Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 56

 

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багт оршин суух /РД:ЛК56121411, утасны дугаар 98666409/, Орлой овогт Цэрмаагийн Зандарын 

“Ажиллаж байсан байдал тогтоолгох” хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Хүсэлт гаргагч Ц.Зандар нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд  1980 оны 12 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал мал маллаж байсан боловч хөдөлмөрийн дэвтрийн бичилт дутуу юм. Иймд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1980 оны 12 дугаар сараас  1989 оны 12 дугаар сарыг дуустал ажиллаж байсныг сэргээн тогтоож өгнө үү. Мөн миний бие нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын Заан ширээ хэмээх газарт мал малладаг. Шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан, цас зудтай, хол газар амьдардаг тул шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 Хүсэлт гаргагч Орлой овогт Цэрмаагийн Зандар нь 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.

 

Ц.Зандар нь миний бие Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Заан ширээ” хэмээх газарт мал малладаг. Шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан, цас зудтай, хол газар амьдардаг тул шүүх хуралд өөрийн биеэр оролцох боломжгүй байгаа тул шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хийж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч Орлой овогт Цэрмаагийн Зандар 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсан болох нь 1981 оны 7 дугаар сарын 09-ний өдөр нээсэн хөдөлдмөрийн дэвтрийн хуулбар, Сүхбаатар аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 295/15 тоот лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхний хуулбар,

 

        -гэрч Намгар овогт Содовын Санжаажав /РД:ЛК44092117/-ын “Ц.Зандар нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд 1980-1990 он хүртэл адуу маллаж байсан. Ц.Зандар нь 1985, 1986 онуудад Уулбаян сумын Хашаат, Цагаан чулуут гэх газар адуу хариулж байгаад отроор Яргайтын уул гэх газар манайхтай 2 суурь адуу, 1 суурь хоньтой 2, 3 жил айл нутаглаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бөглөлт дутуу бичигдснийг би сайн мэдэхгүй байна.  Ц.Зандар нь тухайн нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Би Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд тэмээ, хонь хариулж байсан бас тууварт их явдаг байсан. Ц.Зандар нь айлын өргөмөл хүүхэд. Ээжийг нь Цэрмаа гэдэг.  Би Ц.Зандартай нэг сумын нэг бригадад хамт ажиллаж байсан болохоор ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлэг, 

 

         -гэрч Боржигон овогт Чойнзонгийн Доржхуяг /РД:ЛК50012219/-ын “Ц.Зандар нь Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдлын Баян бригадад 1980-1989 оныг дуустал хонь, адуу зэргийг маллаж байсан. Хөдөлмөрийн дэвтрийн бичилт  дутуу бөглөгдсөн нь тухайн үеийн бригадын тоо бүртгэгчийн хариуцлагагүй байдлаас болж ийм зөрчил үүс ч байна. Ц.Зандар нь тухайн нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Би Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд худгийн моторчин, засварчин, усны группын дарга зэрэг ажлыг хийж байсан. Ц.Зандартай нэг нэгдэлд ажиллаж байсан болохоор энэ хүний ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх  мэдүүлгээр тус тус нотлогдож байна.

 

Иймд Ц.Зандарын хүсэлтийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хүсэлт гаргагч  нь  улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Орлой овогт Цэрмаагийн Зандар 1980 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оныг дуустал Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Сүхбаатарын зам” нэгдэлд ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ц.Зандарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн     70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ц.ЭРДЭНЭЗУУ