| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганбаатарын Мягмарсүрэн |
| Хэргийн индекс | 132/2016/00604/И |
| Дугаар | 00614 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 00614
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мягмарсүрэн би, Хасбанкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн 33 дугаар байрны 26 тоотод оршин суух Сартуул овогт Цэвэгийн Оюумаа /РД:ГЮ67032866/, Улаанбаатар хот Баянгол дүүргийн 7 дугаар хорооны 3 дугаар хороолол 101 дүгээр байрны 19 тоотод оршин суух Сартуул овогт Цэвэгийн Намжилмаа нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 8330603 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00604/И индекстэй иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Булган аймаг дахь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ц.Оюумаа, Ц.Намжилмаа нар нь Хас банкны Булган салбараас 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 1010016798 тоот зээлийн гэрээгээр 9000000 төгрөгийн зээлийг жилийн 21.6% хүүтэй, 36 сарын хугацаатай зээлэн авсан бөгөөд барьцаа хөрөнгөд харилцах дансан дахь цалингийн орлогыг барьцаалсан. Зээлдэгч Ц.Оюумаа, Ц.Намжилмаа нар нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчин зээлийн төлөх хугацааг сар бүр хэтрүүлдэг байсан бөгөөд 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй 312 хоног хугацаа хэтрээд байна. Банкны зүгээс зээлдэгчийг зээлийн төлбөрөө төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж, зээлдэгчид утсаар мэдэгдэж, биеэр уулзаж, зээл төлөх боломжийг удаа дараа өгч байсан боловч зээлдэгч банкны шаардлагыг биелүүлээгүй, зээлийг төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгчээс гэрээний үүргээ биелүүлэх бүрэн боломжтой байгаа боловч зээлийн эргэн төлөлтийг хийхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлд заасан үүргүүдээ зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6236689.39 төгрөг, хүү 1961034.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 129379.67 төгрөг, нотариатын зардал 3500 төгрөг, нийт 8330603.15 төгрөгийг Ц.Оюумаа, Ц.Намжилмаа нараас гаргуулж мөн зээлдэгч нарын барьцаа өмчлөлийн бусад орлого, эд хөрөнгөөр зээлийг төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Оюумаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хас Банкны Булган аймаг дахь салбарын гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Ц.Оюумаа миний бие Хас банкны нэхэмжилсэн 8330603 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулна гэжээ.
Хас банк Булган аймаг дахь салбарын шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хас банкны нэхэмжлэлэтй Ц.Оюумаа, Ц.Намжилмаа нарт холбогдох 8330603 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.Намжилмаа нь Америкийн нэгдсэн улсад байгаа тул хариуцагчаас татгалзах хүсэлттэй байна гэжээ.ҮНДЭСЛЭХ нь:
Хас банкны Булган аймаг дахь салбар нь Ц.Оюумаа, Ц.Намжилмаа нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 8330603 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц.Намжилмааг хариуцагчаар татахаас татгалзаж тайлбараа ирүүлжээ.
Хас банкны Булган аймаг дахь салбар нь Ц.Оюумаад холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 8330603 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 8330603 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбараа шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар Хас банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй, Ц.Оюумаад холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 8330603 /найман сая гурван зуун гучин мянга зургаан зуун гурван/ төгрөггаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 148240 зуун дөчин найман мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 74120 /далан дөрвөн мянга нэг зуун хорин/ төгрөг, хариуцагчаас 74120 /далан дөрвөн мянга нэг зуун хорин/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Г.МЯГМАРСҮРЭН