| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0776/Э |
| Дугаар | 817 |
| Огноо | 2019-07-25 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Нямбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 817
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч Д.Нямбат, шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос О овогг Л.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04960 0398 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шуугдэгчийн биеийн байцаалт:
О овогт Л.С, Монгол Улсын иргэн, *** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл дөрөв, эхнэр хүүхдийн хамт, Дархан-Уул аймгийн Дархан сум, 5 дугаар баг, 20 дугаар хорооллын 1-60 дугаар байрны ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дугнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Л.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.С-гийн итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны Виза картаас 1,205,000 төгрөгийг АТМ-аас уншуулан авч завшсан гэх хөрөнгө завших гэмт хэрэгт холбогджээ.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч О овогт Л.С нь 2018 оны 10 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.С-гийн итгэмжлэн хариуцуулж өгсөн Хаан банкны төлбөрийн картаас зөвшөөрөлгүйгээр 1,205,000 төгрөгийг бэлэн мөнгөний машинаас уншуулан авч, өөрийн дураар захиран зарцуулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Л.С-ын шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..." гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ны өдөр өөрийн охин Н-той маргалдаад гэрээсээ гарсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 12а байрны гадна өөрийн *** улсын дугаартай Hyundai sonata-З загварын автомашинаа байрлуулсан юм. Тэгээд би дэлгүүр орох гээд явж байхдаа 30- 35 орчим насны залуутай тааралдсан бөгөөд уг залуу надад эхнэр хөдөө явчихсан гэрийн түлхүүр байхгүй байна, таны автомашинд ороод хамт сууя гэж хэлээд гуйгаад байсан юм. Тэгээд би дэлгүүрээс архи, ойр зуурын юм аваад нөгөө залуугийн хамт өөрийн автомашин дотор орж архи ууж байгаад би унтаад өгчихсөн юм. Маргааш нь би нөгөө залуутай хамт дахиж дэлгүүрээс орж архи аваад автомашин дотроо ууж байх үед би тэр залууд ахынх нь цалин удахгүй сая гаран төгрөг орно гэж хэлж байсан юм. Тэгээд 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нөгөө залуу ахаа та виза картаа өгч бай би ээжээсээ мөнгө авчхаад буцаагаад өгье, тэгээд архи авъя гээд байхаар нь тухайн үед миний виза картад мөнгө байхгүй байсан болохоор өөрийн виза картаа өгөөд нууц дугаараа хэлж өгсөн юм. Нөгөө залуу удалгүй найзаасаа мөнгө шилжүүлээд авчихлаа гээд гаднаас архи, ойр зуурын юм бариад орж ирсэн бөгөөд би нөгөө залуугийн гар утсанд өөрийн сим картаа хийгээд хүмүүстэй гар утсаар нь ярьж байсан юм. Тэгээд маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нөгөө залуу архи ууж байгаад гэнэт эхнэр ирчихлээ, дүү нь явлаа гээд байсан бөгөөд тухайн үед би нэлээн согтчихсон байсан болохоор унтчихсан юм. Тухайн үед миний цалин орсон байсныг би мэдээгүй байсан юм. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өглөө сэрээд виза картаа хайхад миний виза карт байхгүй байсан бөгөөд залуугийн гар утсанд миний сим карт байсан юм. Тэгээд би Хаан банк дээр очиж дансаа шалгахад миний виза картаас 1,205,000 гүйлгээ хийгдсэн байсан. Тэр залуу миний цалин орсныг мэдээд эхнэр ирчихлээ гээд явсан юм шиг байна. Би тэр залуугийн нэр, гэрийн хаяг, утасны дугаарыг нь мэдэхгүй. Энэ зурган дээр үзүүлсэн Л.С гэдэг залуу надтай хамт архи ууж, миний виза картыг авч явсан залуу мөн байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-12, 41 дүгээр хуудас);
3. Хохирогч Б.С-гийн “ хаан банкны дансны хуулга (хх-ийн 21-23 дугаар хуудас), мөрдөгчийн тэмдэглэл, гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл (хх-ийн 5-7дүгээр хуудас);
4. Шүүгдэгч Л.С-ын иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 30 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 25 дугаар хуудас);
5. Шүүгдэгч Л.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 10 дугаар сарын 25-нд өглөө эрт 07 цагийн үед 1 дүгээр хороолол Хархорины ойролцоо явж байсан. Тэпгэл урдаас үл таних хүн ирээд ахдаа ганц юм аваад өгчих мөнгө нь хүрэхгүй байна гэж хэлхээр нь хоёулаа мөнгөө нийлүүлж байгаад архи авсан. Тэгтэл тэр ахаас би гадаа хоёулаа архи уух уу гэсэн чинь миний машин байрны гадаа байгаа хоёулаа миний машинд очиж сууж архи ууя гэж хэлсэн. Тэгээд тэр хамт архи уухаар болсон хүнийг маань Сүхээ гэдэг ба тухайн үед бид хоёр танилцсан. Тэгээд С ахын машинд 3 хоног тасралтгүй архи уусан ба 2018 оны 10 дугаар сарын 28-нд С ахын цалин буусан ба надад С ах цалин буусан талаар хэлсэн тэр үед С надад виза картаа өгөөд АТМ-с мөнгө аваад дэлгүүр орчоод архи аваад хүрээд ир гэж хэлсэн. Тухайн үед АТМ-с мөнгө аваад дэлгүүрээс нэг шил архи аваад байрны орцонд ууж байгаад тасраад унтаад өгсөн байсан ба шөнө үүрээр орцны жижүүр хүн намайг орцноос гаргасан. Тэгээд би эргэж ирээд дахиад дэлгүүрээс архи авчаад С ахыг сэрээгээд хамт архи уусан. Тэгээд С ахтай хамт архи уучхаад машиндаа унтаад өгсөн болохоор нь би машинаас гараад явсан. Тэр өдрөөс хойш огт С ахтай уулзаагүй. Эхлээд намайг архи аваад ир гээд картаа өгөөд явуулсан. Яг хэдэн төгрөг аваад ир гэж хэлээгүй. Тэгээд би ATM- дээр очоод С ахын дансны үлдэгдлийг шалгахад цалин гэж 1,200,000 төгрөг байхаар нь бүгдийг нь аваад явсан. Тухайн үед нэлээн согтуу байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан “хөрөнгө завших” гэдэгт бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрсөн хязгаараас хэтрүүлж өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч Л.С-ын үйлдэл нь дээрх үйлдлийн шинжийг бүрэн хангасан буюу төгссөн гэмт үйлдэл байна.
Хохирогчийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох Хаан банкны төлбөрийн картаас нь зөвшөөрөлгүйгээр 1,205,000 төгрөгийг дур мэдэн авч, захиран зарцуулсан байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээг уг үнийн дүнгээр тогтоосон бөгөөд хохирогчид хуульд заасан бага хэмжээнээс дээш хохирол учирсан байх тул хөрөнгө завших гэмт хэргийн хохирлын шинжийг хангана.
Шүүгдэгч Л.С-ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэм бурууг тогтоосон шийдвэрээ танилцуулсны дараа өмгөөлөгч шүүх хуралдааныг завсарлуулж, хохирол төлөх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 3 (гурав) цагийн хугацаагаар завсарлуулах үед гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээгээр бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Л.С-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоол дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Л.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 40 хоногийг эдлэх ялаас хасаж тооцоод, үлдсэн 160 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэх саналтай байна..." гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, цагдан хоригдох хугацаандаа их зүйлийг ойлгож ухаарсан гэдгээ илэрхийлсэн тул түүнд хуульд заасан доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв.
Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал талуудын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх үр нөлөөтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Л.С нь энэ хэрэгт нийт 40 хоног цагдан хоригдсон байх тул нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон эдлэх ялаас нь хасаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, уг арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.О овогт Л.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д гурван зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
З.Шүүгдэгч Л.С нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дэх хэсэгт зааснаар шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-ын цагдан хоригдсон 40 (дөч) хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас нь хассугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжпэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.С нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Л.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8.0ролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Л.С-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА