1. Б.Гэрэлмаагийн биед хамрын нуруу, дээд уруулд няцарсан шарх, духанд зулгаралт, дээд уруул, хоёр бугалга, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

3. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 3-4 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Л нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний оройн 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамж 39 тоотод амьдрах Б.Гэрэлмааг бэлгийн харьцаанд орохыг зөвшөөрсөнгүй гэх шалтгааны улмаас эрүүл мэндэд нь халдаж хамрын нуруу, дээд уруулд няцарсан шарх, духанд зулгаралт, дээд уруул, хоёр бугалга, зүүн шуу, зүүн өвдөгт цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Гэрэлмаагийн мэдүүлэг, гэрч Б.Манлайбаяр, Ц.Мөнгөнцэцэг нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14072 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Лийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байх тул Э.Лийг Хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол  санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх шүүгдэгч Э.Лийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

Шүүгдэгч Э.Лид ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх Э.Лид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар  шийдвэрлэв.

Шүүгдэгч Э.Л  нь ажилтай, цалин хөлс орлоготой тул шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Гэрэлмаа нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Э.Лтой эвлэрсэн талаар хүсэлт /хх- 75 дугаар хуудас/ гаргаж өгсөн,   шүүгдэгч Э.Л  нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.1 дүгээр зүйлийн 1, 5, 6, 8. 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4.  36.6, 36.7 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2, 38.1, 38.2 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Элгэн овгийн Эрдэнэтөгсийн Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 / таван зуун мянган / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Лид оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

  5. Шүүгдэгч Э.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй  болохыг тус тус дурдсугай.

             6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

    

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.ДАРЬСҮРЭН