Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 734

 

 

 

 

 

 

 

    2020        04          21                                  2020/ШЦТ/734

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч О.Ц  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ц д холбогдох эрүүгийн 1906 05992 2701 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.Ц

Холбогдсон хэргийн талаар:

О.Ц  нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 153 дугаар байрны 8 давхарт иргэн Ө.Э тай маргалдаж, улмаар заамдах, хана мөргүүлэх, унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Ц  мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул дахин ярих зүйлгүй гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ө.Э гийн өгсөн: ...Би тухайн өдрийн орой 22 цагийн үед гэртээ амарч байхад над руу урьд нь найзалдаг байсан А  над руу залгаж “уулзмаар байна, ярих зүйл байна хүрээд ирээч” гэсэн. Би тэдний гэрийн гадаа очсон чинь намайг орц руу ороод ир гэсэн. Тэгээд тэр 153 дугаар байрны орцонд ороод 8 дугаар давхарт гарахад өмнө нь нийлдэг байсан. О.Ц  нь Д.Ц  нар байсан. О.Ц  над руу “чи хаана юу гэж ярьдаг гэнэ ээ” гээд шууд намайг багалзуурдаад миний хацар руу 4-5 удаа алгадаад дараа нь намайг хана руу шахаж толгойг хана мөргүүлсэн. Тэгээд багалзуурдсан чигтээ намайг хавсарч унагаасан. Тэгснээ намайг “босч ирвэл ална шүү” гэсэн. Тэгээд орцны шалан дээр хэвтээд байсан. Тэгээд А т хандаж “хутга аваад ир, яг одоо алчихъя, хайч ч гэсэн аваад ир, бүх үсийг нь хайчлаад орхичихъё” гэсэн. Тэгээд А  гэр рүүгээ орсон. Гэтэл О.Ц  нь Д.Ц доо хандаж “гал байна уу, шатаачихъя, галаа гаргаад ир” гэсэн. Би “намайг баримт нотолгоотой юм ярьж зод” гэсэн. О.Ц  “чамайг юу ч гэж ярьсан чиний үгэнд итгэхгүй, чамайг алаад хэдэн хэсэг хуваагаад хогийн бункерт хийсэн байхад хэн ч мэдэхгүй” гэж хэлсэн. Зодсон шалтгаанаа хэлэхдээ “чи бид нарыг фэйсбүүк дээр ингэж бичдэг хэн юм бэ” гэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, надад харуулаадах би нотлоод өгье би биш” гэж зөндөө хэлсэн. Гэтэл 9 дүгээр давхраас нэг эгч “та нар болиоч ээ” гэсэн. Гэтэл О.Ц  “танд хамаагүй, та гэртээ ор би насанд хүрээгүй дүүгээ хүмүүжүүлж байна, архи уугаад яваад байгаа юм” гэж хэлсэн. О.Ц  нь Д.Ц д хандаж “алив тэр эгчийг гэрт нь оруул” гэсэн чинь Д.Ц  нь шатаар дээшээ гарсан чинь нөгөө эгч айсан уу яасан алга болчихсон. Дараа нь би цагдаад гомдол гаргасны дараа тэр эгчийг хайгаад бүх айлаар нь явсан боловч олоогүй. О.Ц  миний биед халдаж намайг зодож гэмтэл учруулсан. Д.Ц  нь миний хоёрыг атгачихаад намайг хөдөлгөхгүй байсан. Энэ үед О.Ц  намайг боож хананд шахаж толгойг хана мөргүүлж байсан. А  шатан дээр суугаад огт хөдлөөгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ч.А ийн өгсөн: ...Тухайн өдөр би Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны 153 дугаар байрны орцонд Ц  гэдэг ахтай Э тай бас нэг Ц  гэдэг найзтайгаа уулзацгаасан. Э  бид нар найзалдаг байж байгаад больсон. Больсон шалтгаан нь бид нарын тухай буруу мэдээлэл ярьж явсан болохоор тэд нарыг нь тодруулах зорилгоор уулзсан. Ах Ц  Э  хоёрын дунд хэрүүл болсон. Бусад нь хараад зогсож байсан. Тэр хоёр хэрэлдээд нилээн орилж хашгирсан. Тэгээд Э  гарч явах гэхэд нь Ц  ах түүний юүдэнгээс нь татаж болиулсан. Э  нь “тэнэг юмуу хаашаа юм” гээд гараад сарвалзуулсан чинь Ц  ахын нүүрийг самардсан байсан. Би “юу болж байгаа юм бэ” гээд салгах гэсэн чинь хоёр Ц  хоёулаа намайг “чи гарч бай” гэсэн. Тэгээд би тэд нараас холдоод хаалгаар гараад зогссон. Тэрнээс хойш юу болсныг би хараагүй. Би хараагүй. Хоёр биенээ түлхээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ц гийн өгсөн: ...Би тэр өдөр найз О.Ц той хамт байх үедээ А тай уулзахаар утсаар ярьсан. А  бидэнд хэлэхдээ “би Э тай уулзах гэж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хоёр А ийн байрных нь орцонд очсон. Бид хоёрыг очиход Э  ирээгүй байсан. А  О.Ц  бид гурав  дөнгөж уулзаад байж байх үед удалгүй Э  ороод ирсэн. О.Ц  нь манай хэсэг бүлэг санаа нийлсэн бөөгийн залуучуудын багш юм. Э тай уулзах шалтгаан нь бидний үйл ажиллагааны тухай сошиалаар буруу мэдээлэл тараасантай холбоотой байсан. Ийм үйлдлийг Э  хийгээд байсан. Ингээд О.Ц , Э  нар ярилцаж байгаад улмаар хэрэлдэж маргалдсан. Энэ үед О.Ц  нь Э г хувцасных нь захаар заамдсан. Э  нь О.Ц гийн өөдөөс сарвалзсан. Энэ үед нь би Э гийн гарыг болиулж, О.Ц г хойш нь түлхэж тэр хоёрыг салгасан. О.Ц  нь “одоо энийг боль оо, ойлголцохгүй юм байна” гээд гараад явсан. Куртикных нь захнаас нь хоёр гараараа зуурч заамдсан. Энэ үед хоолой нь шахагдсан байх. Тэр үедээ хана руу шахахад нэг удаа толгойгоороо хана мөргөсөн. Хавсарч унагаасныг нь би мэдэхгүй байна. Хананд шахсаны дараа буюу намайг салгасны дараа Э  нь доошоогоо суусан. О.Ц г тэгж хэлснийг нь би мэдэхгүй байна. Тэр хоёр хоорондоо хэрэлдээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Т гийн: ...Би тухайн өдөр Шадивлан зуслангийн гэртээ байж байх үед шөнийн 23 цагийн үед тухайн үед үерхдэг байсан Э  над руу залгаж “намайг нийлээд зодчихлоо, намайг ирээд аваадхаач” гэсэн. Би хаана байгааг нь асуухад Натурын орчим байна” хэлэхээр нь би ээжийн хамт очсон. Э  намайг “Хард рок” кафений гадаа хүлээж байсан. Э гийн хүзүү нь улайчихсан, зүүн талын хацар нь бага зэрэг хавдчихсан байдалтай, хувцас хунар нь шороо тоос болсон халтартсан байдалтай байсан. Тэгээд ээж бид хоёр зуслангийнхаа гэрт дагуулж очсон. Э  нь О.Ц , Д.Ц  А  нарт зодуулсан талаар ярьж байсан. Яагаад зодоон талаар асуухад А  “ганцаараа байна, хүрээд ир” гэж дуудаад байхаар нь очоод зодуулчихлаа гэж хэлсэн. Эдгээр хүмүүсийг бөөгийн гал гэж ярьдаг. Тэд нар намайг бас бөөгийн галдаа оруулах гэж байсан. Би тухайн үедээ итгээд орох гэж байсан. Одоо бол тэд нарт итгээгүй. Би бөө болохоо больсон. Ер нь хүмүүс 2.000.000 төгрөгийн багш шавийн барьж гэж нэрлэгдэх мөнгө өгч бөө болдог. О.Ц  нь хүмүүсийг бөө болгодог. Тэгээд би залилангийн шинжтэй үйлдэл хийж мөнгө олдог юм байна гэж ойлгоод бөө болохоо больсон...гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр тал/,

- Гэрч, хохирогчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-ийн 22-24, 25-27 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 11800 дугаартай шинжээчийн:

1. Ө.Э гийн биед хүзүү, гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинжээч эмч Н.Туяа гэх дүгнэлт /хх-ийн 29 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр болон яллагдагчаар О.Ц гийн: ...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр би А , Ц  нарын хамтаар Э тай уулзахаар Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 153 дугаар байрны 8 дугаар давхарт очсон. Тэнд Э г дуудсан. Уулзах болсон шалтгаан нь түүнтэй худал мэдээлэл тараагаад байгаа зүйлийнх нь талаар ярилцах зорилготой дуудсан. Миний тухай худлаа хэлдэг, хүн хуурдаг, хүн залилдаг талаар сошиалаар тараагаад байсан. Уг нь Э  бид нар нэгдэж нэг санаа зорилготой Монголын гэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан. Э  нь хүмүүсийг хагаралдуулж, хооронд нь яс хаяад байсан учир бүлгэмээсээ гаргасан. Ингээд яагаад ийм зүйл хийгээд нэр хүндэд халдаад байгааг нь асуусан. Гэтэл Э  би тийм зүйл хийгээгүй гэсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд түүнийг айлгах гэж заамдсан. Тэгээд энийгээ зогсоогоорой дахиж ингээд үзээрэй гэж түүнд сануулсан. Тэгээд бид гурав явсан...Би Э г заамдсанаа хүлээн зөвшөөрнө. Түүнээс биш би түүнийг хана мөргүүлээгүй. Би түүнийг цохиж зодоогүй. Хүзүү, хоолойг улайх хэмжээнд заамдаагүй. Болсон явдлыг А , Д.Ц  нар харж байсан...гэх мэдүүлэг /хх-н 17, 36-р тал/

- Шүүгдэгч О.Ц гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 38, 39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            О.Ц  нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 153 дугаар байрны 8 давхарт иргэн Ө.Э тай маргалдаж, улмаар заамдах, хана мөргүүлэх, унагах зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ө.Э , гэрч Ч.А , Д.Ц , О.Т  нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 11800 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Л.Ц г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч О.Ц  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Хохирогч Ө.Э  нь хавтаст хэрэгт өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй тул шүүгдэгч О.Ц г баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Гэвч хохирогч Ө.Э  нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.Ц д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. О.Ц г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О. Ц г 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.Ц д оногдуулсан 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, О.Ц  нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Ө.Э  нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Ц д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ