Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 00615

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Л.Батбаярын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00068/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1961 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Дан байрны 79-4 тоотод оршин суух, Еншөөбү овогт Ламаажавын Батбаяр /РД:ГИ61102519/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Батбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1979 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйн тракторын курсэд суралцаж төгсөн, тус нэгдлийн Сангийн аж ахуйн даргын 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаар тушаалаар үр тарианы 3 дугаар бригадад тракторын жолоочоор томилогдон ажилласан. 1987 онд цэрэгт явах гээд ажлаас чөлөөлөгдсөн боловч тэнцээгүй буцаад ажилдаа орсон. 1992 онд Сангийн аж ахуйн нэр өөрчлөгдөж Ингэт толгой ХХК-д үргэлжлүүлэн ажилласан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтэр зөрчилтэй байх тул 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Батбаяр нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрхи нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 16 дугаартай цалингийн лавлагаа, 1980 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Л.Батбаярын нэрээр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Булган аймгийн Монгол-Зөвлөлтийн найрамдал нийгэмлэгийн нэрэмжит Ингэт толгой сангийн аж ахуйн даргын 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 148 дугаартай тушаал, хавсралт, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 216 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, хавсралт, 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 231 дугаартай ажилд томилох тушаал, хавсралт, 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, 1992 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай ажилд томилох тушаал, хавсралт, тухайн үед Л.Батбаяртай хамт ажиллаж байсан гэрч Д.Түмэн-Одын өгсөн ..Би 1976 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д тракторын жолоочоор ажилд орсон. Л.Батбаяр нь 1979 онд тус САА-д тракторын жолоочоор ажилд орж байсан. Би нэгдэл тартал ажиллаж байсан ба өмч хувьчлалаар Ингэт толгой ХК болж өөрчлөгдсөн. Бид 1995 оныг хүртэл хамт ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Г.Баярсайханы өгсөн ..Би 1977 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой САА-д тракторын жолоочоор ажилд орж 1993 оныг хүртэл ажилласан. Л.Батбаяр 1979 онд тус сангийн аж ахуйд ажилд орж бид 1993 оныг дуустал хамт ажилласан. Л.Батбаяр үргэлжлүүлээд ажиллаад үлдсэн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Еншөөбү овогт Ламаажавын Батбаярыг Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд 1979 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, нийт 15 /арван тав/ жил, 6 /зургаа/ сар тракторын жолоочоор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН