Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 367

 

Н.Болормаагийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06764 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Н.Болормаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Нямсүрэнд холбогдох          

Зээлийн гэрээний үүрэгт 3 925 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа

Хариуцагчийн өмгөөлөгч М.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч Н.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Нямсүрэнд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 1 жил 8 сарын хугацаатай, 3 700 000 төгрөгийг хүүгүйг, Д.Нямсүрэн нь 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн сар бүр 300 000 төгрөгийг бэлнээр төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож байхаар зээлсэн. Гэвч Д.Нямсүрэн нь ямар ч төлөлт хийгээгүй. 2016 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаанд сар бүр төлөх 300 000 төгрөг, 1 500 000 төгрөгийн алданги болох 225 000 төгрөг, үндсэн зээл 3 700 000 төгрөг нийт 3 925 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Нямсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 3 700 000 төгрөг зээлж авсан, төлж барагдуулахыг зөвшөөрч байна. Алданги 225 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Н.Болормаа бид хоёр хоорондоо ярилцаад 3 700 000 төгрөгөө 1 жилийн хугацаатай, сар бүр 300 000 төгрөг өгөхөөр тохиролцсон. Алданги, хүү төлөхгүй гэж гэрээ хийж байсан гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Нямсүрэнгээс 3 700 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Болормаад олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 150 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Нямсүрэнгээс 53 350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Болормаад олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Д.Нямсүрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь: Нэхэмжлэгч Н.Болормаа нь иргэний шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн. Би 3 700 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр бэлнээр зээлж аваагүй. Энэ талаар сөрөг нэхэмжлэлдээ тодорхой тусгасан байхад анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн аваагүйд гомдолтой байна. Би шүүхэд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр тайлбар гаргахдаа Н.Болормаатай эвлэрвэл 3 700 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч тайлбар өгсөн боловч бид хоорондоо эвлэрээгүй учраас би 3 700 000 төгрөгийг төлнө гэсэн тайлбараасаа татгалзаж байна. Үнэн зөвөөр шийдвэл би 1 000 000 төгрөг өгөх ёстой. Би өдөр бүр, cap болгон Н.Болормаад хүү төлж байсан. Хаан банкин дахь дансаар нь хүртэл төлөлт хийж байсан. Н.Болормаатай холбоотой бүх зүйлийг гэрчээр оруулах хүсэлт гаргасан У.Отгонцэцэг бол сайн мэдэж байгаа. Тэр Н.Болормааг таньдаг учраас би хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүйд гомдолтой байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Би 1 000 000 төгрөг төлнө гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Н.Болормаа нь хариуцагч Д.Нямсүрэнд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3 925 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь бэлнээр 3 700 000 төгрөгийг хүлээж аваагүй гэж маргажээ.

Талуудын хооронд 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, 3 700 000 төгрөгийг, 1 жил 8 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлж, сар бүрийн 30-ны өдөр 300 000 төгрөгийг зээлдүүлэгчид тогтмол төлж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцохоор тохиролцсон байна /хх-4/.

Хариуцагч Д.Нямсүрэн нь зээлийн гэрээнд алданги төлөхөөр тохиролцоогүй, бэлнээр 3 700 000 төгрөгийг хүлээж аваагүй гэж тайлбар гарган маргаж байгаа боловч зээлийн гэрээний 3-т гүйцэтгээгүй үүргийн үнийг дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон, гэрээний 5-д “3 700 000 /гурван сая долоон зуун мянган/ төгрөгийг бэлнээр хүлээн авсан” гэж гарын үсэг зурж баталгаажуулсан, мөн хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Түүнчлэн хариуцагч нь зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл  гаргасныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй буюу улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй гэж, мөн гэрчээр У.Отгонцэцэгийг асуулгах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан этгээд гэж үзэх боломжгүй буюу хэрэгт ач холбогдол бүхий юуг тодруулах нь тодорхойгүй гэх үндэслэлээр шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШЗ2016/32190 дүгээр захирамжаар хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/06764 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нямсүрэнгээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

          

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.БАТЗОРИГ

               ШҮҮГЧИД                                  С.ЭНХТӨР

                                                                                                                           Д.БАЙГАЛМАА