| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цамбын Эрдэнэзуу |
| Хэргийн индекс | 147/2016/0425/и |
| Дугаар | 50 |
| Огноо | 2017-01-20 |
| Маргааны төрөл | Татварын ерөнхий хуулиар, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 50
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу би
Нэхэмжлэгч: Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,
/Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Татварын улсын байцаагч, хуулийн зөвлөх ажилтай С.Ганболор/
Хариуцагч: Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамжны 0-0 тоотод оршин суух /РД:ЧД74122979, утасны дугаар 99109166/, Боржигон овогт Баярсайханы Нацагдорж захиралтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг, Үйлдвэр баазын байранд байрлах “Дайчинсүх” ХХкомпанид холбогдох
“Хугацаандаа төлөөгүй татварын өр 1 791 463.3 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Татварын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 3674363 тоот регистрийн дугаартай “Дайчинсүх” ХХКомпани нь 2008.11.01-ний өдөр татвар төлөгчөөр бүртгүүлэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын нутаг дэвсгэрт болон хот орчмын хуурай замын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд 2016.11.11-ний байдлаар цалин хөлс болон түүнтэй адилтгах орлого 1 791 463.3 төгрөгийн урьд оны өртэй байна. Иймд хугацаандаа төлөөгүй татварын өр 1 791 463.3 төгрөгийг “Дайчинсүх” ХХКомпаниас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “Дайчинсүх” ХХКомпанийг төлөөлж захирал Боржигон овогт Баярсайханы Нацагдорж нь шүүхэд гаргасан тайлбартаа: Сүхбаатар аймгийн Татварын газрын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 907 тоот хугацаандаа төлөөгүй татварын өр гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцлаа. “Дайчинсүх” ХХКомпаний үйл ажиллагааг 2014 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн ослоос хойш АТҮТ-ийн захирал П.Болдбаатар зогсоож өнөөдрийг хүртэл үйл ажиллагааг явуулаагүй байна. Асуудал зохих шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа бөгөөд эцсийн албан ёсны хариу гаргаагүй байна. Учир ийм байх тул манай компаний үйл ажиллагааг явуулах зөвшөөрлийг олгосон тохиолдолд “Дайчинсүх” ХХКомпани үйл ажиллагаагаа явуулж дээрх татварыг төлөх боломжтой болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тайлбар гаргасан Б.Нацагдорж гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сүхбаатар аймгийн Татварын хэлтэс нь хариуцагч Сүхбаатар аймгийн Баруун-Урт суман дахь “Дайчинсүх” ХХКомпаниас хугацаандаа төлөөгүй татварын өр 1 791 463.3 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч “Дайчинсүх” ХХКомпани нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 791 463.3 /нэг сая долоон зуун ерэн нэгэн мянга дөрвөн зуун жаран гурван төгрөг гурван мөнгө/ төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн ба хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч “Дайчинсүх” ХХКомпаниас 1 791 463.3 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43 613 төгрөгний тал хувь 21 807 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Татварын хэлтсийн нэхэмжилсэн хугацаандаа төлөөгүй татварын өр 1 791 463.3 төгрөгийг хариуцагч “Дайчинсүх” ХХКомпани нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Дайчинсүх” ХХКомпаниас 1 791 463.3 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 43 613 төгрөгний тал хувь 21 807 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ЭРДЭНЭЗУУ