Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 00617

 

Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Дарьсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар Ж.Отгондоржийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2016/00610/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч: 1961 онд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Булган аймгийн Сэлэнгэ сумын 1 дүгээр баг, 4-02 тоотод оршин суух, Шаазгай овогт Жамцын Отгондорж /РД:ГИ61071418/, нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Отгондорж нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1982 онд цэргээс халагдаж ирээд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед хөтлөгдөж байсан хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсэн тул Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсныг тогоож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Отгондож нь Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн дээрх нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн тайлбар Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 21 дугаартай цалингийн лавлагаа, Булган аймгийн Архивын тасгийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 58 дугаартай цалингийн лавлагаа, 1994 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Баярын бичиг, тухайн үед Ж.Отгондоржтой хамт ажиллаж байсан гэрч Л.Түвдэндоржийн өгсөн ..Би 1985 онд Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгойн сангийн аж ахуйн үржлийн заводод зоотехникчээр ажилд орсон. Ж.Отгондорж нь намайг ажилд ороход орсон байсан. Тус заводын 2 дугаар тасагт трактор, комбайны жолоочоор ажиллаж байсан. 1990 оны эхээр Сангийн аж ахуй татан буугдаж Ингэт толгой ХК болж өөрчлөгдсөн. Тасагууд үйл ажиллагаа нь хэвээрээ байсан бөгөөд Ж.Отгондорж 1995 оныг хүртэл ажилласан. Би 1989 оноос 1995 оны 04 дүгээр сар хүртэл 2 дугаар тасгийн даргаар ажиллаж байсан гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнхтуяагийн өгсөн ..Би 1982 онд Булган аймгийн Сэлэнгэ сум Ингэт толгойн Сангийн аж ахуйн 2 дугаар бригадад туслах ажилчнаар ажилд орж 1995 оныг дуустал ажилласан. Ж.Отгондорж 1982 оны 06 дугаар сард цэргээс халагдаж ирээд 08 дугаар сарын эхээр тус нэгдэлд трактор, комбайны жолоочоор ажилд орсон. Бид 1982 оны 06 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн ба 1983 оны 06 дугаар сард гэрлэлтээ батлуулж тус нэгдэлд 1995 оныг дуустал хамт ажилласан гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Шаазгай овогт Жамцын Отгондоржийг Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт толгой Сангийн аж ахуйд 1982 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 1995 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, трактор, комбайны жолоочоор улсад нийт 12 /арван хоёр/ жил, 8 /найм/ сар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

  • Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН