Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 05

 

 

 

 

“Арвин сан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Бямбажав даргалж, шүүгч Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

            Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00538 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “Арвин сан” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбарт хариуцагдах

            “Эвдэрч гэмтсэн тавилга тоног төхөөрөмж, хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ болох 9607255 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бүдбазарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.           

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лувсан, нарийн бичгийн дарга Э.Дөлгөөн нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лувсан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Худалдаа хөгжлийн банк нь манай компанийг зээлээ төлж чадахгүй байгаагаар шалтаглан нэг тэрбум нэг зуун сая гаруй төгрөгийн төвийн бүсийн А зэрэглэлийн газарт баригдсан объектыг, инженерийн шугам сүлжээ бүхий байршил сайтай газрын хамт нийт төлөх 569 112 784 /таван зуун жаран есөн сая нэг зуун арван хоёр мянга долоон зуун наян дөрвөн/ төгрөгийн зээлийн өрөнд суутгаж бусдад худалдсан гэж хэдэн төгрөгөөр, хэнд, ямар замаар худалдан борлуулснаа нууцлан манай компанийн хөрөнгөнд хууль бусаар халдаж, илтэд үнэгүйдүүлэн, бусдад ихээхэн хэмжээний хөрөнгө завших бололцоо олгосон үйл ажиплагаа явуулсан. Энэ нь 2015 оны 12-р сарын 21-нд үл хөдлөх хөрөнгөө чөлөөлөх шаардлага тавьж, ямар нэг хугацаа өгөлгүй шахаж шаардан, маш их яарч, бүх цоожийг сольж, манай компанийхныг болон түрээслэгчидийг орж гарах бололцоогүй болгон тавилга, эд хогшил, бараа, тоног төхөөрөмжийг задлан зөөж гаргаж байсан байдлаар нь ч тодорхой харагдаж байна. 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь аймаг дахь салбарын ажилчин Т. Эрдэнэсүх, Б. Болормаа, Р. Сувдаа, О. Хашбат нар нь гадны хэн нь үл мэдэгдэх зарим нь архи уусан согтуу хүмүүсийн хамтаар дээрх үл хөдлөх хөрөнгийг чөлөөлөх үйл ажиллагааг хүчээр, хууль бусаар явуулж байх үедээ зарим нэг тавилга, эд хогшил, бараа бүтээгдэхүүнийг эвдлэх, ашиглах болон худалдах аргагүй болгон муутгаж чанар байдлыг алдагдуулах зэргээр нилээд их хэмжээний хохирол учруулсан бөгөөд энэхүү хохирлыг одоо болтол төлж барагдуулаагүй... Иймд дээрх эд хөрөнгийг актаар тогтоосны дагуу

-“Арвин сан” ХХК-ны муудсан хүнсний бараа:

1.Өндөг-56ш нэгж үнэ 280 төгрөг нийт 15680 төгрөг

2.1,5л гоё тараг 3ш нэгж үнэ 4500 төгрөг нийт үнэ 13500 төгрөг

3.0,5л гоё тараг 3ш нэгж үнэ 1800 төгрөг нийт үнэ 5400 төгрөг

4.Пирожин 1ш 900 төгрөг

5.Хэрчсэн гурил 1ш 800 төгрөг

6.Үзэмт 2ш нэгж үнэ 1300 төгрөг нийт үнэ 2600 төгрөг

7.Бин 1ш 1600 төгрөг

8.Маахуур 1ш 2300 төгрөг

9.Кремт 3ш нэгж үнэ 1500 төгрөг нийт үнэ 4500

10.Шагшуурга 1ш 2300 төгрөг

11.Савхан ДЗ хүнс 2ш нэгж үнэ 2300төгрөг нийт үнэ 4600 төгрөг

12.Савхан бөмбүүлэй цех 1ш 2300төгрөг

13.Кремт ДЗ хүнс 1ш 1500 төгрөг

14.Шоколадтай кремт 2ш нэгж үнэ 1600 төгрөг нийт үнэ 3200 төгрөг

15.Тоонот талх 1ш 1000 төгрөг

16.Фужи алим 3,075 нэгж үнэ 5000 төгрөг нийт үнэ 15375 төгрөг

17.Цасан гоо алим 1,450 нэгж үнэ 6000 төгрөг нийт үнэ 8700 төгрөг

18.Сироп 132ш нэгж үнэ 200 нийт үнэ 26400 төгрөг

19.6-тай чоко-пей 1ш 2200 төгрөг

20.12-той чоко-пей 6ш нэгж үнэ 4300 нийт үнэ 25800

21.Лаазалсан шпрот загас 1ш 2300 төгрөг

22.Лаазалсан сардина загас 1ш 3000 төгрөг

23.Тушёнка 1ш 1700 төгрөг

24.Монгол төмс 12кг нэгж үнэ 800 нийт үнэ 9600 төгрөг. Дүн 157255 төгрөг.

-Арвин сан ХХК-ны тавилгын эвдрэл гэмтлийн тооцоо:

1. Оффисын том хүрэн ширээ 1ш үнэ 3600000 төгрөг /эвдэрсэн нь: Урт тумбочка, тавцан тогтоодог хөл 4 ширхэг, ширээний нүүр, том ширээний тавцан /актны 1,2,3,6-д/ Энэ ширээг угсрах аргагүй бүх углуурга хугарсан, урагдсан, зурагдсан, хөл дугуйнууд хагарсан хугарсан/

2. Оффисын жижиг хүрэн ширээ 1ш үнэ 1350000 төгрөг /эвдэрсэн нь: Урт тумбочка, тумбочкатай хөл, ширээний тавцан /актны 4,5,9-д/. Энэ ширээ ашиглах аргагүй хугарсан, урагдсан, зурагдсан, цөмөрсөн/

3.Сэтгүүлийн ширээ 1ш үнэ 300000 төгрөг /эвдэрсэн нь: Тавцан нь маш их зурагдсан /актны 7-д/ Энэ ширээ ашиглах аргагүй урагдсан, зурагдсан/

4. 5 хаалгатай хүрэн шкаф 1ш үнэ 1800000 төгрөг /эвдэрсэн нь: Хаалга нь цөмөрсөн/ актны 8-д/ Ижил хаалга олдохгүй тул ашиглах аргагүй/

5. Бичгийн 7 хаалгатай шар шкаф 1ш үнэ 1200000 төгрөг /эвдэрсэн нь: Хана нь цөмөрсөн, булан хугарсан, углуурганууд хугарсан /актны 10,11-д/ хана олдохгүй тул ашиглах аргагүй, угсрах аргагүй/

6. Бичгийн шар ширээ 1ш үнэ 300000 төгрөг /эвдэрсэн нь: Энэ ширээ бүрэн эвдэрсэн /актны-12-д//

7. Гэрэлтдэг үсгэн хаяг үнэ 900000 төгрөг,

Нийт хохирол 9607255 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбараас шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй бөгөөд зөвхөн банкны үйлчилгээний зарим үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг мөн манай салбар нь тусгайлсан хуулийн этгээдийн гэрчилгээ байхгүй билээ. “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн 14.2-т Хариуцагч нь хуулийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана.” гэж заасан байх тул хуульд заасны дагуу нэхэмжлэлээ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах нь зүйтэй. Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно.” Иргэний хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Хуулийн этгээдийн ерөнхий захиргаа байршин байгаа газрыг түүний оршин байгаа газар гэнэ, 28.2 дахь хэсэгт “Хуулийн этгээд нь оршин байх нэг газар буюу хууль ёсны хаягтай байна.” гэж тус тус заасан байна.

Иймд манай салбар нь Худалдаа Хөгжлийн банкыг шүүхэд шууд төлөөлөх эрхгүй мөн нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нэхэмжлэлээ нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргаагүй байна.  Энэ хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл, “65.1.2 энэ хуулийн 14, 15, 16, 19 дүгээр зүйлд заасан шүүхийн харъяалал зөрчсөн гэж үзэж байгаа. Тухайн үед би байгаагүй дөнгөж ажилд шинээр томилогдож байсан. Бараа бүтээгдхүүн дээр маргаад байх зүйл байхгүй. Эд хөрөнгөн дээр үнэлгээ хийлгүүлж үнийг тогтоочихоод байхад нэхэмжлэгч тал санал нийлэхгүй байгаа юм. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн  510.1 дэх хэсэгт зааснаар Худалдаа Хөгжлийн банкны Өмнөговь салбараас 4877255 төгрөг гаргуулан “Арвин сан” ХХК-д олгож, “Арвин сан” ХХК-ийн нэхэмжлэлээс 4730000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Арвин сан” ХХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168667 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Худалдаа Хөгжлийн банкны Өмнөговь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 92987 төгрөг гаргуулан “Арвин сан” ХХК-д олгож шийдвэрлэжээ. 

Хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбар давж заалдах гомдолдоо:

“...Тус шүүхээс 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагчаа Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбар гэж сонгон авсан байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчаар сонгон аваад байгаа субъект нь эрх зүйн чадваргүй, мөн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн харъяаллыг зөрчсөн мөн төлөөлөх эрхгүй этгээдийг шүүх хуралдаанд оруулсан зэргээр хууль зөрчсөн байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх учир байдлыг тайлбарласан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулахыг шаардсан боловч авч хэлэлцэлгүй иргэний хэрэг үүсгэж, хэрэг маргааныг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00538 тоот шийдвэрээр шийдвэрлээд байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00538 тоот шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Лувсан давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбартаа:

Худалдаа, хөгжлийн банкны Өмнөговь салбар нь зээлийн болон түр хугацаагаар хүн ажиллуулах гэрээ байгуулах, бусад байгууллага буюу иргэдийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргаж шүүхийн байгууллагаар шийдвэр гаргуулах зэрэг бусад олон үйл ажиллагааг салбарын захирал, захирлын үүрэг гүйцэтгэгчийн шийдвэрээр /Худалдаа, хөгжлийн банкыг төлөөлөх итгэмжлэлтэй байдаг/ явуулдаг.

Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь аймаг дахь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж. Бүдбазарын гарын үсэг бүхий албан мэдэгдлийн дагуу Улсын бүртгэлийн Ү-1105001790 дугаарт бүртгэгдсэн, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 12 дугаар сууцны урд талд байрлах “Арвин сан” төв хаягт орших худалдаа үйлчилгээний зориулалттай 1329 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг албадан борлуулах зорилгоор суллах үйл ажиллагаа явагдсан. Эдгээр мэдэгдэл шаардлагууд нь хэргийн материалд авагдсан болно.

Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь аймаг дахь салбарын эрх бүхий ажилтнууд манай дээрх үл хөдлөх хөрөнгийг суллах, албадан борлуулах зорилгоор доторх “хөдлөх” эд хөрөнгө болох тавилга, тоног төхөөрөмж, эд хогшил, бараа бүтээгдэхүүнийг зөөж гарган өөр газар /“Гандирс” худалдааны төвийн зоорийн давхарт/ хадгалж байгаад 2016 оны 01 дугаар сарын 11 ний өдөр хүлээлгэн өгсөн болно. Ийнхүү хөдлөх эд хөрөнгийг хүлээн авах үед зарим эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүн эвдэрсэн, хадгалалтын горим алдагдсанаас муудсан, чанар байдал алдагдаж борлуулах аргагүй болсон байсныг акт, жагсаалт үйлдэж Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь аймаг дахь салбарын холбогдох хүмүүсээр нь гарын үсэг зуруулан баталгаажуулж авсан юм. Худалдаа хөгжлийн банкнаас энэхүү хохирлыг барагдуулж өгнө үү гэж 2016 оны 01 дүгээр сарын 26 ны өдрийн № 05 тоот албан бичгээр шаардахад одоо болтол хариу өгөхгүй, ямарч арга хэмжээ аваагүй. Дараа нь тэр үед ажилласан хүмүүсээр нь төлүүлж хохирлыг нь барагдуул гэж Тусгай активийн ажилтан С.Баяр-Эрдэнэдээ даалгасан сураг /үнэн худлыг мэдэхгүй/ байдаг боловч мөн л ямарч арга хэмжээ авалгүй өдий хүрч байна. Энэ хохирлыг Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбар хариуцан барагдуулах хууль зүйн үндэстэй бөгөөд хөрөнгийг буулгах, зөөх, тээвэрлэх явцад манай “Арвин сан” ХХК-ийн ажиллагсад огт оролцоогүй тул хэн хэнээр, хэрхэн ямар арга замаар дээрхи үл хөдлөх хөрөнгийг суллаж, доторх эд зүйлс юмсыг гаргасан, зөөсөн, түр хадгалах газар хураасаныг Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж. Бүдбазар, тус салбарын ажилтан Т. Эрдэнэсүх, Б. Болормаа, Р. Сувдаа, О. Хашбат нар мэдэх учиртай.

Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь аймаг дахь салбар нь Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг, 12 дугаар сууцны урд талд байрлах “Арвин сан” төв хаягт орших худалдаа үйлчилгээний зориулалттай 1329 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг суллах үйл ажиллагааг явуулахдаа өөрийн банкны Өмнөговь аймаг ажиллагсадаас гадна гэрээгээр хүмүүс хөлсөлж тавилга төхөөрөмжийг задлах, зөөх, ачих буулгах ажлуудыг хийлгэсэн. Тэдгээр хүмүүс зурагтаар гарсан зарлалын дагуу Өмнөговь аймаг дахь салбарын байранд ирж түр ажил гүйцэтгэх аман гэрээг хийсэн байсан. Үүнд удирдах дээд байгууллагаас нь нэгч хүн оролцоогүй зөвхөн тус салбарын ажиллагсад тийм ажил хийнэ, хурдан ажиллах хэрэгтэй гэж байсан байна.

Манай Арвин сан ХХК-д учирсан тавилга эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүн эвдэрсэн, хадгалалтын горим алдагдсанаас муудсан, чанар байдал алдагдаж борлуулах аргагүй болсон хохирол нь Худалдаа, хөгжлийн банкны удирдах дээд байгууллагын үйл ажиллагаанаас бус харин тус банкны Өмнөговь аймаг дахь салбарын үйл ажиллагаанаас, удирдлага зохион байгуулалт, бусдын өмч эд хөрөнгөнд хүйтэн сэтгэлээр /Үл хөдлөх хөрөнгийг л суллаж чөлөөлж байвал бусдын хөрөнгө яаж сүйдсэн ч хамаагүй гэх байдлаар/ хандсанаас болсон байна гэж дүгнэх үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн “14.2 Хариуцагч нь хуупийн этгээд байвал нэхэмжлэлийг түүний ажил хэргээ байнга явуулдаг, эсхүл удирдах байгууллага нь байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан боловч манай компани нэхэмжлэлээ хуулийн этгээдийн нэрээр бус хохирол учируулсан гэж үзэж байгаа газар, хувь хүн хэнийг ч хариуцагчаар татан оролцуулах эрхтэй гэж ойлгож байна гэжээ.

                                                                          ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг бүх талаас нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас үнэлсэн, хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангасан нь үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзлээ. 

“Арвин сан” ХХК нь хариуцагч Худалдаа, хөгжлийн банкны Өмнөговь салбарыг шүүхийн 2014 оны 454,  457, 458 дугаар шийдвэрүүдээр төлөх ёстой 569112784 төгрөгийн өрөндөө Өмнөговь аймгийн  Даланзадгад сумын төвийн А бүсэд байрлах үл хөдлөх хөрөнгийг газрын хамт шилжүүлж авахдаа тавилга, эд зүйлийг эвдсэн, зарим барааг ашиглах боломжгүй муутгасан гэж хохирол  9607255 төгрөгийг нэхэмжилжээ.

Нэхэмжлэлийг үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 143/ШЗ2016/00594 тоот шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн, Худалдаа, хөгжлийн банкны Өмнөговь салбарын захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Бүдбазарт 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн дотор хариу ирүүлэхийг даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарласан байна. /хэргийн 20-21, 26, 28 дугаар тал/

Хариуцагчид нэхэмжлэлийг хувийг гардуулснаас хойшх 14 хоног болон хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын талаар ирсэн гэх хариу тайлбар хэрэгт авагдаагүй байна. Иймээс хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа ирүүлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэх түүнчлэн мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хариуцагчийг эсрэг талын тайлбарыг хүлээн зөвшөөрсөн тооцох үндэслэл тогтоогдож байна.  

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2-т заасан хугацааны дотор буюу хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх 60 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс 30 хоногоор сунгасан хугацаанд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2016 оны 7 сарын 01-ний өдөр 143/ШЗ2016/01080 тоот шүүгчийн захирамж гарсан байна. /хэргийн 33,34 дүгээр тал/

Энэ хугацаанд эрх зүйн маргааны талаар биш, нэхэмжлэл шүүхийн харъяалал зөрчсөн гэж хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэг хянан шийдвэрлэхээр хүлээн авсан шүүгчийг татгалзах хүсэлтийг гаргаж байсан байна. /хэргийн 43, 118, 116 дугаар тал/ Мөн хариуцагчийн  18 хүнээс гэрчийн мэдүүлэх авхуулах хүсэлт гаргасны дагуу 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж байжээ./хэргийн 133, 137 дугаар тал/ Иймээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн эрхийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь шүүгчээс татгалзсан хүсэлтдээ манай салбар нь хуулийн этгээдийн эрхийг эдлэхгүй, зөвхөн банкны үйлчилгээний зарим үйл ажиллагаа эрхлэн явуулдаг гэх  агуулга бүхий мэдээлэл бичсэн боловч эрхлэх үйл ажиллагааныхаа чиглэлийг нотолсон баримтаа шүүхэд ирүүлээгүй байна. /хэргийн 118 дугаар тал/

Нэхэмжлэлд дурдсан эвдэрч гэмтсэн, муудсан бараанаас учирсан хохирол нь хариуцагч Худалдаа хөгжлийн банкны Өмнөговь салбарын захирал Ж.Бүдбазарын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 7-414/551 тоот албан бичгээр шаардсан шаардлагыг нэхэмжлэгч Арвин сан ХХК биелүүлээгүйгээс Өмнөговь салбарын хийсэн нүүлгэлтийн ажиллагааны явцад учирсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжигдсэн хариуцагчийн төлөөлөгч Ж.Бүдбазарын “ ...манайх нүүлгэлт хийсэн,...хөлсний хүмүүсээр нүүлгүүлсэн..., ...бараа бүтээгдэхүүн дээр маргаад байх зүйл байхгүй...” гэсэн тайлбарын агуулга, шүүх хуралдаанд өгсөн гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. Энэ үйл баримтын талаар нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч тал няцаагаагүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг хариуцагчид хэсэгчлэн хариуцуулж шийдвэрлэсэн ба шүүхийн энэ шийдвэрийн талаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гараагүй байна.

            Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх зэрэг үүргээ биелүүлээгүй байх тул хуусан үндэслэлээ нотолж чадаагүй нь нотлогдож байх тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-т зааснаар хуулийн этгээд  төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог тул хуулийн этгээдийг удирдах албан тушаалтан итгэмжлэлгүйгээр, эрх бүхий этгээдийн олгосон итгэмжлэлийн үндсэн дээр итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөөлөх ялгааг шүүх анхаараагүйгээс шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж нэрлэн бичсэн байгааг дурдах нь зүйтэй.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 143/ШШ2016/00538 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168666 төгрөгийг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

                                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      Т.БЯМБАЖАВ                                                                                 ШҮҮГЧИД                                                            Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                                 Н.НАСАНЖАРГАЛ