Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 490

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: С.Цэрэндулам,

Улсын яллагч: С.Батгэрэл,

Шүүгдэгч: Н.М-өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.М-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2005012680577 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Н.М-, 1997 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, ганцаараа, .... тоот регистртэй,

Шүүгдэгч Н.М-нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18-64 тоотод хохирогч О.Б-ийн зүүн нүд рүү стакан шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.М-шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч О.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ...ын нийтийн байрны 5 тоотод амьдардаг. Манай нийтийн байрны 7 тоотын танихгүй залуу өрөөндөө ороод ир гэсэн. Би яваад ороход 1 шил архи, 2 залуутай уугаад сууж байсан. Тэгээд би архинаас нь бас уусан, 1 залуу нь гараад явсан ба 7 тоотод амьдардаг залуу унтчихсан. Би найз гэх 1 залуутай нь юм яриад сууж байсан чинь тэр залуу намайг гэнэт цохисон юугаар цохиснийг нь мэдээгүй. Тэгээд нүд өвдөөд ухаан баларсан. Би цагдаа дуудахад цагдаа ирээд намайг цохисон залууг аваад явсан ба би гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хөмсөг сэтэрсэн тул оёдол тавиулсан. Нүд гэмтсэн яс нь хугарсан байсан гэсэн. ...Шүүх эмнэлгийн дүгнэлтэнд дурдсан гэмтлийг 7 тоотод ирсэн байсан. М- гэх залуу учруулсан. Эм тариа авсан томографикт үзүүлсэн, нийт 260.000 төгрөг болсон байх надад одоо баримт байхгүй, гомдолтой байна. М- надад хохирлын мөнгө барагдуулж одоогоор 150.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8, 10/,

Гэрч С.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...М-, Д.- бид 3 ...2.5 литрийн пиво ууж байсан ба би гарч хүнд машины түлхүүр өгөх гээд гарсан. Тэгэхэд манай 5 тоотод байдаг залуу манай өрөө рүү орсон. Тэгээд гарч түлхүүрээ өгчихөөд эргээд ороод ирэхэд уг 5 тоотын залуугийн нүд нь хавдчихсан цус гарч байсан. Юу болсон бэ гэж асуухад М- цохичихлоо гэж байсан. Би М-аас яагаад цохиж байгаа юм бэ гэхэд юм ярихгүй байсан. Тэгээд цагдаа дуудна гээд цагдаа нар ирээд М-ийг эрүүлжүүлнэ гээд аваад явсан. ...М- надад сүүлд хэлэхдээ уг ах салаавч гаргаад хэл амаар доромжлоод байхаар нь стакан авч шидээд нүдийг нь оносон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/,

Шинжээчийн 4436 тоот дүгнэлтэд: “...О.Б-ийн биед зүүн дух ясны гадна ялтас, зүүн нүдний ухархайн дээд ирмэг хэсгийн хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгт шарх, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэжээ /хх-н 18-19/,

Яллагдагчаар Н.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Мөөгий ах Муук ах хоёртой 3 том 2.5 литрийн пиво уугаад сууж байхад Батхишиг гэх ах орж ирээд хамт пивоноос уусан. Тэгээд Мөөгий ах гараад явсан Батхишиг ах уг байрны нэг эмэгтэйг гичий гээд хэл амаар доромжлоод байхаар нь би эмэгтэй хүнийг болиоч ээ яаж байгаа юм гэхэд Батхишиг ах намайг чи муу гичий гээд хэл амаар доромжлоод салаавч гаргаад байхаар нь уурлаад хажууд байсан стакан аваад Батхишиг ах руу шидэхэд зүүн нүдний дээд хэсэгт нь оноод цус гараад байсан. Би гэм буруугаа хүлээж уучлалт гуйж эмчилгээний зардал 150.000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 27-28/,

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, хохирогчийн өргөдөл /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 31-46/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:

Шүүгдэгч Н.М-нь 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 22 дугаар хороо, Зүүн Нарангийн 18-64 тоотод хохирогч О.Б-ийн зүүн нүд рүү стакан шидэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Б-ийн: “...Би найз гэх 1 залуутай нь юм яриад сууж байсан чинь тэр залуу намайг гэнэт цохисон юугаар цохиснийг нь мэдээгүй. Тэгээд нүд өвдөөд ухаан балартсан. Би цагдаа дуудахад цагдаа ирээд намайг цохисон залууг аваад явсан ба би гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хөмсөг сэтэрсэн тул оёдол тавиулсан. Нүд гэмтсэн яс нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 7-8, 10/, гэрч С.М-ын: “...М-, Д.- бид 3 ...2.5 литрийн пиво ууж байсан ба би хүнд машины түлхүүр өгөх гээд гарсан. Тэгэхэд манай 5 тоотод байдаг залуу манай өрөө рүү орсон. Тэгээд гарч түлхүүрээ өгчихөөд эргээд ороод ирэхэд уг 5 тоотын залуугийн нүд нь хавдчихсан цус гарч байсан. Юу болсон бэ гэж асуухад М- цохичихлоо гэж байсан. Би М-аас яагаад цохиж байгаа юм бэ гэхэд юм ярихгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-н 14/, шинжээчийн 4436 тоот дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Н.М-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.М-нь согтуурсан үедээ хохирогчийг шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Уг гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Б-ийн биед хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчид 150.000 төгрөг өгсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.М-ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул шүүх түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүх шүүгдэгч Б.Лхагвасүрэнгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, хохирогчийн хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй зэргийг харгалзан улсын яллагчийн саналыг хүлээн авч, торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Н.М-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-ийг 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид 150.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Хохирогч О.Б- нь хохирол болон хор уршгийг талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтыг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-т хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР