Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

 

 

 

  2020        05          07                                  2020/ШЦТ/864

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Гантулгабат,

шүүгдэгч Т.М , түүний өмгөөлөгч Д.Батсүх ҮД:04-45,

хохирогч И.Д, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ ҮД:21-01 нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Т.М ид яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 07310 0851 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Т.М

Холбогдсон хэргийн талаар:

Т.М  нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Дтэй маргалдсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.М  мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр эхнэртэйгээ цуг өөрийн мэдлийн гурван гражид машинаа тавих гэж ирсэн чинь харуул нь гадны хүний машин тавиулахгүй гэхээр нь яагаад ингэж байгаа юм бэ гэсэн чинь нэг залуу өөрийгөө менежер гээд гарч ирээд тавиулахгүй миний мэдлийн граж гээд байсан. Тэгээд машинаа тавьсан чинь манай эхнэр очоод уулзсан чинь хэрэлдэх гээд байхаар нь би ардаас нь очоод учир зүгээ олох гэсэн боловч намайг харуулын текний тэнд намайг дуудаад хоёулаа зодолдъё гэж хэрүүл маргаан үүсгэж бид биенээ хэл амаар доромжилж хэрүүл маргаан үүссэн. Хохирогч тухайн өдөр тэр барилга дээр олон хүнтэй маргалдаж зодолдсон байсан. Гэрч дуудаад асууж болно. Миний цохилтоос болж энэ хүнд гэмтэл үүсээгүй гэж үзэж байна. Хохирогч өөрөө тавьтиргүй хүн байна лээ гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч И.Д мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 08-09 цагийн үед болсон. Тухайн компанид миний төрсөн дүү охин Нямсүрэн ажилладаг. Манай дүү Шанхайд магистрын зэрэг хамгаалах гээд 9 сард явахдаа ажлаа яах вэ гэхээр нь би ажлыг нь хариуцъя гээд хариуцах болсон. Тухайн өдөр барилгын тог тасарсан байсан болохоор би гадуур их ажилтай явж байгаад 19 цагийн үед тогоо залгуулаад оршин суугч нартай харьцаж байхад шүүгдэгч, эхнэртэйгээ хамт Лий захирлыг “ална, гээд доромжлоод байхаар нь би “чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ” гээд өөрийнхөө утсаар Лий захиралтай яриулаад би орчуулга хийж өгсөн. Шүүгдэгч Лий захирлын гражид дураараа машинаа тавьж, түрээслээд мөнгийг өөрсдөө авдаг гэсэн. Над руу нүдийг  чинь  ухаж гарт чинь бариулна гэж дайраад ирэхээр нь би нүдний шилээ аваад хувцсаа тайлаад зогссон. Тэгсэн буцаад гараад явахаар нь эхнэртэй нь Лий гэдэг захиралтай яриулаад байж байхад шүүгдэгч хэзээ ирснийг нь мэдэхгүй байна. Хажууд ирээд зогсож байсан. Би яг нүдний шилээ авах хооронд цохисон. Баганын цаана миний нүүр рүү хоёр  удаа өшиглөсөн. Урьд нь би шүүгдэгчтэй ямар ч өс хонзон, өр авлагын харилцаагүй байхад намайг зодсон. Тэр дор нь цагдаа дуудсан. Маргааш өглөө нь шүүх эмнэлэгт очиж үзүүлсэн. Эмчилгээний зардалд 2.210.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгч нь хүнд их өс санасан хүн шиг санагдсан. Би гадаад руу 20 гаруй хоног явсан байх хооронд миний машиныг зурсан байсан. Надад өс санасан хүн байхгүй. Миний машин хэрэг болсон газрын гражид байсан Би  маш их гомдолтой байна.  надаас нэг  ч удаа уучлалт  гуйгаагүй. Машин зурснаас учирсан  хохирол  2.600.000 төгрөг гарсан  баримтаа хавтаст хэрэгт  хавсаргасан гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Дгийн өгсөн: ...Би хувиараа Хятад хэлний орчуулагч ажил хийдэг ба 2019 онд миний төрсөн дүү “Хүннү гүрний шүтээн” ХХК гээд Хятад байгууллагад ажиллаж байгаад БНХАУ руу тэтгэлгээр сургуульд явах болоод би ажлыг нь түр орлож үлдсэн юм. Тэгсэн миний түр сууж байгаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 154 байрны жижүүртэй 2019 оны 10 дугаар сарын 29-ний орой ярилцаад зогсож байхад миний түр ажиллаж байгаа тухайн компанид өмнө нь няраваар ажиллаж байгаад гарсан гэх Даваажав гэх эмэгтэй үл таних эрэгтэйн хамт орж ирээд надад хандан Ли захирал хаана байна, орж ална гээд ирсэн. Тэдний хооронд ямар асуудал байсан талаар би мэдээгүй юм. Тэгээд би өөрийнхөө утсаар орчуулга хийж Ли захирал гэгчтэй холбож өгсөн чинь тухайн танихгүй залуу та нар гээд ямар ч шалтгаангүй харааж доромжилж эхэлсэн ба нүдийг чинь ухаж гарт чинь бариулна гэх мэтээр элдвээр загнаж эхлэхээр нь би тухайн хүнд хандан чи яасан гэж намайг доромжлооод байгаа юм бэ Ли та нарын асуудлыг би мэдэхгүй би зүгээр л орчуулга хийж байна гэхэд чи муу ямар хэгжүүн пизда вэ гэх мэтээр утга учиргүй харааж зүхэж байсан. Тэгэхээр нь би орчуулга хийж өгөнгөө та нар гадаадын иргэнтэй эв зүйгээр харьцаарай, дараа нь асуудал болвол дэмий гээд хэлсэн чинь тухайн эрэгтэй дайрч ирээд цохих гэхээр нь би нүдний шилээ аваад зогссон чинь буцаад яваад өгсөн. Тэр үед мөн Даваажав гэх эмэгтэй мөн дайраад доромжлоод байхаар та нар манай дүүг мөн янхан гичий гэх мэтээр доромжилж байсан. Би тэр үед дуугүй өнгөрч байсан. Бид та нарт ингэж дээрэлхүүлэх хүмүүс биш шүү гэсэн чинь нөгөө эрэгтэй харж зогсож байснаа гэнэт над руу дайраад нүүр нүдгүй нүдээд эхэлсэн. Гараараа миний толгойн тус газрын баруун шанаанд эхний цохилтоороо доод нэг араа шүд буюу салдаггүй байдлаар хийлгэсэн хиймэл шүдийг хуга цохисон. Би оронд нь дахиад хийлгэсэн байгаа. Мөн намайг эхний цохилтоор манараад тонгойход дагзны араас баахан цохисон, нүүр лүү өшиглөсөн, ийм юм болсон. Тэгээд салцгаасан, би цагдаад хандсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-16 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13146 дугаартай шинжээчийн:

1. И.Дгийн баруун тархи доргилт, доод уруул, дагзны хуйханд цус хуралт, хавантай гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмгэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугшацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонгид нөлөөлөхгүй. Шинжээч эмч С.Одончимэг гэх дүгнэлт /хх-ийн 19 дүгээр тал/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 58, 59, 60 дугаар тал/,

- Шүүгдэгч Т.М ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 53, 55 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Т.М  нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн И.Дтэй маргалдсаны улмаас биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч И.Д, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 13146 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерын  бичлэг  зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Т.М ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Т.М  нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар …бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/- ээр  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

             Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1: ...бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбоотой гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газар сувилуулах, зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж хуульчилжээ.

             Хохирогч И.Д нь хавтаст хэрэгт өөрт учирсан 8000 +2000 + 120.000+ 970.000 = 1.100.000 төгрөгийн хохирлын баримтыг ирүүлсэн байна. Эдгээр бичгийн баримтуудыг хуулийн шаардлага хангасан баримт гэж үзлээ. /хх-ийн 18, 58-59-р тал/

             Мөн эрх зүйн туслалцаа авах гэрээ хийж 500.000 төгрөгийн хөлс төлж, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцож байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д “хохирогч өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсгийн 1.1-д “Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор”, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж тус тус хуульчилсан байна.

             Иймд 8000+2000+120.000+970.000=1.100.000+500.000=1.600.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Т.М оос гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.

             Хохирогч автомашинд хохирол учруулсан 2.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэл гаргаж байх боловч түүнийгээ нотолсон бичгийн нотлох  баримтыг шүүхэд ирүүлээгүй тул энэ хурлаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.

             Энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

             Шүүгдэгч Т.М ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Т.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.М 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Т.М ид оногдуулсан 1000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.       

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди-г  хэрэг хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Т.М  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Т.М  /РД:/-с 1.600.000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч И.Д /РД:/-д олгосугай.

7. Хохирогч И.Д энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.М д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ