Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 497

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Бямбасүрэн,

Улсын яллагч: А.Марал,

Шүүгдэгч: С.Т-, Б.Г-нар өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт С.Т-, Б.Г- нарт холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2005009730569 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, С.Т-, 2000 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Шинэ-Анагаах ухааны Их сургуулийн 2 дугаар курсын оюутан, .... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.Г-, 2002 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, .... тоот регистртэй,

Шүүгдэгч С.Т-, Б.Г-нар нь бүлэглэж 2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны гадна “автомашины дуу чангалж чимээ гаргалаа” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Ц.Т-г зодож дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Т- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгч Б.Г-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Ц.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 21 цагийн үед би эмээгийндээ байж байгаад хамаатны ах Ө-ын хамт машины суудлын бүрээсийг авахаар гарсан. Тэгээд Ө- ах бид хоёр гадаа гарахад манай найз болох Н- бид хоёр тааралдсан юм. Тэгээд бид гурав машин дээрээ очоод Ө- ах машины хучлага аваад Н- бид хоёр машины хойд талд юм яриад зогсож байтал дээгүүрээ хувцасгүй цээж нүцгэн үл таних эрэгтэй Н- бид хоёрыг чиглээд ирсэн. Тухайн эрэгтэй Н- бид хоёр дээр ирээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд байж байтал тухайн цээж нүцгэн эрэгтэй хүний араас дахиад нэг халзандуу эрэгтэй бас хүрч ирээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би доошоо тонгойход тухайн хоёр эрэгтэй миний нүүр болон гэдэс рүү маш олон удаа гараараа цохиод байсан. Тэгээд байж байтал Ө- ах цаанаас “Хөөе” гээд орилсон чинь намайг зодож байсан хоёр эрэгтэй Ө- ахын зүг анхаарлаа хандуулахад нь би тухайн хоёр залуугаас зугтаагаад 79 дүгээр байрны доод талын дэлгүүрийн хаалгаар ороод арын хаалгаар нь нэвт гараад, явган хүний шатаар дээш гүйгээд 8 давхарт гэртээ орсон. Таван хүн байсан гурван эмэгтэй, хоёр эрэгтэй байсан. Хоёр нь буюу эхнийх нь дээгүүрээ цээж нүцгэн хувцасгүй байсан. Хоёр дахь нь халзандуу үсний засалттай хоёр эрэгтэй намайг зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Насанд хүрээгүй гэрч Ч.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 21-22 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Модны хоёр Эбо төвийн урд өөрийн 2 найз Ө-, Т- нарын хамт юм яриад зогсож байхад согтуу 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гарч ирээд учир зүггүй цохиод эхэлсэн. Тэгээд охидууд нь бид нарыг салгах гээд, нөгөө залуучууд нь дайраад байсан. Тэгээд нэг танихгүй ах гарч ирээд салгахад манай найз Т- бид хоёр 79 дүгээр байрны дэлгүүрийн шатаар дээшээ гарсан. Тэгээд эмээгийнд нь ороод цагдаа дуудсан. Тухайн хүмүүс архи уусан байсан. Би тухайн хүмүүсийг урьд нь харж байгаагүй. Нэг залуу нь халзан, нэг залуу нь нилээн урт үстэй байсан. Харанхуй болохоор сайн харж чадаагүй. Миний толгой өвдөж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9/,

Насанд хүрээгүй гэрч А.Ө-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 21 цаг 30 минутын орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 79 дүгээр байрны авто зогсоол дээр машины суудлын бүрээс авах гэж байхад манай найз Н- ирээд манай дүү Т-тэй юм яриад зогсож байхад архи уусан 2 эмэгтэй 5-6 эрэгтэй ирээд манай дүү Т-, Н- хоёр руу битгий саагаад байгаарай, Монголд байгаа шүү гэх зэргээр орилоод байсан. Тэгээд над дээр нэг цээж нүцгэлсэн халзан залуу ирээд намайг дуудахаар нь би машиныхаа хаалгыг хаачихаад яасан бэ гэж асуухад над руу дайраад “чи Монголд байгаа шүү гээд дайраад байсан. Би “ЭБО” төвийн зам дээр гарч ирэхэд дахиад нэг залуу гарч ирээд намайг цохих гэж оролдсон. Тэгээд хойноос нь дахиад нэг нь ирэхээр нь би зугтаачихсан. Тэр залуучууд намайг хөөж байгаад больсон. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч Х.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 05-ны орой Г- бид хоёрын Архангай аймгаас авчирсан 2 литр шимийн архи болон 4 литр айргийг Г-, Т-, Г- бид дөрөв хувааж уучихаад унтах гэж байхад манай гэрийн гадна машинтай хэсэг хүмүүс машиныхаа хөгжимийг чанга тавиад байсан. Тэгтэл Т- цонхоор тухайн хүмүүст хандаж хөгжмийнхөө дууг багасга гэхэд тухайн хүмүүс машиныхаа дууг багасахгүй байсан. Тэгсэн чинь Т-, Г- нар хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. Би цонхоор Г- болон Т- хоёрыг хартал тэр хоёр нэг эрэгтэй найзтайгаа уулзчихаад цаашаа хөгжимөө чанга тавиад байсан хүмүүс дээр Т- түрүүлж очоод улаан өнгийн куртик өмссөн эрэгтэй хүний нүүр рүү нь гараараа 1, 2 удаа цохихоор нь би сандраад Г-ыг дагуулаад гэрээс гараад Г-, Т- болон тухайн хүмүүс дээр очиход Т- улаан куртик өмссөн хүний нүүр рүү нь дахиад гараараа 2, 3 удаа цохиод байхаар нь би Т-гийн дээгүүрээ өмссөн куртикний араас нь татахад куртик нь сугараад дээгүүрээ нүцгэн болсон. Тэр хооронд Т-д зодуулж байсан хар болон улаан өнгийн куртиктэй хоёр эрэгтэй 79 дүгээр байрны дэлгүүр рүү гүйгээд орсон. Тэгсэн чинь Т- хааччихсан юм бол гээд тухайн хоёр эрэгтэйг хайгаад бид хоёр цахилгаан шатанд суугаад зургаан давхар хүртэл яваад тухайн хоёр эрэгтэй байхгүй болохоор нь би Т-г “болиоч яах гээд наад залуусаа хөөгөөд байгаа юм” гэж загнаад дагуулаад явган хүний шатаар буугаад гэртээ орсон” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/,

Гэрч М.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Тэр гурван эрэгтэй манай гэрийн цонхны доор машиныхаа хөгжмийг чанга тавиад бид дөрвийг унтуулж амраахгүй байсан болохоор Г-, Т- хоёр уурлаж тухайн залуустай маргалдсан. Г- тухайн гурван эрэгтэйн биед халдсан эсэхийг би хараагүй. Харин Т- тухайн гурван хүний улаан болон хөр өнгийн куртик өмссөн байсан хоёр эрэгтэйг ээлжлээд гараараа цохиод байсан бөгөөд улаан куртиктэй эрэгтэй хүний хамраас нь цус гарчихсан байсан. Т- тухайн эрэгтэйн нүүр рүү нь гараараа хоёр гурван удаа цохисон. Тэгээд Б- бид хоёр тухайн хоёр эрэгтэйгээс Т-г салгаад зодуулж байсан хоёр эрэгтэйг нь зугтаалгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Шинжээчийн 3365 тоот дүгнэлтэд: “...Ц.Т-гийн биед дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-н 30-31/,

Яллагдагчаар С.Т-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Намайг гэртээ унтах гэж байхад манай гэрийн гадна хэсэг хүмүүс машиныхаа хөгжимийг чанга тавиад байсан юм. Тэгээд би тухайн хүмүүст хөгжимөө багасга гэж хэлсэн боловч тухайн хүмүүс хөгжимөө багасгахгүй байсан. Тэгэхээр нь миний уур хүрээд найз Г-ийн хамт гэрээсээ гараад тухайн хүмүүс дээр явж очоод хохирогч Т-гийн баруун хацар руу нь зүүн гараараа нэг удаа цохиод доош тонгойхоор нь дух хэсэг рүү нь баруун гараараа нэг удаа дээш нь өлгөж цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 47/,

 Яллагдагчаар Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т-, Г-, Б- бид нарыг гэртээ унтах гэж байхад тухайн хүмүүс автомашиныхаа хөгжимийг чанга тавиад байсан юм. Тэгээд манай найз Т- тухайн хүмүүст унтаж амрамаар байна, дуугаа багасга гэхэд шаардлагыг нь биелүүлээгүй байсан учраас Т- бид хоёр уурандаа гэрээс гараад тухайн хүмүүс дээр очоод манай найз Т- тэдгээр хүмүүсийн улаан өнгийн куртик өмссөн байсан буюу хохирогч Т-гийн баруун хацар руу нь хоёр гараараа нэг нэг удаа цохисон. Би араас нь явж очоод хохирогч Т-гийн хажууд зогсож байсан эрэгтэйн хоёр хацар руу нь гараараа нэг нэг удаа цохиод эргэж хараад хохирогч Т-гийн зүүн талын хацар руу нь баруун гараараа нэг удаа цохисон юм” гэсэн мэдүүлэг /хх-н 49/,

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, хохирогчийн өргөдөл /хх-н 4/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14-17/, шүүгдэгч С.Т-гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 60-64, 78/, шүүгдэгч Б.Г-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 65-66, 71-77/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт /хх-н 85/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

Шүүгдэгч С.Т-, Б.Г-нар нь бүлэглэж 2020 оны 3 дугаар сарын 05-ны орой 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 79 дүгээр байрны гадна “автомашины дуу чангалж чимээ гаргалаа” гэх шалтгаанаар насанд хүрээгүй хохирогч Ц.Т-г зодож дух, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, уруулын дотор салстын язарсан шарх бүх гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогч Ц.Т-гийн: “...Н- бид хоёр машины хойд талд юм яриад зогсож байтал дээгүүрээ хувцасгүй цээж нүцгэн үл таних эрэгтэй Н- бид хоёрыг чиглээд ирсэн. Тухайн эрэгтэй Н- бид хоёр дээр ирээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд байж байтал тухайн цээж нүцгэн эрэгтэй хүний араас дахиад нэг халзандуу эрэгтэй бас хүрч ирээд миний нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон. Тэгээд би доошоо тонгойгоод тухайн хоёр эрэгтэй миний нүүр болон гэдэс рүү маш олон удаа гараараа цохиод байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/, насанд хүрээгүй гэрч Ч.Н-ын: “...өөрийн 2 найз Ө-, Т- нарын хамт юм яриад зогсож байхад согтуу 3 эрэгтэй, 2 эмэгтэй хүн гарч ирээд учир зүггүй цохиод эхэлсэн. Тэгээд охидууд нь бид нарыг салгах гээд, нөгөө залуучууд нь дайраад байсан. ...Би тухайн хүмүүсийг урьд нь харж байгаагүй. Нэг залуу нь халзан, нэг залуу нь нилээн урт үстэй байсан. Харанхуй болохоор сайн харж чадаагүй. Миний толгой өвдөж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй” гэсэн мэдүүлэг /хх-н 8-9 гэрч Х.Б-гийн: “...манай гэрийн гадна машинтай хэсэг хүмүүс машиныхаа хөгжимийг чанга тавиад байсан. Тэгтэл Т- цонхоор тухайн хүмүүст хандаж хөгжмийнхөө дууг багасга гэхэд тухайн хүмүүс машиныхаа дууг багасахгүй байсан. Тэгсэн чинь Т- Г- хувцсаа өмсөөд гэрээс гараад явсан. Би цонхоор Г- болон Т- хоёрыг хартал тэр хоёр нэг эрэгтэй найзтайгаа уулзчихаад цаашаа хөгжимөө чанга тавиад байсан хүмүүс дээр Т- түрүүлж очоод улаан өнгийн куртик өмссөн эрэгтэй хүний нүүр рүү нь гараараа 1, 2 удаа цохихоор нь би сандраад Г-ыг дагуулаад гэрээс гараад Г-, Т- болон тухайн хүмүүс дээр очиход Т- улаан куртик өмссөн хүний нүүр рүү нь дахиад гараараа 2, 3 удаа цохиод байхаар нь би Т-гийн дээгүүрээ өмссөн куртикний араас нь татахад куртик нь сугараад дээгүүрээ нүцгэн болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 25-26/, гэрч М.Г-ын: “...Тэр гурван эрэгтэй манай гэрийн цонхны доор машиныхаа хөгжмийг чанга тавиад бид дөрвийг унтуулж амраахгүй байсан болохоор Г-, Т- хоёр уурлаж тухайн залуустай маргалдсан. Г- тухайн гурван эрэгтэйн биед халдсан эсэхийг би хараагүй. Харин Т- тухайн гурван хүний улаан болон хөр өнгийн куртик өмссөн байсан хоёр эрэгтэйг ээлжлээд гараараа цохиод байсан бөгөөд улаан куртиктэй эрэгтэй хүний хамраас нь цус гарчихсан байсан. Т- тухайн эрэгтэйн нүүр рүү нь гараараа хоёр гурван удаа цохисон. Тэгээд Б- бид хоёр тухайн хоёр эрэгтэйгээс Т-г салгаад зодуулж байсан хоёр эрэгтэйг нь зугтаалгасан” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/, шинжээчийн 3365 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Т-, Б.Г-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул шүүгдэгч нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч С.Т-, Б.Г-нар нь согтуурсан үедээ хохирогчийг машины дуу чанга тавилаа гэх шалтгаанаар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт /хх-н 51/ гаргасан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч С.Т-, Б.Г-нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байх ба прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.   

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч С.Т-, Б.Г- нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-, Б.Г-нарыг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсоноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг тус тус мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-, Б.Г-нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР