| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0775/Э |
| Дугаар | 788 |
| Огноо | 2019-07-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.8.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 788
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч А.Ганзориг, шүүгдэгч А.М, Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос С овогт А.М, Б овогт Г.Г нарыг тус бүрд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 05328 0884 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01- ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шуугдэгч нарын биеийн байиаалт:
Б овогт Г.Г, Монгол Улсын иргэн, 1987 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр, хоёр хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун Баян-Уулын 12 дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *** урьд:
- Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 /найман/ жил, 1 /нэг/ хоног, мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.5 дахь хэсэгт зааснаар 5 /таван/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь багтааж 8 /найман/ жил, 1 /нэг/ хоногийн хугацаагаар биечлэн эдлэх хорих ялыг тогтоосон.
С овогт А.М, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Завхан аймгийн *** суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл гурав, эхнэр хүүхдүүдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Монлаагийн 4 дүгээр гудамжны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *** урьд:
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2010 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 25а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,
Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх заалтад зааснаар 3 /гурав/ жил, 5 /таван/ сарын хугацаатай хорих ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар яллах дугнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Тэгш төвийн караокены 204 тоот өрөөнд дотор иргэн Д.А-тай өрөө андуурч суулаа...” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газрууд нь цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Мөн Г.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Тэгш төвийн караокены 204 тоот өрөөнд дотор иргэн Д.А-тай зодолдох явцдаа иргэн Х.М-ын эзэмшлийн эд хөрөнгийг буюу караокены мэдрэгчтэй төхөөрөмжийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бусдад 1.650.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч А.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Тэгш төвийн караокены 204 тоот өрөөний үүдэнд иргэн Ц.А-тэй “...найзтай маргалдлаа...” гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь цохиж зодон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр:
Шүүгдэгч Бовогт Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Тэгш төвийн караокены 204 тоот өрөөн дотор “...өрөө андуурч орлоо...” гэсэн шалтгаанаар Д.А-тай маргалдаж, улмаар түүний толгой, нүүр лүү гараараа цохиж, бие махбодод нь “...дээд уруулд зулгаралт, цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1, 2-р шүдний сулрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан”,
- Мөн Д.А-ыг зодох явцдаа Х.М-ын эзэмшлийн эд хөрөнгө болох караокены мэдрэгчтэй төхөөрөмжийг эвдлэн ашиглах боломжгүй болгосны улмаас бусдад 1,650,000 төгрөгийн хохирол учруулсан;
Шүүгдэгч С овогт А.М нь 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ***төвийн караокены 204 тоот өрөөний үүдэнд “...найзтай маргалдлаа...” гэсэн шалтгаанаар Ц.А-ний нүүр лүү гараараа цохиж, бие махбодод нь “...дээд уруулд зулгаралт, цус хуралт, доод уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун доод 1, 2-р шүдний сулрал...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тус тус тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Г.Г-ийн шүүх хуралдаанд өгсөн: Тухайн өдөр манай хүүхдийн төрсөн болоод манай найзууд ***төв гэх караоке ороод нэг цаг байж байгаад дээд давхар руу гарч зочид буудалд орсон. Тухайн үед би түр гарчихсан байж байгаад тэднийг дээд давхар луу зочид буудалд орсон байсныг мэдээгүй байж байгаад караокены өрөөнд ороход нэг эрэгтэй хүн байж байсан. Тэгээд өрөөнд байсан залуутай маргалдаад би тэр залууг 1-2 удаа цохисон. Биднийг маргалдаад байж байтал манай хоёр найз гаднаас орж ирээд намайг дагуулаад гараад явж байхад би тухайн караокены үүдэнд байсан төхөөрөмжийг өшиглөөд унагаасан гэсэн мэдүүлэг;
2. Шүүгдэгч А.М-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би найзтайгаа хамт архи уугаад караокены өрөөнд зодоон хийсэндээ харамсаж байна. Би А гэх залууг цохисон...” гэсэн мэдүүлэг;
3. Хохирогч Ц.А-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 11-р хороо Хонхорын 1-13 тоотод байрлах **төвийн караокед би менежерээр ажилладаг юм. 2018 оны 11 дүгээр сарын 15-аас 16-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед манай байгууламжийн засварын гараашийг түрээсэлдэг А, М гэх 2 залуу орж ирээд караокены 4 тоот өрөөнд орж үйлчлүүлсэн юм. Удалгүй байж байтал тэдний хажуу талын 3 тоот өрөөнд манай буудлын 303 тоот орсон байсан 7-8 залуучууд орсон юм. Тэгж байтал 204 тоотод хүмүүс зодолдоод байна гэхээр нь тийшээ явсан юм. Тэгж байтал манай караокены зөөгч Ө зодоон болоод байна гэж доор дуудахаар нь очтол А гэх залуу 3 тоотод үйлчлүүлж байсан хүмүүсийн нэг эрэгтэйтэй заамдалцаад зогсож байсан. Тэгтэл тэдний араас дахиад 3 тоот өрөөнд байсан хоёр залуу ороод А-тай зодолдож байсан залууг аваад өрөөнөөс гарсан юм. Тэр залуу өрөөнөөс гарч байхдаа караокены мэдрэгчтэй дэлгэцийг өшиглөж унагаагаад хагалчихсан. Би тэр залууг караокены өрөөний төхөөрөмж эвдэлчихлээ шүү дээ гэж хэлээд байж байтал нэг бүдүүн биетэй залуу хүрч ирээд миний нүүр хэсэг рүү 1 удаа гараараа цохисон. Тэгэхэд миний доод, дээд уруул язарч цус хураад, үүдэн доод хоёр шүд хөдөлгөөн орчихсон. Би цагдаа дууд гэхэд Ө дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар ирсэн юм. Миний доод уруул язраад цус хурчихсан, бас үүдэн доод хоёр шүд хөдөлгөөнтэй болчихсон. Бүдүүн, махлаг, шар өндөр залуу намайг цохиж гэмтээсэн. А-тай зодолдож байсан залуу хөлөөрөө өшиглөөд унагачихсан. Өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байгаа. Надад ямар нэгэн гомдол санал болон нэхэмжпэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-27,28 дугаар хуудас);
Надтай муудалцсан залууг найзууд нь аваад гарч байхад караокены өрөөнд байсан төхөөрөмжийг тэр залуу өшиглөөд газар унагаачих шиг болсон. Үйлчлүүлж байсан караокед хяналтын камер байгаа эсэхийг би мэдэхгүй байна миний сууж байсан өрөөнд хяналтын камер байхгүй. Би өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн. Намайг зодсон Г гэх залуугаас эмчилгээний зардал гэж бэлэн 900.000 төгрөгийг авсан байгаа. Надад одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19, 20-21 дүгээр хуудас);
4. Хохирогч Х.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр ажил дээрээ байгаагүй сүүлд менежерээсээ сонсоход хэдэн залуучууд гэр бүлийнхээ хүмүүсийн хамтаар үйлчлүүлж байгаад хоорондоо манай төвд үйлчлүүлж байсан залуутай маргалдаж зодолдсон байсан. Тэгэх үедээ манай караокены төхөөрөмжийг эвдэлчихсэн байсан. Тэгээд би шууд цагдаагийн байгууллагад ханд гэж хэлээд өргөдөл гаргуулсан юм. Манай караокены өрөөнд байдаг төхөөрөмжийг дэлгэцийн унагаагаад эвдэлчихсэн байсан. Тухайн өрөөнд зодолдсон хүмүүс унагаасан юм шиг байгаа юм. Тухайн үед манай төхөөрөмжийг эвдэлсэн гэх Г-той цуг явж байгаад нэг засварын газар үзүүлэхэд ямар ч ашиглах боломжгүй болчихсон байна гэж хэлэхээр нь тэр өдөр шууд хаячихсан юм. Манайх Бүгд найрамдах хятад ард улсаас 2017 оны 01 дүгээр сард дуу программын хамт 2 сая гаруй төгрөгөөр худалдаж авч байсан. Би одоо караокены төхөөрөмжөө 1,650,000 төгрөгөөр үнэлж байна. Манай байгууллага учирсан хохирлоо нөхөн төлүүлсэн байгаа. Ганзориг гэх хүүхдээс караокены төхөөрөмжийн мөнгө болох 1,650,000 төгрөгийг бэлэн авсан байгаа. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26-28 дугаар хуудас);
5. Гэрч Ч.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр найз Г-ийн хүүхдийн төрсөн өдөрт оччихоод 23 цагийн орчимд хүүхдүүдтэйгээ цуг явж байгаа юм чинь буудал орцгооё гээд Сонгинохайрхан дүүргийн хөтөлд байрлах ***төв нэртэй буудалд хоёр өрөө авч орсон юм. Манай найзууд караокед орж нэг цаг дуулчихъя гэхээр нь хүүхдүүдээ нэг өрөөнд нь үлдээчхээд доошоо караоке орж 1 цаг дуулсан. Караокены цаг дуусаад бид нар буудлын өрөө рүү явж орсон юм. Харин Г, Т, Г гурав доор үлдсэн. Бид нар буудлын өрөөнд байж байтал С-ийн хүүхэд хаалга тогшоод доор зодоон болоод байна гэхээр нь бид нар доошоо буугаад очтол караокены өрөөнд Г нэг залуутай муудалцаад байх шиг байсан. Тухайн караокены өрөөний үүдэнд зөөгч залуу тэд нарыг салгаад зогсож байтал манай найз М явж очоод тухайн залуугийн нүүр лүү нь цохичихсон. Тэгээд удаагүй байж байтал цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүү явсан юм. Би хүүхэдтэйгээ явж байсан болохоор архи огт уугаагүй манай найзууд караокед 1 шил архи 4-5 шил пиво авч уусан. Тэрийг би сайн мэдэхгүй байна. Намайг буудлын өрөөнөөс буугаад ирэхэд караокены зөөгч залуу манай өрөөний төхөөрөмжийг унагаад хаячихсан байна гээд надад харуулаад байсан...”
6. Хохирогч Д.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цагийн орчимд найз М-тай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 11-р хороонд байрлах Тэгш төвийн караокед орсон юм. Тэр караокены өрөөн дотор 3 шил пиво уугаад байж байтал манай найз М дээшээ буудал ороод өрөө аваад унтлаа гээд гараад яваад өгсөн. Би караокены өрөөнд авсан пивоо уугаад сууж байтал гаднаас танихгүй залуу миний сууж байсан өрөөнд орж ирээд “чи манай өрөөнд юу хийж байгаа юм гар гэж хэлэхээр нь би “чи өөрөө өрөө андуураад байна би энэ өрөөнд сууж байсан гээд тэр залуутай хэрэлдэж хоорондоо заамдалцаж аваад муудалцаж хоорондоо зодолдон юм. Тэр залуу намайг унагаагаад дээрээс дарж байгаад дохиод байсан. Бид хоёр тэнд зодолдож байтал удалгүй тэр караокены өрөөнд надтай зодолдож байсан залуугийн 2 найз нь орж ирээд тэр залууг салгаж аваад гараад явсан. Надтай зодолдсон гэх залуу өрөөнөөс гарч байхдаа караокены өрөөнд байсан төхөөрөмжийг өшиглөөд унагаачихсан. Тэгээд би өрөөн дотор байж байхад караокены үүдэнд зөөгч залуу надтай зодолдсон гэх залуугийн найзуудтай хэрэлдээд байх шиг байсан. Удалгүй тэр караокед цагдаа нар хүрч ирээд бид нарыг цагдаагийн хэлтэс рүү авч явсан юм. 0.5 литрийн шилтэй пиво 3 шилийг уусан өөр зүйл архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй хэрэглээгүй. Танихгүй намайг караокены өрөөнд сууж байтал гаднаас өрөө андуурч орж ирээд миний өрөө гээд надтай хэрэлдээд байсан. Тэр залуу өрөө андуурч орж ирээд намайг өрөөнд нь суучихсан байна гар гээд хөөгөөд байсан тэгэхээр нь би чи өөрөө өрөө андуураад ороод ирчихсэн байна гэж хэлээд бид хоёр хоорондоо хэрэлдэж улмаар муудалцсан юм. Надтай муудалцсан гэх залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Аль өрөөнд орж ирснээ мэдэхгүй байсан. Намайг өрөөнд сууж байхад тэр залуу л ганцаараа орж ирсэн тиймээс өөр хүн бол байгаагүй. Тэр залуугийн найзууд нь тус караокед үйлчлүүлж байсан юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг;
7. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 3-15, 102- 105 дугаар хуудас);
8. Шүүгдэгч А.М, Г.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 108- 109 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 121, 127 дугаар хуудас);
9. Шүүгдэгч А.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр үед С-ийн хүүхэд хаалга нүдээд доор зодоон болоод байна гэхээр нь доошоо буугаад очтол нэг танихгүй залуу -гтой хэрэлдээд байх шиг байсан. Тэгэхээр нь би явж очоод тухайн залуугийн нүүр нь тус газар луу нь нэг удаа цохичихсон. Сүүлд сонсоход ** төвийн зохион байгуулагч залуу байсныг мэдэхгүй андуураад цохичихсон байсан...”...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 92-93 дугаар хуудас);
10. Шүүгдэгч Г.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн залууг би 2-3 удаа гараараа цохисон юм. Тиймээс ямар нэгэн эд зүйлээр цохиж зодсон асуудал байхгүй. Харин тэр Тэгш төвийн зөөгч залууг манай найз М гарч ирээд нэг удаа гараараа цохичихсон гэж байсан...би тухайн өрөөнөөс гарахдаа тухайн өрөөнд байсан караокены төхөөрөмжийг хөлөөрөө өшиглөчихсөн юм. Тэр үед караокены төхөөрөмж унаад эвдэрчихсэн юм шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 100-101 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.А, Д.А нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн дүгнэлтээр хохирогч Х.М-ын эд хөрөнгө болох караокены мэдрэгчтэй төхөөрөмж 1,650,000 төгрөгөөр үнэлэгдсэн байгаа нь үндэслэл бүхий байх тул уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан болохыг тогтоов.
Шүүгдэгч А.М, Г.Г нарын үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.А, Ц.Анарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хохирогч Х.М-ын эд хөрөнгийг устгаж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг эдгээр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан буюу дахин ашиглах боломжгүй болгосон” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч А.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг, мөн “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар тус бүрд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаварт тооцогдох бөгөөд хохирогч Д.А, Ц.А, Х.М нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч А.М, Г.Г нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нийт 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тус оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүх улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээ нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршиг болон гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгыг хангахгүй байх тул ялын төрлийг өөрчлөх нь зүйтэй.
Иймд гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч А.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүр оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, тэдний хувийн байдалд тохирсон бөгөөд гэмт этгээдийг цээрлүүлэх хийгээд цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Г, А.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, тэдэнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б овогт Г.Г-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн, мөн “эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж үйлдсэн гэм буруутайд, С овогт А.М-ын “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.
2.Шүүгдэгч Г.Г-гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар тус тус нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч А.М-д мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус бүр шийтгэсүгэй.
З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 480 цагийн хугацаагаар тогтоосугай.
4.Шүүгдэгч А.М-д, Г.Г нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч А.М, Г.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэд бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.0ролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.М, Г.Г нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээгтус бүрд нь хэвээр үргэлжпүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА