Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 11

 

 

 

 

 

 

 

   2019        12         23                                  2020/ШЦТ/11

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Амаргэрэл нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

           улсын яллагч Г.Цэрэнжамц,

шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг ҮД:03-34,

хохирогч П.Б ,

иргэдийн төлөөлөгч Н.Хүдэрчулуун,

нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 01711 0729 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Г.Б

Холбогдсон хэргийн талаар:

Г.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 41-621 тоотод иргэн Л.Алтанцагийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Б тай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б  мэдүүлэхдээ: Тухайн хэрэг болсон өдөр бид хадам эгч Алтанцогийн гэрт байсан. Хадам эгчтэй хохирогчийн гэр нэг хашаанд байдаг. Бид нэг шил архи хувааж уусан. Хохирогчийн эхнэр найзтайгаа хамт гарч явсан. Би хохирогчид гэр орноо өөд тат гэж бага зэрэг сургамж хэлсэн. Өмнө нь хохирогчийн гэрт ирэхэд авгайгаа зодсон байсан. Намайг сургамж хэлэхэд хохирогч өөдөөс босоод ирсэн. Би мах идэж байсан учраас миний гарт хутга байсан бөгөөд хохирогч босоод ирэхэд нь би цааш түлхэж суулгасан. Би мэс орсон гэж анзаараагүй 10 минутын дараа шүүс гараад ирэхээр нь “юу болчихов оо” гээд түргэн, цагдаа дуудсан. Цагаан сараар уулзаагүй байсан тул хадам эгчийн гэрт нь очсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.Б  мэдүүлэхдээ: Г.Б  ахын саяын ярьсан зүйл үнэн. Би тухайн үед согтуу байсан. Ах надад сургамж хэлээд байх шиг байсан тэгэхээр нь би та яагаад дандаа намайг ад үзэж дарамталж байдаг юм бэ гэж хэлээд боссоноо санаж байгаа. Тэрнээс хойш юу болсныг мэдээгүй ба нэг ухаан ороход Г.Б  ах уйлаад би дүүгээ хутгалчихлаа гээд байсан. Хадам эгч марл тавиад цус тогтоож байсан. Удалгүй түргэн тусламж ирсэн. Миний хувьд хүнд гэмтэл биш юм шиг санагдсан. Би гурав хоног эмчилгээ хийлгэсэн. Миний бие зүгээр болчихсон. Би эмнэлгээс гараад эмчтэйгээ уулзахад одоо зүгээр болсон байна гэж хэлсэн. Би одоо зүгээр ажлаа хийгээд явж байгаа. Одоо надад зовиур байхгүй байгаа. Би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Энэ хэрэг миний ойворгон зангаас болж үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Энэ гэмт хэрэг гарахад миний буруугаас болсон гэж үзэж байна. Г.Б  ахад минь хамгийн хөнгөн ялаар шийтгэж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Б ын өгсөн: ...Би тухайн өдөр “Нарантуул”  захын ойролцоо найз Амарсанаатай тааралдаж хамт хоёр  шил 0,5 литрийн архи,  дахиад 0,75 литрийн архи гадаа гудамжинд хувааж уугаад Амарсанаа намайг микроавтобусанд суулгаж өгсөн. Тэгээд би тэндээсээ шууд Алтанцаг эгчийн гэрт очсон. Би очихдоо замдаа дэлгүүрээс 1 шил 0,5 литрийн “Хараа”  нэртэй архи авч очсон. Алтанцаг эгчийн гэрт намайг очиход Алтанцаг эгч ганцаараа байсан. Тэгээд Алтанцаг эгчтэй хамт авч очсон архиа хувааж уусан. Алтанцаг эгч дээрээс нь 1-2 удаа уусан, би бас 2-3 удаа уусан. Бид хоёрын архи талаасаа дээгүүр үлдсэн. Тэгээд надад  газарт гудас хаяж өгсөн. Хэвтэх гэтэл Алтанцаг эгч мах чаначихсан, мах идчихээд унт гэхээр нь би хэд огтолчихоод жаахан унтаж байгаад босоод идье гэж хэлээд унтсан. Унтаж байтал үүдний амбаарын хаалга дуугарахаар нь сэрээд хартал Б  ах орж ирсэн. Алтанцаг эгч гэрт байхгүй байсан. П.Б  ах согтуу орж ирсэн. Алтанцаг эгчтэй ууж байгаад үлдээсэн архийг П.Б  ах бид хоёр  ширээний хоёр  талд өөд өөдөөсөө харж сууж байгаад мах идэнгээ хувааж уусан. Архи дуусах үед би согтож эхэлсэн. Тэгтэл П.Б  ах бас согтоод намайг архи ууж болохгүй гэх мэтээр үглээд байсан. Тэгэхээр нь би уурлаад бид хоёр  хоорондоо маргалдсан. Тэгтэл П.Б  ах намайг би чамайг насныхаа эрэмбээр, санаагаар яаж ийж байгаад номхоруулж чадна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд муу санаа, нас хоёр  байдаг юм байна гэхэд надад залуу нас, чадал, хутга гурав  байна гэж хэлээд мах идэж байсан хар иштэй жижиг хутгаа аваад ширээний хойд талаар тойроод явсан. Тэгээд цаашаагаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цээжний зүүн хэсгээс цус гарчихсан унтаж байсан гудсан дээрээ хэвтэж байсан. Тэгээд өндийгөөд цус гарч байгаа цээжээ хартал амьсгалахаар цус гараад байсан. Тэр үед П.Б  ах ширээний зүүн талд суучихсан би дүүгээ хутгаар хатгачихлаа гээд уйлаад нулимсаа арчаад, гараараа толгойгоо бариад сууж байсан. Тэгээд би өмсөж байсан пудволкоо тайлаад цусаа арчиж үзсэн. Тэгтэл Алтанцаг эгч миний араар тойрч яваад нэг газраас марль гаргаж ирээд миний шархан дээр тавьж өгсөн. Тэгээд миний ухаан балартаад байсан. Нэг сэрэхэд эмч орж ирчихсэн миний биеийг үзээд өмсөж байсан бүх хувцсыг тайлж байсан. Тэгээд бас санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь эмнэлэгт оччихсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Отгонцэцэгийн өгсөн: ...Би сайн санахгүй байна. Ухаан санаа орж гараад байсан. П.Б  ах “би Б ыг хутгалчихсан” гэж ярьж байсныг санаж байна. Алтанцаг эгч, П.Б  ах, манай нөхөр бид дөрөв  хамт архи уусан. Сүүлд Баасанжаргал гээд манай найз ирсэн. Бид нар 03 дугаар сарын 02-ны орой уулзаад Алтанцаг эгчийн гэрт архи уусан. Алтанцаг эгч, П.Б  ах хоёр  хоорондоо “хутгыг гаргаад шидчих, хашаа давуулаад хаячих” гэж ярьж байсныг би сонссон. Яг хаана хаясан, хаана нуусныг би мэдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Баасанжаргалын өгсөн: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 41-621 тоотод найз Отгонцэцэгийнд 2019 оны 03 дугаар сарын 03-ны 04 цаг болж байсан байх, ямар ч байсан үүр цайж байсан. Тэгээд гэрт нь ороод ирсэн чинь Отгонцэцэг, Алтанцаг, П.Б , Б  нар байсан. Намайг ороход гэрэл нь унтраалттай байсан. Тэгээд би гэрлийг нь асаагаад хартал бүгд унтаж байсан. Тэгтэл Б  гэрийн шалан дээр хэвтэж байсан. Цээжнээс цус гараад, цээжин дээрээ хар өнгийн ханцуйтай цамц тавьсан байдалтай, цамцаа дагаад нил цус болчихсон байхаар нь би “юу болоо вэ” гэж асуугаад унтаж байгаа хэдийг сэрээхэд тухайн үед Отгонцэцэг сэрээгүй. Нөгөө хоёр  сэрээд тэгээд би “түргэн дуудахгүй бол болохгүй” гээд түргэн дуудаад тэгээд би цагаан өнгийн бинтээр ороогоод цагаан өнгийн дэвсгэр даавуугаар цусыг нь тогтоогоод арга хэмжээ аваад тэгтэл би Б аас юу болсон талаар асуухад “автобусны буудал дээр гурван  хүнд хутгалуулсан” гэж хэлсэн. Тэгээд нөгөө гурваас асуутал автобусны буудал дээр 3 хүнд хутгалуулаад орж ирсэн гэж хэлсэн. Би Отгоо та хоёр  маргаа юу гэж асуутал Б  “би автобусны буудал дээр хутгалуулсан” гэж хэлсэн. Тэгээд түргэн ирээд Б ыг аваад явсан. Төд удалгүй цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Тэгээд цагдаа дээр ирээд байж байгаад Отгонцэцэгийн архи гараад би асуусан юм. Үнэн зөв хэлэхгүй бол хэцүү шүү гэж юу болсон талаар асуухад Отгонцэцэг надад “П.Б , Б  нар маргаад байсан. Б  архи уухаараа агсам согтуу тавьдаг илүү зантай” гэсэн. Отгонцэцэг П.Б  хутгалсан, Баяраа ах өөрөө хутгалсан гэж ярьсан. Отгонцэцэг ингэж хэлсэн. Би сонссон юмаа л ярьлаа...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Л.Алтанцагийн өгсөн: ...2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай гэрт бүрэнхий болж байхад Отгонцэцэг, Б  хоёр  орж ирж хоносон. Тэгээд маргааш өглөө нь буюу 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр П.Б  манай гэрт ирсэн. Дараа нь Отгонцэцэгийн найз Бааска ирсэн. Бааска, П.Б  хоёр  тус бүр нэг нэг  шил архитай ирээд тэр архийг нь ууцгаасан. Тэгээд Отгонцэцэг,  Бааска хоёр  дэлгүүр рүү явсан. Тэгээд П.Б , Б  бид гурав  үлдсэн. Би бие засах гээд гарахад П.Б , Б  хоёр  юм яриад үлдсэн. Би гадаа гарч шээчихээд ойролцоогоор хоёр  минутын дараа буцаад гэртээ орж ирэхэд Б  цээжээ гараараа дарчихсан, цээжнээс нь цус гарчихсан хойморт сууж байсан. Б ын урд талд шалан дээр П.Б  сууж байсан. Тэгэхээр нь би сандраад юу болсон талаар асуухад Б  “Алтанцаг эгч ээ, танд хамаагүй, бид хоёрын асуудал” гэж хэлсэн. Тэгтэл П.Б  наанаас нь “би Б ыг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би эмнэлэг, цагдаа дуудъя гэхэд Б  надад зүгээр ээ эгч ээ, жаахан цус гарч байна, та битгий санаа зов гэж хэлэхээр нь би марлиар Б ын шархыг боож өгөөд түргэн дуудсан. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3069 дугаартай шинжээчийн: 

1. П.Б ын биед цээжний зүүн талд 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус, хий хуралдалт, зүүн уушгины авчилт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Б ы: ...Маргааш өглөө нь гэртээ очиж мөнгө аваад буцаад Алтанцаг эгчийн гэрт очиход Б  Алтанцаг эгчийн гэрт ирчихсэн архи уугаад сууж байсан. Тэгээд Б  бид хоёр тэр архийг ууж дуусгасан. Тэгээд би Б т “чи залуу хүн байж ингэж явж болохгүй” гэх мэтийн сургаалийн хэдэн үг хэлсэн. Тэгтэл Б  над руу таны тэр алтан хүргэн байх чинь хамаагүй, надад нас ч байна, бяр ч байна гэж хэлсэн. Тэгэхэд Б  бид 2 ширээний 2 талд өөд өөдөөсөө хараад мах идээд сууж байсан юм. Тэгтэл Б  мах идэж байсан хар өнгийн иштэй хутгаа гартаа бариад намайг чиглээд ирсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж Б т хутгалуулахгүй гэж барьцалдсан. Тэгээд би Б ыг цааш нь түлхтэл Б  газар дэвссэн байсан гудсан дээр хэвтсэн. Тэгтэл Б ын цээжний зүүн талын хэсэг буюу мөрнийх нь доод талынх нь хэсгээс цус гарч байхаар нь би тухайн үед зүгээр зүсэгдчихсэн байна гэж бодоод байж байтал Б ыг амьсгалахад тэр шархнаас нь цус гарч ирээд байсан. Тэгтэл гаднаас Алтанцаг эгч эхэлж ганцаараа орж ирсэн. Дараа нь Алтанцаг эгчийн хойноос Отгоо, Бааска нар орж ирсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах гэтэл утсаа тэр үед хайгаад олохгүй байсан тул Бааскааг түргэн дууд гэж хэлээд түргэн дуудуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 68-72 дугаар тал/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4, 5-7 дугаар тал/,

- Шүүгдэгч Г.Б ы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73, 74, 77 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 41-621 тоотод иргэн Л.Алтанцагийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Б тай маргалдаж, улмаар цээжин тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Б ын өгсөн “...Унтаж байтал үүдний амбаарын хаалга дуугарахаар нь сэрээд хартал П.Б  ах орж ирсэн. Алтанцаг эгч гэрт байхгүй байсан. П.Б  ах согтуу орж ирсэн. Алтанцаг эгчтэй ууж байгаад үлдээсэн архийг П.Б  ах бид хоёр  ширээний хоёр  талд өөд өөдөөсөө харж сууж байгаад мах идэнгээ хувааж уусан. Архи дуусах үед би согтож эхэлсэн. Тэгтэл П.Б  ах бас согтоод намайг архи ууж болохгүй гэх мэтээр үглээд байсан. Тэгэхээр нь би уурлаад бид хоёр  хоорондоо маргалдсан. Тэгтэл П.Б  ах намайг би чамайг насныхаа эрэмбээр, санаагаар яаж ийж байгаад номхоруулж чадна шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би чамд муу санаа, нас хоёр  байдаг юм байна гэхэд надад залуу нас, чадал, хутга гурав  байна гэж хэлээд мах идэж байсан хар иштэй жижиг хутгаа аваад ширээний хойд талаар тойроод явсан. Тэгээд цаашаагаа юу болсныг санахгүй байна. Нэг мэдэхэд цээжний зүүн хэсгээс цус гарчихсан унтаж байсан гудсан дээрээ хэвтэж байсан. Тэгээд өндийгөөд цус гарч байгаа цээжээ хартал амьсгалахаар цус гараад байсан. Тэр үед П.Б  ах ширээний зүүн талд суучихсан би дүүгээ хутгаар хатгачихлаа гээд уйлаад нулимсаа арчаад, гараараа толгойгоо бариад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-21 дүгээр тал/,

- мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.Отгонцэцэгийн өгсөн “...П.Б  ах “би Б ыг хутгалчихсан” гэж ярьж байсныг санаж байна. Алтанцаг эгч, П.Б  ах, манай нөхөр бид дөрөв  хамт архи уусан. Сүүлд Баасанжаргал гээд манай найз ирсэн. Бид нар 03 дугаар сарын 02-ны орой уулзаад Алтанцаг эгчийн гэрт архи уусан. Алтанцаг эгч, П.Б  ах хоёр  хоорондоо “хутгыг гаргаад шидчих, хашаа давуулаад хаячих” гэж ярьж байсныг би сонссон. Яг хаана хаясан, хаана нуусныг би мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар тал/,

-  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Ж.Баасанжаргалын өгсөн “...Тэгээд цагдаа дээр ирээд байж байгаад Отгонцэцэгийн архи гараад би асуусан юм. Үнэн зөв хэлэхгүй бол хэцүү шүү гэж юу болсон талаар асуухад Отгонцэцэг надад “П.Б , Б  нар маргаад байсан. Б  архи уухаараа агсам согтуу тавьдаг илүү зантай гэсэн. Отгонцэцэг П.Б  хутгалсан, Баяраа ах өөрөө хутгалсан гэж ярьсан. Отгонцэцэг ингэж хэлсэн. Би сонссон юмаа л ярьлаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр тал/,

-  мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Л.Алтанцагийн өгсөн “... Би гадаа гарч шээчихээд ойролцоогоор 2 минутын дараа буцаад гэртээ орж ирэхэд Б  цээжээ гараараа дарчихсан, цээжнээс нь цус гарчихсан хойморт сууж байсан. Б ын урд талд шалан дээр П.Б  сууж байсан. Тэгэхээр нь би сандраад юу болсон талаар асуухад Б  “Алтанцаг эгч ээ, танд хамаагүй, бид хоёрын асуудал” гэж хэлсэн. Тэгтэл П.Б  наанаас нь “би Б ыг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь би эмнэлэг, цагдаа дуудъя гэхэд Б  надад зүгээр ээ эгч ээ, жаахан цус гарч байна, та битгий санаа зов гэж хэлэхээр нь би марлиар Б ын шархыг боож өгөөд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-32 дугаар тал/,

- Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3069 дугаартай шинжээчийн: 1. П.Б ын биед цээжний зүүн талд 3, 4-р хавирганы завсраар цээжний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн нэвтэрсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус, хий хуралдалт, зүүн уушгины авчилт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/,

- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Г.Б ы “...Тэгтэл Б  мах идэж байсан хар өнгийн иштэй хутгаа гартаа бариад намайг чиглээд ирсэн. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалах гэж Б т хутгалуулахгүй гэж барьцалдсан. Тэгээд би Б ыг цааш нь түлхтэл Б  газар дэвссэн байсан гудсан дээр хэвтсэн. Тэгтэл Б ын цээжний зүүн талын хэсэг буюу мөрнийх нь доод талынх нь хэсгээс цус гарч байхаар нь би тухайн үед зүгээр зүсэгдчихсэн байна гэж бодоод байж байтал Б ыг амьсгалахад тэр шархнаас нь цус гарч ирээд байсан. Тэгтэл гаднаас Алтанцаг эгч эхэлж ганцаараа орж ирсэн. Дараа нь Алтанцаг эгчийн хойноос Отгоо, Бааска нар орж ирсэн. Тэгэхээр нь би түргэн дуудах гэтэл утсаа тэр үед хайгаад олохгүй байсан тул Бааскааг түргэн дууд гэж хэлээд түргэн дуудуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 68-72 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Г.Б ы гэм буруугийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Наранцэцэг нь аргагүй хамгаалалтын үйлдэл хийсэн гэж мэтгэлцэж байна.

Шүүгдэгч Г.Б  нь хохирогч П.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах үйл баримт болоход зөвхөн хоёулаа байсан байна.

Хохирогч П.Б  нь шүүгдэгч Г.Б ы эсрэг ямар нэгэн үйлдэл хийсний хариуд Г.Б  үйлдэл хийсэн нь хавтаст хэрэгт нотлох баримтаар тогтоогдоогүй байна.

Субъект өөрийн хийх гэж буй үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинж, үр дагаврыг урдаас сайтар ойлгож улмаар нийгэмд аюултай хор уршиг учрах нь  зайлшгүйг, эсхүл учрах боломжтойг мэдсэн хэрнээ үйлдсэн, тэр хор уршигт зориуд хүргэсэн байхыг санаатай үйлдсэн гэж үздэг.

Шүүгдэгч Г.Б  нь хутга, заазуур барин хохирогчтой маргалдах явцдаа хохирогчийг гэмтээж болохыг ухамсарлах чадвартай байсан бөгөөд түүнээс үүдэн гарах үр дагаврыг мэдэх боломжтой, мэдэх ёстой байсан, уг үр дагаварыг шууд хүсч гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэх үедээ хутгыг хэрэглэсэн байх тул хутгыг зэвсгийн чанартай  хэрэглэсэн байна.

Иймд Г.Б ы гэм буруугийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус  хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч П.Б т гэмт хэргийн улмаас өөрт учирсан 630.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, одоогоор шүүгдэгчээс нотлох баримтаар төлөх төлбөргүй байна.

Хохирогч П.Б ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, уг гэмтлээс үүдэн гарах хор уршгийг харгалзан үзэж цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт: ...таван жилээс арван хоёр жилийн хорих ял оногдуулахаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг  хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Г.Б ы үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 1.2-т заасан хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, урьд нь ял шийтгэл хүлээж байгаагүй болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Г.Б  нь урьд ял шийтгэгдэж байгаагүй байна.

Шүүгдэгч Г.Б  нь уг хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, Г.Б аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн даавуу 1 ширхэг,  цагаан өнгийн төмөр бариултай 19 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Г.Б ыг 3 /гурван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Г.Б д 3 /гурван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч П.Б  нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цус мэт улаан хүрэн өнгийн даавуу 1 ширхэг,  цагаан өнгийн төмөр бариултай 19 см урттай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Г.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ч.АЛТАНЦЭЦЭГ

                       

                               ШҮҮГЧИД                                  Б.АРИУНХИШИГ

 

                                                                                    Ц.АМАРГЭРЭЛ