Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

2019       12          27                                  2020/ШЦТ/23

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

улсын яллагч Н.Гэрэлмаа,

хохирогч, шүүгдэгч Г.Б, Д.С  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Б, Д.С нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06562 2596 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Д.С

2. Монгол улсын иргэн, Г.Б

Холбогдсон хэргийн талаар:

Г.Б, Д.С  нар нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтангадас” нэртэй караокены гадна тооцоо төлөөгүй гэсэн шалтгааны улмаас харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Д. С   мэдүүлэхдээ: Д.С би “Түмэн тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэр өдөр би амарч байсан бөгөөд ажилчид надад дуудлага өгснөөр би очсон. Намайг очиход хүмүүсийн хооронд хэзээний маргаан эхэлчихсэн байсан ба би харилцан зодооныг таслах зорилготой очсон. Дараа нь бичлэгийг ухрааж үзсэнээр маргаан юунаас эхэлснийг ойлгосон юм. Манай рестораны камерын тусгах боломж хол байсан тул замын эсрэг талын “Корона” зочид буудлын камерт бүрэн бичигдсэн байсан. Би өөрөө үзсэн бөгөөд хуулж авах гэхэд “цагдаагийн зөвшөөрөлтэй хуулж өгнө” гэсэн. Иймд би Дугарсүх байцаагчид удаа дараа “очоод аваач” гэсэн хүсэлтийг мэдүүлэг өгөхдөө хэлж байсан. н.Дугарсүх байцаагч очиж авахгүй байж байтал 14 хоног нь өнгөрөөд бичлэг устсан.  Миний хувьд яагаад гомдол гаргасан бэ гэхээр тухайн зодоонд оролцож хэлмэгдсэн болохоос биш Г.Б г үсдэж аваад, зодсон үйлдэл байхгүй. “Минт” шөнийн клубээс гарч ирээд манайхыг “хааж байна” гэхэд гуйж орж ирээд 4 шил пиво, 1 цаг 30 минутын төлбөр нь 115.000 төгрөг гарсан. Орж ирсэн 2 залуу нь түрүүлээд гараад явахаар нь бармен тооцоо шаардахад тэр чигээрээ өгөхгүй гэж байгаа нь бичлэгт харагдсан. Зам хөндлөн гараад такси барих гэж байгаа нь бичлэгээс харагддаг. Бармен очиж шаардлага тавихад түрүүлээд таксинд суугаад гарч ирэхгүй байсан. Г.Б  нь гарч ирээд манай барменийг үсдэж авч байгаа нь надад харагдсан юм. Үс нь задраад, нөгөө хүүхэд гүйж ирээд над руу утасдсан юм билээ. Тэрийг нь би камернаас харсан. Таксины жолоочид “тооцоогоо хийгээгүй хүн авч явж байгаа бол чи ч гэсэн буруутан болно” гэж би хэлсэн. Би “төлбөр тооцоогоо хий” гэсэн шаардлага тавьсан. Маргааш өдөр нь Г.Б  ухаан мэдрэлгүй байсан гэдгээ над дээр ирж хүлээн зөвшөөрсөн. Би энэ хүнийг үсдээгүй. Машиныг явуулсны дараа найз охидууд нь бид хоёрын маргааныг салгах гэсэн боловч найз охидуудаа татаж унагаад, зодож байсан бичлэг байдаг. Энэ үед Г.Б  над дээр ирээд үсдээд дараад авсан. Би хоёр гараараа доошоо хараад тулсан, надад буцаад үсдэх боломж байгаагүй. Манай үйлчлүүлэгч, бармен салгах гэхэд миний үснээс зулгаасан байсан тул дамжлаад зам хөндлөн гаргасан. Үсэнд хүрэх ямар ч боломж байхгүй. Маргааш нь энэ охин ирээд уучлал гуйгаад, бичлэгийг устгаач гэсэн. Би бичлэгийг нь үзүүлээд устгасан нь буруу болжээ. Надад нэхэмжлэл бол байхгүй. Бармен хүүхэд гомдолтой байгаа. Бармен охины мэдүүлгээс нэгийг ч тусгаагүй байна. Би салгах гэж ирээд хохирсон. Г.Б  өсгийтэй гуталтай байсан тул савж унаад, нэг хүний утсыг булааж авч “миний утас” гээд, хойшоо унаж байхдаа гар хөлнөөсөө, хамарнаасаа цус гаргасан юм шиг байна.

Энэ охинд би гар хүрээгүй, үсдээгүй, түлхэлцэх зүйл байхгүй. “Корона” зочид буудлын бичлэгийг аваагүйд гомдолтой байгаа. Өөр хэлж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч Г. Б   мэдүүлэхдээ:  Хэргийн талаар ярих зүйлгүй  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.С ын өгсөн: ...Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтангадас” караокений дэд захирал нь бөгөөд өнөөдөр буюу 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 04 цаг 00 минутын үед манай караокед үл таних гурван  эмэгтэй, хоёр  залуугийн хамт үйлчлүүлсэн бөгөөд 06 цагийн үед манай караокенаас хоёр  залуу нь түрүүлж гарч явсан ба гурван  эмэгтэй нь араас гарч явсан. Тооцоогоо хийхгүй гараад явчихаар нь манай бармен, зөөгч нар араас нь гарч явсан ба би араас нь гарах үед учиргүй орилж хашгичаад манай бармен зөөгч нар руу дайрсан. Тухайн үед тэр эмэгтэйчүүд над руу орилж “амь авраарай, энэ хүмүүс зодож нүдээд байна” гэх мэтээр орилж хашгичиж байсан ба “тооцоогоо төл” гэсэн чинь “тэр хоёр залуу төлдөг юм байгаа биз” гэх мэтээр орилж хашгирсан. Тэгээд хар хувцастай цагдаа нар ирээд эрүүлжүүлэгдсэн эмэгтэй нь “бид нар тооцоог чинь төлөхгүй, тэнэг хөгшин авгай минь” гэх мэтээр харааж доромжилж эхэлсэн ба үснээс зулгааж, өсгийтэй гутлаараа өшиглөсөн. Мөн манай үйлчлэгч бармен, зөөгч нарыг үсдэж аваад дайраад байсан бөгөөд би цагдаа дуудсан. Тооцоогоо хийхгүй байхаар нь би нэг эмэгтэйгийнх нь утсыг авчихсан чинь “энэ эмэгтэй миний утсыг булааж авсан” гэх мэтээр орилж гарсан юм. Тэр орилж байсан эмэгтэйгийн нөгөө хоёр найз нь тухайн үед хараад зогсож байсан. Миний баруун гарын дунд хуруу хавдчихсан байна. Толгойны орой хэсгээс үс зулгааснаас болж толгой өвдөж байна. Мөн хөл, сүүж өвдөөд байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ...гэх мэдүүлэг /хх-ийн 5 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Б гийн өгсөн: ... Би 2019 оны 10 дугаар сарын 30-нд хамт ажилдаг эмэгтэй Оюунаа, найз Чимгээ, үеэл дүү Д.Чимэд-Ерөөл нарын  хамт оройн 23:00 цагийн үед” Минт”  нэртэй бааранд ороод найзуудтайгаа өглөөний 04:00 цагийн үед тус баарнаас гарсан. Гараад бид нар Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтангадас” нэртэй караокед орсон бөгөөд тэндээ бид нар пиво ууж суусан. Бид нар өглөөний 06:30 минутын үед би хамгийн түрүүнд тус газраас гараад таксинд суухад тэр караокений эзэн гэх эмэгтэй гарч ирээд намайг буугаад ир гэсэн бөгөөд бид нар буухгүй гэж хэлэхэд хэл амаар доромжлоод байхаар нь үеэл бид хоёр  машинаас буух үед намайг үсдсэн. Тэр үед манай найз салгахад тэр эмэгтэй миний нүүрэн хэсэгт маажсан болохоор би тэр эмэгтэйгийн араас гар утсаа шидсэн. Миний утсыг үеэл маань аваад бичлэг хийж байхад нь тус байгууллагын зөөгч ирээд миний утсыг үеэл дүүгийн маань гарнаас булааж караоке руугаа ороод тус бичлэгийг устгасан байсан. Удаагүй цагдаа нар ирээд намайг болон манай үеэл дүүгийн хамт цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Миний нүүрийг маажсан мөн үсдсэн толгой хөндүүртэй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Батчимэгийн өгсөн: ...Тэнд ороод дуулж байгаад 06:00 цагийн үед хамт явсан Хоёр  залуу түрүүлж гарсан бөгөөд араас удаагүй бид гурав  хамт гараад замаас таксинд сууж байхад тус караокений эзэн гэх эмэгтэй араас гарч ирээд хэл амаар доромжлоод байсан ба буугаад ир гэсэн. Тэр үед машинаас манай найз буусан бөгөөд буухад нь тэр эмэгтэй үсдсэн байсан. Намайг буухад манай найз газар унасан байсан бөгөөд би салгаад тооцоогоо хийсэн ба хэсэг хугацааны дараа цагдаа нар ирээд манай найз болон түүний үеэл хоёрыг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Чимэд-Ерөөлийн өгсөн: ...Би 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 01:00 цагийн үед “Минт” нэртэй бааранд ажлын найзуудтайгаа орсон. Тус газраас 04:00 цаг өнгөрөөгөөд “Алтангадас” нэртэй караокед орсон бөгөөд ороод 1 цаг гаран байж байгаад эгч бид хоёр  гарсан бөгөөд ард Чимгээ хойно үлдээд тооцоогоо хийгээд гарсан. Араас зөөгч нь гарч ирээд төлбөрөө төл гэхэд би цаана чинь нэг хүүхэн төлөх гээд үлдсэн гэж хэлсэн. Тэгэхэд цаанаас тус караокений эзэн гэх эмэгтэй гарч хэл амаар доромжлоод тооцоогоо нэхээд байсан бөгөөд манай эгч Б г үсдээд дайраад байсан. Тэр үед тус караокений ажилчин бололтой 4-5 хүмүүс элбэж манай эгчийг зодсон. Яг яаж, хэн цохиж зодсоныг нь хараагүй ба манай эгч цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар нилээн удаж байж ирсэн бөгөөд манай эгч бид хоёрыг авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Төрмөнхийн өгсөн: ... Дараа нь би тамхи татах гээд гарахад араас манай бармен эмэгтэй гарч ирээд нөгөө түрүүлж гарсан хоёр  залууг асуугаад байсан ба 6 дугаарын өрөөнд үлдсэн 3 эмэгтэй тооцоогоо өгөхгүй тэр залуучуудаасаа авахгүй яасан юм гээд хэрүүл болоод байсан. Тэр гурван  эмэгтэй тооцоогоо хийхгүй гэж хэлээд маргалдаж байгаад шууд гарсан бөгөөд бармен би тэр дадлага хийж байсан эмэгтэй бид гурав  араас нь гарсан. Гадаа гарахад шууд такси бариад явах гэхэд манай бармен эмэгтэй таксины урд замыг нь хааж зогсоод тооцоогоо авах гэхэд машин дотроос тэр гурван эмэгтэй бууж ирээд нэг эмэгтэй нь манай караокег цаг хэтрүүлж ажиллаа гээд орилоод байхаар нь манай бармен эмэгтэй цагдаа дуудна гээд маргаан эхэлсэн. Маргалдаж байгаад манай бармен хүүхнийг үсдсэн бөгөөд харилцан үснээсээ зулгаалцаад байхаар нь би болон таксины жолооч нартай нийлж байгаад салгасан. Дараа нь бармен С  эгчийг дуудаад удалгүй ирээд ахиж хэрүүл маргаан болсон бөгөөд тэр гурван  эмэгтэй дахин өөр нэг таксинд суухад С  эгч Б  гэх эмэгтэйг үсдэж буулгаад дахин үсдэлцээд бие биенийгээ татаад байсан бөгөөд таксины хоёр  жолооч ирээд С  эгч бармен хүүхэн 4 нийлж байгаад Б  гэх эмэгтэйг 4 талаас нь өргөөд холдоогүй буулгасан. Удаагүй цагдаа нар ирээд тэр эмэгтэйчүүдийг аваад цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтуяагийн: Би 2019 оны 10 дугаар сарын 31-ний шөнийн 04:00 цагийн үед манай ажил дээр үл таних гурван  хүүхэн хоёр  залуугийн хамтаар манай кораокед үйлчлүүлхээр орж ирсэн. Манайд нэг цаг орчим үйлчлүүлээд түрүүлж хамт явж байсан үл таних хоёр  залуу гарсан удаагүй араас нь гурван эмэгтэй нь гарч ирэхээр нь тооцоогоо хийх үү гэж хэлсэн тэгэхэд над руу нэг эмэгтэй нь бид төлөхгүй тэр хоёр залуугаасаа авахгүй яасан юм бэ гэж хэлээд гадагш гарсан. Би араас нь гарахад тэр хүүхнүүд таксинд суух гэж байхад нь би зогсоогоод тооцоогоо хийхийг шаардахад нэг үл таних эмэгтэй нь хэл амаар доромжилж дайрсан. Надруу дайраад байхаар нь эргэж хараад явж байхад араас үсдсэн бөгөөд би арай гэж гарыг нь тавиулаад ажил руугаа ороод захирал руу утсаар ярьж дуудсан. Удаагүй захирал ирээд тус эмэгтэйчүүдийг таксинд суусан байхаар нь татаж гаргаж ирсэн бөгөөд тус эмэгтэй бууж ирээд манай захирлыг үсдэх гээд дайраад байхад нь би гарнаас нь татаж авсан. Тэгэхэд хажууд байсан үйлчлэгч эгчийг үсдэж аваад татаад байсан бөгөөд тус эмэгтэйчүүдийн нэг туранхай өндөр нь намайг үсдээд унагаасан бөгөөд тэр эмэгтэй утсаа гаргаж ирээд бичлэг хийгээд байхаар нь захирал булааж авсан. Тэр үед манай захирлыг Б  үсдээд унасан бөгөөд хөлөөрөө захирлыг шилбэ болон гуя хэсэгт нь өшиглөсөн байсан. Дараа нь таксины жолооч нартай нийлж өргөөд замаас гаргасан. Тэр эмэгтэй захирлыг үсдэж байгаад тавиад босч ирээд надруу үсдэх дайраад байхаар нь би түлхэхэд миний гуя хэсэгт нэг удаа өшигөлсөн бөгөөд удаагүй цагдаа нар ирээд би хүүхдээ хүргэж өгөх гээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13290 дугаартай шинжээчийн:

1. Г.Б гийн биед гэмтэл учирсан байна.

2. Тархи доргилт, баруун бугалга, шуу, гарын чигчий хуруу, гуянд цус хуралт, цээжний баруун урд дээд хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу, цээжний зүүн талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

6. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн ХӨНГӨН зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус тусдаа 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ч.Эрдэмболор гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 13226 дугаартай шинжээчийн:

1. Д.С ын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун гарын дунд хурууны зөөлөн эдийн няцрал, баруун шууны зулгаралт, баруун, зүүн шилбэний зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Н.Энхцолмон гэх дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар тал/,

- Шүүгдэгч Д.С , Г.Б  нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42, 43, 45, 46, 48 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Г.Б, Д.С  нар нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө 06 цагийн орчим Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Алтангадас” нэртэй караокены гадна тооцоо төлөөгүй гэсэн шалтгааны улмаас харилцан зодолдож, бие биедээ хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Б, Д.С , гэрч М.Батчимэг, Д.Чимэд-Ерөөл, Б.Төрмөнх нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 13290, 13226 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б, Д.С  нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч нар гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Г.Б, Д.С  нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад  нотлох баримтаар төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Шүүгдэгч Г.Б, Д.С  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д  заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

            Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

            Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болон хувийн байдлуудыг харгалзан эрүүгийн хариуцлагыг ялгамжтай хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Б, Д.С  нар нь цагдан хоригдсон хоноггүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Б, Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.С ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар, Г.Б г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.С ад оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг, Г.Б д оногдуулсан 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б, Д.С  нар нь  нотлох баримтаар төлөх төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б, Д.С  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ