Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/00551

 

Ж.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2485 дугаар магадлалтай,

Ж.Ө-ын нэхэмжлэлтэй,

Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговорт 12.817.024 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаагийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Ж.Ө- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2015 оны 8 дугаар сарын 11-нээс хойш Ж.Ө- нь барилга угсралтын ажлын хэсгийн албан тушаалд ажилласан. Ажиллах хугацаандаа ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй. Гэтэл 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Б-1-156 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан. Барилга угсралтын хэлтэс нь Барилгын хэлтэс болон өөрчлөгдсөн, харин татан буугдсан орон тоо хасагдсан, ажилчдын тоо цөөрсөн зүйл байхгүй. Иймд ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор, болон нийгмийн даатгалд 2015 оны 2,3,4 сарын цалингийн дунджаар тооцоолоод нэг өдрийн цалинг 129.115 төгрөг, 2 дугаар сарын цалин 3.240.190 төгрөг, 3 дугаар сарын цалин 1.915.900 төгрөг 4 дүгээр сарын цалин 1.977.905 төгрөг гэж тооцоолоод ажлын өдрүүд нэг сард 18 хоног, 20 хоног, 21 хоног гэхээр, дунджаар тооцоолоод нэг өдрийн цалин 129.915 төгрөг, ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс өнөөдрийг хүртэл 106 хоног нийт 12.817.024 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. УБТЗ ХНН-ийн дарга нь 2017 оны 2 сарын 11-ны өдөр А71 тоот тушаал гаргасан. Энэ нь зохион байгуулалтын хэсгийг өөрчлөн байгуулах тушаал байсан. 1-рт заалт Барилга угсралтын ажлын хэлтсийг Барилгын хэлтэс болгосон 7-р заалтаар УБТЗ ХНН–ийн ерөнхий хорооны баталсан бүтцийн дагуу алба хэлтэс бүдүүвчийг гаргаж  барилга угсралтын ажлын хэсэг гэж байхгүй зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулаад шинээр зохион байгуулагдах алба хэлтсийн дүрэм журмыг шинэчлэн боловсруулж батлуулахыг алба хэлтсийн дарга нарт үүрэг өгөгдсөн. Ажлын байр тодорхойлоход, нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга угсралтын албан тушаал өөрчлөгдсөн. Тушаалын үндэслэл нь А71 тоот тушаал юм. Тушаал дээр зохион байгуулалтын хэсгийг өөрчлөх тухай тушаалыг үндэслэсэн. Зохион байгуулалтын бүтцээр барилга угсралтын ажлын хэлтэс гэсэн албан тушаал байхгүй болсон. А71 тоот тушаал 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр гарсан. Үүнээс хойш 2 сарын дараа 4 сарын 26-ны өдөр Б1.156 тоот тушаал гарж Ж.Ө-ыг ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн гэрээг цуцлаад ажлаас халагдсан 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж 4.014.692 төгрөгийг гардаж авсан. Ажилгүй байсан хугацааны цалин нэг өдрийн цалингийн дунджийг 88.276 төгрөгөөр бодож гаргасан. 106 өдрөөр бодохоор 9.357.256 төгрөг болж байна. Үүнээс 2 сарын тэтгэмж 4.014.692 төгрөг хасаад 5.342.564 төгрөг болж байна гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.Ө-ыг урьд эрхэлж байсан Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн дарга буюу одоогийн Барилгын хэлтсийн даргын ажилд эргүүлэн тогтоож, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 8.588.814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Ө-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.228.210 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 245007 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2485 дугаар магадлалаар:   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 152 371 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Оюумаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06 өдрийн 2485 дугаартай магадлалд хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Зохион байгуулалт бүтцийн өөрчлөлтөд орсон алба, салбар нэгжийн ажилтнуудтай хөдөлмөрийн гэрээг цуцлах нь хуульд нийцэж байгааг давж заалдах шатны шүүх анхааралдаа авсангүй. Бас нэг маргаантай зүйл бол ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг анхан шатны шүүхээс буруу тооцоолсныг залруулалгүй магадлалаа гаргасан. Нэхэмжлэгч Ж.Ө-ын цалингийн дунджийг НХХ сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар баталсан дундаж цалинг тодорхойлох журам-ын дагуу тодорхойлж бодож гаргасан 2017.09.25-ны өдрийн цалингийн тодорхойлолт болон задаргаа хийгдсэн цалингийн картыг зөв үнэлээгүй байна. Эдгээр баримтууд хэрэгт авагдсан байхад шүүх, нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр тодорхойлсон нь үндэслэлгүй байна. Цалингийн картаас харахад, 2-р сард жилийн үр дүнгийн шагнал 1 203 849 төгрөгийг 12 сард хуваан 1 сард ногдох нь 100.320,75 төгрөг болох ба, хоол унааны хөнгөлөлт нийт 73.000 төгрөгийг тооцон үзэхэд 2-р сарын цалин хөлс -2.063.670 ,75 төгрөг, 3 р сарын хоол, унааны хөнгөлөлтийг тооцсоноор -1.932.780,75 төгрөг, 4 р сарын хоол, унааны хөнгөлөлтийг тооцсоноор 1.998.225,75 төгрөг болно. Эдгээрийг нэмэхэд: 2.063.670,75 + 1.932.780,75 + 1 998 225,75 = 5 994 677,25 төгрөг, 5.994.677,25 : 3 сар =1.998.225,75 төгрөг нэг сарын дундаж, 1.998.225,75 : 20 хоног = 99.911,29 төгрөг нэг өдрийн дундаж, Ажилгүй байсан 106 хоног х 99.911,29 төгрөг = 8.950.967,54 төгрөг, үүнээс 2 сарын цалинтай тэнцэх тэтгэмж 4.014.692 төгрөгийг хасч тооцоход 6,575.904,48 төгрөг гарахаар байна. Гэтэл шүүх, 8.588.514 төгрөг гэж тооцоолсон нь буруу байна. Мөн анхан шатны шүүх, шийдвэрийн 2 дахь заалтаар “УБТЗ” ХНН-ээс гаргуулах улсын тэмдэгтийн хураамжийг олговорт олгохоор шийдвэрлэсэн 8.588.814 төгрөгт ногдох 152.371 төгрөг байхыг 245.007 төгрөг гэж буруу тооцоолсныг давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулаагүй байна.

Ийнхүү хуулийг буруу тайлбарлаж, буруу тооцоолж, үндэслэлгүй гаргасан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.10.02-ний өдрийн 102/ШШ2017/02569 дугаартай шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 сарын 06 өдрийн 2485 дугаартай магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгч Ж.Ө-ын “...ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан олговорт 12.817.024 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Ажил олгогч УБТЗ-ын дарга 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Б-1-156 дугаар тушаал гаргаж, Барилга угсралт ашиглалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Ө-ын хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсгийг үндэслэл болгожээ /хэргийн 4 дүгээр тал/.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл УБТЗ-ын даргын 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр А-71 дүгээр тушаалаар Барилга угсралт ашиглалтын хэлтсийг Барилгын хэлтэс болгон нэрийг өөрчилжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар  аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн тохиолдолд ажил олгогч өөрийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. Нэхэмжлэгчийн ажиллаж байсан Барилга угсралт, ашиглалтын хэлтсийн нэр Барилгын хэлтэс болон өөрчлөгдсөн хэдий ч тухайн хэлтэс татан буугдсан,  ажлын байр хасагдсан,  эсхүл орон тоог цөөрүүлсэн эсэх нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговроос тэтгэмжид олгосон 4.014.692 төгрөгийг хасч тооцсон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т нийцсэн  боловч хариуцагчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг буруу тооцсон, уг алдааг давж заалдах шатны шүүх илрүүлж зөвтгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцээгүй байна.

Эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч улсын тэмдэгтийн хураамжийг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т заасан хэмжээгээр тогтоох ба нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол  шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан.

Дээрх үндэслэлээр гомдлын заримыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2485 дугаар магадлалын 1, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 102/ШШ2017/02569 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтын “...245007” гэснийг “...152.371” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төлсөн 152.371 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.УНДРАХ

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ