| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0756/Э |
| Дугаар | 772 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Ж.Отгончимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 772
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Ж.Отгончимэг, шүүгдэгч Т.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Т.Х-т холбогдох 1908 0262 60870 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, *** ХХК-ны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо *** байрны ** тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ч овгийн Т. Х /Регистрийн дугаар: ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өглөөний 5 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 101 дүгээр цэцэрлэгийн арын машины зогсоол дээр иргэн Ч.Ц-г зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Т.Х нь 2019 оны 05 дугаар сарын 06-ны өглөөний 5 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 101 дүгээр цэцэрлэгийн арын машины зогсоол дээр иргэн Ч.Ц-г зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь :
- хохирогч Ч.Ц-гийн:...Би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 101 дүгээр цэцэрлэгийн арын хувийн авто зогсоолд харуул хийдэг. 2019 оны 05 дугаар сарын 06-ны өглөө эрт Х гэх машинаа тавьдаг залуу явж байхлаар нь “яасан эрт гарч байгаа юм, орой машинаа тавихдаа хэлчихгүй“ гэтэл чамд ямар хамаатай юм, чи үүдэн дээр зогсож байх ёстой байтал унтаж байсан юм уу гэж хэлээд, намайг заамдаад шатаар буулгаад машиныхаа хажууд очоод хавирч унагаасан...газар чирсэн…цээжин дээр өвдөглөж суугаад ам руу салаавч гаргаад босоод зүүн талын хавирганы хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн...Намайг босоход заамдаад, баруун талын шанаа руу гараараа нудраад, бөгс рүү хөлөөрөө 1-2 удаа өшиглөсөн...Дүү Ц-ыг дуудсан. Шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд 150.000 төгрөгөөр компьютер томографикийн зураг авахуулсан, 8000 төгрөгөөр шүүх эмнэлэгт үзүүлсэн, 64000 төгрөгөөр эм тариа, унааны зардал 20.000 төгрөг зэрэг зардлууд гарсан...Гэмтлийн эмнэлэгт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 22-ныг хүртэл эмнэлэгийн магадлагаа гаргаж өгсөн...Тиймээс 14 хоногийн цалин болох 48 цаг гараад 24 амардаг болохоор 210.000 төгрөгийг цалин зэрэг зардлуудыг нэмхэмжилж байна.... гэх мэдүүлэг/хх-19-20, хх-26/
- гэрч Ч.Ц-ын:...тухайн үед төрсөн ах Ч.Ц над руу залгаад ах нь ажил дээрээ хүнд зодуулсан бие өвдөөд байна өвчин намдаах эм, наалт аваад ир, хавирга хугарчихсан юм шиг байна гэхээр нь би очсон...Ах хэвтэж байсан ба халуурсан байдалтай, хоолойн хэсэг нь улайсан ханайлгаж болохгүй байна гэсэн. Бас зүүн талын өвдөг хэсэг нь шалбарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-31-32/,
-шинжээчийн дүгнэлтэнд: Ч.Ц-гийн биед зүүн талын суганы урд шугамаар 7, 8-р хавирга, суганы дунд шугамаар 9-р хавирганы хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөгт зулгаралт, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар саринулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна.../хх-39/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9-10/, хохирогч Ч.Ц-гийн өвчний түүхийн хуулбар, эмчийн магадлагаа /хх-40-44/,
- шүүгдэгч Т.Х-ын:...Тухайн үед би манаачийн энгэрээс заамдсан, урагш татаж унагаагаад манаач дээшээ харан газар унасан. Тэгээд би манаачийг буцаж энгэрээс нь татаж босгоод, манаач газар суучихаад босохгүй байхаар нь хаалга руу явж, хаалгаа онгойлго гэхэд явахгүй, хуц чамайг алуулна, чамайг хүнээр зодуулна гээд байсан. Тэгэхээр нь манаачийг зүүн талын хавирганы хэсэг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, босохгүй байхаар нь би энгэрээс нь гараараа татаж босгоод манаачийг зогсоолын хаалга руу чирч яваад төмөр сараалжин хаалгыг мөргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-56/ болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн тухайн гэмт хэргийг үйлдснийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Т.Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогчид компьютер томографикийн зураг, шүүх эмнэлэгт үзүүлэх, унааны зардалд гарсан нийт 180.000 төгрөгийг төлсөн байх /х-24/ ба бусад хохирлын нотлох баримтгүй байх тул хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын (эм тариа, ажиллаагүй хугацааны цалин зэрэг) талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид нотлох баримт бүхий хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг түүний хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагджээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 1000.000 төгрөөгөөр торгох ял оногдуулав.
Уг хэрэгт камерын бичлэг бүхий 1 ширхэг компакт диск хураагдсан, харин битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Т.Х-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Х-ыг 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Х-т оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
5. Уг хэрэгт хураагдсан 1 ширхэг компакт дискийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.
6. Тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТАА