Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 460

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Д.Үүлэн,

Шүүгдэгч: Ц.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005007330463 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.М-, 1981 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, дархан мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ц.М-нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Москвагийн гудамжны 25 дугаар байранд байрлах алт мөнгөний дарханы газарт хохирогч Ц.Д-ын модон тагшинд суурь хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн 137,5 грамм цэвэр алтнаас 79,26 грамм цэвэр алтыг хувьдаа завшиж, 8.870.642 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.М-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ц.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Өмнө М-аар 2 удаа алт, мөнгөн эдлэлээр эд зүйл хийлгэж байсан ба 11 диаметрийн амтай цайны бор тагшин аяганы суурь хэсгийг алтаар хийлгэе гэж бодоод М-тай 2018 оны 12 дугаар сарын эхээр ажил дээр нь очиж уулзаад хийлгэх талаар ярилцахад материалаа өгчих, ажлын хөлс гэж 2.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Ингээд өмнө ажил хийж өгч байсан учраас хийгээд өгчих байх гэж итгэн уг уулзсан өдрөө М-ын ажлын байран дээр бор өнгийн модон тагшин аяга, аяганы доод суурийг хийлгэхэд шаардлагатай эхний ээлжинд 100 грамм цэвэр алтыг, ажил хийлгэх хөлс болох 2.000.000 төгрөгийн хамтаар бэлнээр М-д өгсөн. Ингээд ажлаа хийж байхад нь дахин нэмж, он, сар өдрийг санахгүй байна. 37.5 граммын цэвэр алтыг аваачиж өгсөн. Ингээд модон тагшинд суурийг алтаар хийлгэхэд шаардлагатай материал болох нийт 137.5 грамм цэвэр алтыг аваачиж өгөөд дуусгахыг хүлээсэн ба цагаан сар болоод аягаа авъя гэтэл цагаан сараас өмнө амжсангүй. Аяганы суурины талыг алтаар хийчихсэн байгаа. Нэг мөсөн гүйцээгээд 2019 оны 7 дугаар сар буюу наадмаас өмнө хийгээд дуусгачих болно гэхээр нь хугацааг нь сунгаж хүлээсэн. Ингээд хүлээсэн ба байгаа үгүй нь  мэдэхгүй алга болсон. Үүнээс өмнө цагаан сараар очиж уулзахдаа наадмын дараа гэхэд дуусгаад өгнө гэхээр нь юу ч гэсэн түрдээ аягаа өөртөө байлгаж байя гэж бодоод эргүүлээд авчихсан байсан. 2019 оны 6 дугаар сараас хойш ерөөсөө холбогдоогүй бөгөөд аягаа эргүүлж аваачиж өгөөд бүрэн хийлгээд дуусгая гэхээр  М- ажил дээрээ байхгүй байгаад байсан учраас өөрт ч мөнгө хэрэг гараад байсан тул 2019 оны 12 дугаар сард мөнгөний хэрэг гараад байхаар нь зарчихсан юм. Анх би цагаан сараар очиж авахдаа бид хоёр тооцоо нийлээд нийт өгсөн 137.5 граммын алтнаас аяганд 58.24 грамм алтыг хийсэн, үлдэгдэл 79.26 грамм алтыг дараа нь намайг аягаа аваачиж өгсний дараа дуусгахаар болж тооцоо нийлж тохирсон юм. ...Би одоо үеийн ханшаар 79.26 грамм алтаа үнэлээд хохирол дээрээ тохиролцохгүй байгаад байсан. Харин сүүлд М-тай уулзаж ярилцаж байгаад нийт 79.26 грамм алт буюу түүний хохирлыг бид хоёр сайн дурын үндсэн дээр ярьж тохиролцоод 11.000.000 төгрөг болгосон байгаа. Уг 11.000.000 төгрөгнөөс 6.000.000 төгрөгийг 2020 оны 7 дугаар сарын 20-ны дотор өгнө. Харин үлдэгдэл 5.000.000 төгрөгөнд дүйцэхүйц хэмжээний мөнгөн эдлэл хийлгэхээр ярьж тохирсон байгаа. Ийм учраас хохирлын асуудал дээр надад ямар нэгэн гомдол, санал байхгүй ээ. Шүүх хуралд оролцохгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9, 25, 30, 51/,

Яллагдагчаар Ц.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би хохирогч Ц.Д-аас модон тагшинд алтаар суурь хийж өгнө гэж нийт 137 грамм цэвэр алт авсан. Үүнээс 79.26 грамм алтыг хохирогч Ц.Д-ын зөвшөөрөлгүйгээр, итгэмжлэн хариуцуулсан алтыг нь авч хувьдаа завшиж, улмаар түүнийг зарж борлуулан мөнгийг хувьдаа хэрэглэсэн маань үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулах болно. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдох хэргийг хөнгөн байдлаар шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна. Би хохирогч Д-аас авсан цэвэр алтыг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хархорин зах дээр бусдад зарж борлуулсан” гэсэн мэдүүлэг /хх-н 40-43, 52/,

Хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 15-24/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 32-33/, шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /хх-н 56-57/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ц.М-нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Москвагийн гудамжны 25 дугаар байранд байрлах алт мөнгөний дарханы газарт хохирогч Ц.Д-ын модон тагшинд суурь хийлгэхээр итгэмжлэн хариуцуулж өгсөн 137,5 грамм цэвэр алтнаас 79,26 грамм цэвэр алтыг хувьдаа завшиж, 8.870.642 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Ц.Д-ын: “...11 диаметрийн амтай цайны бор тагшин аяганы суурь хэсгийг алтаар хийлгэе гэж бодоод М-тай 2018 оны 12 дугаар сарын эхээр ажил дээр нь очиж уулзаад хийлгэх талаар ярилцахад материалаа өгчих, ажлын хөлс гэж 2.000.000 төгрөг өгчих гэж хэлсэн. Ингээд өмнө ажил хийж өгч байсан учраас хийгээд өгчих байх гэж итгэн уг уулзсан өдрөө М-ын ажлын байран дээр бор өнгийн модон тагшин аяга, аяганы доод суурийг хийлгэхэд шаардлагатай эхний ээлжинд 100 грамм цэвэр алтыг, ажил хийлгэх хөлс болох 2.000.000 төгрөгийн хамтаар бэлнээр М-д өгсөн. Ингээд ажлаа хийж байхад нь дахин нэмж, он, сар өдрийг санахгүй байна. 37.5 граммын цэвэр алтыг аваачиж өгсөн. Ингээд модон тагшинд суурийг алтаар хийлгэхэд шаардлагатай материал болох нийт 137.5 грамм цэвэр алтыг аваачиж өгөөд дуусгахыг хүлээсэн ба цагаан сар болоод аяга авъя гэтэл цагаан сараас өмнө амжсангүй. Аяганы суурины талыг алтаар хийчихсэн байгаа. Нэг мөсөн гүйцээгээд 2019 оны 7 дугаар сар буюу наадмаас өмнө хийгээд дуусгачих болно гэхээр нь хугацааг нь сунгаж хүлээсэн. Ингээд хүлээсэн байгаа нь мэдэхгүй алга болсон. Үүнээс өмнө цагаан сараар очиж уулзахдаа наадмын дараа гэхэд дуусгаад өгнө гэхээр нь юу ч гэсэн түрдээ аягаа өөртөө байлгаж байя гэж бодоод эргүүлээд авчихсан байсан. 2016 оны 6 дугаар сараас хойш ерөөсөө холбогдоогүй бөгөөд аягаа эргүүлж аваачиж өгөөд бүрэн хийлгээд дуусгая гэхээр нь М- ажил дээрээ байхгүй байгаад байсан учраас өөрт ч мөнгө хэрэг гараад байсан тул 2019 оны 12 дугаар сард мөнгөний хэрэг гараад байхаар нь зарчихсан юм. Анх би цагаан сараас очиж авахдаа бид хоёр тооцоо нийлээд нийт өгсөн 137.5 граммын алтнаас аяганд 58.24 грамм алтыг хийсэн, үлдэгдэл 79.26 грамм алтыг дараа нь намайг аягаа аваачиж өгсний дараа дуусгахаар болж тооцоо нийлж тохирсон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9, 25, 30, 51/, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.М-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.М-нь хохирогч Ц.Д-ын модон тагшин аяганы суурь хэсгийг нь алтаар хийлгэхээр 137.5 грамм алт өгсөнөөс 79.26 грамм алтыг хувьдаа завшиж 8.870.642 төгрөгийг хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчтэй гэрээ байгуулсан, одоо гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн боловч Монгол банкны гэмт хэрэг үйлдэх үеийн алтны үнэлгээгээр тогтоогдсон 8.870.642 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Ц.Д-д олгохоор шийдвэрлэв. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ц.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц.М-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-ыг 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-аас 8.870.642 төгрөг гаргуулж хохирогч Ц.Д-д олгохоор шийдвэрлэв.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР