Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 00606

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1990 оны 10 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хаан банкны Булган салбарын Тэшиг тооцооны төвд эдийн засагч ажилтай, Булган аймгийн Тэшиг сумын 5 дугаар баг Жаргалантад оршин суух, Олигтон овогт Оюунбаярын Дөлгөөн /РД:ГЮ90101801/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Булган аймгийн Булган сумын 2 дугаар баг 6а -15-06 тоотод оршин суух, Сартуул овогт Баасанхүүгийн Отгонпүрэв /ГЮ90010411/-т холбогдох,

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00354/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Дөлгөөн, түүний өмгөөлөгч Д.Дарьбазар хариуцагч Б.Отгонпүрэв, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Дөлгөөн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Б.Отгонпүрэвтэй 2013 оны 9 дүгээр сараас хамтран амьдарсан. Бидний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү Д.Тэнгис төрсөн. Б.Отгонпүрэв 2013 оны 6 дугаар сарын сүүлчээр Солонгос улс руу 3 жилийн хугацаатай гэрээгээр ажиллахаар явсан. Тэр үед би 2 сартай жирэмсэн байсан. Солонгост байх хугацаандаа утсаар ярьж холбоотой байсан хэдий ч наад хүүхэд чинь миний хүүхэд биш авахуул гэх мэтээр байнга сэтгэл санааны дарамтанд оруулдаг болсон. Б.Отгонпүрэв зан байдал энэ мэтээр үргэлжилсээр жилийн дараа өөр хүнтэй амьдарч эхлэн түүнтэйгээ нийлж намайг элдэв муу муухайгаар хэлж утсаар болон фэйсбүүкээр доромжлох болсон. Түүний эхнэр Мөнхцэцэг над руу элдвийн мессэж бичиж дарамталдаг. Чиний хүүхэд манай нөхрийн хүүхэд мөн юм уу, мөн юм бол хүүхдийн мөнгө ав. Эцэг байх эрхээс нь татгалзуулмаар байна гэх мэтээр ярьдаг. Одоогоор би хүү Д.Тэнгисийн хамт Булган аймгийн Тэшиг суманд аав, ээж, дүүгийн хамт амьдарч байна. Иймд хүү Д.Тэнгисийн эцгээр Б.Отгонпүрэвийг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.Отгонпүрэв шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: О.Дөлгөөн бид хоёр 2013 оны 03 дугаар сард танилцаж, дотносон хамтран амьдарч эхэлсэн. Би 2014 оны 05 дугаар сард Солонгос улс руу ажиллахаар явсан. Намайг явахад О.Дөлгөөн жирэмсэн үлдсэн. 2015 оны 6 дугаар сард Монголд буцаж ирэхэд О.Дөлгөөн хүүхдээ төрүүлчихсэн байсан. Ингээд бид түүний аавынд хэсэг хугацаанд амьдарч байгаад би 2015 оны 08 дугаар сард буцаад Солонгос улс руу яваад 2016 оны 05 дугаар сард буцаж ирсэн. Шинжээчийн дүгнэлттэй танилцаад өөрийгөө Д.Тэнгисийн эцэг гэдэгтээ бүрэн итгэлээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч хүүхэддээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй. Цаашид хүүхэдтэйгээ уулзаж байхыг хүсэж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.Дөлгөөн нь хариуцагч Б.Отгонпүрэвт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч О.Дөлгөөн, хариуцагч Б.Отгонпүрэв нар нь 2013 оноос 2015 он хүртэл дотно харьцаатай байсан ба тэдний дундаас 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүү Тэнгис төрсөн болох нь зохигчдынтайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байх ба Б.Отгонпүрэв нь хүү Д.Тэнгисийн эцэг гэдгээ хүлээн зөвшөөрч маргахгүй байна.

Иймд Д.Тэнгисийн эцгээр Б.Отгонпүрэвийг тогтоож, хуульд заасны дагуу эцгээс нь тэтгэлэг гаргуулжтэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.Тэнгисийн эцгээр Б.Отгонпүрэвийг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн хүү Д.Тэнгисийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Б.Отгонпүрэвээс тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх О.Дөлгөөнд даалгасугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 98826 /ерэн найман мянга найман зуун хорин зургаа/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 28626 /хорин найман мянга зургаан зуун хорин зургаа/ төгрөг тус тус олгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах И.Буманбаярт даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ