Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 859

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                    

                                                                                                                                                                                                                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 Ц.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

шүүгдэгч Ц.М-, 

нарийн бичгийн дарга Б.Б нарыг оролцуулж,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.М-гийн гаргасан давж заалдах гомдлоор Ц.М-д холбогдох 1706016580080 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц.М, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, ам бүл 1, Баянгол дүүргийн хх дугаар хороо, хх дугаар гудамжны хх тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй,

 

Ц.М- нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт ахмадын хорооллын 76 дугаар байрны орцонд иргэн Б.Б-тай маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ц.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Ц.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.М- нь 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.М- нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ц.М-гөөс нийт 534,650 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Б-д олгож, хохирогч Б.Б нь өөрт учирсан гэм хорын бусад хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Ц.М- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Бд хөнгөн гэмтэл учруулсан гэж буруутгагдаж анхан шатны шүүхээс 500 нэгжээр торгуулах шийдвэр гарлаа. Шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, Б нь өөрөө эхэлсэн бөгөөд дээрээс нь хачирлан хүн гүтгэж мөнгө салгах зорилготой хүнд гэмтсэн. Цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай мэтээр ярьж надаар төдийгүй шүүх, цагдаагийн байгууллагаар тоглож байна. Иймд давж заалдах шатны шүүхэд хүсэлт гаргаж байна...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Ц.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Ц.М- нь 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ахмадын хорооллын 76 дугаар байрны орцонд иргэн Б.Бтай маргалдаж, улмаар харилцан зууралдаж ноцолдож, Б.Бын   хоолойг нь цамцны захаар нь боох, цохих зэргээр хүч хэрэглэж Б.Бын бие махбодид нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах “...баруун бугалга, цээжинд цус хуралт, баруун тохойнд зулгаралт, тархи доргилт…” гэсэн гэмтлийг учруулсан болох нь:

хохирогч Б.Бын “...Манай эхнэр Энхбаяр урьд нь Мөнхөө гэгчээс мөнгө зээлээд өгч чадалгүй Иргэний хэргийн шүүхээр хэрэг нь шийдэгдсэн юм. Шүүхийн шийдвэрийн дагуу эхнэр маань Мөнхөөд мөнгийг нь төлж байгаа юм. Тийм байхад Мөнхөө нь манайд мөнгөө нэхэж удаа дараа ирж хэрүүл маргаан үүсгэж байсан. 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр 19 цаг өнгөрч байх үед гэртээ охин Саруулцэцэгийн хамт байж байтал хаалга тогшихоор нь тайлтал Мөнхөө байсан. Мөнхөө манай гэр лүү орно гэхээр нь би оруулахгүй гээд түлхээд гаргасан. Тэгээд би нүцгэн байсан бөгөөд Мөнхөө намайг тэр чигээр минь чирээд гаргана гэхээр нь би гарахгүй гэж эсэргүүцээд байж байтал манай хажуу айлын хүн гарч ирээд “та нар больцгоо” гэтэл Мөнхөө “бид хоёр хоорондоо яриатай” гээд намайг чирээд миний толгойг хаалга, хана мөргүүлсэн. Тэгэхэд хажуу айлын хүн цагдаа дуудсан. Цагдаа иртэл бид хоёр хоорондоо зууралцаж, ноцолдож байсан. Мөнхөө намайг гадагш авч гарна гээд би гарахгүй гээд бид хоёр зууралцсан юм. Мөнхөө ер нь манай охин Саруулцэцэг рүү байнга мессеж бичээд “чи ээжийнхээ зээлийг төлөхгүй бол танай гэрийн тавилгыг би авна” гэх зэргээр мессеж бичдэг. ...Мөнхөө намайг цамцны захнаас заамдаж гаргах гэж чирэхэд нь би эсэргүүцсэн. Тэгээд намайг толгойгоор минь хана мөргүүлсэн. Энэ үед дээрх гэмтлүүд нь миний биед учирсан...” /хх-ийн 16-17 тал/,

гэрч Ч.Алтансүхийн “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 21 цагийн үед шиг санагдаж байна. Гэртээ орж ирээд амрах гээд байж байтал орцонд, манай гэрийн үүдэнд хүмүүс чанга дуугаар маргалдаад, пижигнэлдээд байсан. Би тэгж байгаад явчих байх гээд хэсэг тоогоогүй боловч тэр хүмүүс яг гэрийн үүдэнд маргалдаад амар заяа үзүүлэхгүй байхаар нь би хаалга онгойлгож харахад манай хөрш айлын залуу, үл таних залуугийн хамт хоорондоо хэрэлдээд зогсож байсан. Миний ойлгосноор өр авлагын асуудлаас болж маргалдаж байх шиг байсан. Би тэр хоёрыг “та нар явахгүй юм уу, би цагдаа дуудлаа шүү” гэхэд хөрш айлын залуу “цагдаа дуудаад өг” гэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хөршийн залуу гэрийнхээ хаалганы үүдэнд, нөгөө залуу нь эсрэг талын хананд зогсож байсан. Намайг харахад хоорондоо барьцалдаж, зодолдсон зүйл байхгүй. Намайг гарч ирэхээс өмнө бараг 5 минут тэр хоёр орцонд пижигнэж, маргалдсан. Би цагдаа дуудчихаад гэртээ орсон бөгөөд цагдаа нилээн удаж байж ирсэн. Тэр хоёр залуу цагдааг иртэл орцон дотор мөн л хэрүүл хийгээд пижигнээд л зогсоод байсан...” /хх-ийн 18 тал/,

Ц.М-гийн яллагдагчаар өгсөн “...2017 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Энхбаяр гэгчийн охин Саруулцэцэгтэй уулзахаар гэрт нь очиж хаалгыг нь тогшиход аав нь гэх Б хаалгаа тайлсан. Тэгэхээр нь би орох гэхэд Б гэртээ оруулахгүй заамдаж түлхээд гаргасан. Саруулцэцэг гэртээ байсан бөгөөд “би уулзчихъя” гэхэд Б “миний охин орж бай” гээд уулзуулахгүй намайг заамдаж, хоолой боохоор нь би адилхан зуурч хоолойг нь боосон. Б өөрөө цагдаад дуудлага өгсөн бөгөөд 20-30 минутын дараа цагдаа ирсэн. Бид хоёр харилцан нэгэнтэйгээ заамдалцсан. Харин хана мөргүүлсэн зүйл байхгүй. Бын эхнэр Энхбаяр надад 20,000,000 төгрөгийн өртэй бөгөөд энэ өрөө төлөхгүйн тулд намайг гэмт хэрэгтэн болгох санаатайгаар ингэж байна гэж үзэж байна...” /хх-ийн 35-36 тал/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10849 дүгээр “...Б.Бын биед баруун бугалга, цээжинд цус хуралт, баруун тохойнд зулгаралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухай хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 21 тал/ гэх шинжээчийн дүгнэлт зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Ц.М-гийн 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ахмадын хорооллын 76 дугаар байрны орцонд иргэн Б.Бтай маргалдаж, улмаар харилцан зууралдаж ноцолдож, Б.Бын   хоолойг нь цамцны захаар нь боох, цохих зэргээр хүч хэрэглэж Б.Бын эрүүл мэндэд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Анхан шатны шүүхийн Ц.М-гийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчөөгүй байна.

 

Ц.М- нь Б.Бын эхнэр Энхбаярын 2015 оны 11 дүгээр сард зээлсэн шүүхээр шийдвэрлүүлсэн боловч төлөхгүй байгаа мөнгөө нэхэж очиж, бухимдсанаас ийм гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал болон Ц.М-гийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар харгалзан үзэж, Ц.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг уг хэсэгт заасан доод хэмжээгээр оногдуулж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэлээ.

           

            Мөн хохирогч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагаас нотлох баримтын хуульд заасан шаардлага хангаж байгаа 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн үзлэгийн хөлс 20,000 төгрөг /хх-ийн 29 тал/-ийг, 2017 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн Толгойны КТГ-ийн шинжилгээний хөлс 120,000 төгрөг, /хх-ийн 29, 27 талд байгаа шинжилгээний хариугаар нотлогдож байгаа./ нийт 140,000 төгрөгийг Ц.М-гөөс гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж байна.

 

Харин хохирогч Б.Бын Ц.М-гөөс нэхэмжилсэн 2017/09/19-ний Вива эмийн сангийн 352,360 төгрөгийн, 2017/09/18-ний Хаппинарт эмийн сангийн 42,300 төгрөгийн, Монос УБХХК Туул гэсэн байгууллагын 1,018,840 төгрөгийн баримтууд дээрх эм, тариа, зүү, шприц зэргийг “...2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ц.М-гийн Б.Бын бие махбодид учруулсан хөнгөн зэргийн “...баруун бугалга, цээжинд цус хуралт, баруун тохойнд зулгаралт, тархи доргилт…” гэсэн гэмтлийг эмчлүүлэхэд хэрэглэсэн...” гэж шүүх дүгнэх үндэслэл бүхий нотлох баримт байхгүй /эмчийн заавар, жор гэх мэт/ байх тул энэхүү эмчилгээний зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр жич нэхэмжлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ. Тодруулбал, эм тариа худалдан авсан гэх баримт нь Б.Б уг эм, тариаг Ц.М-гийн учруулсан гэмтлийг эмчлэхэд хэрэглэжээ гэж шүүх дүгнэх боломжгүй нотлох баримт байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 598 дугаар шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.М-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй...” гэж,

 

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...500,000 төгрөг...” гэснийг “...450,000 төгрөг...” гэж,

 

            тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Ц.М-гөөс 534,650 төгрөгийг...” гэснийг “...Ц.М-гөөс 140,000 /нэг зуун дөчин мянга/ төгрөгийг...” гэж тус тус өөрчилж,

 

            тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МЯГМАРЖАВ

 

ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ