Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 03

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Ургамал сумын Эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлтэй тус аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны хяналтын улсын байцаагч Т.Ц-т холбогдох, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаартай Нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Тунгалаг, хариуцагч Т.Ц- шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.Дэлгэрсайхан нь 2015 оны 06 сарын 01-ний өдрөөс 2015 оны 09 сарын 01-ний өдөр хүртэл ээлжийн амралт болон өвчтэй ээжийгээ асарч чөлөөтэй байсан. Энэ хугацаанд Ургамал сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч М.Жаргалтуяад эмийн эргэлтийн сангийн эм, бусад хөрөнгийг хүлээлгэн өгсөн. 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ажлаа хүлээн авахад эмийн эргэлтийн санд 2.258.700 төгрөгийн эм дутаасан байсан бөгөөд энэ талаар М.Жаргалтуяад мэдэгдсэн. М.Жаргалтуяа би төлнө гэдгээ хэлж эм дутсаныг зөвшөөрсөн. М.Жаргалтуяа учруулсан 2.258.700 төгрөгийг төлөхгүй удсан учир Завхан аймгийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагч М.Жаргалтуяа Улаанбаатар хотод оршин суудаг байх тул харьяаллын дагуу нэхэмжлэлээ гаргах нь зүйтэй гэж нэхэмжлэлийг буцаасан.

М.Жаргалтуяагийн хаягийг олж мэдэх гэж тодорхой хугацаа өнгөрсөн бөгөөд харьяаллын шүүхэд нэхэмжлэл гаргаж амжаагүй байхад аймгийн санхүүгийн хяналт аудитын албанаас 2016 оны 12 сард сумын төсөвт байгууллагуудын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Шалгалтын явцад дотоод аудитор Т.Ц-т: М.Жаргалтуяа эмч эмийн эргэлтийн санд 2.258.700 төгрөгийн эм дутаасан талаар эмийн эргэлтийн сангийн эрхлэгч Б.Дэлгэрсайхан болон эмнэлэгийн нягтлан бодогч Л.Оюунбилэг нар хэлж ярьсан бөгөөд тухайн үед М.Жаргалтуяад акт тавьж төлүүлэхээр шийдвэрлэлээ гэж Т.Ц- хэлж байсан. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 сарын 23-ны өдрийн 01/591 тоот албан бичигт сумын эрүүл мэндийн төвийг, Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2016.12.07-ны өдрийн 110 дугаартай актыг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг биелүүлж /манай эрүүл мэндийн төв, эмийн эргэлтийн санд учирсан хохирол/ 2.258.700 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын төрийн сан дахь 090000982 тоот дансанд тушаахыг шаардсан байсан. Ийнхүү Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 110 дугаартай актын үр дагаврыг ойлгон Ургамал сумын Эрүүл мэндийн төв актад холбогдуулж дээд шатны албан тушаалтанд гомдол гаргасан. Холбогдох албан тушаалтан гомдлыг хянаж актыг эмч М.Жаргалтуяад холбогдуулж төлбөр нөхөн төлүүлэхээр тавьсан бөгөөд Ургамал сумын Эрүүл мэндийн төвд холбогдуулаагүй, Ургамал сумын Эрүүл мэндийн төвийн төсвөөс гаргуулахаар нэхэмжлээгүй гэсэн хариу өгсөн боловч эрүүл мэндийн төвийн эмийн эргэлтийн санд учирсан хохирлыг төрийн сан дахь орон нутгийн орлогод төвлөрүүлэх тухайн актын заалтыг хэвээр үлдээсэн нь Ургамал сумын эрүүл мэндийн төв, эмийн эргэлтийн сангийн эрх ашгийг хохироосон шийдвэр болжээ. Иймд Санхүүгийн хяналт аудитын албаны улсын байцаагчийн 2016 оны 12 сарын 07-ны өдрийн 110 дугаартай актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 110 дугаартай Нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай актыг хүчингүй болгуулах гомдлыг гаргасан байгаа. Яагаад энэ гомдлыг гаргасан бэ? гэхээр тухайн үед ажиллаж байсан Жаргалтуяа нь байхгүй. Актын толгойн хэсэгт Жаргалтуяад гээд бичсэн мөртлөө төлбөрийг манайхаар төлүүлэх гээд байгааг гайхаж байгаа. Тэгэхээр эргэлтийн эмийн сан, Жаргалтуяа нарын хоорондын иргэний маргаан биш үү. Бид нар ингэж ойлгож байгаа. Манай эрүүл мэндийн төв нь эргэлтийн эмийн санг ямар нэгэн байдлаар хохироогоогүй учраас гомдлоо гаргасан. Өөрөөр хэлбэл манай дансыг хаагаад 2258700 төгрөгийн татна гэхээр цалингаас өөр мөнгө байхгүй бидэнд цалингаа тавьж чадахгүй хүнд байдалд орж байгаа. Эргэлтийн эмийн санг хувийн өмчийн оролцоотой гээд анхнаасаа буруу ойлгоод байгаа юм байна. Шүүхэд гомдлоо гаргаад явж байхад эргэлтийн эмийн сан нь хувийн өмч биш, харин төрийн өмчийн оролцоотой байгууллага байдаг. Ийм учраас хөөн хэлэлцэх хугацаагаа залруулж нэхэмжлэлээ гаргаж байгаа юм. Содном даргын хариу өгсөн албан бичгээс харахад Эрүүл мэндийн төвөөс гаргуулахаар тавьсан акт биш гэсэн байдаг. Тэгсэн мөртлөө манай эрүүл мэндийн төвөөс 2258700 төгрөгийг гаргуулахаар яваад байгаа болохоор маргаад байгаа юм. Жаргалтуяа нь төсвийн шууд захирагч учраас эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн ажлыг хавсарч гүйцэтгэх эрх байхгүй. Эргэлтийн эмийн сангийн эрхлэгч нь явахдаа даргадаа хэлсэн байдаг. Тэгэхэд нь би эмийг нь тоолоод авчихъя гээд авсан байдаг. Тухайн үед эмчлэгч эмч Балжир дээр ажил хавсарсны 40 хувийн нэмэгдэл гаргаад ажиллуулж байсан. Тэгсэн мөртлөө эргэлтийн эмийн сангийн төсвөө Жаргалтуяа эмч өөрөө барьж байсан. Яагаад гэвэл Жаргалтуяа эмч өөрөө эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэх боломжгүй учраас доод албан тушаалтандаа 40 хувийн тушаал гаргуулсан байдаг. Тэгээд эргэлтийн эмийн сангийн мөнгийг Жаргалтуяа эмч өөрөө барьж байгаад хохироосон юм. Сумын Засаг даргаас Жаргалтуяаг эргэлтийн эмийн сангийн эрхлэгчийн ажлыг хавсарч гүйцэтгүүлэх талаар ямар нэгэн захирамж гараагүй. Тэгэхээр 2258700 төгрөгийн төлбөр бол эрүүл мэндийн төвтэй ямар ч хамааралгүй. Зөвхөн Жаргалтуяа эмчийн хувийн өр юм гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Танай 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн өргөдөлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.1. Аймгийн Засаг даргын баталсан 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр удирдамжийн хүрээнд эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийхээр тусгагдсан. 2. Эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагаа нь аж ахуйн тооцоон дээр явдаг дүрмийн сангийн эх үүсвэр нь улсын төсвөөс санхүүждаг тул төрийн хяналт шалгалтын тухай хуулийн хүрээнд хамаарагддаг болно. Эрүүл мэндийн төв дээр өмнө нь шалгалтаар очиход дутагдал зөндөө гарсан. Ийм учраас эмч, ажилтнуудыг цуглуулж байгаад дотоод асуудлаа шийдвэрлэ гээд анхааруулга өгөөд явсан. Ингээд таван сарын дараа очиход дахин асуудал гарчихсан байсан учраас акт тавьсан байгаа. Манай хяналт шалгалтын стандартад зөрчил гэдэг зүйл байхгүй. Та нэг төгрөгний алдаа гаргасан л бол акт тавигдаад төсвийн орлогын данс руу орно. Ийм учраас 2258700 төгрөгийг зөрчлөөр оруулаад хасна гэсэн ойлголт байхгүй. 3. Тухайн үед Эрүүл мэндийн төвийн эрхлэгчээр М.Жаргалтуяа ажиллаж байх үедээ, эргэлтийн сангийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа 2 258 700 мянган төгрөгийн эмийг дутааж холбогдох актыг тогтоосон. Өмнө нь шалгалтаар очиход Жаргалтуяа нь эрүүл мэндийн төвийн эрхлэгч байсан. Дараа нь шалгалтаар очиход Ичинноров нь эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн үүргийг түр гүйцэтгэж байсан. Нэхэмжлэгч талаас нэг, хоёрдугаар гарын үсэг гэсэн зүйл яриад байх юм. Би үүнийг олон удаа тайлбарласан. Манайхаас нэхэмжлэгч байгууллагад явуулсан албан бичгүүд хүртэл байна л даа. Та нар яагаад ойлгохгүй байгаа юм бэ? гэхээр хариуцлагыг огт ухамсарлахгүй байна. 4. М.Жаргалтуяад холбогдох актыг дараагийн шатны арга хэмжээ болох шүүхээр актыг баталгаажуулсан болно. 5. Анх эргэлтийн эмийн сангийн эх үүсвэр нь 2004 онд НҮБ-ын хүүхдийн хөгжлийн сангийн төсөл хөтөлбөрөөр бүх сумдад 2100,0 мянган төгрөгийн эмийг тарааж өгч эх үүсвэрийг бий болгосон. 6. Эргэлтийн эмийн сан нь гурвалсан гэрээний дагуу ажил үүргээ явуулдаг. 1. Сумын Засаг дарга, Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч, Эрүүл мэндийн газрын дарга нартай гэрээ байгуулна. 7. Дотоод аудитын дүрэмд, төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу улсын байцаагчийн тогтоосон актыг үндэслэлгүй гэж үзвэл акт тогтоосоноос хойш 10 хоногийн дотор дараагийн шатанд хандана. 8. Эмийн сангийн ажлын байрны тодорхойлолтонд / эм зүйч, мэргэжилтэй/ байна гэж заасан. Миний тавьсан актыг хүлээн зөвшөөрөхгүй бол дээд шатны албан тушаалтанд 10 хоногийн дотор гомдол гаргана гэж бичсэн байгаа. Гэтэл та нар гомдол гаргахгүйгээр бүтэн жил болсон. Тэгээд шүүхээр акт баталгаажсан байхад гомдол гаргасан. Шүүхээр актыг баталгаажуулахаас өмнө 14 хоног хүлээдэг. Энэ хугацаанд ч гэсэн танайхаас ямар нэгэн тайлбар ирүүлээгүй. Нэгдүгээрт та нарт хариуцлага гэсэн зүйл алга, хоёрдугаарт актын толгойн хэсэгт Жаргалтуяад гээд бичсэн байгаа. Харин актын доор нь нэг, хоёрдугаар гарын үсэг зурдаг эрх бүхий хүмүүсийн нэрийг бичсэн. Ийм учраас та Жаргалтуяатай хариуцлага тооцох ёстой. Эргэлтийн эмийн сан гэдэг нь нэгдүгээрт даатгалаас санхүүждэг. Ийнхүү даатгалаас санхүүждэг учраас Төрийн хяналтын шалгалтын тухай хуулинд хамаарна. Хоёрдугаарт та нар эргэлтийн эмийн санг хувийн байгууллага юм шиг ойлгоод байна. Энэ бол буруу. Төр аль нэг хувийн байгууллагаар ажил гүйцэтгүүлэх эрхтэй. Энэ талаар 2011 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 97 дугаар журамд тодорхой заасан байгаа. Эргэлтийн эмийн сангийн эрхлэгчээр мэргэжлийн эм зүйчийг ажиллуулах ёстой. Танай эргэлтийн эмийн сангийн ажлын байрны тодорхойлолт нь хүртэл хангалтгүй байгаа. Маргаан бүхий актын тухайд яах аргагүй 2258700 төгрөгийг дутаасан учраас Жаргалтуяагаас төлбөрийг барагдуулж төсөвт татах ёстой. Өөрөөр хэлбэл Жаргалтуяатай хамааралтай акт юм гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Завхан аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Т.Ц- 2016 оны 12 сарын 07-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай 110 дугаартай актаар[1] Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4-т заасан хөрөнгийн өөрчлөлт хөдлөл бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулаагүй гэх үндэслэлээр Ургамал сумын эмийн эргэлтийн сангаас эм дутагдуулсны төлбөр 2258700 төгрөгийг Ургамал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ичинноров, нягтлан бодогч Л.Оюунбилэг нарт хариуцуулсан байна.

Хариуцагч актынхаа үндэслэлийг Ургамал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан М.Жаргалтуяа эмийн эргэлтийн сангийн үйл ажиллагааг хариуцан ажиллаж байхдаа эм дутагдуулсан тул Ургамал сумын эрүүл мэндийн төвд төлбөр тавьсан гэж тайлбарлаж байна.

Нэхэмжлэгчээс манайх эмийн эргэлтийн санд хохирол учруулаагүй тул энэ төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2002 оны 119 дүгээр тушаалаар[2] Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж байгаа Хамт олон-эрүүл мэнд төслийн хүрээнд Завхан аймгийн 23 суманд, үүнээс Ургамал суманд 2374851 төгрөгийн эм бүхий хөрөнгө оруулалтаар эмийн эргэлтийн сан байгуулсан байна. Эмийн эргэлтийн сангийн ажиллах журамд[3] сумын эмийн эргэлтийн сан нь орон нутгийн өмчид суурилсан хуулийн этгээд байх-аар заасан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт заасан аймгийн Засаг дарга нь сум, дүүрэг, харьяа байгууллага, аж ахуйн нэгжийн төрийн өмчийн эд хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, бүртгэл, санхүүгийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх арга хэмжээ авах бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 11 сарын 25-ны өдөр 34 дүгээр удирдамжаар[4] эмийн эргэлтийн сангийн зарцуулалтад төлөвлөгөөт бус шалгалт хийхээр шийдвэрлэсний дагуу санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Т.Ц- нь Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийснийг буруутгах боломжгүй байна.

Харин хариуцагчийн зүгээс дээрх захиргааны актыг гаргахдаа Ургамал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч М.Жаргалтуяад гэсэн мөртлөө актын төлбөрийг эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Ичинноров, нягтлан бодогч Л.Оюунбилэг нарт хариуцуулсан нь актын төлбөрийг хэн хариуцаж төлөх нь ойлгомжгүй, төлбөр хариуцах этгээдийг тогтоогоогүй хуульд нийцээгүй акт гаргажээ. Хариуцагч нь санхүүгийн хяналт шалгалтыг Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийж, эмийн эргэлтийн сангаас дутсан эмийн зөрүү төлбөрийг сумын эрүүл мэндийн төвөөс гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн нь актын үндэслэл, актын үйлчлэл чиглэсэн этгээд зөрчилдөж, акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т заасан шалгуулагч этгээдэд адил тэгж хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэх зарчмыг зөрчсөн байна гэж үзлээ. Хариуцагч актынхаа үндэслэлд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 13 дугаар зүйлийн 13.4-т заасныг буюу аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэснийг зөрчсөн гэж үзсэн байна.

2015 оны 06 дугаар сарын 19-ны өдөр батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн бөгөөд Ургамал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байсан М.Жаргалтуяа нь сумын эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийн ажлыг 2015 оны 06 сарын 01-нээс 09 сарын 01 хүртэл хавсарч гүйцэтгэж байхдаа эмийн эргэлтийн санд эм дутаасан зөрчил гаргасан гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх бөгөөд зөрчил гарсан хугацаан дээр хэргийн оролцогчид маргаагүй байна. Иймд М.Жаргалтуяагийн эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байхдаа буюу 2015 оны 06 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд гаргасан зөрчил нь 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль үйлчилж байх үед гарсан зөрчил байх тул хариуцагч актынхаа үндэслэлд 2016 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн дагаж мөрдсөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг баримталсан нь буруу байна.

Хариуцагчийг хяналт шалгалтын талаарх тэмдэглэлээ шүүхэд ирүүлэхийг шаардсан боловч ирүүлээгүй бөгөөд Ургамал сумын эмийн эргэлтийн сангийн хэдээс хэдэн оны санхүүгийн баримтад шалгалт хийсэн нь тодорхойгүй, тайлбартаа энэ талаар дурдаагүй, шалгалтын дүнгийн танилцуулгад[5] энэ талаар тодорхой танилцуулаагүй, удирдамжид 2015 оны 12 дугаар сарын 01-нээс 2016 оны 12 дугаар сарын 01-ний санхүүгийн баримтуудыг хамруулан шалгалт хийхийг даалгасан, хариуцагчийн зүгээс актыг тогтооход гол үндэслэл болгосон гэж буй хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хянаж үзвэл 2015 оны 6 сарын эмийн тооллого[6], 2015 оны 6 сарын 3-наас 9 сарын 02 хүртэлх эмийн тооллого[7], 2015 оны 6, 7, 8 сарын эмийн түүврийг[8] үндэслэн акт тогтоосон нь харагдаж байна. Үүнээс дүгнэж үзвэл удирдамжид заасан асуудлын хүрээнд хуульд заасан арга, хэлбэрээр шалгалт хийгээгүй гэж үзэхээр байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь М.Жаргалтуяа Ургамал сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмчээр ажиллаж байхдаа эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийн ажлыг эмчлэгч эмч н.Балжирт хавсран хариуцуулж, 40 хувийн нэмэгдэл олгохоор тушаал гаргасан байдаг, харин М.Жаргалтуяад эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгүүлэх талаар ямар нэгэн шийдвэр гараагүй байсан, тэгсэн мөртлөө эмийн мөнгийг н.Балжираас хураан авч өөрөө захиран зарцуулж байсан гэж тайлбарлаж байх ба хариуцагчийн зүгээс М.Жаргалтуяа эмийн эргэлтийн сангийн эрхлэгчийн ажлыг хавсран гүйцэтгэж байсныг нотлох, энэ талаар шалгаж тогтоосон зүйл байхгүй байх бөгөөд хариуцагч акт гаргахдаа төлбөр хариуцагч нь хэн болохыг бүрэн дүүрэн шалгаж тогтоогоогүй байна гэж үзлээ.

Ургамал сумын эрүүл мэндийн төв нь эмийн эргэлтийн сангаас авч хэрэглэсэн эм, тарианыхаа үнийг тухай бүр нь төлж байсан гэдэгт нэхэмжлэгч, хариуцагч нар маргахгүй байх бөгөөд тухайн үед Ургамал сумын эмийн эргэлтийн санг хариуцан ажиллуулж байсан этгээдийн буруутай үйл ажиллагаанаас дээрх 2258700 төгрөгийн хохирол учирсан болохыг хэргийн оролцогчид хүлээн зөвшөөрч байна.

Ургамал сумын эрүүл мэндийн төв нь хууль бусаар орлого олсон нь тогтоогдоогүй байхад хариуцагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох... гэж заасныг баримталж акт тогтоосон нь хуульд нийцэхгүй байгаа төдийгүй төлбөрийг хариуцуулах этгээдийн хувьд хуулийн мөн дээрх заалт дахь ... хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх-ээр заасан шаардлагад нийцэхгүй байна.

Учир нь дээрх хуулийн заалтаас харахад ...иргэний хууль бусаар олсон орлогыг акт үйлдэж улсын орлого болгож болохоор байх ба хариуцагчийн бид нар байгууллага, хуулийн этгээдэд л хариуцлага ногдуулахаас иргэнд хариуцлага ногдуулах боломжгүй байдаг гэсэн тайлбар үндэслэлгүй байна. Мөн тухайн үед улсын байцаагчийн зүгээс төлбөрийг хариуцуулахдаа Ургамал сумын эмийн эргэлтийн санг хариуцан ажиллуулж байсан эрх бүхий этгээдэд Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.3, 135.4 дүгээр зүйлүүдэд заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага, 132 дугаар зүйлийн 132.1-д заасны дагуу эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэж болох эсэхийг шалгаж, хөдөлмөрлөх үүргээ гүйцэтгэж байх явцдаа дутагдал гаргасан ажилтанд уг дутагдлыг хариуцуулж шийдвэрлэхээр байсан нь хуульд заасан дээрх шаардлагад нийцэхээр байна.

Иймд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2015 он/ 13 дугаар зүйлийн 13.4-д аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичгээр болон цахимаар бичилт хийж баталгаажуулна гэж заасныг үндэслэл болгон тодорхой хариуцсан этгээдийн гаргасан дутагдал бүхий төлбөрийг нэхэмжлэгчид шууд хамааруулан төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд үүгээр тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэх үндэслэлтэй байх тул Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн Нөхөн төлбөр тогтоох, барагдуулах тухай 110 тоот актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

Хариуцагчаас актыг зөвшөөрөхгүй байсан бол 10 хоногийн дотор гомдол гаргах байсан гэж маргаж байх бөгөөд Ургамал сумын эрүүл мэндийн төвөөс 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр санхүүгийн хяналт, аудитын албаны даргад гомдол гаргаж, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хариу авсан байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо хяналт шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид гаргана гэжээ. Хуулийн энэ заалтаас үзвэл гомдол гаргах дээд шатны албан тушаалтан нь тухайн шалгалт хийсэн байгууллагын эрх баригч байхаар, мөн гомдол гаргах хугацааг тодорхой заагаагүй байна. Хуулиар нарийвчлан зохицуулаагүй асуудлыг дүрэм, журмаар зохицуулж болох бөгөөд Засгийн газрын 2015 оны 483 дугаар тогтоолоор баталсан Дотоод аудитын дүрэм-ийн 4.5-д зааснаар Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагч байхаар, 11 дүгээр зүйлийн 11.1-д улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногт багтаан Санхүүгийн хяналт шалгалтын улсын ерөнхий байцаагчид гомдол гаргана гэж зааснаас үзвэл улсын байцаагчийн гаргасан шийдвэрийн талаар тухайн шалгалт хийсэн байгууллагын эрх баригчид биш санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд гомдлоо гаргахаар зохицуулсан байна. Энэ нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасантай зөрчилдсөн, хуулийн зохицуулалтаас илт давсан зохицуулалт байх тул Төрийн хяналт шалгалтын тухай хууль нь хүчин чадал буюу хэм хэмжээний эрэмбийн хувьд дүрмээс илүү тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн зохицуулалтыг хэрэглэх нь зүйд нийцнэ.

Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны дарга нь нэхэмжлэгч байгууллагын гомдлыг хүлээн авч, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 132 тоот албан бичгээр актыг үндэслэлтэй гарсан талаар хариу өгч урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн 10 хоногийн дотор гомдол гаргах байсан гэсэн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуульд шүүхэд хандах хугацааг нарийвчлан зохицуулаагүй бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1-д заасан 30 хоногийн хугацааг баримтлахаар байна. Анх Ургамал сумын эмийн эргэлтийн сан нь улсын байцаагчийн 110 дугаар актад холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 20-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж[9], Ургамал сумын эрүүл мэндийн төв дээрх актад холбогдуулж нэхэмжлэл гаргасан байна. Актад холбогдуулж анх нэхэмжлэл гаргасан хугацаагаар тооцоход шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчөөгүй тул эрүүл мэндийн төвийн нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч байгууллагын эрхийг зөрчөөгүй гэж дүгнэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 5 дугаар зүйлийн 5.4, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.1.2, 135.3, 135.4-д заасныг тус тус баримтлан Завхан аймгийн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч Т.Ц-ын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Нөхөн төлбөр тогтоож төлүүлэх тухай 110 дугаартай актыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

[1] Хавтаст хэргийн 3-р хуудас

[2] Хавтаст хэргийн 84-р хуудас

[3] Хавтаст хэргийн 18-22-р хуудас

[4] Хавтаст хэргийн 66-67-р хуудас

[5] Хавтаст хэргийн 59-65-р хуудас

[6] Хавтаст хэргийн 26-32-р хуудас

[7] Хавтаст хэргийн 33-36-р хуудас

[8] Хавтаст хэргийн 38-40-р хуудас

[9] Хавтаст хэргийн 94-97-р хуудас