Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 487

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: Г.Ганхөлөг,

Шүүгдэгч: Ч.Т-, түүний өмгөөлөгч Ц.Баяртогтох нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Т-т холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005011240628 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ч.Т-, 1989 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, РС mall дэлгүүрт худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 5, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Ч.Т- нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадаа хадам эгч болох хохирогч В.О-ийн нүүр рүү шилээр цохиж дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад шарх цус хуралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Т-т шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч В.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн орой 22 цагийн үед ...байрных нь урд талын сааданд дүү Н-, Т- хоёр хамт шилтэй пиво барьсан сууж байсан. Би тухайн үед нэг гартаа хүүхдийнх нь сагстай хувцас нөгөө гартаа памперс бариад явж байсан ба тэр хоёр руу дөхөөд очиход тэр хоёр намайг анзаарч хараагүй, яг тэр үед Т- руу ээж нь утсаар ярьж байх шиг байсан. Т- утсаар ярьж байснаа Н- рүү муухай хараад Б-г авчраад өгчихсөн байна шүү дээ гэж хэлсэн. Манай дүү гайхаад аан гэж хэлэхэд Т-аа хэн гээд утсаар асуусан гэтэл цаанаас нь намайг хэлсэн бололтой О- гэж байна шүү дээ гэж хэлсэн. Н- гартаа пиво барьсан ууж байхаар нь би дүүгээ гартаа барьж байсан памперсаар цохиод чи одоо болиоч орж хүүхдүүдээ хараач гэж хэлсэн. Гэтэл Т- босоод эргэж хараад 2 удаа зайл гэж хэлээд гартаа бариад ууж байсан бараг бүтэн шахуу пивотой шилээр миний нүүр рүү 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Гэрч В.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...О- рүү утсаар ярихад Т-аа Б-г аваад ирлээ гээд миний нүүр рүү шилээр цохисон, би одоо цагдаагийн хэлтэс дээр байна гэж надад хэлсэн. Шөнө цагдаа дээр ирэхэд Т- дүү О- нар цагдаа дээр ирсэн байсан. Араас нь удаагүй Н- ирсэн. О-ийн баруун уруулын дээд талд зүсэгдсэн уруул нь хавдсан шархтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/,

Гэрч Н.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Эхнэр О- машинаас буугаад явсан хэсэг хугацааны дараа эхнэр О- ирсэн чинь уруул нь баруун дээд талдаа хавдсан байдалтай ирсэн. Яасан гэж асуусан чинь сая Т-аа намайг ууж байсан пивоныхоо шилээр нүүр рүү цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21/,

Шинжээчийн 3376 тоот дүгнэлтэд: “...В.О-ийн биед дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад шарх, цус хуралт, баруун дээд 1, 2-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 27-28/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирлын баримтууд /хх-н 36/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 37/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 38-43, 57-58/, хохирогчийн хүсэлт /хх-н 64/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч Ч.Т- нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29 дүгээр байрны гадаа хадам эгч болох хохирогч В.О-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас нүүр рүү нь шилээр цохиж дээд уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын салстад шарх цус хуралт, баруун дээд 1, 2 дугаар шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч В.О-ийн: “...Т-аа хэн гээд утсаар асуусан гэтэл цаанаас нь намайг хэлсэн бололтой О- гэж байна шүү дээ гэж хэлсэн. Н- гартаа пиво барьсан ууж байхаар нь би дүүгээ гартаа барьж байсан памперсаар цохиод чи одоо болиоч орж хүүхдүүдээ хараач гэж хэлсэн. Гэтэл Т- босоод эргэж хараад 2 удаа зайл гэж хэлээд гартаа бариад ууж байсан бараг бүтэн шахуу пивотой шилээр миний нүүр рүү 2 удаа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/, гэрч В.О-ийн: “...О- рүү утсаар ярихад Т-аа Б-г аваад ирлээ гээд миний нүүр рүү шилээр цохисон, би одоо цагдаагийн хэлтэс дээр байна гэж надад хэлсэн. Шөнө цагдаа дээр ирэхэд Т- дүү О- нар цагдаа дээр ирсэн байсан. ...О-ийн баруун уруулын дээд талд зүсэгдсэн уруул нь хавдсан шархтай байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрч Н.А-ын: “...Эхнэр О- машинаас буугаад явсан хэсэг хугацааны дараа эхнэр О- ирсэн чинь уруул нь баруун дээд талдаа хавдсан байдалтай ирсэн. Яасан гэж асуусан чинь сая Т-аа намайг ууж байсан пивоныхоо шилээр нүүр рүү цохичихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 21/, шинжээчийн 3376 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ч.Т-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгчид холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ч.Т- нь согтуурсан үедээ хохирогчийг ууж байсан пивоныхоо шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 64/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Ч.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ч.Т-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т-ыг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Т-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР