| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2019/0816/Э |
| Дугаар | 828 |
| Огноо | 2019-07-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Онолт |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 828
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Жаргалмаа, улсын яллагч Х.Онолт /томилолтоор/, шүүгдэгч Ч.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 02396 0901 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар 03-ны өдөр авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ч.Д, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын**-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** дэлгүүрт худалдааны менежер ажилтай, ам бүл дөрөв, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны *** тоотод оршин суудаг, регистрийн дугаар *** урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд тусгаснаар:
Шүүгдэгч Ч.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн орчим Д.С-ыг чи намайг цохисон гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт Ч.Д нь 2019 оны 04 дүгэр сарын 29-ний шөнө Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Драгон төвийн орчим Д.С-ыг чи намайг цохисон гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Д шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Би хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Д.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хувийн тэргээр Драгон төв дээр Баянхонгор аймаг болон бусад аймгаас ирдэг автобус тосож зогсдог. 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өглөө үүрээр үйлчлүүлэгч олж авах санаатай зогсож байхад Д ах ард ирээд зогссон. Ингээд зогсож байхад нэг цэгийн үйлчилгээний зүүн талаар эрэгтэй, эмэгтэй 2 хүн гарч ирээд намайг таксинд явах уу гэхээр нь үгүй гэхэд Д ахын машин дээр очсон. Толиндоо хараад сууж байтал. Д ах машинаасаа гарч ирээд тэр залуутай заамдалцаад, би явж очоод хөгшин хүнийг ингэж болохгүй шүү дээ гээд салгасан. Салгасны дараа тэр 2 бие биеийнхээ нүүр рүү гараараа түлхээд байж байхад тэр залуугийн хамраас цус гарсан. Тэгсэн тэр залуу над руу гэнэт дайраад чи муу миний хамар руу цохиж цус гаргачихлаа гэж хэлээд баруун гараа атгаж байгаад миний хамар зүүн нүд рүү 1 удаа цохисон....” гэсэн мэдүүлэг (хх-ийн 09 дүгээр хуудас),
3. Гэрч И.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Эмэгтэй нь таксинд явах уу гэхээр нь явахгүй гэж хэлтэл залуу нь явахгүй юм бол үхсэнээ хийж энд зогсож байдаг юм, зайлаач гэсэн. Тэр залууд хандаад хаана зогсохоо чамаар заалгахгүй гэхэд машины онгорхой цонхоор амаа арчдаг цагаан цаасаа над руу шидэхээр нь бууж очиход миний нүүр рүү гараараа түлхсэн. Би нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгсэн өдөр машинаас М гэж дууддаг залуу бууж ирээд хөгшин хүнийг зодоод гээд тэр залууг барьж авсан чинь тэр залуу чи намайг цохичихлоо гээд нүүрэнд нь цохиод авсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30 дугаар хуудас),
4. Гэрч П.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр таксинд явахгүй юм бол юу хийж зогсож байдаг юм гэхэд тэр хөгшин ах машинаас бууж ирээд миний хаана зогсох нь чамд хамаагүй гээд маргасан. Урд талын машинаас С гэдэг залуу бууж ирээд манай нөхөр рүү дайраад хамар руу нь нэг цохисон. Манай нөхөр зөрүүлээд нүүр рүү нь 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас),
5. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 5273 дугаартай “...Д.С-ын биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар яс хугаралттай, зүүн нүдний зовхинд хаван цус хуралт, тархи доргилт гэмтэл нь тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...." гэсэн дүгнэлт (хх-ийн 40 дүгээр хуудас);
6. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн нэмэлт 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн 741 дугаартай: “...Д.С-ын биед урьд дүгнэлтэд тусгагдсанаас хойш нэмэлтээр гэмтэл илрээгүй байна. Зүүн нүдний ухархайн хугарал, гэмтлийг засах мэс ажилбар хийгдэх шаардлагатай гэсэн нарийн мэргэжлийн эмчийн онош тогтоогдсон байна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй...." гэсэн дүгнэлт (хх-ийн 52 дугаар хуудас);
7. Шүүгдэгч Ч.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 79 дүгээр хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 67 дугаар хуудас), оршин суугаа хаягийн тодорхойлолт (хх-ийн 80 дугаар хуудас), эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа (хх-ийн 81 дүгээр хуудас), тээврийн хэрэгслийн лавлагаа (хх-ийн 82 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хх-ийн 83 дугаар хуудас),
8. Шүүгдэгч Ч.Д-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...Би С-рын нүүр хавьцаа нэг л цохисон...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43 дугаар хуудас) зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Д.С-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч Ч.Д-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсарт үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Д.С-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Ч.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Д.С нь мөрдөн байцаалтад гомдол, саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Ч.Д-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.
Шүүгдэгч Ч.Д өөрийгөө өмгөөлж: “...Хэргийн үйл баримт, учирсан хор уршиг, зүйлчлэлийн талаар маргахгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн...” гэв.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, орлогод нийцүүлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломж олгох нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирлын хэр хэмжээ, хэргийн нөхцөл байдалд тохирсон бөгөөд түүнийг нийгэмжүүлэх үр нөлөөтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Д цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Ч.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.
4.Шүүгдэгч Ч.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Д нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Д-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БАТАА